Цар тахлын үеэр Японд өнгөрүүлж буй өдрүүд
“Mongolian Economy” сэтгүүлийн Япон улс дахь сурвалжлагч Р.Ундарьяагийн ирүүлсэн нийтлэл, ярилцлагыг хүргэж байна.
“Энэ дайнд зөвхөн Засгийн газрын хүчээр ялах боломжгүй. Бидний хийж буй тэмцэл асар чухал бөгөөд амаргүй гэдгийг бүгд ухаарах ёстой. Японы ард иргэдэд хүндрэл үүсгэж байгаагаа бид ухаарч буй ч иргэн нэг бүрийг хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээн хэвлэлийнхний дайралт, шүүмжлэлд өртсөнийхөө дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёрдугаар сарын сүүлчээр өгүүлсэн юм. Японы эрх баригчид, иргэд цар тахалтай бүх талаар тэмцэж буй бөгөөд хүнд байдлаас гарах урт зам тэднийг хүлээж байна.
Японыг нөмөрсөн цар тахлын дэгдэлтийг хоёр үед хувааж болно. Эхнийх нь нэгдүгээр сараас гуравдугаар сард, хоёр дахь нь гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Япон улс цар тахлын эсрэг хангалттай хариу арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн эрс шүүмжлүүлэх болсон нь “Diamond princess” усан онгоцны хэрэг явдалтай холбоотой. Эл дуулиант хэргийн дараа буюу хоёрдугаар сард Монгол Улс тус улс руу хийх нислэгийн тоог бууруулсан юм.
Тухайн үед би Монголд байсан бөгөөд бүх нислэгийг цуцлахаас өмнөх сүүлчийн нислэгээр Япон руу явах тийзтэй байв. Найз, гэр бүлийнхэн маань намайг Япон явахгүй байхыг зөвлөсөн ч би ниссэн. Эх орондоо нэг сар амрах хугацаандаа би монголчуудын дундах хэт санаа зовних явдлыг ажигласан бөгөөд “Монголд агаарын бохирдол дэндүү аюултай түвшинд хүрчихээд байхад маск зүүдэггүй мөртлөө жирийн ханиад гарахад маск зүүгээд байх юм” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Намайг зөвтгөх мэт хөгжингүй улс орнууд болон Барууны хэвлэл мэдээлллээр цар тахлыг хуурамч мэдээлэл хэмээн дүгнэж байв. “Ковидиотууд болон хуурамч мэдээлэл” хэмээх нийтлэлдээ би нийгэмд үзүүлэх коронавирусийн нөлөөний талаар дурдсан нь бий.
Японд ирээд хүмүүс огт маск өмсөхгүй байгааг, мөн намайг явах үед ямар байсан тэр хэвээрээ нийгэм, эдийн засгийн амьдрал хэвийн өрнөж байгааг хараад ихэд гайхсан. Хоёрдугаар сарын сүүлчээр нэг ч япон хүн цар тахлыг огт тоомсорлохгүй байгаа мэт санагдав. Засгийн газраас хөл хорио тогтоох хүртэл би жуулчдын байнга очдог газар болон түүхэн дурсгалтай газруудаар бараг өдөр бүр аялаж байлаа. Хүмүүсийн хөл хөдөлгөөн багассан дээр олон газраар зочилж үзье гэж бодсон нь энэ. Япон улс ч гадаадын жуулчдыг улсдаа ирэхийг уриалж, хүн цөөнтэй үед хүссэн газраараа аял хэмээн урьж байлаа.
Гуравдугаар сард Шинжүкү, Шибүяа, Роппонги, Харажүкү Европын жуулчдаар дүүрэв. Чухам ингэж л Японд коронавирусийн эхний давалгаа нүүрлэсэн юм.
“Токио-2020” олимпын наадмыг хойшлуулсны дараагаас байдал эрс өөрчлөгдөв. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодолгүй олимпын наадмыг эн тэргүүнд тавьж байна хэмээн дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллээр Японы төр засгийг шүүмжилж, анагаахын салбарын ажилтнууд харин Ковид-19-ийн хангалттай олон шинжилгээ хийхгүй байна хэмээн мэдэгдэж байв. Бусад улс орон хилээ хааж эхэлсний улмаас Япон улс эдийн засгийн хувьд ихээхэн алдагдал хүлээж байсныг сануулья.
Хөл хорио тогтоосноор алдарт Шибүяа гарцаар гарах хүн үгүй болж Токио хот орхигдсон хот болон хувирав. Токио, Киото, Саппоро зэрэг эрч хүчээр дүүрэн завгүй хотууд Засгийн газраас зарласан хөл хорионы үеэр дэлхийн сүйрлийн дараах хамхуул хийссэн хот мэт болсон.
