Цар тахлын үеэр Тайландад өнгөрүүлж буй өдрүүд

Mongolian Economy
2020-06-11 12:44:04
Ангилал: Коронавирус

Тайландын Хаант Улсын тухай товчхон

Тайланд улсыг товчхон танилцуулбал, Энэтхэг-Хятадын хойгт Мьянмар, Лаос, Камбож, Малайзтай хуурай газраар, Вьетнам, Индонез, Энэтхэгтэй далайгаар хиллэдэг, дэлхийд хүн амын тоогоор 22-т ордог (69 сая гаруй), хамгийн тослогтой, шим тэжээлтэй будаа, сайхан амтат жимс тарьдаг үржил шимт өргөн уудам уул талтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 50-д (513120 км2) ордог, нийт 76 чангват буюу манайхаар бол аймагтай юм.

Нийслэл Бангкокоо 2013 онд аймгийн статустай болгосон, 1932 оноос Үндсэн хуульт хаант засагтай болсон (хааныхаа зургийг айл, албан байгууллага бүр бурханчлан шүтдэг), хүн амын 94,5 хувь буддын шашин шүтдэг. 2019 оны байдлаар ДНБ-ий хэмжээ 516 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд (нэг хүнд ногдох ДНБ нь $7607), инфляц 3,2 хувь байсан. Ханшийн хувьд нэг ам доллар 32 баттай тэнцдэг юм.

Сүүлийн 30 гаруй жил асар хурдтай хөгжиж байгаа энэ улсын гадаад өр маш бага, ядуурлаас бараг ангижирсан, хурдны зам, харилцаа сайтай. Японы ихэнх автомашин, электроникийн брэндүүд энд үйлдвэртэй гэх мэтээр үйлдвэрлэлийн салбар нь сайн хөгжсөн, харьцангуй хямд боловч боловсролтой ажиллах хүчинтэй, эдийн засагт нь хөдөө аж ахуй дутахгүй чухал байр суурь эзэлдэг. Сонирхолтой нь, төр захиргааны ажилтнуудыг “авлига ав, гэхдээ улсаа хөгжүүл” гэсэн далд бодлоготой тул иймэрхүү болон өөр бусад таагүй үзүүлэлт ч чамгүй их бий.

Тайландын Засгийн газар 1982 онд жуулчдын аюулгүй байдлыг хангахын тулд санал гомдлыг нь бүртгэн авч, асуудлыг нь хариуцаж (утас нь 1669) ажилладаг аялал жуулчлалын цагдаагийн газрыг байгуулж боловсрол, хэл устай цагдаа нар бэлтгэсэн.

Коронавирусийн цар тахлын үеэрх Тайланд

Зургадугаар сарын 8-ы байдлаар тус улсад халдварын 3119 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 2973 хүн эдгэж, 58 хүн нас барж, 88 хүн эмчлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд зөвхөн гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа. Миний суралцаж байгаа Чантхабурид Бангкокийн нисэх буудлаас хүн зөөдөг таксины жолооч зэрэг гурван хүнээс халдварын тохиолдол олон хоногийн өмнө илэрсэн. Одоогоор нэмж халдвар авсан хүн алга.

Ковид-19-ээс болоод жуулчлал, бизнес, хөдөө аж ахуйн салбар хүнд цохилт авснаар Тайландад нийгэм, эдийн засгийн нэн хүнд байдалд үүсэж, нийт долоон сая хүн ажлаас халагдах, нэмээд ажиллах хүчний 54.3 хувь болох 20,4 сая хууль бус ажилчид ажилгүй болох эрсдэл үүсээд байна.

Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Ковид-19-ийн эрсдэлээс сэргийлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мэдээлэхэд:

–  Хөл хорио тогтоож, олон улсын нислэгийг зургадугаар сарын 30 хүртэл зогсоосон.

– Засгийн газраас нэг их наяд батын зээл олгохоор шийдвэрлэсэн. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг тодорхой салбарын ажилтнуудад 3-6 сарын турш сар тутам 5000 бат олгоход 600 тэрбум, мөн бүс нутгийн асуудлуудыг шийдэхэд 400 тэрбумыг зарцуулах юм.

– Тайландын Төв банк 500 тэрбум батыг маш бага буюу 2 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх, зургаан хүртэлх сараар хүүг царцаах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төв банк нь бодлогын хүүгээ нэг хувь болгох шийдвэрийг гуравдугаар сард гаргасан.

