КОВИД-19 цар тахал, ОХУ-Украины дайн зэрэг дараалсан том цочролуудын үр дагаварт худалдааны тээвэр, логистикийн зардал, шатахуун, хүнсний үнэ огцом өссөнөөр глобал эдийн засагт өндөр инфляц бий болж, Төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. АНУ, Англи, Европын холбооны Төв банкууд мөнгөний бодлогоо чангаруулснаар олон улсын зах зээлд санхүүгийн нөхцөл чангарч (санхүүгийн эх үүсвэр ховор, үнэтэй болж), дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй боллоо. Үүний зэрэгцээ БНХАУ “Тэг-КОВИД” бодлогоо үргэлжлүүлж, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн салбарт нь хүндрэл даамжирснаар эдийн засгийн өсөлтийн төлөв нь хүлээгдэж байснаас илүү хурдан саарах хандлагатай байна. Их гүрнүүдийн эдийн засагт гарч буй эдгээр өөрчлөлтийн үр дагаварт дэлхийн эдийн засагт дараагийн уналт бий болох уу, түүнийг дагаад эрдэс түүхий эдүүдийн үнэ унах уу гэдэг том асуулт гарч ирлээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудад стагфляц цаашид үргэлжлэхээр байгааг Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд онцлох боллоо.
Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн сүүдэр Монголын эдийн засагт ч тусаж буй. Тухайлбал, эдийн засагт өндөр инфляц, төлбөрийн тэнцлийн хүндрэл, түүнийг дагасан ханшийн сулралт, банкны салбарын эх үүсвэрийн хүндрэл тохиож байна. Инфляцад дэлхийн зээл дээрх шатахуун, хүнс зэрэг импортын барааны үнийн өсөлтөөс гадна дотоод зах зээл рүү оруулж ирэх нийлүүлэлтийн (тээвэр, логистикийн) доголдлын нөлөө багагүй байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2022 оны долдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 15.7 хувь гарсны 54.1 хувь буюу 8.5 нэгж хувийг импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаар бүрдүүлжээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал 2022 оны эхний найман сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, импортын шатахуун, хүнсний үнийн огцом өсөлт зэрэг нь гарах урсгал өсөхөд нөлөөлж байгаа бол орох урсгал талд нүүрсний экспортын урд хил, боомт дээрх гацаа үргэлжилж байгаа нь голлон нөлөөлж байна.
Түүнчлэн сүүлийн саруудад хилээр гарах нүүрсний тээвэрлэлт харьцангуй нэмэгдэж байгаа ч нүүрсээр төлөх нөхцөлтэй урьдчилан авсан орлогын болон төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын төлбөрүүд хийгдэж байгаа тул биетээр валютын орлого орж ирэхгүй, улмаар гадаад валютын нөөц огцом буурахад хүрэв.
Ийнхүү гадагшлах урсгалын дийлэнхийг гадаад валютын нөөц “нуруун дээрээ” үүрч байгаагаас санхүүгийн салбарын гадаад актив буурч, зээлжих боломжтой төгрөгийн чөлөөт эх үүсвэрийн хэмжээ багасаж, улмаар зээлийн нийлүүлэлт хумигдахад нөлөөллөө. Эдгээр цөөн жишээнээс эдийн засгийн энэ удаагийн хүндрэлд нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө багагүй байгааг анзаарч болно. Ялангуяа, сүүлийн үед тохиож буй глобал сөрөг шокууд нь манай эдийн засгийн нийлүүлэлтийн талд байгаа эмзэг, сул дорой байдлыг илүү тод илчилж байна. Цар тахлын үеийн төсвийн зардлын хавтгайруулсан хэт өндөр өсөлт, татаастай хүүтэй том дүнтэй зээлийн хөтөлбөрүүд нийт эрэлтийг дэмжээд байсан үед нийлүүлэлтийн эдгээр шокууд зэрэгцэн орж ирсэн нь инфляц, төлбөрийн тэнцэл дээрх сөрөг нөлөөг илүү ноцтой болоход хүргэлээ.
