Хил давж чадаагүй хил орчмын аялал жуулчлал

B Shurenchimeg
2022-05-12 14:22:20
Ангилал: Аялал жуулчлал

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд “Монгол Улс далайд гарцгүй ч “хүн далайд” гарцтай улс. Бидэнд асар том хоёр хөрш зах зээл байна” гэж хэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд бид энэ “хүн далайн гарц”-ыг бараг ашиглаагүйн дээр аялал жуулчлалын бодлогоо хоёр хөршийн иргэд, жуулчдыг татахад чиглүүлж чадсангүй. Дэлхийн аялал жуулчлалын салбарт Хятад жуулчдын эзлэх хувь үлэмж жин дарж, Европын холбооны  хоригт орсон оросууд Азируу аялаж эхлэлээ. Гэвч сая жуулчин хүлээн авах мөрөөдөлтэй манай улсыг тэд тойрсоор байна.

Улаанбаатарт өдрийн од шиг цөөн таарах хятад жуулчид Бишрэлт, Андууд гэх мэт дэлгүүрээр худалдаа хийж, импортын, тэр дундаа Барууны брэнд бүтээгдэхүүн, авч харагддаг. Зарим хятад иргэн Монгол гурил, Орос чихрийн төлөө Замын-Үүд ордог тухай гаалийн байцаагчдын судалгаанд дурджээ. Харин хойд хөршөөс голдуу Буриад, Тува, Халимаг иргэд Монголыг зорьдог ч аялаж, зугаалахаас илүү дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн, Солонгос хувцас бараа сонирхоод буцдаг аж. Тэгвэл хил орчмын аялал жуулчлалыг судалгаанд үндэслэсэн томоохон худалдааны цогцолборууд бий болгох замаар хөгжүүлэх бүрэн боломжтой гэсэн саналыг судлаачид дэвшүүлж байна. Мэдээж үүнд чамлахааргүй их хөрөнгө оруулалт шаардлагатай.

Олон улсын аялал жуулчлалын шинжээчдийн тооцоолсоноор 1км.кв экспортын үйлдвэрлэлийн бүсийг 40-45 сая, 1км.кв гааль худалдааны бүсийг 15 сая ам доллароор байгуулах боломжтой.

Тухайлбал, Хятад, Вьетнам улс Гуанси, Монг-Кай хотын хоорондох 51 га газарт визгүй зорчих аялал жуулчлалын бүсийг байгуулахад тус бүр 305 сая ам доллар зарцуулсан ч үүнээсээ давсан хэмжээний ашгийг хэдийн хүртжээ. 

Хил орчимд жуулчид өдөртөө ороод гарч болдог зохицуулалтыг Байгаль орчин, аялал  жуулчлалын сайд асан Д.Оюунхорол санаачилсан ч “Хужаа нарыг хилээр визгүй оруулах гэлээ” гэсэн олон нийтийн шүүмжлэлтэй тулаад мартагдсан. Биднийг Хятад хүнийг ийн нүд үзүүрлэж байх хооронд Өвөр-Монголын Хянган аймгийн Рашаан хот амралт, сувилал, аялал жуулчлалын хот болон хөгжиж, жилд гурван сая жуулчин авч байна. Тэндээс жуулчид 50 юань төлөөд Монголын нутгийг дурандах үйлчилгээ авдаг талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал хэлсэн. Рашаан хотод ирээд 50 юаниар Монголыг дурандчихаад буцаж байгаа жуулчдыг нэг өдрөөр хүлээж авбал манай улсад багадаа 500 юань зарцуулах боломжтой. Гэвч тэд Монголын хил гардаггүйн шалтгаан нь нөгөө л хил орчмын дэд бүтэц, хил гаалийн албан хаагчдын хүнд суртал, төмөр зам болон авто замын тааруухан үйлчилгээ юм.

ОХУ-ын хувьд бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд 300 сая орчим рублийн хөрөнгө оруулалт хийж, Байгаль нуур орчимд шинээр зочид буудал, үйлчилгээний төвийн 17 цогцолбор барихаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев нар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, харилцан ашигтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын талаар санал солилцоод буцсан. Байгаль нуурын баруун эрэг дээрх Култук тосгоноос Хэрэн, Монд болон хил хүртэлх авто замыг засварлах ажил хийгдэж байгаа юм. Энэ боомт олон улсын статустай болсноор Хөвсгөлд ирэх жуулчдын тоо даруй хоёр дахин өснө гэсэн тооцоолол гарчээ.