– Тайландын Төв банк ДНБ-ий өсөлтийн таамгаа нэмэх 2.8-аас хасах 5,3 хувь болгож бууруулсан нь 1997 оны Азийн санхүүгийн хямралаас хойших хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож байна.

-Дотоодын бондын зах зээлийг дэмжих, улмаар аж ахуйн нэгжүүдийн зээлжих зардал өсөхөөс сэргийлэх үүднээс Бондын тогтворжуулалтын санг байгуулж, 400 тэрбум бат хуваарилав.

– Цар тахлын улмаас ажилгүй болсон иргэдийн өдрийн орлогын 62 хувийг нийгмийн халамжийн сангаас олгоно. Нийгмийн даатгалын шимтгэлийг гурваас тавдугаар сарын хооронд ажил олгогчийн хувьд дөрөв, ажилтнуудын хувьд нэг хувь болгож бууруулсан.

– Татвараа 2020 оны 4-9-р сард 3%-аас 1,5%, 10-р сараас 2021 оны 12-р сар хүртэл 2% болгох шийдвэр гаргасан.

Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд халдварын тохиолдлын тоо 147 болонгуут 50-аас дээш хүн цуглардаг газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах, дөрөвдүгээр сарын 13-нд тохиосон Сонгкран уламжлалт баярыг хойшлуулах, гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл улс орон даяар онцгой байдал тогтоох шийдвэрийг Засгийн газар нь гаргаж, түүнээс хойш сунгасаар ирэх долдугаар сарын 1-нд хөл хориог цуцлахаарр төлөвлөж байна.

Тайланд дахь монголчууд

Миний хувьд мэдэхгүй, танихгүй газар ирээд 234 хоночихжээ. Ямартаа ч усыг нь ууж ёсыг нь дагаад, тусгай вакум цогцолборт хичээл, бясалгалтай завгүй байсаар зургаан сарын сургалтаа дүүргээд дөрөвдүгээр сард буцчих байтал хариагүй л сууж байна. Нэлээдгүй олон орноор явсан бясалгаач Тай эмэгтэй манайхыг лалын шашинтай гэж боддог байсан гэдгээс харахад Монголын талаар ер нь мэддэггүй бололтой. 20 гаран насны охиноос Ковид-19-ээс болоод Чантхабурид амьдрал ямар болов гэхэд өөрчлөгдсөн юмгүй л гэх юм.

Тайландад суурин амьдардаг монголчууд танихгүй хүнд аж амьдралаа дэлгэхгүй нь ойлгомжтой тул аль болох хурдан харих хүсэлтэй байгаа 159 монголчуудын тав, гурваас сурвалжилсан нөхцөл байдлаас дуулгая. Дамжин өнгөрч яваад гэнэт хил хаагаад онгоцонд суулгүй хоцорсон, эндээс шууд нислэгтэй байсан болохоор Зүүн өмнөд азийн бусад орныг бодвол харих боломжтой гэсэн найдвар тээж хил хаахаас өмнө, хойно яаж ийгээд ирсэн, олон улсын уралдаан тэмцээнд оролцсон, сургалт, сургуулиа төгссөн, оношлуулах эмчлүүлэх гэх мэт зүсэн зүйлийн шалтгаантай хүмүүсийн мөнгө төгрөг нь дуусаад ар гэрийнхэн нь яаж ийгээд өдрийн хоол, байрны хөлс залгуулах, над мэт нь хандив зээл гуйх, бөгчим халуун цаг агаар зэрэг түмэн шалтгаанаар өдөр ирэх тусам бидний ахуй хүндэрсээр байна. Эхэндээ арай гайгүй байр нийлж хөлсөлж байсан бол одоо умгар ганц өрөөнд олуулаа өдөртөө чанартайдуу ганц хооллох санаатай байдаг болов.

Байрны мөнгөгүй гудамжинд гарсан нэгнээ хажуудаа чирээд явах сайхан сэтгэлтэн байхад айлд гуйж байгаа хэрнээ юм хумслаад, тусалсан нэгнээ цагдаад дуудуулаад төвөг удах нэг нь ч байж л байна. Хумслаад гэснээс, энд монгол гэхээр хулгайч гэж боддог гэж сонсоод монгол гэдгээ хэлэхгүй байгаа гэхийг сонсоод шогширмоор. Нэг үхрийн эвэр дэлсвэл 1000 үхрийн эвэр доргино гээч болсон байх магадлалтай ч гадаадад гарахаараа та Монгол улсын элч, элчин, тод томруун төлөөлөл болдог гэдгээ бат санаж явууштай.

