Х.Алтай: Хуримтлалтай нийгмийн анги, давхарга бий болох үүд хаалга нээгдэнэ

B Shurenchimeg
2023-01-10 10:24:01

Системийн нөлөө бүхий таван арилжааны банкны IPOтой холбогдуулан Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайг урьж ярилцлаа. 

-Банкуудын IPO хийх үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн бирж бэлэн байна уу? 

-Хөрөнгийн бирж бэлтгэлээ бүрэн хангасан. Дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг гаргадаг цөөн хэдэн байгууллага байдаг. Тэдгээрийн нэг, Лондонгийн хөрөнгийн биржийн охин компани “Millennium it”-гийн гаргасан платфморыг дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, таваарын биржүүд ашигладаг. Бид үүнийг нутагшуулаад 10 жил болж байна. Тиймээс дэд бүтэц талаасаа хөрөнгийн бирж банкны IPO-д бэлэн. 

Банкууд энэхүү реформд хэр бэлэн бэ гэдэг судалгааг олон улсын байгууллагатай хамтран хийлгэсэн. Тодруулж хэлбэл, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын аудитын “KPMG” компани Монголын дотоодын хөрөнгө оруулагчдад сонирхол хэр байна вэ, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой вэ гэсэн судалгаа хийсэн. Энэ судалгаа эцэслэгдээд гарсан.

Урьдчилсан байдлаар банкны IPO хийх үйл явцад 1.8 их наяд төгрөгийг дотоодын хөрөнгө оруулагч нар гаргахад бэлэн гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол мэдээж хангалттай том тоо.

Хөрөнгийн зах зээл талаас үзвэл шингээх чадвар байна гэсэн үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн жил койны шуурга шуурч, асар эрсдэлтэй бүтээгдэхүүнд олон зуун сая, магадгүй хэдэн тэрбум, их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэ бүхнээс харахад иргэдийн хөрөнгө оруулалт хийх сонирхол асар өндөр байна. Гэхдээ хөрөнгийн зах зээл дээр зөв зүйтэй, үр өгөөжтэй бүтээгдэхүүн гаргах ёстой.

Үүнээс гадна, Монголын хөрөнгийн бирж дээр том, өгөөж ихтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бүтээгдэхүүн гарахад гадны хөрөнгө оруулалт  маш чухал. Гадны хөрөнгө оруулалтыг татдаг томоохон платформ бол хөрөнгийн бирж. Энэ утгаараа манай хөрөнгийн зах зээл дээр томоохон аж ахуйн нэгжүүд гарах нь гадны хөрөнгө оруулагчдыг татах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ чиглэлд  хөрөнгийн бирж багагүй ажил хийсэн. 

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч хоёрхон байгууллага байдаг. Нэг нь Лондонгийн хөрөнгийн биржийн “FTSE Russell” болон “Morgan stanley” банкны “MSCI” санхүүгийн байгууллага юм. Өнгөрсөн есдүгээр сард Монголын хөрөнгийн бирж “FTSERussell”-ийн хөгжиж буй зах зээл гэдэг ангилалд орсон. 

Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг эрсдэлд орохоос сэргийлж, хамгаалсан механизмыг Монгол Улс хөрөнгийн зах зээлдээ нэвтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Эл ангилалд багтах тийм ч амар биш. Аль нэг ангилалд багтахын тулд эхлээд ажиглалтын жагсаалтад орох ёстой. Манай улсын хөрөнгийн зах зээл анх 2012 онд “FTSE Russell”-ийн ажиглалтын жагсаалд орсон ч 2017 онд зарим тодорхой үүргийн хэрэгжилтийг хангаж чадаагүйгээс хасагдаж байсан. Ингээд 2021 онд зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, Монголын Хөрөнгийн Бирж болон “FTSE Russell” группийн олон удаагийн уулзалтын үр дүнд ажиглалтын жагсаалтад эргэн орсон бол энэ онд хөгжиж буй зах зээлд багтаж чадлаа. Энэ үйл явдал нь олон улсын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлийг сонирхож буйн илрэл юм. 

-Арилжааны банкууд IPO хийхэд тохиромжтой цаг мөч ирсэн гэж та бодож байна уу?

