Хөл хорионд орсон Итали улсын сургамж
Эдүгээ коронавирусийн халдвар авсан хүний тоо, гамшгийн түвшингээр хамгийн аюултайд тооцогдож буй улс бол Итали. Өнөөдрийн байдлаар тус улсад 9000 гаруй хүн халдвар авч, 630 орчим хүн нас бараад байна. Хөл хорионд орсон тус улсад нөхцөл байдал ямар байгаа тухай “La Repubblica” сонины сэтгүүлч Беньямино Пальяро CNN агентлагт дараах ярилцлагыг өгчээ.
– Италид нөхцөл байдал ямар байна вэ?
– Би Ромд ажилладаг, эндхийн гудамж ерөнхийдөө хоосон болсон. Ром хот машины түгжрэлээрээ алдартай боловч одоогоор тийм зүйл алга, тун цөөхөн машин хөдөлгөөнд оролцож байна. Ихэнх албан газар, тэр дундаа манай сониныхон гэрээсээ ажиллаж эхэлсэн. Ажлынхны маань хүүхдүүдийн сургууль хаагдсан.
Би Трастеверед амьдардаг. Эндхийн хоёр хүний нэг нь жуулчин гэж яригддаг. Энгийн үед орос эсвэл англиар ярьсан хүмүүстэй гудамжинд таарах нь хэвийн үзэгдэл. Гэтэл одоо нэг ч жуулчин алга.
Өнгөрсөн долоо хоногт Миланд очиход хотын бараг хагас нь эзэнгүй юм шиг санагдсан. Зоогийн газрууд бараг үйлчлүүлэгчгүй болсон. Гэхдээ намайг буруугаар битгий ойлгоорой, засгийн газар ийм шийдвэр гаргасан нь зөв.
– Эдгээр арга хэмжээний талаар хүмүүс ямар бодолтой байгаа вэ?
– Хүмүүс хоригийг дагаж байгаа. Ихэнх хүн аяллаа цуцалсан. Ром, Миланд амьдардаг найзууд маань гэр бүлтэйгээ хамт байхаар гэр рүүгээ явмаар байгаа ч эцэг эх нь өндөр настай, хөгшин учраас тэдэнд эрсдэл учруулахгүйн тулд явахаа больсон.
Хүмүүс нийгмийн сүлжээгээр телевизийн ямар нэвтрүүлэг үзэж байгаа, ямар ном уншиж байгаа гэх мэтээр маш их мэдээлэл солилцож байна. Хүмүүс ихэнхдээ гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байгаа. Заримдаа ганц нэгээрээ гарч гүйх зэргээр дасгал хийж, уулзсан ч цөөхүүлээ уулзах болсон.
Ийм зүйл хэлж байгаадаа би ичиж байгаа ч Ерөнхий сайд Ж.Конте Итали улсыг бүрэн хөл хорионд оруулахаа зарласны дараа хүмүүс цочролд орж, олон зуун хүн тэр шөнөдөө супермаркетаас их хэмжээний зүйл худалдаж авсан. Иймэрхүү нөхцөлд бид төдий л дасаагүй, ухаалаг шийдвэр гаргах болоогүй юм байна гэдэг нь харагдлаа. Гэхдээ зөвхөн италичууд ч биш Лондон, Берлин, Нью-йоркт ч ийм явдал гарч байна.
– Ийм нөхцөлд дэлхийн бусад улс орнуудын талаар та ямар бодолтой байна вэ?
– Бид маш хүнд нөхцөлд байна. Ямар их өөрчлөлт хийх ёстойг дэлхийн ихэнх нийслэл хотууд ойлгоогүй байгаа нь миний санааг зовоож, бас аймшигтай санагдаж байна. Их Британи, Америкийн мэдээллээс харахад тэд хоёр долоо хоногийн өмнө бидний хийсэн зүйлийг л давтаж байна. Бид чадна, вирусийг дийлнэ гэж бодож байгаа ч эрдэмтэд болон бодит баримт өөр алхам хийх ёстойг сануулж буй нь яг адилхан санагдсан.
Милан зэрэг хангалттай олон эмнэлэгтэй газруудад вирус тархсан нь бидний хувьд азтай явдал боллоо.
Хэрэв өмнөд Италид вирус ихээр тархсан бол байдал бүр хүндрэх байсан. Их Британи болон АНУ-ын зарим муж, хотууд вирусийн тархалтыг зогсоох нөөц боломж, эмнэлгийн хүрэлцээ байхгүйг би мэднэ. АНУ-д мөн эмчилгээний зардал их өндөр байдаг нь сул тал болж магадгүй.
– Та өнөөгийн энэ байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
– Мэдээж амаргүй үе. Гэхдээ хүмүүсийг зөв зүйл хийх ёстойг сануулж байх шиг. Төрөл бүрийн арга хэмжээ хойшлогдож, аялаж болохгүй нь уйтгартай боловч вирусийн тархалтын үеэр нэг сайн зүйл байгаа нь хүмүүс бид өөрсдийнхөө тухай юу боддог байснаа эргэцүүлэх явдал юм. Ийм зүйл болоход бид дэлхий дээр ганцаараа биш гэдэг нь тодорхой болж, өөрсдөөсөө гадна бусад хүмүүсийг, нийгмээ бодох шаардлага гарч байна.
Сүүлийн жилүүдэд газар авсан бүхий л популист хөдөлгөөнийг авч үзвэл бүгд л “би энийг хүсэж байна, тэрийг хүсэж байна” гэсэн утгатай байлаа. Британичууд гэхэд л тусдаа гарахыг хүсэж, санасандаа хүрлээ. Гэтэл үнэндээ бид энэ дэлхий дээр зөвхөн өөрсдөдөө найдах бус бүгд нэг дор хамтдаа аж төрж байгаагаа ойлгох хэрэгтэй байна.