“ХҮН”-ий Доржханд
Урин зуны яг өдийд л дөө. Вашингтон хотод амьсгал бачуурам халуун төөнөнө. Үүлтэй ч, үгээр хэлэхийн аргагүй аагим халуун зуны тэрхүү өдөр би дэлхийн эдийн засаг, санхүүг тодорхойлдог Олон улсын валютын санг /ОУВС/ зорив. ОУВС-тай Дэлхийн банк нэг байранд залгаа байрладаг. Бодохоор л баяртай сайхан мэдрэмж төрөх аж. Учир нь би бол эдийн засгийн сэтгүүлч. Сэтгүүл зүйн салбартаа энэ чиглэлээр мэргэшиж олон жил ажиллахдаа Олон улсын валютын сан, Дэлхийн банк гэсэн хоёр нэртэй өдөр тутам тааралдсаар иржээ. Ялангуяа 2000-гаад онд байнга л энэ байгууллагуудын тухай бичиж, мэдээлж, ярилцлага хийж, Монгол Улсын хувьд ч эдгээр байгууллагатай тасралтгүй уулзалт хийдэг байлаа. Тиймээс “хоёр танил”-ынхаа төв оффист зочлох гэж байгаад баярлах нь зүй юм.
Олон улсын валютын сан, Дэлхийн банкны төв нь АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд байрлана. Багахаан эмээх, сандрахыг хослуулсаар цэлгэр уудам, олон хүн холхисон, тэнд ч цахилгаан шат, энд ч шат, цэцэг ургамал ихтэй том байшин руу орлоо. Гэтэл нэгэн монгол залуу өөдөөс инээсээр угтсан нь Т.Доржханд байсан юм. Би түүнтэй ингэж ОУВС-гийн байранд танилцсан билээ. Тэр дэлхийд алдартай байгууллагынхаа оффисыг танилцуулж явсаар өрөөндөө дагуулж орлоо.
Т.Доржханд 2015 онд Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байв. Монгол залуу анх удаа ийм том албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь үнэхээр бахархууштай байсныг хэлэх хэрэгтэй. Түүний өрөө жижигхэн, энгийн даруу, нэг ширээ, сандал л байсан санагдана. Харин босоогоороо ажлаа хийх боломжтой ширээ нь надад их таалагдаж билээ. Бидний яриа дэлхийн эдийн засаг, хоёр байгууллагын бодлого, Азийн газар, тэгээд Монгол Улсын эдийн засгийн хөгжил гэж үргэлжлэв.
Энэхүү байранд дэлхийн эдийн засгийн салбарын томчууд, сурах бичгээр, номоор нь таньдаг эдийн засагчид алхаж, эдийн засгийн тэдгээр аваргууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тэдний илтгэл, лекцийг нь сонсч, заримтай нь гар барьж, ярих боломж ч олддог гэж Т.Доржханд ярьж байсан юм. Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх учраас энэ бүс нутгийн олон оронд очиж, эдийн засагтай нь танилцаж, хөгжлийн бодлогын мэдээлэл авдаг аж. Тэгээд Монгол Улсынхаа хөгжилтэй харьцуулна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөгжлийг тив тус бүрээр, улс орнуудаар, түүн дотор улс орныхоо эдийн засгийн хөгжлийг том зургаар харж, алдаа оноог дүгнэж чаддаг болдог гэж надад өгүүлж билээ.
Тэрбээр яг энэ өнцгөөс Монгол Улсынхаа хөгжлийг тольдож, эдийн засгийн үзүүлэлтүүд дээр ажиллаж, гарц шийдлийг нь ч алган дээрээ тавьсан юм шиг харж байсан гэж хэлж болно. Ерөөсөө ОУВС, Дэлхийн банканд ажилладаг хүмүүс улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд дээр ажиллаж, дүгнэлт гаргаж, алдаа оноог нь хэлж зөвлөж, уруудан доройтохоос нь сэргийлэх ажил хийдэг. Тэгэхээр Т.Доржхандын хувьд ийм мэдлэгт суралцаж, туршлага сууж, ид эр бяр нь амтагдаж, улс орноо хөгжүүлэх ирмүүн их хүсэлтэй болж, тэр хүслийнхээ дуудлагаар жилийн маш их мөнгөний орлогоо, дэлхийн санхүүгийн салбар дахь томоохон албан тушаалаа орхиод Монгол руугаа буцсан даа.