-Банкны реформ нь зөвхөн банк, санхүүгийн салбараас гадна нийгмийн чанартай томоохон ажил юм. Хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол асар их байна. Тиймээс энэ бол цаг үеэ олсон шинэчлэл. Системийн нөлөө бүхий томоохон банкууд бол сүүлийн 30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн, давхардсан тоогоор гурван сая гаруй данс эзэмшигчтэй томоохон байгууллагууд юм. Нялхсаас авахуулаад наян настай өтөл буурай хүртэл эдгээр банканд данстай, аль нэгээр нь тогтмол үйлчлүүлдэг. 

Мөн олон улсын томоохон аудитын компаниар жил болгон хяналт шалгалт хийлгүүлж, зээлжих зэрэглэлээ тогтоолгодог. Энэ ч утгаараа ашигт ажиллагааг жил бүр зарлаж, олон нийтэд санхүүгийн тайлангаа танилцуулдаг. Хүн бүр эдгээр банкны харилцагч гэдэг утгаараа хөрөнгийн зах зээлд том түлхэц болно. 

Тэгвэл хөрөнгийн зах зээлийн өсөлт хөгжилд ямар ач холбогдолтой вэ? 

-Өнөөдрийн байдлаар хөрөнгийн бирж 5.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна. Удахгүй дөрвөн банк IPO гаргавал багадаа найман их наяд, цаашлаад 10 их наяд төгрөгийн үнэлгээтэй болж өснө. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсөх боломжтой. Үүнийг дагаад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэнэ. Хөрөнгийн биржийн арилжаанд нийт 3000-5000 иргэн оролцдог. Банкуудын IPO хийгдсэнээр эл тоо 10-15 мянга болно гэсэн урьдчилсан тооцоо бий. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжирна. Хөрвөх чадвартай, арвин мөнгө эргэлддэг зах зээл дээр илүү олон компани хувьцаагаа гаргах боломжтой болно. 

Мөн эдийн засагт хөрөнгийн зах зээлийн үзүүлэх эерэг нөлөө үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ мэтчилэн банкны реформ хөрөнгийн зах зээлд маш олон ач холбогдолтой, эерэг нөлөө авчирна гэж үзэж байна. 

-Нөгөө талдаа банкуудын IPO иргэд, хөрөнгө оруулагчдад ямар давуу тал үүсгэх вэ? 

Банкуудыг олон нийтэд нээлттэй болгох нь шинэчлэлийн томоохон ажил юм. Иргэд зөвхөн харилцагч нь байсан бол банкууд IPO хийснээр хувь эзэмшигч нь болно. Өөрөөр хэлбэл, та тухайн банкны эзэн нь болох боломж нээгдэж буй юм. Ингэснээр банкуудын ашигт ажиллагаа болон өсөлтөөс хөрөнгө оруулагчид, иргэд өгөөж хүртэх боломжтой. 

Өгөөж хүртэхийн хэрээр Монголын нийгэмд үгүй болоод буй дунд давхарга бүрэлдэн бий болоход томоохон түлхэц өгөх болов уу. Өөрөөр хэлбэл, хуримтлалтай нийгмийн анги, давхарга бий болох үүд хаалга нээгдэнэ. 

-Банкуудын IPO-г гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож байна уу?

-Банкны реформ хоёр үе шаттай хэрэгжинэ. Эхний шатанд хувьцааныхаа 20 хүртэлх хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй компани болно.

Хоёрдугаар шатны хүрээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд банкны нэг хувьцаа эзэмшигч болон түүний харилцан хамаарал бүхий этгээд 20 хувиас илүү хувьцааг эзэмшиж болохгүй гэсэн журам хэрэгжинэ.

Энэ хүрээнд банкуудын бэлтгэл ажил хангагдаж байгаа. Хоёрдугаар шатны хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татах ёстой гэж хэлмээр байна. Тиймээс системийн нөлөө бүхий томоохон банкууд олон нийтийнх болж, хувьцаагаа гаргаж байна гэдгийг олон улсад сурталчлах шаардлагатай. Ингэснээр сонгодог утгаараа гадны капиталыг тодорхой хэмжээнд татах боломж үүснэ. Хөрөнгийн зах зээл бол гадны хөрөнгө оруулалт татдаг томоохон платформ юм. 

-Банкны хувьцаа худалдан авах иргэд ямар мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой вэ?

Аливаа үнэт цаасанд хөрөнгө оруулахдаа эрсдэл даах чадвартаа нийцүүлэн хөрөнгө оруулах, хөрөнгөө тараан байршуулах зэрэг үндсэн зарчмуудыг баримтлах нь зүйтэй. Үүнээс гадна хувьцаа бол урт хугацааны хөрөнгө оруулалт тул богино хугацаанд ашиг хүртэх зорилгоор хөрөнгө оруулах нь эрсдэлд хүргэж болзошгүй. 

