Хөрөнгө оруулалтын орчны учрыг олж, хужрыг тунгаавал

Mongolian Economy
2021-12-21 15:28:24
Ангилал: Эдийн засаг

Өнөөдөр дэлхийн ихэнх улс гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө хүчтэй өрсөлдөж байна. Харамсалтай нь, Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгаа тэлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, хөрөнгө оруулалтанд ээлтэй улс болохын тулд ГШХО-ыг хангалттай хэмжээгээр татаж, хамгаалж чадалгүй маш их хугацаа алдлаа.

Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлыг ойлгохоосоо өмнө юун дээр алдсанаа, ямар алдааг давтан гаргаж байснаа эхлээд эргэн харах ёстой юм. 

Алдаа + Оноо

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд хөрөнгө оруулагчдыг үргээсэн олон алхам хийгдсэн бол бусад улс орнууд эсрэгээрээ хөрөнгө оруулалтыг дэмжих урамшууллын бодлогуудыг амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, 2014 онд батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого зэрэг бодлогын томоохон бичиг баримтууд нь ГШХО-д сөрөг нөлөө үзүүлж, улмаар 2011-2015 онуудад ГШХО-ын хэмжээ огцом буурчээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын орчинд дараах хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж болно.

Давхар татварын хэлэлцээрүүдийг цуцалсан, эсвэл өөрчилсөн: 2012 оныг хүртэл Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд олон тооны давхар татварын хэлэлцээр байгуулсан. Хэрвээ бид 2012 оныг хүртэлх ГШХО-ыг харвал ихэнх нь энэхүү давхар татварын хэлэлцээрүүд дээр үндэслэсэн бөгөөд энэ нь хөрөнгө оруулалт татах чухал хүчин зүйл болж байв. Ямар шалтгааны улмаас эдгээр давхар татварын хэлэлцээрүүдийг цуцалсныг ойлгож байгаа боловч энэ нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд том саад тотгор болж байна.

Хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой голлох хуулиудын заалтууд улам муудсан: 2012 оныг хүртэл Монгол дахь хөрөнгө оруулалтыг 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар (ГХОХ) зохицуулж байсан агаад уул уурхайн салбарыг 1997, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль “хариуцаж” байв. Эдгээр хууль нь ихээхэн хэмжээний “татвар, хураамж, төлбөр”-ийг харьцангуй удаан хугацаагаар тогтворжуулж, санхүүгийн шаардлагын хувьд харьцангуй нам босготой, түүнчлэн, аливаа маргааныг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлэх шаардлагуудыг тусгасан байсан. Түүнчлэн, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, экспортлох болон ашгаа гадаад руу гуйвуулах эрхийг баталгаажуулж байв.

Харин 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль нь 1993 оны ГХОХ, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд байгуулагдсан тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг цуцалж, өмнөх гэрээнүүдийг бодвол маш бага татваруудыг тогтворжуулсан.

Нэмээд тогтворжуулалтын гэрчилгээг бий болгож, уг гэрчилгээтэй холбоотой маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх (олон улсын арбитрын шүүхэд хамаарахгүй), гадаадын хөрөнгө оруулагчдыг 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг болсон. Гэтэл Монгол хөрөнгө оруулагчаас үүнийг шаарддаггүй. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад өндөр босготой шалгуур тавьдаг болсон.

Дүгнээд хэлвэл, одоо мөрдөж буй Хөрөнгө оруулалтын хууль нь томоохон хөрөнгө оруулалтууд татсан үеийн 1993 оны ГХОХ, 1997 болон 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиудтай харьцуулахад хөрөнгө оруулагчдыг урамшуулахгүй байна.

ГШХО-ын орох урсгал, салбараар (сая ам.доллар)

Голлох хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд давуу тал бус сул талыг бий болгосон: Тодруулбал, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Газрын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад 2017 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулалтанд ихээхэн саад бэрхшээл болж байна. Жишээлбэл, лиценз/хувьцаа шилжүүлсний татвар (ашигт малтмал/үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр үндэслэсэн). Татварын хэмжээг 30-аас 10 хувь болгон бууруулсан ч энэ нь хөрөнгө оруулалтад цэвэр алдагдал болж байна (ашигт малтмал/үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьд татвар төлөх зохицуулалт нь 2017 оны 11-р сараас өмнө байгаагүй).

Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтанд орсон: Хувийн хэвшлийнхэн Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орно гэдгийг мэдэж байсан. АмЧам Монгол нь дөрвөн том арилжааны банкны удирдлага оролцсон бизнес айлчлалыг АНУ-д хийгээд, буцаж ирэхдээ Монголбанкнаас энэ талаар яаралтай арга хэмжээ авахыг хүссэн. Харамсалтай нь төрийн байгууллагууд хангалттай арга хэмжээ аваагүйн улмаас Монгол Улс саарал жагсаалтад орж байв.

Ашигт малтмалын лиценз олголтыг зогсоосон: Нийт 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ноцтой асуудал юм. Үүний дүнд Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын ашигт малтмалын лицензийг цуцалсан.

Үүн дээр нэмээд гэнэтийн ашгийн татвар, Урт нэртэй хуулийг баталж гаргасан, татварын маргаан таслах зөвлөл, шүүх засаглал сул зэрэг нь ГШХО-ыг татаж, нэмэгдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого, хууль тогтоомж, хууль эрх зүйн болон улс төрийн эрсдэл нь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлж байна.

