Цар тахлаас хүн төрөлхтөн ямар сургамж авав

Mongolian Economy
2020-12-15 11:03:08
Ангилал: Дэлхий дахинд

Энэ цар тахалтай тэмцэх нь нэг ч улс, нэг ч Засгийн газрын хувьд амар хялбар байсангүй. Нэг нь ч төгс төгөлдөр ажиллаж чадсангүй. Гэвчиг 2020 оныг эргэн харахад зарим улс вирустэй бусдаасаа хавьгүй сайн тэмцсэн бөгөөд тэднээс суралцах зүйл бүх улсын Засгийн газарт байгаа гэдэгтэй маргах аргагүй юм. Хамгийн чухал нь бид улам сайн хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Энэ бол зөвхөн нэг улс ялагчаар тодрох уралдаан биш төдийгүй вирустэй ганцаараа тулалдаад ялах тухай ойлголтын аль нь ч биш.

Их Британийн Хөдөлмөрийн намын дарга Сэр Кейр Стармер

Энэ жил бид бүхний хувьд онцгой жил байлаа. Британид би цар тахал ид эрчээ авч байх үед сөрөг хүчний удирдагчаар сонгогдов. Эл вирусийг асар түргэн тархахад нь бид дасан зохицож, хэрхэхийг нь ажиглахаас өөр аргагүй байлаа. Мөн бусдаасаа илүү үр дүнтэй хариу үйлдэл хийх боломжийг зарим улсад олгосон шинж чанаруудыг олж мэдэх, түүнээс нь суралцах шаардлагатай болов.

Эхнийх нь манлайлал юм. Дэлхий даяар олон нийтийн итгэл, үнэмшил, зан төлвөө өөрчлөхөд бэлэн байх зэрэг нь бүгд сайн манлайллаас эхтэй билээ. Хямралын үед ард түмэн удирдагчдаасаа тайтгарал, зааварчилгаа авахыг хүсдэг. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн илэн далангүй, тодорхой, энэрэлээр ард түмнээ манлайлж, шинэ шинэлэг арга барилаар холбоо харилцаа үүсгэж байв. Ингэхдээ тэрбээр нэгдмэл байдал, нэг ижил зорилгыг бий болгосон бөгөөд энэ бүхэн нь цар тахлын дараах дэлхийтэй хамгийн сайн дасан зохицох улсуудын гол шинж чанар байх болно.

Үүнтэй ижилээр Ковид-19 цар тахал нь шүүмжлэлээс бултах, нийгмийг хагалан бутаргах, эрүүл мэндийн салбарын ач холбогдлыг дутуу үнэлэх зэргээр манлайллын тааруу жишээг тод томруунаар илрүүлэн гаргаж ирэв. Америкт ард иргэдийн гуравны нэг нь эх орноо цар тахлын өмнөх үеэсээ ч илүү хуваагдмал болсон гэж үзэж байгаа юм. Британид харин Борис Жонсон хөл хорионы дэглэм зөрчсөн ахлах зөвлөхөө ажлаас нь халж чадаагүй нь түүний засгийн газарт итгэх олон нийтийн итгэлийг эрс бууруулсан. Өдгөө энэ хэмжээ хөгжингүй 14 улсын дунд хамгийн мууд орж байна.

Өмнөх хямралуудыг авч үзсэн судалгаанаас харахад эх орныхоо төлөө хүмүүс золиос гаргахад бэлэн байдаг боловч үүнд манлайлал нэн чухал аж. Данийн Ерөнхий сайдын хүүхдүүдэд зориулсан хэвлэлийн бага хурал, эсвэл БНСУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг төлөвлөгөөнийхөө үе шат бүрийг хариуцах хүмүүсийг нэрлэсэн зэрэг жишээнээс харахад манлайлал нь бодитой, эргээд хариуцлага хүлээхэд бэлэн байх ёстой аж.