Эдийн засаг дахь нийлүүлэлтийн шалтгаантай асуудлууд нь ихэнхдээ бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулж буй бодлого, зохицуулалт болон хувийн секторын үйл хөдлөлөөс хамаардаг. Иймд эдгээр асуудлыг засах нь эдийн засгийн суурь бүтцийг өөрчлөх, өрхүүд болон бизнесүүдийн үйл хөдлөл, сонголтод нөлөөлөхийг шаардах тул бүтцийн бодлого гэж нэрлэдэг. Энгийнээр, эдийн засгийн нийлүүлэлт талд гацаа, саад үргэлжилж байгаа үед төсвийн тэлэлт, хувийн секторын зээлээр эрэлтийг хэчнээн дэмжээд ч өсөлт, ажлын байрыг бий болгохоос илүүтэй инфляц, импортын өсөлтөд л хүргэнэ. Эндээс бүтцийн бодлогын ач холбогдол тод харагдана.
Бүтцийн реформ нь зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, хүмүүс, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх институци, зохицуулалтын орчныг сайжруулах, эсвэл нөөцийг үр ашигтай хуваарилахад сөргөөр нөлөөлж буй саад тотгорыг багасгах замаар бүтээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн нийлүүлэлтийг өсгөж, өсөлтийг дэмжинэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдгээр реформ нь эдийн засгийн үйл ажиллагаа, зах зээл гацаа, саадгүйгээр үр ашигтай ажилласнаар потенциаль үйлдвэрлэл, өсөлтийг бүрэн дүүрэн хангахад туслах учиртай.
Монголын эдийн засагт бүтцийн бодлогын үүрэг, ач холбогдол хаягдаж ирлээ.
Эдийн засгийн асуудал, хүндрэл гарах бүрийд л цаад суурь шалтгаанаас үл хамааран “нохойд барьдаг мод” гэгчээр мөнгөний бодлого, Төв банкны балансаа урдаа барьдаг хэвшил тогтоод байна. Эдийн засгийн нийлүүлэлтийн талд үүсэж буй асуудлаас шалтгаалж үйлдвэрлэлийн орц, эцсийн бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, зардлын өсөлт бий болж, экспорт саатаж, улмаар үнийн өсөлт, ханшийн сулрах дарамт нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлийн өсөлт саарч байгаа үед эрэлтийн талд нөлөөлдөг бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Мэдээж үүсэж буй нөхцөл байдалд тохируулан төсөв, мөнгөний бодлогын тохиргоо хийх нь зайлшгүй боловч, “архаг суурь” асуудлыг бүрэн шийдэхгүйн дээр түр зуур “өвчин”-ийг намдаах хэдий ч илүү өндөр зардлыг араасаа дагуулах эрсдэлтэй. Тухайлбал, нийлүүлэлтийн шалтгаанаар инфляц өсөж, үйлдвэрлэлийн өсөлт саарч буй үед инфляцаа бодвол төсөв, мөнгөний бодлогын аль аль нь чангарах, харин өсөлт, ажил эрхлэлтээ бодвол эсрэгээрээ сулрах ёстой болно. Инфляцаа илүүд тавиад бодлогоо чангаруулах нь өсөлтөө илүү бууруулах бол, өсөлтөө илүүд тавиад бодлогоо сулруулах нь инфляцаа улам хөөрөгдөхөд хүрнэ. Эсвэл мөнгөний бодлого нь инфляцаа онилно гээд чангарах, харин төсвийн бодлого нь өсөлт, ажлын байраа дэмжинэ гээд сулрах тохиолдолд эцэстээ эдгээр бодлого нь аль алиныхаа нөлөөг сулруулаад үр дүнгүй буюу өндөр инфляц, нам өсөлт (стагфляц)-тай орчин улам даамжирна.
