Шинэ технологи, шилдэг шийдэл бүхий “ICT EXPO” үзэсгэлэн энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. 17 жилийн түүхтэй “ICT EXPO” үзэсгэлэнг энэ удаад “Digital nation-2021” нэрийн дор зохион байгуулж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг гэх мэт бүхий л салбарыг хамруулснаараа онцлог байв. 

Мөн илүү өргөн цар хүрээг хамарч, олон улсын зочид төлөөлөгчдийг оролцуулсан нь манай улс цахим шилжилтэд хэрхэн анхаарч буйг дэлхий нийтэд тунхагласан явдал боллоо. 

“Digital nation-2021” арга хэмжээний үеэр техник технологийн гайхамшгийг мэдрүүлсэн дрон шоу, е-Sport-ын тэмцээн, 5G технологийн туршилт болсноос гадна технологийн компаниуд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьж, одоогоос нэг жилийн өмнө “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргасан.

Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой байсан бол өнөөдөр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia” аппликэйшнээс авах боломж бүрджээ.

Төрийн үйлчилгээ цахимжсанаар иргэдэд 3.7 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, цахим хэрэглээ зургаа дахин нэмэгджээ. Түүнчлэн иргэдийн цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэлт, унааны зардлаас 46 тэрбум төгрөг хэмнэж чадсаныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр онцлов.

Мөн энэ жил Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. “Digital nation-2021” арга хэмжээний үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын баярын хурлыг зохион байгуулж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Холбооны яамны сайд асан Д.Готов,  Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нар үг хэлэв. 

Холбооны яамны сайд асан Д.Готов Монгол Улс сансрын холбооны үндэсний хиймэл дагуулаа хөөргөх цаг болсныг онцолсон бол ХХЗХ-ны дарга Г.Чинзориг “Цахим үндэстэн болж, цахим шилжилт хийх нь салбарын шинэ зууны хөгжлийн гараа байх болно” хэмээн тэмдэглэсэн. Мөн тэрбээр “2023 онд болох Олон улсын цахилгаан холбооны төв байгууллагын их хурлаар Монгол Улс 5G технологид шилжих асуудал бүрэн шийдэгдэнэ. Тиймээс 5G давтамжуудаа бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна” гэж онцоллоо. 

Түүнчлэн баярын хурлын үеэр Монгол шуудан компани Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойд зориулан бүтээсэн алтан маркаа танилцууллаа. 

Энэхүү марк нь манай улсын дөрөв дэх алтан марк бөгөөд 1079 дэх сэдвийн хамгийн отгон марк болж байгаа юм.

“Digital nation-2021” арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, мэдээллийн технологийн салбарын ач холбогдлыг тодорхойлох, цахим шилжилтийг оновчтой зохион байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох гэх мэт сэдвийн хүрээнд гурван өдрийн турш хэлэлцүүлэг, форум зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр технологийн салбарын түүчээлэгч залуус Цахиурын хөндий шиг гарааны бизнесийн чөлөөт бүсийг бий болгох нь уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах хамгийн оновчтой гарц байх болно гэдгийг онцолж байлаа.

Мөн “Women in ICT” хэлэлцүүлэг болж, хэлэлцүүлэгт Google компанийн Засгийн газар, олон нийтийн асуудал эрхэлсэн захирал Тэнзин Долма, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн товчооны захирал Дорин Богдан, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын Ерөнхий захирал Катерина Ахиева нар оролцов.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил гэрлийн хурдаар хэмжигдэж байгаа ч энэ салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэнцвэрт байдал дэлхий дахинд бүрэн шийдэгдэж чадаагүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.  Ялангуяа кодчлол, программ хөгжүүлэлт, дата шинжлэлийн чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэйчүүд цөөн байгаа төдийгүй шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо чамлалттай байгааг тэд онцолж байв.

Дэлхий дахинд компьютер, технологийн салбарт ажиллагсдын 21 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 25 хувь байна.

Тиймээс цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санаачилгыг тэд гаргалаа. 

Харин салбаруудын цахим шилжилт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Соёлын яамны төлөөллүүд оролцсон. Түүнчлэн Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр мэдээллийн технологийн салбарын манлайлагчидтай уулзаж, замын түгжрэлийг бууруулах технологийн шийдлүүдийн талаар ярилцсан нь  анхаарал татаж байлаа. 

“Digital nation-2021” арга хэмжээний бас нэгэн онцлох зүйл нь “Nomadic masters” нэрийн дор гурван өдөр үргэлжилсэн и-спортын тэмцээний аваргууд шалгарч, Сингапур улсад зохион байгуулагдах “Global Еsports Games” тэмцээнд оролцох эрхээ гардан авсан явдал байв. Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалж “lan”-ийн тоглолт болоогүй бол энэ удаагийн тэмцээн “lan”-аар явагдсан. Мөн тамирчид нүүр нүүрээ харан тоглосноос гадна үзэгчид  тоглолтыг дэргэдээс нь үзсэн нь тоглолтыг улам өрсөлдөөнтэй болгож байлаа.   

“Digtial Nation-2021” арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй сурвалжилга, ярилцлага, нийтлэлийг Mongolian Economy сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal