Цар тахлын үеэр Америкт өнгөрүүлж буй өдрүүд

Mongolian Economy
2020-06-03 12:36:37
Ангилал: Коронавирус

Зургаадугаар сарын эхний байдлаар АНУ-д коронавирусийн 1.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 105 мянга орчим хүн нас барж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд нэгт жагсаж байна. Тэгвэл өдийг хүртэл АНУ цар тахлын эсрэг ямар арга хэмжээ авав, коронавирус эдийн засаг болоод ард иргэдийн амьдралд нь хэрхэн нөлөөлж буй талаар тус улсад ажиллаж буй Б.Бүжинлхам доорх нийтлэлийг “Монголиан экономи” сэтгүүлд зориулан ирүүлсэн юм.

Коронавирусийн нөхцөл байдал Америкт

Коронавирусийн халдварын анхны тохиолдол Америкт энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэн бөгөөд хилийн хоригийг анхлан нэгдүгээр сарын сүүлчээр Хятадаас ирж буй болон дайран өнгөрч буй бүх гадаадын иргэнд тавьж эхэлсэн. Хоёрдугаар сарын сүүлчээр Америкт анхны нас барсан тохиолдол бүртгэгдэж, Засгийн газраас нь иргэдээ гадаад руу тэр тусмаа Итали, Өмнөд Солонгос руу зорчихгүй байхыг анхааруулж байв. Энэ үеэр зарим нэг мужид маск зүүсэн Ази хүмүүсийг гадуурхах явдал бага сага гарч байсан болно. Мөн АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төвөөс дөрөвдүгээр сарыг хүртэл жирийн амны маск нь коронавирусийн эсрэг хамгаалалт болж чадахгүй хэмээж байсан.

Харин гуравдугаар сарын дундуур ДЭМБ-аас онц байдал зарласан бөгөөд энэ үеэс эхлэн АНУ-ын Засгийн газар коронавирусийн эсрэг тууштай арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, Европоос (Их Британиас бусад) ирэх хүмүүст 30 өдрийн хилийн хориг тавьж, иргэдийг гэртээ байх, нийтийн тээврээр явахаас зайлсхийх, гэрээсээ ажиллах, гадуур явахдаа хоёр метрийн зай барих, нэг дор 50-иас олон хүн цуглахгүй байхыг уриалсан. Муж бүр харилцан адилгүй хориг тавьж эхэлсэн бөгөөд ихэнх газруудад сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хорио тогтоосон. АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төвөөс хол хориог зөрчих нь гэмт хэрэг хэмээн зарлаж, зарим мужид шаардлагагүй тохиолдлоор гэрээсээ хол явж буй хүмүүсийг торгож эхэлсэн. Жишээлбэл, Калифорни мужийн Санта Круз хотод хүмүүст мянга хүртэлх долларын торгууль ногдуулж байв. Гуравдугаар сарын сүүлчээр Америкт халдварын 90 мянга шахам тохиолдол, 1000 гаруй нас баралт бүртгэгдсэнээр дэлхийд тэргүүлж эхэлсэн. Хэдийгээр маш олон тохиолдол бүртгэгдэж байсан ч тест хийх багаж дутагдалтай байснаас өвчний шинж тэмдэг илэрсэн ч зөвхөн өвчтэй гэж бүртгэгдсэн хүнтэй харилцсан, эсвэл тахал тархсан орноос ирсэн хүмүүсээс л шинжилгээ авч байв.

Хэдийгээр улс даяараа арга хэмжээ авч тахлын эсрэг тэмцэж байгаа ч коронавирусийг санаатайгаар тараах оролдлого хийх хүмүүс ч мэр сэр байх аж.

Жишээ нь, дэлгүүрийн лангуун дээрх бараан дээр зориуд ханиалгах, долоох, өвчтэй гэдгээ мэдмэгцээ зориуд олон хөлийн газраар явах гэх мэт үйлдэл гарч байсан ба Хууль зүйн яамнаас үүнийг терроризм гэж үзэн баривчлана гэж сануулснаар намжсан юм. Мөн Мичиган, Миннесота, Охайо зэрэг мужид дөрөвдүгээр сарын дундаас хөл хорионоос болж ажлаа алдсан эсвэл Засгийн газрыг хэтэрхий сүржигнэсэн арга хэмжээ авч байна гэж үзсэн хүмүүс бослого гаргаж эхэлсэн. АНУ-ын ерөнхийлөгч ч үүнийг хөхиүлэн дэмжиж, “Мичиганыг чөлөөл”, “Миннесотаг чөлөөл” хэмээн твиттертээ жиргэснээрээ хөл хорио тогтоох өөрийн шийдвэрээсээ эсрэг зүйл хийж байна хэмээн мөн олны шүүмжлэлийг хүртээд байсан билээ.  Дөрөвдүгээр сараас эхлэн Нью-йорк тэргүүтэй зарим мужид шинээр бүртгэгдэх тохиолдол буурч эхэлсэн бөгөөд тавдугаар сараас зарим муж хөл хориогоо сулруулж, эдийн засгаа шат дараатайгаар нээж эхэлсэн.

