Хүртээмжтэй өсөлтийн тулгуур

Mongolian Economy
2020-08-03 14:37:22

Малчдад малаа хувьчилж авах эрхийг нь өгснөөр энэ өргөн уудам нутагт нүүдлийн соёл иргэншил, ардчилал хоёр эвсэн орших эхлэл тавигдсан юм. Малчид малынхаа тоо толгойг өсгөн, ашиг шимийг нь хүртэж, зах зээлд зарж борлуулснаар Монголд ардчиллын үнэт зүйлийг тээх чинээлэг дундаж давхарга бий болох учиртай. Гэхдээ сэтгэлгээний өөрчлөлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Зөвхөн амь зуух зорилгоор л мал маллаж ирсэн 2000 гаруй жилийн уламжлал, тоо толгойг нь өсгөж үржүүлэх ёстой гэсэн социалист номлолоос ангижрахад тийм ч амар биш.

“Эргээд харахад, энэ 30 жилд малын тоо толгой 70 сая давчихсан, бэлчээрийн даац хэтэрчихсэн, малчид бүхий л амьдрал, цаг хугацаагаа малдаа зориулж, малын өвс тэжээлд их зардал гаргадаг ч 3000 ба 300 малтай өрхийн амьдралын чанарт төдий л ялгаа алга байна” хэмээн “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэр ярив. “Мянгат малчин”, “Сайн малчин” зэрэг тооны хойноос хөөцөлдсөн арга хэмжээ нь нийгмийн шилжилтийн эхний жилүүдэд хэрэгтэй байсан л байх. Гэхдээ одоо цаг үед энэ хэвээр үргэлжлүүлбэл бэлчээр талхалж, нийгэм, эдийн засгийн асар их сөрөг үр дагавартай цөлжилтөд малчид гар бие оролцож буй хэрэг болж байна. Уг нь малчид ийм зүйлийг хүсээгүй.

1990 оноос хойш шилжилтийн гэгдэх хүнд хэцүү он жилүүдийг монголчууд өлсөж үзээгүй даван туулсан нь хувьд шилжсэн малын л буян. 1993 он гэхэд нийт мал сүргийн 90 орчим хувь нь хувьд шилжсэн гэсэн албан ёсны мэдээ бий. Түүнээс хойш 2000 оныг хүртэл малын тоо толгой тогтвортой өсч, 30 саяыг давсан. Үүнээс онцлох ёстой цаг хугацаа бол 1995 оныг хүртэл хөдөө аж ахуйн салбар манай эдийн засгийн тулгуур хэвээр байсан юм. Гэхдээ өмнө нь нэгдэл болоод сангийн аж ахуйн том бүтэцтэй байсан салбар хувьд шилжиж, жижиг аж ахуйн хэлбэртэй болж, санхүүжилт болоод хүний нөөцийн чадавхгүй болсон нь яваандаа эл салбар эдийн засаг дахь тэргүүлэх байр сууриа алдахад хүрэв.

Хэдийгээр хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний хэмжээ 1999 онд өсөлттэй байсан ч 2000, 2001 онд дараалан тохиосон зудын гамшгийн улмаас үйлдвэрлэлийн хэмжээ 14-26 хувиар агшжээ. Энэ хүнд хэцүү цаг үед газар тариалангийн салбар бүр ч дордсон. 1991 оноос үйлдвэрлэл нь буурсаар 1993-1995 онд туйлдаа хүрч, 2000 он гэхэд энэ салбар асар их эрсдэл даах чадвартай нэгний л хийх ажил болсон байв. Өмнөх шигээ томоохон бүтэц, ихээхэн хэмжээний санхүүжилт шаардагдаж байлаа.


Үүнээс гадна 2000-2002 онд гурван жил үргэлжилсэн ган болж энэ салбар үндсэндээ сэхээний тасагт очсон гэдгийг доктор Б.Эрдэнэболор дурслаа. Тэрбээр “2005 онд монголчууд түүхэндээ хамгийн бага буюу 70 гаруй мянган тонн ургац хурааж авсан байдаг. Гэтэл дайран дээр давс гэгчээр 2007-2008 онд дэлхийг хамарсан ган болж, дэлхий даяараа ургацаа алдсан. Энэ нь импортоор улаан буудайн хэрэгцээгээ хангадаг Монголд туйлын хүнд тусч. Үр тариа, гурилын үнэ өссөний зэрэгцээ импортлох улаан буудай ч олдохгүй байсан нь монголчуудад маш том сургамж болсон” гэлээ. Тиймээс ч үүний үр дүнд “Атрын гуравдугаар аян”-ыг хэрэгжүүлж, Тариалан эрхлэлтийг дэмжих санг байгуулсан. Үр дүнд нь үр тариагаа дотоодоосоо 100 хувь хангадаг болж, техникийн шинэчлэл хийсэн байна. Ийнхүү бараг 20-иод жилийн дараа л газар тариалангийн салбарт шинэчлэл бодит утгаараа хэрэгжсэн юм.

Харин хамгийн их нөөцтэй мал аж ахуйн салбарт шинэчлэл явсангүй. Л.Одсэр “Бид цаашид хонин сүргээсээ жилд нэг тэрбум доллар олох боломжтой. Гаднаас орж ирэх валют малчдаар дамжин эдийн засагт шингэж, улс орныг хөгжүүлнэ. Тиймээс мал маллах ухаанаа зах зээлийн баримжаатай болгож, малчдын сэтгэлгээг өөрчлөхөөр зорьж байна” гэсэн юм.
Ер нь манай улс хүнсний салбарт хямд үнэтэй масс үйлдвэрлэл бус чанартай, үнэтэй, органик бүтээгдэхүүнээр өрсөлдөх бодлого баримтлах ёстойг мэргэжилтнүүд хэлдэг. Ийм хүнс үйлдвэрлэхээр 169 мянган үйлдвэрлэгч өрх бий бөгөөд тэднийг дэмжих үр дүнтэй шийдэл нь “Чинээлэг малчин хөтөлбөр” болох гэнэ. Харин алсдаа газар тариалан, бэлчээрийн мал аж ахуй зэрэгцэж оршихын тулд интеграцчлах оновчтой зохицуулалт хийх цаг хүссэн хүсээгүй ирснийг доктор Б.Эрдэнэболор хэлж байна.

Цаашид салбарын залгамж халааг бэлтгэх, бэлчээр, хөрсийг сэргээх, хамтын ажиллагааны бүтэц буюу гишүүдээ сургалт мэдээллээс эхлээд санхүүгийн үйлчилгээ, тээвэр ложистикийн үйлчилгээгээр хангах хоршооны загварт анхаарах нь хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн тулгуур, хүртээмжтэй өсөлтийн суурь болоход чухал юм.

Mongolian Economy