Шийдэл олох нь маш их цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг бөгөөд бид асуудлыг үүсгэж байгаа үндэс, учир шалтгааныг ойлгохгүйгээр тулгарч буй асуудлаа шийдвэрлэх аргагүй билээ. Хэрэв оролцогч талууд асуудлыг хурдан засаж, шийдвэрлэмээр байвал Монгол Улсын 1990 оноос 2011 он хүртэлх бизнесийн салбар болон хөрөнгө оруулалтыг дэмжсэн зүйлс рүү эргэн харах хэрэгтэй юм. Тодруулбал, бид өнгөрсөн үеийн алдаанаас суралцахын зэрэгцээ тухайн үеийн ололт, дэвшлийг мартах ёсгүй билээ.

Шийдэл + Гарц
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал байгууллагаас жил бүр гаргадаг Дэлхийн Хөрөнгө Оруулалтын 2021 оны тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй есөн орны (Монгол Улс багтсан) хувьд 2020 онд ГШХО-ын орох урсгал 9,2 тэрбум ам.долларт хүрч, 30 хувиар буурсан бөгөөд энэ нь бүсийнхээ 60 хувийг эзэлж байна.

Энэхүү тайланд Монгол Улсын ГШХО 1,7 тэрбум ам.доллар болж, 30 хувиар буурсан бөгөөд үүний шалтгааныг Оюутолгой уурхайн үйл ажиллагаа цар тахлын улмаас доголдсонтой холбон тайлбарласан. Хөрөнгө оруулалтад нөлөөлж буй гол гадаад хүчин зүйлүүд нь уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсын хувьд Монголын голлох түүхий эдүүдийн глобал эрэлт огцом буурч, цар тахлын улмаас БНХАУ-тай хилээ хаасантай холбоотой гэж дүгнэжээ.

Эх сурвалж: UNCTAD

Дээр дурдсан есөн улсаас авторитар дэглэмтэй боловч Монгол шиг далайд гарцгүй хөгжиж буй Казахстан улс 2020 онд далайд гарцгүй орнууд дундаа хамгийн их хөрөнгө оруулалт татсан гэдгээрээ хөрөнгө оруулалтын бодлогын хувьд тохиромжтой жишээ юм.

Казакстаны ГШХО-ын хэмжээ 3,9 тэрбум ам.долларт хүрч, 35 хувиар нэмэгдсэн бол бусад есөн орны хувьд буурсан үзүүлэлттэй. Тус улсын уул уурхай, тээвэр, санхүүгийн үйлчилгээ, мэдээлэл харилцаа, эрчим хүчний салбарт ГШХО нэмэгдсэн бол барилга, металлург, худалдааны салбарт буурсан байна.

Казахстан улсын Ерөнхийлөгч ГШХО-ыг татах шинэ хуулийг (Урамшууллын хууль) 2014 оны зургадугаар сарын 12-нд баталсан бөгөөд эл хууль нь шинэ ГШХО-ыг татах, бизнесийн орчныг сайжруулах зорилготой байв. Энэхүү хуулиар ГШХО татах төслүүдийг эрэмбэлж, гадаадын хөрөнгө оруулагчдад ямар урамшуулал олгохыг тогтоосон. Тухайлбал, энэхүү урамшууллыг авахын тулд шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани нь хөрөнгө оруулалт татах салбарт үйл ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд хамгийн багадаа 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой аж.

Эл хуулиар шаардлага хангасан хөрөнгө оруулагчдад гаалийн татвараас чөлөөлөх, Засгийн газрын баталгаа гаргах, татварын урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх зэрэг урамшууллыг үзүүлэх болсон юм.

Монгол Улс дахь ГШХО-ын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үндэсний аюулгүй байдал болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд олон улсын судалгаа болон шилдэг туршлагууд дээр үндэслэн ГШХО-ыг хэрхэн татах, нэмэгдүүлэх болон хамгаалах талаар Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам)-ын зүгээс УИХ болон Засгийн газарт зориулж дараах бодлогын арга хэмжээнүүдийг санал болгожээ.

1. УИХ, Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй байх талаар одоо боловсруулаад байгаа урт хугацааны стратеги, төлөвлөгөөг хянан үзэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, яаралтай хэрэгжүүлэх;

2. Глобал чиг хандлага, олон улсын стандартад нийцсэн хууль эрхзүйн шинэчлэлийг хийх, тухайлбал, Хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль болон бусад хуулиудын хоорондын уялдааг хангах, зөрчилдсөн заалтуудыг яаралтай өөрчлөх, засаж сайжруулах;

3. Монголд хөрөнгөө оруулсан одоогийн гадаадын хөрөнгө оруулагчдын амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, ГШХО-ын талаарх олон нийтийн буруу болон сөрөг хандлагыг өөрчлөх мэдээллийн кампанит ажлуудыг өрнүүлэх;

4. Улс төр, хууль эрхзүйн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах бодитой урамшуулалыг санал болгох.

5. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих, тухайлбал АНУ-аас өндөр технологи, инновацыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, алсын удирдлагатай, сүүлийн үеийн дэвшилтэт технологи шингэсэн тоног төхөөрөмж, машин механизмыг импортлоход гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт бодитой алхмуудыг хийх.

Дээрх зөвлөмжүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөрш орнуудаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчилж, эдийн засгаа тэлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, хөрөнгө оруулалтанд ээлтэй улс болж, ГШХО-ын орох урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж АмЧам Монгол үзжээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар АмЧам Монголын бодлогын зөвлөмж

 

 

 

 

 

 

Mongolian Economy