Хөгжил таригч

Mongolian Economy
2021-08-30 17:22:16

Монголчуудын хэзээний танил болсон “Prius” машин хөлөглөн эрчим хүч “тарьдаг” хүлэмж үзэхээр зорьж явна. Хурдны замаар хоёр цаг гаруй явсны эцэст Гүнма аймагт ирлээ. Гүнма аймаг ойролцоогоор гурван сая хүн амтай, нам гүм, хөдөө аж ахуйн бүс нутаг. Тариалангийн талбай руу татсан  нарийн шуудуугаар ус шоржигнон урсах нь сонсогдоно. Цэвэр тунгалаг агаартай ч элдэв зүйлийн бордоо, өтөг бууцны үнэр таригч сэвэлзүүр салхины үзүүрт сэнхийнэ. Хэтэрхий олон хүн, хязгаарлагдмал газар нутагтай гэсэн Японы талаарх нийтлэг төсөөлөл энд ул мөргүй арилав. Үнэндээ томоохон хотуудаас гадагш гарч, Японы хөдөөг сонирхвол маш өргөн уудам нутагтай нь тодорхой болох юм.

Бидний эхний зогсоол Ёшиока дахь хүнсний дэлгүүр байлаа. Энэ дэлгүүртэй танилцсанаар “Farmdo” компанийн захирал Ивай Масаюки Японы хөдөө аж ахуйн зах зээлд нэвтрүүлсэн шинэ бизнес загварыг ойлгох таатай боломж олгосон юм.

Ивай Масаюки тариачны гэрт төрж өссөн нэгэн. Тиймээс тариачны хөлс хөдөлмөрөө шингээн байж ургуулсан ногооноос нь өөрт нь ирэх ашиг тун бага байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Учир нь Японы хөдөө аж ахуйн нийгэмлэг тариачдын хүнсний ногоог цуглуулж, үнэ тогтоодог байна. Тиймээс Ивай Масаюки тариачдад ногоогоо тус нийгэмлэгээр дамжуулалгүй өөрөө үнээ тогтоон шууд борлуулах боломж эрэлхийлсэн аж. Тэрбээр энэхүү дэлгүүрийн адил 34 борлуулах цэг Япон даяар нээн ажиллуулж буй. Тариаланчид уг сүлжээгээр хүнсний ногоо, бүтээгдэхүүнээ өөрсдөө үнэ тогтоон орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсноос гадна хэрэглэгчид хямд үнээр хүнсний ногоо худалдан авах болсон байна.

Тус дэлгүүрт хүнсний ногоог хэн тарьж ургуулсныг мэдэх боломжтой. Тариаланчид өөрсдийн ногоогоо байршуулдаг тогтсон хэсэгтэй байх бөгөөд тус бүрт нь тариаланчийн талаарх мэдээллийг зурагтай нь байршуулсан байх юм. Ингэснээр хэрэглэгчид өөрийн итгэлтэй тариачны ногоог тогтмол худалдан авах хандлага ажиглагджээ. Тариаланчид ч байнгын үйлчлүүлэгчидтэй болж орлого нь тогтмолжих үндэс болдог аж. Өнөөдөр тус компани 500 гаруй фермертэй хамтран ажиллаж байна.

Дэлгүүрт орсноор мэдэрсэн өөр нэг зүйл нь япон хүний хөдөлмөрч чанар. Дэлгүүрийн үүдэнд мах хуурч, үйлчлүүлэгчдэдээ амтлуулж зогссон хормогчтой хижээл насны эрийг салбар хариуцсан захирал байх юм чинээ бодсонгүй. Тун энгийн захирал. Төд удалгүй нөгөө дэлгүүрийн захирал хог шүүрдэж, шинэ ирсэн бараанаас зөөлцөж, хоол зөөж харагдав.

Даргын ажлын өрөөтэй боловч тэнд өдөрт ердөө ганц цаг л ажилладаг гэнэ. Тэрбээр дунд сургууль төгсөөд л тариачин болсон бөгөөд Ивай Масаюкитай хамтарч ажиллаад 10 жил болжээ. Анх тариалангийн талбай дээрээс ажлын гараагаа эхэлсэн гэнэ. Харин одоо бидний зорьсон хүлэмжээ үзэх цаг ирж байна. Анх харахад бусдын л адил хүлэмж. Гэвч хүлэмжийн дээвэр дээр инновац бий. Ивай 2014 оноос эхлэн өөрийн хүлэмжүүдээ нарны цахилгаан станц болгон хувиргажээ. Тэгэхдээ уламжлалт бизнестэйгээ төгс хослуулж чадсан байна.

Дээвэр дээрх нарны дэлгэцүүд нь их хурц нартай өдөр хүлэмжид орох гэрлийг хязгаарлаж, ургамалд сүүдрэвч болж өгдөг байна. Ингэснээр ургамлын гарц нэмэгдэж, ургац хураалт ч өсдөг. Харин хүлэмжийн дээвэрт суурилуулсан 100 гаруй нарны дэлгэц нийт 56 мянган кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд орон нутгийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.

Энд тариалж буй хүнсний ногоо, эмийн ургамлын төрөл зүйлийг тоочоод баршгүй. Хоёр цаг орчим явахад нийт талбайг бүтэн тойрч хараахан амжсангүй. Тариалангийн талбайг очиж үзсэнээр Ивай Масаюки гуайн удирдах арга барилаас ойлгох боломж олдсон билээ. Тэрбээр бусдаасаа арай багавтар нэгэн талбайн дэргэд ирээд “Энэ манай менежерүүдийн тарьсан ногоо” гэв. Тэндээс нэг эгнээг нь заагаад “Энэ нь миний тарьсан, бусад нь менежерүүдийнх. Эрс ялгарч байгаа биз дээ” хэмээгээд инээлээ. Үнэхээр захиралын тарьсан гэх эгнээний ургамал өнгөлөг, иш навч нь сэргэг, бусад нь аль нэг тийш налсан, давжаа харагдаж байв. Ивай захирал хэлэхдээ “Энэ компанид ажиллаж байгаа бүх хүн энэ бизнес юун дээр тогтож, яаж ажилладагийг ойлгож байх ёстой” гэсэн юм. Бидний анх очсон дэлгүүрийн захирал ч долоо хоног бүрийн мягмар гараг бүр тариалангийн талбай дээр ажилладаг хэмээж байсан нь санаанд орлоо.

Ивай Масаюки гуай яг энэ загвараар Монгол дахь ажлаа эхлүүлээд байна. Тэрбээр монголчууд 50 сая малтай атлаа Улаанбаатарын иргэд импортын сүү хэрэглэж байгааг мэдээд их гайхсан гэдэг.

Хэрэглэгч, нийлүүлэгчийн хооронд ямар нэгэн гүүр хэрэгтэй байгааг тэр ойлгож Монголд ажиллахаар шийджээ. Зөвхөн сүү гэлтгүй Улаанбаатарын ихэнх хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирдэг нь хүнсний аюулгүй байдал, шинэлэг талаасаа сайн зүйл биш гэж тэрбээр үзэж байна. Мөн “Хятадад сайн ногоо байгааг би мэдэж байна. Гэхдээ Хятад бол маш том зах зээл учир сайн чанартай ногооны эрэлт дотоодод нь хангалттай бий” гэсэн юм.

 

 

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан
“Mongolian Economy” сэтгүүлийн тусгай дугаараас. 2017 оны 9-р сар

 

Mongolian Economy