Ер нь бол эхлээд инфляцыг бууруулан тогтворжуулж, дараа нь өсөлт, ажлын байрыг дэмжих нь илүү үр дүнтэй болохыг дэлхийн эдийн засгийн түүхэн сургамж нотолдог тул бодлогын зөвлөмж үүн дээр санал нэгддэг. Иймд мөнгөний бодлого чангарч буй өнөө үед төсвийн бодлогоо ч чангалах нь үр дүнтэй бодлогын хослол байх бөгөөд нийлүүлэлтийн талын саад, тотгорыг арилгах нь түүнээс дутахгүй чухал болж байна. Өөрөөр хэлбэл, бүтцийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, нийлүүлэлтийн саад тодгорыг арилгах нь “архаг хууч өвчин”-өөсөө салах гол шийдэл юм. Мэдээж төсвийн зардлын бүтэц нь бүтцийн бодлого, реформоо дэмжихэд чиглэх ёстой.
Сүүлийн жилүүдэд төсвийн бодлого “тормос гишгэх”, илүү зорилтот, бүтцийн бодлогыг хэрэгжүүлэх талдаа хойрго, харин эдийн засгийн уналтыг үеийг “далимдуулж” хавтгайруулсан, үр ашгийн эрэмбэлэлт багатай зардлын өсөлтийг “урамтай хийдэг” байдал ажиглагдаж ирлээ.
Глобал санхүүгийн болон өрийн хямралууд, одоо бий болж буй эдийн засгийн хүндрэл нь сайн бүтцийн бодлогууд зайлшгүй чухал болохыг илүү тод сануулж байна. Түүнчлэн глобал эдийн засгийн өсөлт саарч, төсөв, мөнгөний бодлого “хязгаартаа тулах” (сүүлийн хоёр глобал хямралын үед улс орнууд бодлогын нэрлэсэн хүүгээ байж болох доод цэгтээ хүргэж, Төв банкууд урьд өмнө байгаагүй их хэмжээгээр “мөнгө хэвлэж”, улсын өрийн дээд хязгаараа өсгөн байж төсвийн зардлаа өсгөсөн)-ын хэрээр бүтцийн шинэчлэлийн ач холбогдол дахин сэргээд байна. Макро эдийн засгийн тогтворжуулах бодлогын одоогийн онол, загварчлал (тогтворжуулах чиг үүргийн гол ачааг мөнгөний бодлогод үүрүүлдэг) хуучирч, цар тахлын дараах нөхцөл байдалд нийцгүй болж байгаа тул үүнийг нэн яаралтай өөрчлөн шинэчлэх шаардлагатай талаар Коринэк болон Стиглиц (2022)¹ нарын тэргүүлэх эдийн засагчид ярьж эхэллээ. Тэр дундаа, мөнгөний бодлого нь энэ удаагийн дэлхий нийтээрх өндөр инфляцыг өдөөж буй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, хөдөлмөрийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол болон эрчим хүчний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсэд шууд нөлөө үзүүлж чадахгүй, харин эдгээр асуудлыг бүтцийн бодлогын хүрээнд төсвийн арга хэмжээгээр шийдвэрлэх боломжтойг онцолж байна.
Иймд макро эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого (төсвийн зардлын бүтэц) илүү чухал үүрэг гүйцэтгэж, мөнгөний бодлогод нэмэлтээр дэмжлэг үзүүлэх ёстой болж байгаа тул энэ чиглэлд макро эдийн засгийн онол, загварчлалыг шинээр хөгжүүлэхийг санал болгосон. Түүнчлэн бүтцийн реформыг дэмжсэн төсвийн бодлого нь зах зээл, эдийн засаг үр ашиггүй байх, бүрэн потенциаль түвшиндээ хүрэхгүй байхад нөлөөлж буй асуудлуудыг шийдвэрлэж чадах бөгөөд эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн аль алинд нь зорилтот хэлбэрээр эерэгээр нөлөөлөх боломжтой юм. Энэ утгаараа цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд төсвийн оновчтой бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ. Гадаад, дотоод эдийн засгийн өнөөгийн орчинд нийлүүлэлтийн сүлжээний саад тотгорыг арилгах, эрчим хүч, хүнсний хангамжийн бие даасан байдлыг хангах, бүтээмжийг өсгөх, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн санхүүгийн, институцийн болон бодлого, зохицуулалтын реформ зайлшгүй шаардлагатай болж байна.
