Цаас уу, цахим уу?

Mongolian Economy
2020-07-08 09:38:36
Ангилал:

Монгол Улсад эргэлдэж буй нийт мөнгөний долоо орчим хувь нь бэлэн хэлбэрээр, үлдсэн 93 хувь нь тоон хэлбэрээр банкуудын цахим системд хадгалагдаж байна. Түүнчлэн энэ хандлагыг олон улсын хэмжээнд авч үзвэл дэлхий дээрх бүх мөнгөний зөвхөн найман хувь нь л бэлэн, үлдсэн нь цахим хэлбэрээр оршдог бөгөөд ойрын 10-15 жилийн хугацаанд бэлэн мөнгөний хэмжээ улам буурах прогноз гарчээ.

Монгол Улс эдийн засагтаа анх удаа крипто валют нэтврүүлэх тухай гурван жилийн өмнө ярьж, холбогдох хууль, журмыг нь батлаад буй. Харин энэ салбарт анхдагч улсаар Шведийг нэрлэж болох бөгөөд тус улсын Төв банк үндэсний цахим мөнгө болох e-krona гаргах төсөл эхлүүлээд байна. Цахим төлбөрийн хэрэгслийг өргөнөөр ашигладаг Швед улсад нийт гүйлгээний 85 хувь нь цахимаар хийгддэг бөгөөд нийтийн тээвэр, зарим дэлүүр бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээ больжээ. 2025 он гэхэд тус улсын жижиглэн худалдаа эрхлэгчдийн тал хувь нь бэлэн мөнгөөр үйлчлэхээ болихоор төлөвлөөд байна. Шведийг эдийн засгийн хувьд бүрэн цахимжсан дэлхийн анхны улс болсноор бэлэн мөнгөгүй нийгмийг жинхэнэ утгаар нь бий болгоно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ үзэгдэл дэлхий нийтэд түгээмэлжих хандлага Аж үйлдвэрийн IV хувьсгалаас үүдэн улам газар авч шинэ үеийн технологи хөгжихийн хэрээр бэлэн мөнгө ч цахим мөнгөнд “зайгаа тавьж өгч” байна.

Цахим мөнгө гэх ойлголтод банкуудын системд тоон хэлбэрээр хадгалагдаж буй тухайн улсны валют, тодорхой нэгэн байгууллагаас гаргасан цахим мөнгө, крипто валют зэрэг биет бус төлбөрийн хэрэгсэл бүгд багтдаг хэдий ч өргөн тархсан ойлголтод гол төлөв сүүлийн хоёрыг хамаатуулдаг. Аливаа улсын Төв банкны зөвшөөрөлтэйгөөр тодорхой нэгэн байгууллагаас гаргасан цахим мөнгөний нийлүүлэлтийг нэг төвлөрсөн системээр зохицуулдаг бол крипто валют нь компьютерүүдийн сүлжээ буюу олон эх үүсвэрээр зохицуулагддаг гэдгээрээ ялгаатай.

Төв банкны зөвшөөрөлтэй гаргасан цахим мөнгө буух хаяг буцах эзэнтэй, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан буюу тухайн улсын валюттай 1:1 харьцаатай байх, үйлчилгээний байгууллагууд хүлээн зөвшөөрч төлбөрт хүлээн авдаг байх зэрэг үндсэн шинжийг агуулдаг. Харин крипто валютыг аль нэг улсын Төв банк гаргадаггүй учир төвлөрсөн бус зохицуулалттай, ханшны хувьд хэлбэлзэлтэй байдаг бөгөөд зөвхөн цөөн тооны байгууллагууд л хүлээн зөвшөөрч гүйлгээндээ ашиглаж байгаа учир крипто валютыг мөнгө гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэх хандлага давамгайлж байна.

PwC судалгааны байгууллагын мэдээлснээр 2017 онд дэлхийд хийгдсэн нийт цахим гүйлгээний тал хувийг БНХАУ дангаараа бүрдүүлжээ.

