Дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч болон дэлхийн хоёр дахь том эдийн засгийг холбосон анхны хийн хоолой 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон. Орос, Хятадын удирдагчид энэ хамтын ажиллагаагаа “Зөвхөн дэлхийн эрчим хүчний зах зээлд төдийгүй хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал” хэмээн онцолж байлаа. 2014 онд Оросын төрийн мэдлийн “Газпром” компани, “Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци” (CNPC)-ийн хооронд жилд 38 тэрбум куб.метр байгалийн хийг 30 жилийн хугацаатай нийлүүлэх 400 тэрбум ам.долларын хэлэлцээр хийгдсэн. Ийнхүү бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилсний эцэст Оросын Зүүн хязгаараас Хятадын хил хүртэл 3000 км үргэлжлэх “Сибирийн хүч-1” хоолой Шанхайгаас татсан 3500 км урт хоолойтой холбогдсоноор Орос, Хятадын анхны хийн хоолойн тээвэрлэлт эхэлсэн юм. Манай хоёр хөршийн хооронд байгалийн хийн бизнес яригдаж эхэлснээс бараг 20 гаруй жилийн дараа бодитой ажил хэрэг болсон нь энэ. Өнгөрсөн хугацаанд Орос, Хятадын уг яриа хэлэлцээнд Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр хийн хоолой дамжуулах санаачилгыг гарган, үүнийгээ улс төрийн бүхий л түвшинд идэвхтэй илэрхийлж ирсэн юм. 1990 оны сүүлч, 2000 оны эхэнд ардчилсан нийгэмд хөл тавиад удаагүй байсан Монгол Улсын хувьд хийн хоолойг газар нутгаараа дайруулж тээвэрлүүлэх нь алс холын мөрөөдөл мэт байлаа. Харин үүнээс хойш өнгөрсөн 10 жилийн турш энэ мөрөөдлийг бодитой болгохын төлөө эрх баригчид Оросын талаас олон талаар гуйсаар ирсэн. “Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ” гэж монголчууд ярьдаг даа. Тэгвэл Хятадын өндөр хурдтай хөгжлийн давалгаа байгалийн хийн хэрэглээг нь нэмэгдүүлж, Оросын ашиг сонирхол Барууныхантай сөргөлдөх болсноор Орос, Хятадыг харилцаагаа дахин сэргээхэд хүргэжээ.
Геополитикийн шинэ нөхцөл байдал манай хоёр хөршийн тохиролцоонд хүрэх гэж удсан хийн бизнесийг эхлүүлснээс гадна Монгол Улсад хоёр орны хооронд хийх худалдаанд транзит тээврийн түүхэн үүргээ дахин гаргаж ирэх боломжийг бүрдүүллээ.
Монголын нутгаар XVIII-XX зууны эхэн хүртэл Цайны зам дагуу Хятадаас Орос руу торго, шаазан зөөж, эргүүлээд Оросоос Хятад руу ангийн арьс, ноосон даавуу зөөдөг байв. Үүний дараа Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийг байгуулсан нь манайд хэрэгжсэн анхны бөгөөд цорын ганц бүс нутгийг холбосон транзит тээврийн төсөл болсон билээ. Цаашид ч байгалийн баялаг ихтэй хойд хөрш, асар том зах зээлтэй урд хөршийн хооронд транзит коридор болох нь Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой.
2016 онд Орос, Хятад, Монгол гурван улсын төрийн тэргүүн эдийн засгийн хамтарсан коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох “Бүс ба Зам” санаачилгын зургаан гол коридорын нэг нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”. Гурван улсын хооронд уг коридорын хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол Улс ч уг санаачилгатай уялдуулан “Хөгжлийн зам” нэртэй бодлогыг гаргасан. Харин сүүлийн жилүүдэд гадаад бодлогын чиглэлд ОХУ-тай харилцаагаа сэргээж, идэвхжүүлэх болсноор манай энэ санаачилга үр дүнгээ өгч, гурван талын хамтын ажиллагааны эхлэлийг хийн хоолой байгуулах төслөөр тавилаа.