Япон дахь монголчууд
О.Оюунхүү: Япон дахь монголчуудын хамгийн том асуудал бол мэдээлэл хомс байдал
О.Оюунхүү бол Global Trust Network (GTN) байгууллагын карьер хариуцсан зөвлөх. Японд төвтэй GTN анх түрээсийн батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг компаниас хүний нөөц, амьжиргааны дэмжлэг, гадаадын иргэдэд зориулсан тусгай хөтөлбөр зэрэг зургаан салбарт ажилладаг болтлоо өргөжөөд байна. Мөн Япон, БНСУ, Монгол, Вьетнам улсад үйл ажиллагаа явуулж буй. GTN компани Японд суралцах сонирхолтой монголчуудад боломж олгох, бүхий л талаар туслах зорилготой.
Тухайлбал, бичиг баримт бүрдүүлэхэд туслах, Япон хэлний жилийн сургалт явуулах, нэг жилийн турш хүссэн ажилдаа ороход нь туслах зэрэг үйлчилгээ үзүүлдэг юм.
-Коронавирусийн цар тахал гарснаас хойш танай компани онлайн болон биечилсэн уулзалтаар хэдэн монгол хүнд үйлчилгээ үзүүлээд байна вэ?
– Одоогоор 100 орчим монголчууд манай хөтөлбөрт хамрагдаж буй. Тэдний ихэнхтэй нь би холбоотой ажилладаг юм. Коронавирусээс шалтгаалж компаниуд гаднын бус япон хүмүүсээ ажилд авахыг илүүд үзэх болсон учраас тэдний ихэнх нь цагийн ажлаа алдах болсон. Тиймээс тэд хоол, түрээсийн мөнгөний дутагдалд орж эхэлсэн.
Гаднын хүмүүсийг долоо хоногт 28 цаг ажиллахыг зөвшөөрдөг байсан бол одоо таван цаг болгож бууруулсан. Цагийн ажлын хөлс нь цагийн 1000 иен орчим байдаг гэж үзэхэд долоо хоногт ердөө 5000 иенээр амьдрах бараг боломжгүй. Ийм үед бид тэдэнд ажил олоход нь тусалж байна. Японд ирсэн монголчуудын хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хэлний мэдлэг. Зарим нь англи хэл ч мэдэхгүй ирдэг. Тиймээс мэдээлэл олж авахад их хэцүү. Эдгээр хүмүүст зориулж би монгол хэлээр подкаст явуулж эхэлсэн. Коронавирусийн тархалттай холбоотой шинэ мэдээлэл багтаасан дөрвөн подкастыг долоо хоногт хийдэг. Мөн 100 мянган иен авах хүсэлтийн тухайд анкетийг хэрхэн бөглөх тухай нэгбүрчилсэн зааварчилгаа бүхий бичлэг хийлээ. Энэ талаар лавласан хүн бүрт бид энэхүү видеог явуулж байгаа.
– Бусад улсын иргэдтэй харьцуулахад Япон дахь монголчуудад цар тарал хэрхэн нөлөөлж байна вэ?
– Монголчууд ер нь их сэргэлэн хүмүүс шүү дээ. Японд амьдардаг монголчуудын хувьд хамгийн хэцүү зүйл бол шаардлагатай мэдээллээ олж авах юм. Жишээлбэл, визний хугацаа нь дууссан хүмүүс байна. Монгол, Японы хооронд онгоц нисэхгүй байгаа учраас тэдгээр хүмүүс нутаг буцаж чадахгүй болсон. Хэрэв виз нь дууссан л бол цагаар ажиллах боломжгүй болдог. Ийм нөхцөлд хүмүүс ямар ч мэдээлэлгүй эсвэл юу хийхээ мэдэхгүй болдог. Одоогоор Японы Засгийн газар коронавирусийн улмаас виз нь дууссан хүмүүсийн визийн хугацааг зургаан сараар сунгаж байгаа. Энэ мэдээллийг японоор эсвэл төрөлх хэлээрээ авч чадахгүй хүмүүс маш хүнд нөхцөлд орж байна.
Нэмж хэлэхэд Японд аялаж байгаад харьж чадахгүй болсон хүмүүс бий. Тэд Японд ирэх гэж ихэнх мөнгөө дуусгасан мөн очих газаргүй болсон. Саяхан Японд гудамжинд унтаж байгаа монгол залуугийн тухай мэдээлэл тарсан. Энэ бүхэн мэдээлэл дутмагаас л болж байгаа юм.
– Мэдээлэлгүй, эсвэл хүнд байдалд орсон ийм хүмүүст GTN хэрхэн тусалж байна вэ?
– Манай компанид ирсэн хүмүүст бид хаана очих, ямар бичиг баримт бүрдүүлэх, хэр хугацаанд хүлээх талаарх тодорхой мэдээлэл өгдөг. Мөн вэбсайтдаа мэдээлэл оруулж байгаа.
Коронавирусийн талаарх мэдээллийг бид англи, монгол, вьетнам, балба, португал гэсэн таван хэлээр бэлтгэдэг. Манай нийгмийн сүлжээний бүх платформоос энэ мэдээллийг авч болно.
– Цагийн ажил хийдэг хүмүүстэй харьцуулахад та бол компанийн ажилтан, тиймээс ажлын байрны баталгаа, эдийн засаг, санхүүгийн боломж харьцангуй их. Тан шиг компанийн ажилтан монголчуудад цар тахал ямар нөлөө үзүүлж байна вэ?