Монгол Улсад эн тэргүүнд ямар бүтцийн реформуудыг хийх шаардлагатай байгааг Дэлхийн банк (2020)²-наас гаргаж, 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт хүргүүлжээ.
Зөвхөн энэ удаа ч биш, УИХ-ын сонгууль бүрийн дараа ямар бодлого, реформ хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх зөвлөмжөө Дэлхийн банкнаас гаргаж шинэ Засгийн газарт хүргүүлдэг. Тэд энэ удаа дараах реформуудыг илүүтэй онцолжээ:
– Төлбөрийн тэнцлийн хямралаас сэргийлэхийн тулд валютын ханшийг илүү уян хатан байлгах; баялагийн сан байгуулж, тогтворжуулах сантай хослуулан үр дүнтэй ашиглах; дунд хугацааны өрийн удирдлагын стратегийг сайжруулах, одоогоор байгуулсан худалдааны гэрээ, хамтын ажиллагааг (Япон, АНУ, Хятад, Орос) сайтар ашиглах
– Төрийн санхүүгийн реформын хүрээнд байгалийн баялгийн өгөөжийг институци, хүний хөгжилд чиглүүлэх тогтолцоо, меххнизм хөгжүүлэх; итгэл төрүүлэхүйц төсвийн дунд хугацааны төлөвлөлттэй болж, үр дүнтэй хэрэгжүүлэх; улсын хөрөнгө оруулалтын удирдлага, засаглалын тогтолцоонд реформ хийх; хөрөнгө оруулалтуудыг ач холбогдол, цаг хугацаагаар нь оновчтой эрэмбэлэх; уул уурхайн салбар дахь төрийн оролцооны бодлогыг эргэн харах; Төсвийн зөвлөлийн бие даасан байдлыг хангах.
– Банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд өөрийн хөрөнгийг үр дүнтэй нэмэгдүүлэх, банкуудын компанийн засаглал, удирдлагыг бэхжүүлэх; банкны хянан шалгагч нарын эрх зүйн хамгаалалтыг сайжруулах; банкуудын “бизнесийн загварын” тогтвортой байдлыг үнэлэх, тогтвортой бизнесийн загваргүй банкуудыг нэгтгэх эсвэл хаах
– Хувийн хэвшлийн бүтээмжийг өсгөж, бэхжүүлэх реформын хүрээнд үнийн хяналт тогтоох оролдлогыг зогсоох; гааль, хил, боомт нэвтрэлттэй холбоотой зардал, цаг хугацааг бууруулах замаар хил дамнасан худалдааг хөнгөвчлөх; эрчим хүч, тээвэр, логистикийн дэд бүтцэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх; хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж, нийлүүлэлт (ажиллах хүчний эрүүл мэнд, боловсрол, мэргэшил)-ийг сайжруулах; нэмүү өртгийн сүлжээг бий болгоход холбогдох дэд бүтцийг эрэмбэлэн хөгжүүлэх; хөрөнгө оруулалтын шинэ бодлого баримталж, хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход чиглэсэн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх; бизнес эхлүүлэх үйл явцыг хөнгөвчлөх; Дампуурлын тухай хуулийг батлах; хөрөнгө оруулагчдад ээлтэй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хэлэлцүүлгийн үр дүнтэй платформыг бий болгон бэхжүүлэх.
– Илүү хариуцлагатай, үр дүнтэй төрийн байгууллагуудыг бий болгох реформын хүрээнд эрх мэдлийн хуваарилалт харилцан тэнцвэртэй байдлыг хангах (улс төрийн нөлөөг хязгаарлах); төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн компанийн засаглалыг бэхжүүлэх; институцийн болон хууль эрхзүйн зохицуулалтуудын уялдаа холбоог сайжруулах; олон улсын стандартуудаар дамжуулан төрийн байгууллагуудын шударга байдлыг дээшлүүлэх; төрийн худалдан авах ажиллагааг сайжруулах; хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэлийг бий болгох.
