Хуйсагнасан 30 жил

Mongolian Economy
2020-07-22 15:02:17

Голланд өвчин, “нинжа”, байгаль орчны доройтол, популизм, баялгийн хараал гээд уул уурхай хөгжсөн орнуудын сүүлийн 400-500 жилд туулсан зовлонг монголчууд гучхан жилд үзэж байна гэж салбарынхан халагладаг. Хэсэг бүлэг хүмүүст нохойд барьдаг мод лугаа дорд үзэгдэж буй ч нийт эдийн засгийг 30 жил чирч явсан ганц салбар нь уул уурхай. Нийгмийн байгууламжаа ул үндсээр нь өөрчилсөн тэртээ 1990-ээд онд уул уурхайг эдийн засгийн зүтгүүр болгохоос өөр сонголт байгаагүй. Цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмж өгөх нь байтугай найман нэрийн бараагаа ч залгуулах мөнгөгүй байсан тэр үед шилжилтийн хүндрэлийг даван туулахаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг санаачилсан юм. АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайхан “Тэр үед Төв банкинд ямар ч валют байхгүй, шатахуунаа ч авах мөнгөгүй, Дэлхийн банк, ОУВС болон бусад донортой харилцаж, үйл ажиллагаа нь жигдрэх хүртэлх хүнд цаг хугацааг алтны салбар үүрсэн” хэмээн дурссан.

1991 оны 11 дүгээр сард Засгийн газар 304 дүгээр тогтоол баталснаар алтны шороон ордод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрч нэг ёсондоо уул уурхайн салбар либералчлагдах эхлэл тавигдав. Улмаар “Түлш-Эрчим” банк байгуулан, компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг анхлан гаргасан нь “Алт” хөтөлбөр эрчимтэй хэрэгжихэд нөлөөлжээ. Хөтөлбөрөөс өмнө шороон ордоос жилд 500 кг алт олборлож байсан бол 1992 онд 775 кг, 1997 онд 8.7 тонн, 2000 онд 11.4 тонныг олборлодог болов. Тийнхүү картын бараанаас дөнгөж салж байсан монголчууд “Алт” хөтөлбөрөөр нийтдээ 53.4 тонн алт олборлож, “алт дилерийн” гэх хэргээр шавхагдсан гадаад валютын нөөцөө хуримтлуулж, эдийн засгийн баталгаагаа хангаж, зах зээлийн эдийн засагт шилжих сууриа “цутгасан” юм.

“Алт” хөтөлбөрөөр геологийн хайгуулыг идэвхжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татсан нь уул уурхайн салбарт чанарын том өөрчлөлт авчирсан гэж уул уурхайн инженер-эдийн засагч Д.Жаргалсайхан дүгнэв.

Алт түшсэн либерал бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээх зорилгоор анх удаа Ашигт малтмалын тухай хуультай болов. Харамсалтай нь хууль хүссэн шиг үр дүн өгөөгүй. Монгол Улс огт танигдаагүй, танигдсан нэгэнд нь газар зүйн байрлал сул тал болж харагдсан, бас дэлхийн зах зээл дээр түүхий эдийн уналтын үе тохиосон гээд ямар ч тайлбар байж болох ч үнэндээ тус хууль хөрөнгө оруулагчдын зүгээс “муу” үнэлгээ авсан гэдэг. Тиймээс Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтарч хуулиа шинэчлэн, 1997 онд дахин батлуулсан байна. Энэ удаад хөрөнгө оруулагчдад зөвхөн цаг хугацааны л шалгуур тавьжээ. Тиймээс ч хууль хэрэгжиж эхлэх 1997 оны долдугаар сарын 1-нд тухайн үеийн АМХЭГ-ын үүдэнд өргөдлөө барьсан хөрөнгө оруулагчид дугаарлан зогсож байсныг Д.Жаргалсайхан дурсав.

Энэ хуулийн ачаар алт, зэсийн нөөцөөр дэлхийд хамгийн томд тооцогдох Оюутолгойн ордыг илрүүлсэн юм. Бахархах учиртай энэ үйл явдал бол тамирчин нь олимпийн аварга болоход тухайн улс дэлхий нийтийн анхааралд ордог шиг Оюутолгойн ордыг илрүүлснээр Монголыг хөрөнгө оруулагчдад таниулсан хэмээн Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг тайлбарласан.