Монгол санасандаа хүрэв
2018 онд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахыг санал болгов. Улмаар 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэхүү саналыг дэмжиж, харин Хятадын удирдагч Ши Жиньпин уг асуудлыг анхааралдаа авч, судлахаа илэрхийлжээ. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сарын 3-6-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр уг санал бодитой яригдаж, хоёр тал байгалийн хийг Монгол Улсаар дамжуулан байгуулах ажлыг хамтран судлах санамж бичигт гарын үсэг зурав. Ийнхүү Орос, Хятадын хооронд тавьсан анхны “Сибирийн хүч-1” хийн хоолой албан ёсоор ашиглалтад орох үеэр “Сибирийн хүч-2” хоолойг Монголоор дамжуулан барих шийдвэрийг албан ёсоор гаргажээ. Үүний дараа 2020 оны наймдугаар сарын 25-нд “Газпром” компанийн удирдах зөвлөлийн дарга А.Миллер, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийн хоолой тавих техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулах хамтарсан компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцов.
Хятадын талын хувьд хийн хоолойг Монголоор дамжуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж байгаа ч энэ тухай урд хөршийн удирдагчид төдийлөн идэвхтэй дуугараагүй. Хятад транс-Монголын чиглэлийг тээвэрлэлтийн эрсдэл авчирна гэж үзсээр ирсэн.
Зарим судлаачид Монгол Улс, АНУ-ын харилцааг тооцож үзэх хэрэгтэй, Монголын ардчилал нь Хятадын бодлогын эсрэг сөрөг, хэт туйлширсан байр суурийг бий болгох эрсдэлтэй гэдгийг ч сануулж байна. Ялангуяа Хятад стратегийн ач холбогдолтой хийн хоолойгоо аюулгүй байдлын үүднээс өөр улсаар дамжуулах сонирхолгүй байдаг. Төв Азиас импортолж буй бусад хийн хоолойнууд бүгд Хятадын баруун нутгаар шууд орж ирдэг байна. Харин “Пэтролиум Экономист”-ийн мэдээлснээр Монголоор дамжуулах сонголтыг хийхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины оролцоо илүү байсан гэж бичжээ.
Үнэндээ өнгөрсөн хугацаанд хоёр хөршийн зүгээс Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэхийг, нөгөө талд Евразийн эдийн засгийн холбоонд элсүүлэх шахалт үзүүлсээр ирсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тус албанд томилогдохдоо ШХАБ-ын үйл ажиллагааг судална гэж хэлсэн удаатай. Хэдийгээр Ковид-19 цар тахлын улмаас хөл хориотой, хилээ нээгээгүй байгаа ч өндөр, дээд хэмжээний хойшлуулашгүй айлчлалууд саяхан болж өнгөрсөн. 2020 оны есдүгээр сарын 15-16-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлав. Түүний айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас ОХУ, Казахстан, Киргизстан, Монголын Гадаад харилцааны сайд нарын урилгаар Орост болсон ШХАБ-ын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцож, Казахстан, Киргизстан, Монгол Улсад айлчилна гэж мэдээлжээ. Үүний дараахан Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилсан билээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтай уулзсан. Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлжээ.
Орос, Хятадын хувьд хийн хоолойн хамтын ажиллагаа нь эрчим хүчний эдийн засгийн үр ашгаас гадна хоёр талын харилцаанд түүхэн ач холбогдолтой үйл явдал гэдгийг төрийн тэргүүнүүд онцолсон. Тэгвэл Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгээ харилцааныхаа хамгийн таатай, дээд түвшинд буюу аль алинтай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн үед гурван улсын хамтарсан дэд бүтцийн томоохон төслийг өөрийн газар нутгаар дайруулах тохиролцоонд хүрлээ. 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон. Тэгвэл 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болно. Харин шинэ чиглэлээр байгуулах “Сибирийн хүч-2” хоолойн асуудлаар 2020 оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах ШХАБ-ын уулзалтын үеэр Орос-Хятад-Монгол гурван талт уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд хэлэлцэх товтой байна.
Шинэ “Сибирийн хүч-2”
2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Орос-Хятадын хамтарсан хоёр дахь хийн хоолой Оросын Арктикийн бүс нутагт орших Ямалын Хойгоос Хятадын зүүн болон төвийн мужууд руу 50 тэрбум куб.метр байгалийн хий тээвэрлэнэ. Уг хоолойг өнгөрсөн таван жилийн турш “Газпром” болон Хятадын тал Алтайн маршрут буюу Хятадын баруун хэсэгтэй хиллэдэг Оросын хил дагуух уулархаг нутгаар дамжуулахаар хэлэлцэж ирсэн. Бүр 2014 оны арваннэгдүгээр сард “Газпром” болон “CNPC” хоёр дахь хийн хоолойг Алтайн чиглэлээр байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байв.