Ерөнхийдөө Америкт хамгаалах арга хэмжээг хожуу авч эхэлсэн боловч ихэнх газар гуравдугаар сараас маш эрчимтэйгээр хөл хорио тавих, нэн шаардлагатай бус үйлчилгээний газруудыг хаах зэрэг олон арга хэмжээ авч эхэлсэн. Гэсэн ч оношлох багаж төхөөрөмж маш их дутагдалтай байснаас өвчтэй хүмүүсийг оношлох үйл явц удааширч, анх тооцоолж байснаас харьцангуй удаан хугацаанд үр дүн гарч байна.

Миний хувьд нөхөр, охинтойгоо Массачусетс мужийн Бостон хотод ажиллаж, амьдардаг бөгөөд гуравдугаар сарын сүүлээс хөл хорионд орж, цэцэрлэг хаагдсанаар гэрээсээ ажиллах горимд шилжсэн. Массачусетс мужид одоогоор 97,000 тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-даа нэлээн өндөрт тооцогдоно. Ажлын газраас минь нэлээд уян хатан цагаар ажиллах байдлаар хангаж, гэрээсээ хэрхэн үр дүнтэй ажиллах, өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэргээр олон талаас дэмжиж байгаа.

Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Энэхүү цар тахлаас болж, дэлхийн хамгийн том эдийн засаг урьд байгаагүйгээр уналтанд орж байна. Нийт 30 сая хүн ажилгүй болж, сая сая жижиг, дунд бизнес тэсч үлдэхийн тулд буцалтгүй тусламжийн зээл авахаар хүсэлт гаргаад байгаа билээ. Мөн Америкийн хоёрдугаар улирлын ДНБ 38 хувиар буурна гэж “Морган Стэнли” тооцоолсон байна. Ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр сард урьд өмнө байгаагүй хэмжээнд буюу 14.7 хувьд хүрсэн нь өмнөх сарын 4.4 хувиас 10.3 хувь өссөн байна.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид гэлтгүй томоохон компаниудад ч хөл хорио маш хүнд тусч байгаа бөгөөд зарим том компани хаалгаа барьж, дампуурлаа зарлахад хүрээд байгаа юм. Жишээлбэл, өнгөрсөн тавдугаар сард J-Crew, Neimen Marcus зэрэг хувцасны брэнд, Америкийн хоёр дахь том машин түрээсийн компани болох Hertz, JCPenny их дэлгүүр дампуурлаа зарласан. Үүнээс гадна томоохон компаниуд ажилчдаа цомхотгохоо зарлаад байгаагаас Chevron, Boeing, IBM, Uber, Airbnb, Virgin Atlantic зэрэг компанийг дурдаж болно.

Зарим шинжээчдийн (UBS Global Wealth Management-ийн хөрөнгө оруулалтын ажилтан Марк Хаефэл) үзэж буйгаар вакцины клиник туршилт амжилттай болж, хөл хориог зогсоож чадвал, Төв банк болоод эдийн засгийн бодлогын хүчээр 2021 оны эцэс гэхэд эдийн засгийг урьдын хэмжээндээ очно хэмээн тооцоолж байгаа ч хэрэглэгчдийн сэтгэлзүй өөрчлөгдсөнөөр энэ бүхэн илүү удааширна гэж үзсэн хэсэг ч байх аж. Ялангуяа аялал жуулчлал, агаарын тээвэр, зочид буудлын салбар эдийн засаг нээгдсэн ч тийм хурдан сэргэж чадахгүй болов уу гэсэн хүлээлттэй байна.

Хэдийгээр Америк дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн хөгжингүй орны нэг гэгдэж буй ч цар тахал нүүрлэхэд маш олон иргэн нь ажилгүй болон хохирч, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээ ч авч чадахгүй байгаа зэрэг нь өнөөдөр бидний эдийн засгийн өндөр дэвшил болоод хөгжлийн тухай ойлголт маань дутагдалтай байгааг харуулж байгаа мэт. Бид өнөөдөр хөгжлийг тооцохдоо эдийн засгийн өсөлт, хувьцааны үнийн өсөлтөнд маш их ач холбогдол өгдөг. Энэ нь ч олон компаниудад байнга үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байх маш их дарамтыг учруулдаг. Санхүүгийн луйвар хэрэглэсэн компаниуд ихэвчлэн хувьцааны үнээ унахаас сэргийлж, хөрөнгө оруулагчдаасаа өрөө нууж, орлогоо их харагдуулахын тулд луйвар үйлдсэн байдаг. Өсөлтөнд асар их ач холбогдол өгдөг учир цар тахлын үеэр ч маш олон компани ажилчдаа цомхотгож, эргээд энэ нь эдийн засаг, нийгэм болон хувь хүний түвшинд тайван бус байдал үүсгэж байна гэж хэлж болох биз ээ.