 Welcome to Hushigiin hundii

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хаваржин хэлэлцлээ. Одоогоор Хөшигийн хөндийд 31 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авч, 1000 га талбайд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал яригдаж байна. Чөлөөт бүс гэсэн нэрийн доор орос архи зөөдөг цэг болсон Алтанбулагийн чөлөөт бүсээс эхлээд Замын-Үүд, Цагаан нуур гээд хоосон шахуу хашаанууд бий. Хөшгийн хөндийг энэ мэт нэр төдий чөлөөт бүс болгохгүйн тулд бүтээн байгуулалтын зоригтой шийдэл хэрэгтэй байна. УИХ-ын нэр бүхий зарим гишүүн аялал жуулчлалын салбараас бодитой орлогыг эдийн засагт үлдээж, иргэдийнхээ амьдралд зарцуулах бодлогыг боловсруулах, Казиногийн хууль, Морин тойруулгын уралдаан, бооцоот уралдааны тухай хуулиудыг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Дулааны улиралд Хөвсгөл ороод буцдаг жуулчдыг эдийн засагт нөлөөлөхүйц орлого оруулна гэж найдсаар үнэндээ олон жилийг ардаа орхисон учраас дээр санал санаачилгууд гарч байгаа гэж үзэж болно. 

Казино бол экологид хор хохирол учруулдаггүй, уул уурхайгаас хамаагүй илүү бизнес байж болох талтай. Харин хуулиндаа хөгжилтэй орны казинотой дүйцэхүйц кинотеатр, хүүхдийн парк, амьтны хүрээлэн, худалдаа үйлчилгээний төвүүд, гольфын талбай, бооцоот морин уралдаан, морин тойруулга, зочид буудал гэх мэтчилэн олон улсын стандартад нийцсэн амралт жуулчлалын цогцолборын хэлбэрээр байгуулахаар тусгах нь зүйтэй. Тэгвэл олон жил ярьсан дагуул хот байгуулах мөрөөдөл биелэх боломж бүрдэнэ.

Энэ мэт зоригтой шийдэл, бүтээн байгуулалтууд амаргүй байдалд байгаа манай улсын аялал жуулчлалын салбарт зохих үр дүнгээ өгөх учиртай юм. 2020 онд Монгол Улсад гадаадын жуулчдын оруулсан орлого 2019 онтой харьцуулахад 92.2 хувиар буурч, 539 сая ам.долларын, харин дотоодын жуулчлалаас орох орлого 51.1 хувиар буюу 137.1 сая ам.доллароор буурчээ.

2020 онд нийт тур операторуудын 98 хувийнхнь үйл ажиллагаа тасалдаж, 15 хувьнь бүрмөсөн татан буугдаж, 49 хувь нь цомхотгол хийжээ. 2021 онд ч мөн аялал жуулчлалын салбар “тэг” зогсолт хийсэн. 

Харин энэ оны хувьд БНСУ-ын иргэд визгүй зорчих болсон, цар тахлын тархалт хумигдсан гээд аялал жуулчлалын салбарт гэрэл харагдаж байгаа юм. Жуулчид наадам үзэж, хуушуур идээд “Говь”-ын ороолт, малгай аваад буцдаг гэсэн хэвшмэл ойлголтоосоо бид салж, Монголын өв уламжлал, зан заншил, монгол гэр, үндэсний хоол, нүүдэлчин ахуй амьдралыг үзэж сонирхох боломжийг цогцоор нь бүрдүүлэх цаг иржээ. Түүнчлэн жуулчин бүрт өндөр сэтгэгдэл төрөхүйц кофе шоп, зочид буудал, бизнес баар, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн үйлчилгээний төвүүдийг чөлөөт бүсэд байгуулж чадвал жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалаас мөнгө олох боломж бүрдэнэ. 

Цар тахал хумигдахын хэрээр эрчимтэй сэргэж байгаа салбар бол аялал жуулчлал. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн гүйцэтгэх захирал Жулиа Симпсон энэ онд дэлхийн эдийн засагт аялал жуулчлал 8.6 их наяд ам.долларын ашиг өгнө гэжээ. Тэгвэл энэ ашгаас бид савныхаа хэрээр хутгаж авах бус саваа томруулах зоригтой шийдэл хэрэгтэй байна. 

 

 

 

 

 

B Shurenchimeg