Харин “Сибирийн хүч-2” төслийг транс-Монголын чиглэлээр тээвэрлэх болсон гол шалтгааныг Орос-Хятадын хооронд хий дамжуулах хоолой байгуулах хамгийн дөт зам гэж онцолж буй.
Сибирээс Монголын хонгилоор газрын тосны болон байгалийн хийн хоолой тавихад ихэнх нь тал газраар явах тул харьцангуй хямд өртөгтэй, мөн Бээжин болон бусад том хотуудад хүрэх хамгийн богино зам туулна.
Харин Алтайн чиглэл нь харьцангуй урт буюу 6700 км, манай Алтай Таван Богдын цаагуур явах бүс нутаг нь байгалийн саад бэрхшээл ихтэй, газар хөдлөлтийн идэвхтэй бүс таарч буй. Мөн Шинжаан-Уйгарын улс төрийн тогтворгүй байдал, ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн Укокын дархан цаазтай газар байрладаг гэж Оросын тал тайлбарлаж байна. Нөгөө талаас Орос, Хятадын хооронд тавьж буй хоёр дахь хоолойн бүтээн байгуулалтын дийлэнх нь буюу бараг 4000 гаруй км үргэлжлэх хоолой нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байгуулагдана. Оросын хувьд байгалийн хийн гол нөөцийг бүрдүүлж буй дөрвөн том орд болох Ямал (26.5 их наяд куб.метр.), Уренгойск (1.2 их наяд куб.метр), Красноярск (0.9 их наяд куб.метр), Ковыктинск (2.7 их наяд куб.метр) ордуудыг хоолойгоор холбож нийлүүлэлтийн сүлжээнийхээ найдвартай байдал болон хүчин чадлыг нэмж буйгаас гадна уг бүтээн байгуулалтаар давхар Сибирийн бүс нутгаа хийгээр хангах зорилготой. “Газпром”-ын төлөвлөж буй “Сибирийн хүч-2” хоолойн бүтээн байгуулалт нь нэг их наяд ам.долларын өртөгтэй “Сибирийн хүч-1”-ээс үнэтэй буюу 1.3-1.5 их наяд ам.долларын хооронд, үүнээс ч илүү нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Хэдийгээр “Сибирийн хүч-2” төсөл нь 2030 онд баригдаж дуусах төлөвлөгөөтэй боловч, Хятадтай байгалийн хийн үнээ тохиролцох асуудлаас үүдэн хойшлогдож болзошгүй юм. Учир нь “Сибирийн хүч-1” хоолой удаан хугацаанд хүлээгдсэн нь мөн л хоёр тал үнээ тохиролцох гэж удсантай холбоотой. Гэхдээ өсөн нэмэгдэж буй Хятадын хэрэглээ, асар их байгалийн нөөцтэй хоёр том гүрний ашиг сонирхол, урт хугацааны түншлэл аль хэдийн гараанаас гарсан.
Экспортын шинэ чиглэл
Орос дэлхийн хамгийн их байгалийн хийн нөөцтэй орон. 2019 оны байдлаар Оросын байгалийн хийн батлагдсан нөөц 38 их наяд куб.метрт хүрч, 10 жилийн өмнө 34 их наяд куб.метр байсантай харьцуулахад өсжээ. ОХУ-ын Эрчим хүчний түлшний диспетчерийн төвийн мэдээлснээр Уренгой, Ямбург дахь ордууд нь 16, 8.2 их наяд куб.метр нөөцөөрөө тус улсын хамгийн том хийн ордуудад тооцогдож байна. Баруун Сибирийн Ямало-Ненецийн өөртөө засах тойрогт байрладаг энэ хоёр орд нь “Газпром”-ын гол ханган нийлүүлэгч. Орос 2018 онд 669.5 тэрбум куб.метр байгалийн хий үйлдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад таван хувиар өссөн үзүүлэлт. Гэхдээ нэгэн цагт байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч байсан Орос, 2013 оноос АНУ-ын занарын хийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр хоёр дахь том үйлдвэрлэгч болж хувирсан. Дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч тус улс Европын импортолж буй байгалийн хийн тавны нэгийг нийлүүлдэг. Оросын экспортын орлогын 63 хувь, холбооны төсвийн орлогын тал нь газрын тос, байгалийн хийнээс бүрддэг. 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэснээс хойш АНУ тэргүүтэй Барууны орнуудын хориг Оросыг экспортын энэ гол зах зээлээ бууруулах эрсдэлд оруулсан юм. Украинаар 1240 км урт хоолойгоор жилд 142 тэрбум куб.метр хий дамжуулж ирсэн ч улс төрийн эрсдэл нь нэмэгдсээр буй. Энэ чиглэлээ орлуулахаар Балтын тэнгисийн гүнээр Герман, Европын бусад оронд хүрэх, жилд 55 тэрбум куб.метр хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолой одоогийн байдлаар 94 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаж ашиглалтад орох гэж байгаа ч мөн л Европ болон АНУ-ын зүгээс хоригтой тулгарах эрсдэл үүсээд байна. Харин Зүүн Европын орнуудыг замдаа хийгээр хангах Станбул хүрэх “Туркийн урсгал” хийн хоолой өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад орсон. 1100 км урт, жилд 31.5 тэрбум куб.метр байгалийн хийг Болгар, Серб, Унгар, Словак зэрэг улсад нийлүүлэх энэ урсгал АНУ-ын шингэрүүлсэн хийнээс хямд, Барууны хоригт өртөхгүй байх боломжтой. Тэгвэл эдгээр хийн төслүүдтэй зэрэгцэн Орос Европын зах зээл дэх эрсдлээ тооцон Ази руу, тэр дундаа дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад руу хий нийлүүлж эхэллээ.
