Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилвэл нэг алхам урагшилна
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Европын худалдааны танхим, Их Британийн худалдааны танхим болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн чухал асуудал нь хууль эрх зүйн орчин гэж гарсан. Хууль эрх зүй нь тогтвортой байх, гэнэт өөрчлөгддөг асуудлыг анхаарах хэрэгтэй гэсэн саналуудыг тавьсан. Түүнчлэн төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал. Засгийн газрын яамдууд хоорондоо ойлголцдоггүй, орон нутагт очоод зөрчилддөг нь хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгож байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх сэдвээр бүтэн бүлэг оруулсан байна. Үүнд бид олзуурхаж байгаа. Татварын хувь хэмжээ, шимтгэлээс гадна маргаан шийдвэрлэх арга зам нь ямар байх вэ гэдэг хамгийн чухал асуудал болсон. Хөрөнгө оруулагчдын маргаан гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг бий болгосон. Энэ хууль бүхэлдээ сайжирсан ч дахин хэлэлцэх зарим асуудал байна. Энэ хуулийг хэлэлцэхгүй болчихвол хөрөнгө оруулагчдад буруу ойлголт бий болно.
Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Зандан: Хөрөнгө оруулагчид хаалганы гадаа дараалаад зогсож байгаа зүйл алга. Хөрөнгө оруулалт татахын төлөө бид дэлхийн 200 гаруй оронтой өрсөлддөг болохоор илүү их боломж, урамшуулал олгох хэрэгтэй. Иймээс татварын тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдээ олгомоор байгаа юм. Хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэхийн тулд шүүхийн үйл явцыг хурдлуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуудлыг тусгасан нь авууштай. Гэхдээ дэлгэрэнгүй оруулбал зүгээр юм уу гэж үзэж байгаа.
Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби: Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах байдлыг харвал олон улсад нэлээд хойгуур явж байна. Би долоон жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд ирсэн. Энэ сэдвээ одоо болтол ярьсаар л байна. Энэ хууль шинэчлэгдсэнээр уул уурхайн салбарт бус бусад салбарт ч хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр ажлын байр нэмэгдэх, ноу-хау, технологи орж ирэх гэх мэт маш олон давуу тал бий болдог.
Америк-Монголын хооронд байгуулагдсан Ил тод байдлын хэлэлцээр гэж байдаг. Энэ хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх нь чухал. Гэрээний хэрэгжилтэд анхаарал хандуулж, хэрэгжүүлэх асуудал сул байна. Ямар нэгэн байдлаар бизнесийн маргаан гарахад шударгаар шуурхай шийдвэрлэдэг байх нь аль, аль талдаа маш хэрэгтэй юм. Тогтвортой байдал хамгийн чухал нь. Гадаадын хөрөнгө оруулагчдын байр суурийг сонсож энэ асуудлыг эерэгээр шийдвэрлэх болтугай гэж хүсэж байна.
Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Монголын бизнесийн орчныг сайжруулахад хөрөнгө оруулалт татна гэдэг маш чухал хүчин зүйл байдаг. Энэ хууль батлагдвал гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татахад чухал нөлөөтэй нэг алхам болох юм.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс: Зарим асуудал дээр санал нийлэхгүй зүйл байгаа. Татварын хөнгөлөлтүүдтэй холбоотой заалтууд байхгүй болсон. Энэ нь анхаарал татах асуудал мөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэгт бид оролцож, 120 санал хэлсэн. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байх ёстой. Энэ зөвлөлийн үйл ажиллагаа явахгүй байгаа, хуульчлах шаардлагатай гэдэг саналыг хэлж, оруулсан.
Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын 100 мянган ам.долларын босгын асуудлыг хөндсөн. Олон улсын жишгээр хөгжиж байгаа улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн босго тавьдаггүй. Тиймээс энэ босгыг тавихгүй байх нь зүйтэй. Үүнийг хуульд тусгаж оруулсан. Зарим нэг татвар урамшууллын асуудал бий. Тодорхой салбарт шинэ технологи нэвтрүүлж байгаа бол гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхгүй байгаа нь хөрөнгө оруулалтыг бууруулж байгаа юм. Гэхдээ үүнийг бодлого тодорхойлогчдын зүгээс Татварын хуулийг шинэчлэхэд тусгана гэж байгаад бид найдаж байна. Энэ өөрчлөлтийг оруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Газар ашиглуулахтай холбоотой заалтыг улстөржүүлж, гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлнэ гэдэг асуудал байхгүй. Бид зөв ойлголттой урагшлах ёстой.
Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед бизнес эрхлэгчдийн төлөөлөл дуу хоолойгоо илэрхийлж, МҮХҮАТ-аас санаачлан мэдээлэл хийж байгаад олзуурхаж байна. Өрсөлдөх чадвартай улсад л хөрөнгө оруулалт орж байдаг. Хөрөнгө оруулалтыг татахын тулд дэлхийн бусад улсын жишгийг судлах ёстой. Нэг талаасаа татвар маш чухал. Гэхдээ хуульд ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх, бизнес эрхлэхэд өрсөлдөх чадвартай байх, оршин суух орчин, улс орон нь таатай байх зэрэг асуудлыг цогцоор нь харж үзэх шаардлагатай. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг авахын тулд дэлхийн улс орнуудтай өрсөлдөж, хөрөнгө оруулалтаа татах ёстой. Дэлхийн эдийн засгийн форумд хууль батлагдсаны дараа Монголын төлөөлөл оролцож, бизнесийн орчноо эерэгээр зарлах хэрэгтэй. Яагаад Монголд цахилгаан станц, дата центр барьж болохгүй гэж. Дэлхийн стандартад нийцсэн ажлын байр бий болгоход хөрөнгө оруулалтын орчин чухал.