Хөх тэнгэрт дүүлэн ниссэн 100 жил

Тэртээ 1925 онд Монгол Улсад анхны агаарын хөлөг газардсанаар нисэх хүчин үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Өдгөө түүхэн замналынхаа 100 жилийн ойтой золгож буй иргэний нисэхийн салбар нь Монгол Улсын гадаад ертөнцөд гарах гол гарц төдийгүй хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдад үйлчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулагч, эдийн засгийн онцгой салбарын нэг болж чадсан байна. Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэгдэн орсон.Тиймээс энэ хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага төдийгүй БНХАУ, ОХУ, БНСУ, БНТУ, Тайланд, Япон болон бусад улсын иргэний нисэх, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, цаашид ч олон улсын агаарын харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх талаар шаргуу ажиллаж байна. Монгол Улсын анхны олон улсын нислэг ОХУ-ын Улаан-Үүд хотоос эхэлж байсан бол өнөөдөр 48 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, нислэгийн сүлжээгээ өргөтгөсөн байна. Монгол Улсад нисэх хүчин үүссэн он жилүүдийн цаг хугацааг тоймлон үзвэл, 1925- 1947 оны хугацаанд цэргийн нисэхийн үйл ажиллагаа давамгайлж байв. Харин 1947-1989 он хүртэлх хугацаанд иргэний нисэхийн зорчигч, ачаа, шуудан тээврийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах нисэх буудал, агаарын навигацийн тоног төхөөрөмж, агаарын хөлөг зэргийг авч ашиглах, тэдгээрийг ажиллуулах боловсон хүчнийг бэлдэх ажлуудыг улсаас эрчимтэй явуулжээ. Энэхүү бүтээн байгуулалтуудыг хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын тусламжтайгаар хэрэгжүүлж ирсэн байна.
Иргэний нисэхийн салбар цаашид хурдтай хөгжих шинэ зууны эхлэл дээр байна
Монгол Улс олон улсын нислэг, агаарын зайгаар дамжин өнгөрөх олон улсын нислэгт үйлчлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд 1989 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагад элсэн орсон юм. Өнөөгийн олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх чадамж бүхий агаарын тээврийн салбарыг бүтээх үндэс суурь тавигдсанаар Монгол Улс хоёр хөрш орон төдийгүй дэлхийн бусад улс оронтой шууд холбогдох гүүрийг тавьсан түүхтэй. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулан эрх зүйн зохицуулалтыг сайжруулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нь тариф буурах, тээвэрлэлтийн хугацаа багасах болон гуравдагч улсын зорчигчдыг нэмэгдүүлэх, гадаад худалдаа, ачаа тээвэр, аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангахад чухал дэмжлэг болж байна.
Иргэний нисэхийн салбар цаашид хурдтай хөгжих шинэ зууны эхлэл дээр байна. Иргэний нисэхийн тухай шинэчлэн найруулсан хуулиа 2023 онд УИХ-аар батлуулчихлаа. Хуулийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж, 2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит ХХК-ийг байгууллаа. ИНЕГ өөрөө 100 гаруй хүнтэйгээр агаарын тээвэрлэгчдийг гэрчилгээжүүлж, иргэний агаарын тээврийн бодлогыг хэрэгжүүлж ажиллаж эхэллээ. МИАТ болон бусад хувийн авиакомпаниуд онгоцны парк шинэчлэлийг системтэйгээр хийж, орчин үеийн шинэ шинэ онгоцууд авч байна. Нөгөөтэйгүүр шинэ зуунд нэлээд хүчээ авах “агаарын тээвэр нисдэг тэрэг болох нь” тодорхой болж байна.
Хуулийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж, 2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит ХХК-ийг байгууллаа
Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, гадаадын жуулчдын урсгал Монгол руу чиглээд ирэхээр нисдэг тэрэгний үйлчилгээ нэмэгдэх хандлагатай болно. Мөн түүнчлэн шинэ зууны технологийн үйлчилгээнүүд эхнээсээ нэвтэрлээ. Энэ бол Дрон. Зарим хувийн компанийн зүгээс дроныг Цусны үндэсний төвтэй хамтран цус зөөх үйлчилгээг эхлүүлсэн нь сайшаалтай. Энэ технологи салбар бүрийн үйлчилгээнд хүч түрэн цаашид ч орж ирэх нь ойлгомжтой. Тиймээс Дроны үйлчилгээг бүртгэлжүүлэн гэрчилгээжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай болж ирж байна. Мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх ажил руу орно. Иргэний нисэхийн салбар хөх тэнгэрт дүүлэн ниссэн зуун жилийн ойгоо тэмдэглэж, шинэ технологийн эринд хөл нийлүүлэн алхахад чиглэсэн бодлого эрх зүйн орчноо бүрдүүлээд шинэ зууны түүхийг бичиж эхлэхэд ийн бэлэн болжээ.
/Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2025 оны 5 дугаар сар/