Газарзүйн байршил нь Орост хоёр тивийн аль алинд нь тоглогч байх боломжийг бүрдүүлж буй. Тиймээс аль нэг тал нь эрсдэлд орвол нөгөө зах зээл дэх нийлүүлтээр эрсдэлээ хаахыг зорьж байна. Мөн Орос-Хятадын түншлэл нь Европ-Азийг холбосон хийн асар том сүлжээг бий болгоно.
Хятадын хэрэгцээ
2019 оны байдлаар Хятадын байгалийн хийн хэрэглээ 307.3 тэрбум куб.метрт хүрчээ. Энэ оны байдлаар тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 10 хувийг байгалийн хий бүрдүүлж буй нь 2014 онд 6.2 хувь байсантай харьцуулахад өндөр өсөлт.
Хятадын байгалийн хийн хэрэглээний өсөлтөд нүүрсний хэрэглээг бууруулах төрийн бодлого, эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч төвийн болон баян чинээлэг зүүн эргийн мужуудын хэрэглээ гол нөлөө үзүүлж байна.
Ялангуяа дийлэнх муж нь хийн дэд бүтэцтэй болж, бүх автобус, ачааны машинуудаа шингэрүүлсэн хий буюу LNG хөдөлгүүртэй болгож байгаа юм. 2020 оны эхний хагас жилд байгалийн хийн үнийг чөлөөлж, үйлдвэрлэлийн эзэмшлийн хувь хэмжээг дахин шинэчилэн, хайгуулын ажилд гуравдагч тал буюу гаднын пүүсүүдийг оролцуулах зохицуулалтыг хийжээ.
Бээжин дотоодын үйлдвэрлэлийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ байгалийн хийн импортын хувь хэмжээгээ мөн нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн томоохон дэд бүтцийн ажлууд хэрэгжилтийн шатандаа явж байна. Хэдийнээ Хятадын зүүн хойд хэсгийн хэрэглээг хангаж эхэлсэн Сибирийн байгалийн хий нь зах зээлд өрсөлдөхүйц боломжийн үнэтэйн дээр Орос, Хятадын улс төрийн харилцаа сайжирч буй нөхцөл байдал нь хоёр дахь хийн хоолойг байгуулах сонирхлыг бүрдүүлжээ. Нөгөө талаас Оросоос байгалийн хий авах нь одоогийн байдлаар Австрали, АНУ зэрэг Хятадын LNG-ийн гол нийлүүлэгч улсуудтай маргаантай байгаа энэ үед нааштай хувилбар байж мэдэх юм. Одоогийн байдлаар Хятад улирлын чанартай хийн эрэлт хэрэгцээг нөхөхийн тулд LNG-ийн нөөц бүрдүүлэх тал дээр технологийн дутагдалтай байгаа учраас хөрш зэргэлдээ орнуудаасаа хий авах сонирхолтой байгаа аж. Тиймээс ч “Сибирийн хүч-1” хоолойноос илүү их хүчин чадалтай хоёр дахь хийн хоолой ашиглалтад орох хүртэл, одоогийн Төв Азийн Казакстан, Узбекистан, Туркменистанаас татсан хийн хоолой болон Мьянмараас авч буй байгалийн хийгээр импортын дийлэнх хэсгээ бүрдүүлж байгаа юм. CNPC-ийн мэдээлснээр Хятадын байгалийн хийн хэрэглээ 2050 он гэхэд хоёр дахин өсөж нийт эрчим хүчний хэрэглээний 15 хувийг бүрдүүлнэ гэж таамаглажээ.