Эдгээр бүтцийн реформ зайлшгүй чухал бөгөөд эерэг үр нөлөө нь цаг хугацааны туршид гардаг. Харин богино хугацаандаа зарим “сөрөг” нөлөө байх боломжтой тул зарим эрх ашгийг хамгаалсан лобби бүлэг, улс төрчдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, санаачилга, хэрэгжилт тал дээр улс төрийн манлайлал, зориг дутах тал бас гардаг. Жишээ нь, валютын ханшийн хувьд “хөвөх айдас” ноёлсоор; төсвийн төлөвлөлт тал дээр орлогоо “хоосон хий”-гээр дүүргэж, зардлаа сонгогчдод “таалагдах” гэж хавтгайруулж, тэлсээр; зарим үнэд хяналт тогтоох оролдлого нь нийлүүлэлтийг тасалдуулж, цаашлаад салбар (шатахуун, цахилгаан эрчим хүч гэх мэт)-ыг хямралд хөтлөх эрсдэл хуримтлуулсаар; тээвэр, логистикийн салбарын сул тал улам бүр ил гарсаар; бараг бүх салбарт улс төрийн нөлөө нэмэгдэж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүү муудаж, өр төлбөр нэмэгдсээр байгаа байдал сүүлийн жилүүдэд хуримтлагдаж ирлээ.
Бид эдгээр чухал реформуудыг шуурхай авч хэрэгжүүлж чадах уу гэдэг нь дараагийн чухал асуулт юм.
Нэг зонхилох итгэл үнэмшил бол “эдийн засгийн, эсвэл санхүүгийн хямрал нь томоохон реформуудыг араасаа дагуулдаг” гэж үзэх явдал юм. Учир нь хямралын үед нэн даруй засч залруулах шаардлагатай бүтцийн асуудлууд олноороо ил болж, олон нийт реформын алсын үр дүнг ойлгож, богино хугацааны зовлон зүдгүүрийг даван туулахад бэлэн байдаг тул эрх баригчдын “улс төрийн зардал” буурдаг. Нэг ёсондоо хямралын үед бүтцийн реформууд нь улс төрийн дэмжлэг авах магадлал өсдөг ажээ. Хэрвээ үүнд шууд итгэвэл одоогийн эдийн засгийн хүндрэл, хямрал нь дээрх реформууд шуурхай хэрэгжихэд тусалж мэдэх юм. Гэхдээ “хямрал бас боломжийг дагуулдаг” гэсэн энэ итгэл үнэмшлийг тоон шинжилгээгээр баталгаажуулсан эмпирик үр дүн хараахан алга.
Санхүүгийн хямрал нь бүтцийн реформын гол урьдач шалтгаан болдог эсэхийг 70 хөгжингүй болон хөгжиж буй орнуудад 1800-2010 оны хооронд тохиолдсон хямралуудын тоон өгөгдөл ашиглан эмпирик түвшинд Гокмэн нар (2021)³ анхлан судалсан. Тэд хямрал нь бүтцийн реформын хэрэгжилтийн урьдач нөхцөл, шалтгаан болдог гэсэн таамаглал түүврийн хувьд нотлогдохгүй байгааг харуулсны дээр улс төрийн институцийн орчноос хамаарч хямралын дараа реформ, либералчлал (зах зээлийг төрийн оролцооноос чөлөөлөх)-д ухралт гарах боломжтойг онцолжээ. Тухайлбал, ардчилсан орнуудад санхүүгийн хямрал тохиолдох нь реформ (либералчлах арга хэмжээ)-д онцын нөлөөгүй, гэхдээ хямрал нь улс төрийн тогтворгүй байдал болон ОУВС-гийн хөтөлбөрт орох магадлалыг өсгөдөг бөгөөд энэхүү гадаад, дотоод дарамт нь эдийн засгийг “бүрэн зогсолт хий, тэгээд хөдөл” стратегид хүргэдэг болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл, нэг талд нь ОУВС-гийн реформ хийх шахалт байдаг хэдий ч, нөгөө талд нь дотоод улс төрийн дарамт нэмэгддэг тул Засгийн газар дорвитой реформ, либералчлал хийж чадалгүй хойшлуулдаг байна. Энэ нь эдийн засгийг эмзэг хэвээр үлдээж, дараагийн хүндрэл, уналтад амархан өртөх суурь нөхцөл болдог ажээ.