Цахим мөнгөнд хамаарах ойлголт дунд крипто валютын тухай сүүлийн жилүүдэд эрчимтэй ярих болсон. Энэ хүрээнд 2018 онд АНУ-ын Конгрессийн номын сангаас 130 орны дунд хийсэн “Дэлхийн крипто валютын зохицуулалт” судалгаанд дурдсанаар ихэнх улсын Төв банкнаас крипто валютын тогтворгүй ханш болоод үүнээс үүдэх эрсдэл, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг хууль бус үйл ажиллагааг дэмжих боломжийг бүрдүүлдэг тухай иргэдэд мэдээлэл олгох зорилгоор сэрэмжлүүлэг гаргасан байна. Алжир, Болив, Марокко, Балба, Пакистан болон Вьетнам зэрэг улс крипто валюттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглосон бол Бангладеш, Иран, Тайланд, Литва, Лесото, БНХАУ, Колумб оронд крипто валют олборлолтыг хориглоогүй хэдий ч тухайн улсын газар нутагт орших санхүүгийн байгууллагуудад крипто валютаар гүйлгээ хийхийг хориглосон байдаг. Мөн 30 гаруй улс Татварын тухай хууль болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульдаа крипто валютын тухай заалтыг оруулсан байна.
Дэлхийн Төв банкууд крипто валютын цаана буй блокчэйн технологийн үр ашиг, зардлыг хэмнэснээр санхүүгийн хүртээмжийг нэмэх боломжийг онцгойлон анхаарч, гүйлгээний үйл явцыг хялбарчлах, тэр дундаа банк хоорондын бөөний гүйлгээг хөнгөвчлөх боломжийг түлхүү судалж байна. Монгол Улсад крипто валют олборлох, үүнтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглоогүй боловч крипто валютыг зохицуулах албан ёсны хууль, эрх зүйн бичиг баримт байдаггүй. Бусад орны жишгээр иргэдийг сэрэмжлүүлэх үүднээс Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны зүгээс крипто валютын үнийн савлагаа, тогтворгүй байдал зэрэг эрсдэл мөн хохирсон тохиолдолд аливаа нөхөн төлбөр олгохгүй тухай мэдэгдэл гаргасан байдаг.

Харин цахим мөнгийг манай улсад Үндэсний төлбөр тооцооны тухай хууль болон Цахим мөнгөний журмаар зохицуулж байна.

Цахим мөнгөний шилжилтээрээ Азид тэргүүлэгчдийн нэг Япон, Солонгосын араас Хятад улс хүч түрэн орж ирж буй. Тодруулбал, олон улсын PwC судалгааны байгууллагын мэдээлснээр 2017 онд дэлхийд хийгдсэн нийт цахим гүйлгээний тал хувийг БНХАУ дангаараа бүрдүүлжээ. Тус улсад гуйлга гуйх хүмүүс хүртэл Alipay, Tenpay зэрэг төлбөрийн цахим хэрэгслийг ашиглах болсон нь цахим мөнгөний шилжилт, хэрэглээ ямар түвшинд хүрснийг харуулж байна. Өдгөө тус улс үндэсний цахим мөнгөө гаргана гэдгээ мэдэгдсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард энэ нь биеллээ олно гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм. Хятад улс цахим мөнгөний энэ төрлийг нэвтрүүлэхдээ хоёр шатлалтай системийн дагуу явах буюу дээд түвшинд Хятадын Ардын банк, дараагийн түвшинд арилжааны банкуудаар зохицуулагдах аж.

Цахим шилжилт нь төлбөр тооцооны үйл явцыг хялбарчлах, зардал хэмнэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдал буюу татвараас зайлсхийх, авлига, мөнгө угаах зэрэг хууль бус үйлдлүүдээс сэргийлэх давуу талтай. Харин хүртээмж талаас аваад үзвэл нийгмийг бүхэлд нь хамрах боломжгүй, кибер гэмт хэргийг гааруулах зэрэг сул тал цөөнгүй байгаа нь шийдвэрлэхэд бэршээлтэй асуудлуудыг тэргүүлж байна. Энэ тал дээр цахим шилжилт хийж буй орнууд одоогоор нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа ч хувьсах явцыг аажмаар мөн ухаалгаар хийх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолдог. Мэдээж энэ бүхэн алга эргүүлэх хооронд төгсөрчихгүй. Одоогоор энэ зүгт чиглэж буй БНХАУ болон Шведэд цахим шилжилтийн хүртээмжийг улам өргөжүүлэх үүднээс өндөр настнуудад орчин үеийн технологийг ашиглаж сурахад сайн дурын ажилтнуудыг дайчилж, мэдлэг олгох кампанит ажлуудыг зохион байгуулж, бэлэн мөнгө хүлээж авахаас татгалзсан байгууллагуудад торгууль ногдуулах зэргээр хариуцлага тооцож байна.

Mongolian Economy