(Мөн Орос, Хятадын хамтын ажиллагаа бүс нутгийн хийн зах зээлийг хэрхэн өөрчлөх, Азийн өсөн нэмэгдэж буй хийн хэрэглээний талаар Ази дахь хийн зах зээлийг дахин зураглах нь нийтлэлээс уншина уу.)
Хийн хоолойн өгөөж
Монгол Улсын нутгаар 1000 гаруй км үргэлжлэх хийн хоолойг ямар маршрутаар байгуулах нь одоогоор тодорхой болоогүй байна хэмээн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэс газ” төслийн нэгжээс мэдэгдсэн. ОХУ-ын хамгийн том төрийн мэдлийн “Газпром” компани, дэлхийн гурав дахь том газрын тосны компани болох CNPC-тай хамтран хийн хоолойн бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсыг төлөөлөн “Эрдэнэс Монгол” ХХК оролцоно. Харин хийн хоолойн ТЭЗҮ-ийг гаргах, барьж байгуулах, цаашид ашиглалтын ажил зэргийг хариуцах 100 хувь Оросын хөрөнгө оруулалттай тусгай зориулалтын компанийг шинээр байгуулах юм. Тэгвэл “Газпром” компанийн вэбсайт дахь “Сибирийн хүч-2” төслийн газрын зургаас харвал хийн хоолой Монголоор дайран гарч Бээжингийн баруун хэсэгт хүрэх төсөөлөлтэй байна.
Мөн хоёр улсын Засгийн газар хамтран эзэмшдэг УБТЗ-ын гол шугамын дагуу буюу 1060 км урттай барих хувилбар ч яригдаж буй. Мэдээж бүтээн байгуулалтын ажлыг дагаж тухайн бүс нутагт хөгжил, эдийн засгийн боломжууд бүрдэнэ. Тиймээс ч олон улс судлаач, дипломатч Д.Баярхүү “Монголын газар нутгаар дайруулах хийн хоолойг хэд хэдэн маршрутаар тооцож үзэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэрбээр манай баруун аймгуудаар хийн хоолойг дайруулбал баруун бүсийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ Шинжаан, Ганьсу руу гарч мөн л Хятадын баруун бүсийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ гэж хэлж байна.
Хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. (2020 оны наймдугаар сарын 25)
Мэдээж хийн хоолойн тээврээс хүртэх эдийн засгийн гол өгөөж нь транзит тээврийн хөлс. Транзит тээвэр хийдэг бусад орнуудын жишээг харвал 2018 онд Украин, Оросоос Европ руу 86 тэрбум куб.метр хий дамжуулж, түүнээсээ гурван тэрбум ам.долларын орлого олсон бол Беларусь хий болон нефть дамжуулснаар 1.58 тэрбум ам.доллар олжээ. Тэгвэл “Эрдэнэс Газ” төслийн нэгжээс гаргасан танилцуулгад дурдсанаар урьдчилсан байдлаар байгалийн хийн хоолой баригдсанаар жилд нэг тэрбум орчим ам.долларын дамжуулалтын төлбөр улсын төсөвт орно гэсэн байна. Мөн хийн хоолойн барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болно гэж урьдчилан тооцоолжээ. Дараа нь хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа байгалийн хий нийлүүлж эхэлбэл агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотын нүүрсний хэрэглээг хийнд шилжүүлэх боломж бүрдэнэ. Харин Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангай “Энэ хоёр улстай интеграцид орж буй нь ерөөсөө Монголын эдийн засагт томооон үр өгөөж, боломжийг авчирч байгаа юм” хэмээн онцолсон.
“Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтыг өнгөрсөн түүхтэй харьцуулбал, Орос-Монголын хамтарсан УБТЗ-ыг тавьснаас хойш нэгэн жарны дараа Монгол Улсад хийгдэх бүс нутгийг холбосон томоохон транзит сүлжээ болно. Цаашлаад хийн хоолойн хамтын ажиллагааны энэхүү итгэлцэл, хөрсөн дээр суурилан гурван улсын хооронд хэрэгжүүлэхээр тохирсон эдийн засгийн коридорын бусад томоохон төсөл урагшлах үндэс суурь тавигдах юм.