Монголын төр долдугаар сарын 1-нээс бэлтгэлээ сайтар хангаад хилээ монголчууддаа нээгээсэй, ядахдаа Солонгосын онгоцыг Улсын онцгой комисс хүлээж аваасай, Тайланд бас олон улсаас нислэг хүлээж авдаг болоосой, энэ бүхэн бүтэхгүй байсан ч гэсэн Гадаад харилцааны яамныхан эртхэн шиг тохиролцоод Бангкокт мөнгөн цагаан хүлэг минь нисэж ирээд нэн яаралтай харих шаардлагатай болчихоод байгаа монголчуудаа бүгдийг нь хуу хамаад явчихаасай, 10 мянган монголчууд минь эх нутагтаа хурдан хариасай гэж залбирч болдог бүхэнд залбирч, хүсэж болдог бүхнээс хүсэж, биелүүлэхийн тулд чадахаасаа чадахгүйгээ хүртэл алхана даа хэмээн бодолхийлж сууна.

Тайландын аялал жуулчлал

Эцэст нь тус улсын аж амьдрал, бизнес шууд болон шууд бус утгаараа аялал жуулчлалын салбартай бараг 60 хувь холбоотой тул 2020 оны эдийн засгийн нөхцөл байдлыг нь ойлгуулах үүднээс нэг арлын тухай цухас дурдья.

Пукетын дараа ордог хоёр дахь том арал болох Ко Самуйд (Koh Samui) аялал жуулчлал 1980 он гэхэд эдийн засгийнх нь чухал хэсэг болсон бөгөөд Суратани аймагт харьяалагдаж байгаад 2008 оноос тусдаа статустай болжээ. Мэдээж бусад газрын нэгэн адил жуулчдыг татах, үйлчлэх бүхнийг цогцлуулсны дээр Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны бодлого, хувийн хэвшлийнхний ачаар дээд зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний газрууд байгуулж тохижуулсан байдаг. Паттаягаас хоёр дахин үнэтэй шахам энэ газар 2015 оны байдлаар 17938 зочид буудлын өрөөтэй, олон улсын арга хэмжээ, өвөрмөц наадам хийж болох газруудтай, жил бүр хийдэг баяр, арга хэмжээ олонтой, 2017 онд л гэхэд 2,5 сая гадаадын жуулчин хүлээж авч байв. Буудлын өрөөний үнэ өдрийн нэг сая төгрөгийн үнэтэй таван одтой буудлаас дээш, доошоо хэлбэлзэнэ. Энд үйлчилгээ, харилцаа маш сайтай, таарсан хүн бүр нь тусархаг, инээмсэглэн харилцаж, алга хавсарч мэндлээд л, нохой нь хүртэл хуцаж боргодоггүй гэж байгаа.

Байр үнэтэй ч хоол нь хямд, төрөл төрлөөрөө алаглана. “Теско”-д шинэ ургацын манго дөрвөн кг нь 100 бат буюу 9000 гаруйхан төгрөг. Нэг ширхэг наргил (coconut) Бангкокт 170, Самуйд 30 (миний байгаа Чантхабури аймгийн төвд 40) бат байх жишээтэй. Жимс, далайн гаралтай хүнс нь органик, шинээрээ, машинтайгаа шууд авчраад зарчихдаг. Гудамжаа хаагаад оройн сэрүүнд гар урчууд нь тааран хувцас, цүнх, гоёл чимэглэл, сувд зэргээ дэлгэнэ. Аквариумтай загаснаас бариулаад шарах, гриллдэх мэтээр хүссэнээрээ болгуулж зооглох юм уу, галын өрөөтэй бол шинэ загас аваачаад шөл хийж идэх гэх мэт тансаглаж болно. Одоо хоосон, хүнгүй шахуу байгаа болохоор ихэнх зочид буудал 50 хувь хямдарсан. Сарын 75000 бат байдаг “Jungle Villa” буудал сайн ярьвал 25000 бат хүртэл буух боломжтой болжээ.

Ковид-19-ээс шалтгаалж энэ аралд л гэхэд 100 орчим зочид буудлыг зарахаар зар тавиад байгаа аж. Наран шарлага нь хөл тавих зайгүй шахам байсан бол одоо энд гацсан 20 орчим жуулчин өдөртөө үзэгдэж байна.

“Цар тахлын үеэр гадаадад өнгөрүүлж буй өдрүүд” цувралын  Сингапур, АНУ, Франц дахь монголчуудаас ирүүлсэн нийтлэлийг линк дээр дарж унших боломжтой.   

 

Mongolian Economy