Цэгцрэх хөдөлгөөн 4.0

Mongolian Economy
2020-06-12 18:41:51
Ангилал: Дэлхий 2019

“Mongolian Economy” сэтгүүл тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэн гаргадаг “Дэлхий 2019” сэтгүүлд тухайн үед УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан Г.Занданшатарын доорх нийтлэл хэвлэгдэж байв.  

Дэлхий дахинд аж үйлдвэрийн IV хувьсгал хүчтэй өрнөж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэдэг нь технологийн хувьсгал юм. Хиймэл оюун ухаан, эд зүйлсийн интернэт, технологийн дэвшил нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгий нэвтэрч байна. Хамгийн энгийнээр хэлэхэд бүх зүйлийг интернэтээр, онлайнаар кибер физикийн систем удирдан зохицуулна. Ухаалаг байшин, дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, эрүүл мэнд гэхчлэн бүгд ухаалагжих бөгөөд хүнийг компьютер орлоно гэсэн үг.

Монгол Улс аж үйлдвэрийн IV хувьсгалын ололтыг ашиглаж чадвал үсрэнгүй хөгжих боломж нээгдэнэ, харин хувьсгалын сүүдэрт дарагдвал аюулгүй байдлаа хэврэгшүүлнэ.

Дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгал нь эдийн засаг нийгэмд томоохон өөрчлөлт, харин иргэд төр,засгийн хооронд үл ойлголцол авчирч байгаа нь өнгөрсөн жилүүдэд хөгжингүй орнуудын улс төрд тодорхой ажиглагдаж байна. Учир нь теxник теxнологи хөгжил, үйлдвэр дэх роботжсон тоноглол, тав дугаар үеийн интернэтийн дэвшил, биотехнологи, квантын тооцоолол, цаxилгаан хөдөлгүүр, нөхөн сэргээгдэх эрчим хүч гэх мэт томоохон дэвшил бидний амьдрах хэв маягт нөлөөлж, үүнийг зөв ашиглаж чадвал манай улс гуравдугаар аж үйлдвэрийн хувьсгалыг алгасаж хөгжлийн хамгийн том үсрэлтийг хийх боломжтой. Гэвч энэ нь засаглалын хувьд хамгийн том асуудал бөгөөд өөрчлөлт шинэчлэлийн боломж болж байгаа нь олон улсын түвшинд хөгжиж буй орнуудад их харагдаж байна. Хамгийн гол зүйл нь  нөхөн сэргээгддэг тогтвортой аж үйлдвэрийн IV хувьсгал руу шилжих нь л асуудал юм. Энэ мэт шинэ хөгжлийн хандлага, дэлхийн дулаарал, эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн дасан зохицохоос Монгол Улсын хөгжлийн ирээдүй шууд хамаарна.

2019 онд улс төрийн халуурал, уламжлал ёс суртахууны хүйтрэл улс оронд нийгмийн өөрчлөлт, тэгш эрх, шударга ёсны хүсэмжлэлийг улам ихээр өдөөнө. Монголын нийгэм тэгш эрх, шударга ёсыг хүсэмжилж байна. Монгол Улсын өнгөрсөн 28 жилийн ялзрал, баян хоосны ялгаа, хэт баяжсан цөөнхийн бүлгийн дарангуй хандлага, нийгмийн тэгш бус байдал, ядуурал эрс өөрчлөлтийг шаардаж байна. Ерөнхийд нь дүгнэж үзвэл дээдэс нь захирч чадахаа больж,доороо хууль журам биелэгдэхээ боливол хувьсгалын тохироо бүрдсэн гэж үзнэ.

Ийм ч учраас дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хөгжлийн боломж, сорилтыг олон улсын индексүүдэд тулгуурлан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг тодорхойлсон. Молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн цэгцэрч, нэг урсгалд ороход энерги болж хувирдаг. Бодлогын зорилго нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршино.

Энэхүү бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж үзэн “НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ МОНГОЛ УЛС“ үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлж,  хэрэгжүүлж байна.

Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой төр

Сайн төр, засаглалын реформын бодлого хүнд хэцүү сорилттой тулгарч буй ч тууштай хэрэгжиж байна.

2019 оны эхний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын шинэ хууль мөрдөгдөж эхэлнэ. Энэ хууль хэрэгжсэнээр төрийн албан хаагчдын мэдлэг боловсролын сул байдал арилж, намын харьяаллаар хаа хамаагүй хүмүүс дур мэдэн энэ салбарт орж ирдэг байдлыг арилгана. Жинхэнэ мэргэшсэн, мэдлэг боловсрол, ур чадвар өндөртэй хүмүүс ажиллаж, улс орны хөгжлийг тулж ажиллана

Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого

Монгол Улсын уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байна. Иймд эдийн засгийг, олон тулгуурт эдийн засаг болгох бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбаруудыг мэдээлэл, санхүү, тээвэр, логистикоор уялдуулан төлөвлөж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Одоо ч “Ирээдүйн өв” сан, “Баялгийн сан”-гийн хөрөнгөө тасралтгүй нэмэгдүүлж байна.

Хүн төвтэй нийгмийн бодлого

Хүн төвтэй нийгмийн гурван тулгуур болох “монгол хүнийг хөгжүүлэх бодлого”, “Ядуурлыг бууруулах бодлого”, “Ажилгүйдлийг бууруулах бодлого”-ыг хэрэгжүүлж, гэр бүл төвтэй хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.

Засгийн газар 2019 онд томоохон төслүүд эхлүүлж, хэрэгжүүлнэ. Мөн олон жил ярьсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэрлэсэн. Одоо Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн биржид гаргах бэлтгэл ажил ид өрнөж байна. Тавантолгой  болон дээрх төслүүд хэрэгжсэнээр ирэх онд манай эдийн засгийн өсөлт хурдсаж, бизнесийн идэвхжил эрчимжиж, иргэдийн амьдрал сайжирна, дээшилнэ, дэвжинэ.

Дэлхийн эдийн засагт хүйтрэлт эхэлж байгаа бол Монгол Улсын эдийн засагт дулаарал эхэлж байна.

 

Монгол дахь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл “The World in 2019” дугаарыг онцгой зөвшөөрлийн хүрээнд хэвлэсэн болно.

Mongolian Economy