Мөн тухайн банкны үйл ажиллагаа, ирээдүйн төлөв, санхүүгийн үзүүлэлт, ашигт ажиллагаа зэргийг сайн судалж, хувьцааны үнэлгээ бодитой эсэхийг магадлах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын зөвлөх мэргэжлийн байгууллагуудын туслалцаа авах нь зүйтэй.

-Тэтгэврийн реформыг банкны IPO-той уялдуулан хийснээр Монголын эдийн засгийг шинэ шатанд гаргах боломжтой гэж та ярьж байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? 

-Өнөөдөр хөдөлмөр эрхлэгч хувь хүн болон албан байгууллага 24 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ бол бид бүхний маргаашдаа хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, бид тэр мөнгийг тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах ёстой хуримтлал. Гэтэл өнөөдөр энэ нь татвар биш татаас болж хувирсан. Үүн дээр нэмээд 10 хувийн орлогын албан татвар төлж байна. Түүнчлэн олсон мөнгөөрөө худалдан авалт хийхдээ 10 хувийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар  гэж төлдөг. Энэ бүхэн иргэдэд асар их дарамт болж хувирсан.

Гэтэл тэтгэврийн хүртээмж ямар билээ? Зарим настнууд тэтгэвэрт гараад шууд нийгмийн эмзэг давхарга руу орох, зарим нь тэтгэврээ авч чадахгүй нас барах тохиолдол ч бий. Ийм байх ёсгүй юм. Бидний маргаашдаа хийж байгаа өнөөдрийн энэ хуримтлал, хөрөнгө оруулалт нь дарамт болохоос илүүтэй амьдралын баталгаа болох ёстой. Үүнийг бодит ажил хэрэг болгох зүйл нь тэтгэврийн реформ юм.

Хувийн тэтгэврийн сангуудыг бий болгосноор зөвхөн зохицуулалттай бүтээгдэхүүн буюу хөрөнгийн бирж дээр байгаа хувьцаа, бонд, үнэт цаасыг худалдаж авснаар урт хугацааны өгөөжийг бий болгоно. Ингэснээр тэтгэвэрт гарсан настан үүнээс өгөөж хүртэнэ, хуримтлалтай болно. Ийм л тогтолцоог бий болгохоор зорьж байгаа. Ингэж байж та бидний ирээдүй баталгаатай болно. 

Нөгөө талдаа тэтгэврийн хуримтлалын сангууд бий болсноор хязгаарлагдмал хувьцаат компаниудын олон нийтэд нээлттэй болох, хувьцаагаа гаргах сэдэл, сонирхлыг нь өдөөнө. Энэ хэрээр компаниудын засаглал сайжирна. 

Тэтгэврийн реформ хийгдсэнээр компаниуд урт хугацааны өртөг багатай капиталтай болох, санхүүгийн үйл ажиллагаа нь илүү тунгалаг болох боломжтой. Бидний одоогийн тэтгэврийн тогтолцоо удаан оршин тогтнохооргүй боллоо гэдгийг аль аль шатандаа ойлгочихлоо. Тиймээс хуулийн төсөл гаргахаар ажиллаж байна. 

2023 онд хөрөнгийн зах зээлийн ерөнхий төлөв, хөгжлийн чиг хандлага ямар байх вэ? 

-Өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Урьд өмнө  байгаагүй адармаатай нөхцөл байдал үүссэн. Цар тахалтай холбоотойгоор хоёр жил бүх л улс орон нийгэм эдийн засгийн хүнд байдалд орлоо. Үүний дараа Орос-Украины дайн гарч, хоорондоо маш их хамааралтай болсон эдийн засгийн гинжин холбоог тодорхой бус байдалд оруулсан. 

Дараа жил ямар байх нь тодорхой бус байдал үүслээ гэж хувийн зүгээс дүгнэж байгаа. Монголын хөрөнгийн биржийн хувьд ирэх онд банкны реформ хийгдчихсэн, мөн Монголын хөрөнгийн биржийн IPO амжилттай хийгдсэн байх юм. Үүнийг дагаад  цөөнгүй компани олон нийтийнх болох ажлаа эхлүүлэх болов уу гэсэн итгэл найдвар бий. Үүний үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарах жил байх болов уу гэж бодож байна. 

 

 

 

 

 

B Shurenchimeg