Шинэ хуулийн үр дүнд дахиад нэг “Эрдэнэт”-ийг нээх, цаашлаад дэлхийн хэмжээнд эргэлдэж буй хайгуулын хөрөнгө оруулалтын нэг хувийг Монголдоо татах зорилгыг хууль боловсруулсан ажлын хэсгийнхэн зорьж байжээ. Эргээд харахад ямар ч байсан эхний зорилго биелжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуульд нийтдээ 34 удаагийн хэлэлцүүлгээр 200 гаруй өөрчлөлт орсон.

Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль, стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбоотой хууль, “стратегийн орд” гэх ойлголт гаргаж, түүнийгээ төрийн өмчит компаниуд ашиглахаар хуульчилсан, геологи хайгуулын хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа саарсан гээд эрдэс баялгийн салбарт гарсан “мега” өөрчлөлтүүд улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд том том донсолгоо үүсгэсээр ирсэн. Өнөөдөр уул уурхайн компаниуд, салбарын мэргэжилтнүүдийг хамгийн их болгоомжлуулж буй зүйл нь орон нутгийнхны эсэргүүцэл. Засаг дарга нар хэтэрхий эрх мэдэлтэй, байгаль орчноор далимдуулж зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ч шантаажлах явдал хавтгайрсан нь нэгдмэл улсын зарчмыг алдагдуулж буй нь халагламаар. Үүнд мэдээж нэг талаас нийгмийн сэтгэлгээний түвшин нөлөөлж буйг үгүйсгэхгүй ч зоосны нөгөө талд бас нэг учир бий. Уул уурхайн мэргэжилтнүүд байгаль орчны талаар хатуу чанд бодлогыг өөрсдөдөө тавьж хэрэгжүүлээгүйгээс олон нийтэд сөрөг хандлага төрүүлж, үйл ажиллагааныхаа онцлогийг танин мэдүүлэх, ойлгуулах ажлыг цэгцтэй хийгээгүй, мөн орон нутгийн иргэдтэй биш дарга нартай тулж ажилладаг нь өнгөрсөн хугацаанд салбарынхны гаргасан алдаа гэдгийг Д.Жаргалсайхан хэлсэн юм.

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өндөр байх үед монголчууд нүүрс, зэсээрээ хангалттай хэмжээний орлого олж, тансагладаг ханш нь унах үед балгаа хүртдэг. Харин ийм хүнд хэцүү цагт алт л аминд орж, тамирдсан эдийн засгийг тэнхрүүлдэг “жамтай”. 2015-2016 онд түүхий эдийн үнэ уруудаж, эдийн засаг хүндрэхэд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ 2018 онд түүхэн дээд түвшинд хүрэв. Энэ цаг үед ч дэлхийд цар тахал болж буй Covid-19-ийн дэгдэлтийн улмаас экспортын орлого бүрдүүлэгч гол хоёр эрдсийн үнэ тааруухан байгаа бол алтны ханш л цойлж байна.

Доктор Б.Чинзориг “Энэ салбарыг эрүүлээр, нарийн төлөвлөлттэй, мэргэжлийн боловсон хүчнүүдэд хариуцлагыг нь үүрүүлж, ёстой л шим шүүсийг нь шахаж, шинжлэх ухаанчаар удирдах цаг ирсэн” гэлээ. Тэрбээр мөн эдийн засгийн тэргүүлэх салбарын хувьд уул уурхайн бодлогыг өдгөө дэлхий нийтийн зорьж буй тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх бодит шаардлага бийг онцолсон. Зөвхөн зоосны нүхээр харж тусгай зөвшөөрлийг замбараагүй олгох бус харин эдийн засаг, нийгмийн үр ашгийг нь байгаль орчны үр ашигтай харьцуулах нь чухал аж.

Сайн, муу ээлжилж, өрнөл арвинтай, савлагаа ихтэй энэ салбарын өнгөрсөн 30 жилийг хаврын тэнгэртэй зүйрлэмээр. Гэхдээ өчигдөр, магадгүй өнөөдөр тэнгэр хуйсагнаж байгаа ч ирж яваа цаг үргэлж сэргэлт, хөгжлийг далладаг.

Mongolian Economy