Ямартай ч энэхүү цар тахал нь бидний сэтгэлгээнд өөрчлөлт авчирч, эдийн засгийн өсөлт, хөгжлийн тодорхойлолтыг дахин нэг эргэн харах боломжийг олгосон түүхэн үйл явдал болж үлдэх болов уу.

Гадаадад гацсан монголчууд ба Монголын Улсын Засгийн Газар

Америкт сурахаар болон ажиллахаар ирсэн 30 мянга гаруй монголчууд байдаг. Мөн эх орондоо харих хүсэлтээ илэрхийлсэн нийт 11 мянган монгол хүн гадаадад байгаагаас мянга гаруй нь АНУ-д байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Эргэн тойронд минь буй монголчуудаас ажлаа алдсан хүмүүс их байгаа. Мөн Америкт коронавирусийн халдвар авсан 30-аад монгол хүн байгаа гэсэн албан бус тоо бий. Их сургуулиуд кампусаа хааснаар олон оюутан орох газаргүй болж мөн харьж чадахгүйгээс зарим нь визний хугацаагаа хэтрүүлэн харласан байдалтай байна.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар иргэдээ хамгаалах үүднээс хилээ хааж, өдий болтол дотооддоо халдварласан тохиолдол гараагүй нь сайшаалтай ч гадаад дахь иргэддээ анхаарлаа хандуулахгүй байгаа нь урдаа байгаа асуудлыг харахгүй гээд нүдээ аниад, чихээ бөглөөд суугаад байгаатай ижил харагдаж байна. Мэдээж манай оронд хангалттай тусгаарлах байр сав, нөөц байхгүйг ойлгож, мөн эмч, сувилагчид болон эрүүл мэндийн ажилтнууд маань ар гэрээ умартан маш сайн ажиллаж иргэдээ хамгаалж байгаад маш их талархаж байгаа.

Гэхдээ Засгийн газрын тодорхойгүй байдал, хэзээ ямар арга хэмжээ авах нь ойлгомжгүй байгаа нь хамгийн их дарамт, түгшүүр үүсгээд байгаа мэт харагдаж байна.

Учир нь Монголоос бусад улсад бүх зүйлийг эртнээс төлөвлөж бэлддэг. Тиймээс хэзээ хүртэл гадаадад гацахаа, хэзээ онгоцонд багтаж харих боломжтой зэргээ мэдчихвэл энэ нь өөрөө маш их тус болж, гацсан иргэд маань ч хаана, яаж байхаа төлөвлөх боломжтой болох юм. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн вакцин гартал хилээ нээхгүй гэж мэдэгдсэн нь энэ тодорхойгүй байдлыг улам дэвэргэх шиг болсон. Тиймээс тодорхой судалгаа хийгээд, түүнийгээ ард олонтойгоо хуваалцаж, шат дараалалтай төлөвлөгөө боловсруулна уу гэж төр засгийн удирдлагуудаасаа хүсмээр байна.

Мөн зарим хүн гадаадаас ирэхийг хүсэж буй монголчуудаа гадуурхах үзэл гаргаж буй нь маш харамсалтай. Харьж чадахгүй гацсан хүмүүсийн нөхцөл байдал янз бүр байгаа. Тэдэн дунд эмчилгээнд орсон хүмүүс, тэмцээн уралдаанд улсынхаа нэрийг гаргахаар явсан хүүхдүүд, хөгшин, бага насны хүүхэдтэй иргэд байгаа гэдгийг, мөн эдгээр хүмүүс маань өвчин авчирч та бүхэнд халдаах гээд байгаа биш гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

 

Эхний зочин маань Сингапурын Үндэсний их сургууль, Дэлхийн банкны Сингапур дахь Дэд бүтцийн хаб-д ажилладаг Б.Тэмүүлэн байв. Азийн тэргүүлэх хөгжилтэй улсын нэг Сингапур Ковид-19-ийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа мөн тус улс дахь 400 гаруй монголчууд ямар нөхцөл байдалд байгаа талаарх түүний нийтлэлийг эндээс уншиж болно. 

 

Mongolian Economy