Харин хямрал тохиолдсоны дараа автократ засаглал (үнэмлэхүй эрх мэдэл бүхий нэг хүний засаглалын тогтолцоо)-тай орнуудын хувьд эдийн засгийн олон салбарт либералчлал, реформын тал дээр ухралт гарч, Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан нэмэгдэж, олон нийтийн дунд чөлөөт зах зээлийг дэмжих хандлага буурч, улс төрийн дэглэмийг өөрчлөх магадлал өсдөг байна. Автократ Засгийн газрын хувьд ОУВС-гийн хөтөлбөр, тусламж хүсэх магадлал бага байдаг бөгөөд энэ нь зах зээлд чиглэсэн лебералчлалын реформ хийх гадны дарамтыг бууруулдаг. Иймд автократ эрх баригчид санхүүгийн хямралын дараа эдгээр үүсэж болзошгүй нөхцөл байдлыг дарах, хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор реформуудаас ухарч, эдийн засгийг илүү хаалттай, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэмэх хандлагатай байдаг ажээ.
Эдгээр баримт, ажиглалтаас дүгнэхэд ардчилсан засаглалтай Монгол Улсын хувьд энэ удаагийн эдийн засгийн хүндрэлээс сургамж авч, бүтцийн реформуудаа шуурхай хэрэгжүүлж чадалгүй хойшлуулахад хүргэж болзошгүй гол эрсдэлт хүчин зүйл нь улс төрийн ашиг сонирхол байхаар байна.
“Хүслийн жагсаалт” бүхий олон цаас батлахаас илүүтэй бодлогын тохиргоог шуурхай хийж, эдийн засаг, санхүүгийн хүндрэл нь хямрал болтлоо даамжрахаас сэргийлж, заавал ОУВС-гийн хөтөлбөрт орохгүйгээр бүтцийн реформуудаа бодитоор хийж хэрэгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдал, үндэсний эрх ашигт чухал нөлөө үзүүлнэ. Иймд бодлого боловсруулагчид улс төрийг эн тэргүүнд тавьж, зайлшгүй шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хойш тавих бус, харин бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх, түүнд шаардлагатай төсвийн бодлогыг зорилтот хэлбэрээр хэрэгжүүлэх нь чухал байна.
Эдийн засгийн төлөв цаашид хэрхэх нь төсвийн оновчтой бодлого, бүтцийн реформыг хэр шуурхай хэрэгжүүлж чадах эсэхээс ихээхэн хамаарна.
Эдийн засагч Д.Ган-Очир
¹ Korinek, A and Stiglitz, J 2022, “Macroeconomic Stabilization for a Post-Pandemic World: Revisiting the Fiscal-Monetary Policy Mix and Correcting Macroeconomic Externalities”,
Hutchins Center Working Paper #78, Hutchins Center on Fiscal & Monetary Policy at Brookings.
² World Bank Group 2020, “Policy Note for Mongolia: Institutional and Structural Reforms for a Stronger and More Inclusive Recovery”,
International Bank for Reconstruction and Development / The World Bank, Washington, DC.
³ Gokmen, G, Nannicini, T, Onorato, M and Papageorgiou, C 2021, “Policies in Hard Times: Assessing the Impact of Financial Crisis on Structural Reforms”,
The Economic Journal, vol. 131, pp. 2559-2552.