ОУВС-гийн Доржханд ХҮН-ий дарга болсон нь
Тэрбээр Монголдоо ирээд ХҮН намыг байгуулах ажилд ханцуй шамлан орсон. Намынхаа ерөнхий дүр зургийг хүний нутагт байхдаа гаргаж, хилийн чанад болон дотоодод олон хүний дэмжлэг авч түүндээ урамшин алсын бодлоо амьдралд буулгахаар зүтгэж эхэлсэн. Нутагтаа ирснийх нь дараахан уулзахад хүсэл зорилгоо, намынхаа тухай ярьж билээ. Би тэгэхэд улс төрийн ийм гуравдагч хүчин гараад ирвэл эх оронд минь л хэрэгтэй юм даа гэж бодож байсан.
Өнөөдөр ХҮН нам Монголын улс төрийн гуравдагч хүчний байр сууриа баттай бий болгожээ. Намын дарга Т.Доржханд өнгөрсөн дөрвөн жил УИХ-д сууж сөрөг хүчний үүргийг ганцаараа хэрэгжүүлэв. Тэрбээр мэдлэг чадвар, эзэмшсэн боловсролоо олонд харуулж чадсан. Парламентын танхимд попорч биш баримт, нотолгоо тоогоор ярьж байсан. Сангийн яаманд ажиллаж тоо, санхүүгийн ухаанд суралцсан гэдгээ, мөн Японд очиж, арлын орны төсөв мөнгөний бодлого, төлөвлөгөөнөөс туршлага хуримтлуулсан гэдгээ, улмаар дэлхийн санхүүгийн толгой байгууллагуудын гүйцэтгэх захирлуудад зөвлөж явсан “толгой” гэдгээ харуулсан.
Бас нэг зүйлийг зориуд онцолъё. УИХ-ын гишүүн Т.Доржханд улс орны эдийн засгийн чанартай томоохон асуудлаар намынхаа багийн хамт байр сууриа илэрхийлдэг байсан. Түүний ард гадаад, дотоодод төгссөн ихэнхдээ эдийн засагчдын баг байдаг. Баг нь эдийн засгийн гол асуудлууд дээр ажиллаж, судалгаа хийж, гарц шийдлийг гаргаж, даргатайгаа ярилцдаг, улмаар намын дарга нь намынхаа байр суурийг сайтар илэрхийлнэ. Энэ бол чадварлаг баг, өөрөөр хэлбэл, гуравдагч хүчин болж гарч ирээд удаагүй ч богино хугацаанд улс төрийн намын институт болж мэргэшин ажиллаж буйнх нь илрэл юм.
ХҮН нам өнөөдөр олон мянган гишүүнтэй, төлөвшиж яваа улс төрийн гуравдагч хүчин болжээ. Үүнийг дахин нотлохоор хоёр дахь сонгуульдаа орж байна. Зохион байгуулалттай, эвтэй, энгийн гэсэн дүгнэлт хийж болмоор энэ намын дарга Т.Доржхандын хувьд ч одоо ганцаараа бус олуулаа болж УИХ-д орох нь энэ удаагийн сонгуулийн гол зорилго. Гадаад, дотоодгүй олон хүн ХҮН намыг дэмжиж байна.
Т.Доржхандын хувьд улс төрд ороод УИХ-ын гишүүн энгийн л хүн байдаг, ард түмний төлөөлөл болж л парламентад суудаг гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Мөн улстөрч болсныхоо хувьд олон зүйлд шүүмжлүүлж, “нүдүүлэхэд” хүрсэн байх. Шүүмжлүүлэх, гүтгүүлэх, доромжлуулах нь улстөрчдөд тулгардаг нэг том даваа, сорилт байдаг. Гэхдээ тэр энэ бүхэнд бууж өгөөгүй, сөргөж зүтгэсээр өнөөдөр зорьсон зүйлийнхээ үндэс суурийг баттай тавиад байна. Шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд намаа бэхжүүлэн өргөжүүлсээр 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж ирж байгаа нь түүний гавьяа юм.
“Mongolian Economy” сэтгүүлийн Эрхлэгч Д.Бэхбаяр