Хурд мөн чухал. Алгуурлах нь цар тахлыг улам өдөөнө. Тэрхүү алгуурлал, эс үйлдэхүйн хамгийн ойлгомжтой, аюултай үр нөлөө нь хүний амь нас юм. Нийт найман улсад хөл хориог нэг долоо хоногоор хойшлуулж эхлүүлсэн бол хагас сая хүний амь нас хохирох байсныг саяхны судалгаа харуулсан. Маш олон улс вирустэй тэмцэхийн тулд хэтэрхий удсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна. Британийн Засгийн газар хөл хорио тогтоохдоо удаан байсан төдийгүй асрамжийн газрын ахмад настнуудыг хамгаалахдаа, шинжилгээ хийх систем бий болгохдоо ч удаан байсан юм. Харин нас баралтын тоо бага улсуудыг харахад маш хурдан хөл хорио тогтоож, шинжилгээг шуурхай зохион байгуулж, цар тахлын тархалтыг олж илрүүлэхийн тулд технологи ашигласан зэрэг ижилхэн хэв шинж харагдаж байна.

Эцсийн нэг онцлох зүйл бол бэлтгэлжилт. Хүн төрөлхтний түүхийг сөхвөл хамгийн олон хүний амь насыг авч одсон зүйл нь халдварт өвчин байв. Ковид-19 бол энэ зууны анхны цар тахал огтоос биш. Анхааруулах дохиог SARS, MERS, H1N1 цар тахал өгч байсан. Бэлтгэл бол тавиур дээрээ төлөвлөгөө байлгахаас ч илүү зүйл юм. Сингапур улс цар тахлын эсрэг Британийн төлөвлөгөө хуулбарласан боловч тус улсын анагаахын салбарын нэгэн албан тушаалтны хэлснээр “түүнийг нь хэрэгжүүлсэн” билээ.

Бэлтгэлжилт гэж тухайн улсын төрийн алба хямралыг давж туулах тэсвэр, хүчин чадалтай байхыг хэлж байна. Засгийн газруудад бодлогоо хэрэгжүүлэх хөшүүргийг төрийн албаны нөхцөл байдал тодорхойлж өгч байв. Тухайлбал, Герман улс Британитай харьцуулахад нэг хүнд ногдох сувилагчийн тоогоор хоёр дахин их нөхцөл байдалтайгаар цар тахалтай нүүр тулсан. Хангалтгүй хөрөнгө оруулалт, засгийн газрын буруу менежментийн улмаас эмзэг болсон манай нийгмийн зарим сул талыг Ковид-19 ийн ил гаргаж ирэв.

Цар тахлын эсрэг хэрхэн тэмцсэнээс үл шалтгаалж бүх улс оронд очих нэг сургамж бол олон улсын хэмжээнд илүү сайн хамтран ажиллах эрэлт хэрэгцээ юм. Британичууд бид вакцин хөгжүүлэлтээр олон улс орныг тэргүүлэн ажиллаж чадсанаараа бахархах хэрэгтэй. Гэхдээ вакциныг аль улс бүтээсэн нь чухал биш. Вакциныг дэлхий даяар түгээхэд анхаарлаа хандуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уриалж буй нь зүйтэй юм. Вакциныг түгээхгүйгээр нэг улс аюулгүй байж болох ч вирус дарагдаагүй хэвээр, дэлхийн эдийн засаг хүндрэлээс гарч чадахгүй.

Бидний мэдэх эрүүл мэндийн хамгийн том хямралын үеэр Их 20-ийн удирдагчид гуравдугаар сард ганцхан удаа шуурхай хуралдсан бол Их 7-ийн дээд хэмжээний уулзалтыг ганцхан цагийн видео хурлаар хязгаарласан нь итгэмээргүй. Дэлхийн удирдагчид бидний нэгэн адил алсын зайнаас хуралдах бүрэн боломжтой. 2008 оны санхүүгийн хямралын үеэр зохицуулалтын нөлөө ямар чухал байсныг авч үзвэл удирдагчид өдгөө тэгж чадахгүй байгааг манлайллын бүтэлгүйтэл гэж үзэж болох талтай. 2021 онд улс орны тэргүүнүүд ширээний ард сууж, манлайлал, хурд, бэлтгэлжилтийн үлгэр жишээг харуулан эрүүл мэнд болон эдийн засгийн салбарыг сэргээхийн тулд зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатай. Бид энэ цар тахлыг ялж, илүү сайхан ирээдүйг бүтээх ёстой, гэхдээ үүнийг бид зөвхөн хамтдаа хийж чадна.

 

Английн “The Economist” сэтгүүлийн “Дэлхий 2021” тусгай дугаараас

 

 

 

Mongolian Economy