– Японы виз нь ажлын, урт хугацааны, оюутны гэх мэт байдаг. Оюутны визтэй хүмүүс долоо хоногт 28 хүртэлх цаг ажиллах эрхтэй. Урт хугацааны визтэй хүмүүсийн ажлын байрны баталгаа компаниас нь шалтгаална. Ажлын визтэй хүмүүсийн ажилгүйдлийн тэтгэмж, эсвэл даатгалыг Засгийн газар цалингийн 70 хувьтай дүйцүүлэн төлдөг. Одоогоор би долоо хоногт гурван өдөр ажиллаж байна. Энэ гурван өдрийн цалинг компани, харин үлдсэн хоёр өдрийн цалинг Японы Засгийн газар төлж буй. Цалин ерөнхийдөө 30 хувиар буурсан.
Хэрэв компанийн ажилтан цомхотголын улмаас ажилгүй болсон бол Засгийн газрын тэтгэлэг тэднийг аль болох хүнд байдалд оролгүй амьдрахад нь чиглэдэг.
– Та Японд цар тахлын үеэр мөн өмнө нь ч монголчуудтай хамтран ажиллаж буй. Цар тахлын улмаас тантай ажиллаж буй монгол хүмүүсийн зан аашинд гэнэтийн өөрчлөлт орох гэх мэт зүйл ажиглагдсан уу?
– Нийгэм маш их өөрчлөгдсөн. Хүнтэй нүүр тулж уулздаг ажил маань хөл хорионоос шалтгаалаад онлайн болсон. Гэрээс ажиллахад тэдгээр хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхэд арай хэцүү болсон юм шиг санагдаж байлаа. Тухайн үед хүн бүхэн ямар нэг хэмжээгээр стресстэй байх шиг санагдсан. Учир нь ажил олдохгүй гэх мэт шалтгаанаас болж харилцагчдын маань орлого ихээхэн буурсан.
– Та Токиогийн олон улсын их сургуулийг төгссөн, мөн “Peer Assistant” үйлчилгээг санаачлан эхлүүлсэн. Тиймээс та Японд суралцдаг монгол оюутнуудын амьдралыг сайн мэднэ. Таны олж харсанаар цар тахал монгол оюутнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?
– Цар тахлын үеэр хамгийн их хэлмэгдэж, эмзэг байдалд байгаа хүмүүс бол оюутнууд. Өмнө хэлсэнчлэн тэдний орлогын эх үүсвэр байхгүй болсон. Японд сурахаар ирсэн ихэнх монголчууд сурахын зэрэгцээ ажилладаг. Коронавирусээс шалтгаалж орлогогүй болсон учраас тэд гэртээ байх болсон. Хэрэв гэртээ байж, хэн нэгэнтэй уулзаж эсвэл харилцахгүй бол стресст орох эрсдэлтэй. Мөн мөнгөгүй болсон учраас гэр бүлээсээ мөнгө гуйх шаардлага үүссэн. Гэрээс нь мөнгө явуулах боломжгүй бол байдал бүр хүндэрнэ.
Харин гэрээсээ мөнгө авдаг оюутнуудад байдал тийм ч хэцүү биш. Хичээл онлайн болсноор нийгмийн харилцаа үүсгэх боломжгүй болж эхэлсэн. Магадгүй энэ л оюутнуудад тулгарч буй гол бэрхшээл болов уу.
Хоёрдугаарт, энэ жил төгсөх гэж байгаа эсвэл дөнгөж төгссөн бакалаврын зэрэгтэй оюутнуудын байдал тун амаргүй байгаа. Эдийн засаг царцсан учраас ихэнхэд нь ажил олдохгүй болсон. Учир нь гадаад ажилтан авч эрсдэлд орохоос компаниуд эмээж буй. Хэрэв компанийн бүх ажилтан коронавирусийн халдвар авбал яах вэ? Энэ нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, ашиг олох боломжгүй болгоно.
– Зургадугаар сарын байдлаар халдварын тоо өмнөх саруудтай харьцуулбал буурч, хөл хорионы дэглэмийг суллаж эхэллээ. Эдийн засаг ч эргэн сэргэх төлөвтэй байна. Үүнийг дагаад танай компаниар үйлчлүүлэгчдийн ажилд орох, амьдралаа сайжруулах боломж дээшлэх болов уу?
– Манай харилцагчдын нөхцөл байдал аажим боловч сайжирч байгаа. Бэлнээр 100 мянган иен олгосон нь дотоод, гадаад гэлтгүй бүх иргэнд их дэмжлэг болсон. Хөл хориог цуцалснаас хойш ихэнх хүн ажилд орж, цагийн ажлын тоо, эрэлт нэмэгдсэн. Мэдээж бүх зүйл алга урвуулахын төдийд сайжрахгүй. Ямартай ч Засгийн газрын дэмжлэгтэйгээр япон, гадаад гэлтгүй бүгд урагшлахын төлөө чадах бүхнээ л хийж байна даа.