Ц.Сүхбаатар: Эрдэнэт үйлдвэр 1990-ээд онд авсан эрчим хүчний дэмжлэгийн ач тусыг өнөөдөр хариулж байна
Цар тахлын энэ үед Засгийн газраас иргэд, компаниудаа дэмжсэн шийдвэрүүдийн нэг нь хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл тэглэсэн явдал юм. Энэ нь хэр оновчтой зөв шийдвэр байсан эсэх, цар тахлын үед эрчим хүчний салбар хэрхэн ажиллаж байгаа талаар Эрчим хүчний ассоциацийн тэргүүн Ц.Сүхбаатартай ярилцлаа.
–Манай улсад коронавирус тархаад 2021 оныг давлаа. Төр, засгаас иргэд, ААН-үүдээ дэмжсэн олон шийдвэр гаргаж байна. Хамгийн гол дэмжлэг нь цахилгаан, дулааны үнийг тодорхой хугацаанд тэглэсэн явдал юм. Иргэд үүнд талархалтай байгаа. Харин эрчим хүчний салбарт энэ шийдвэр хэрхэн нөлөөлж байна вэ? Эрчим хүчний салбараар дамжуулан өгсөн төрийн энэ шийдвэр, дэмжлэг хэр оновчтой гэж та үзэж байна вэ?
–Энэ шийдвэрийн зөв, буруу эсэх талаар телевиз, нийгмийн сүлжээ, хэвлэлээр олон мэдээлэл явж байна. Шүүмжилж буй нэг хэсэг ч бий. Харин хэрэглэгчдийн талаас цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх нь таалагдсан шийдвэр болж байна. Гэхдээ энэ шийдвэр нь ямар учир шалтгаан, үр дагавартай вэ гэдгийг тодорхой тайлбарлах ёстой. Юуны өмнө, эрчим хүчний үнийг тэглэсэн гэх буюу үнэгүй өгч байгаа гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байна. Энэ нь буруу юм. Эрчим хүчний үнийг тэглээгүй, хөнгөлөөгүй. “Хэрэглэгчийн эрчим хүчний төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн ашгаас төлнө” гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ салбарт дөч шахам жил ажилласан хүний хувьд үүнийг зөв шийдэл боллоо гэж үзэж байгаа.
-Ямар үндэслэлээр зөв гэж үзэж байна вэ?
–Нэгдүгээрт: Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны эхээр одоогийнхоос хэд дахин илүү хямралтай үе байсан. Социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг рүү шилжих эхний үе л дээ. Эрчим хүчний салбар маш хүнд, хэрэглэгчдийн цахилгааныг өдөр бүр 2-3 цагаар хуваарь гарган хязгаарладаг. Өвлийн улирлыг давна гэдэг үнэхээрийн хүнд, эрсдэлтэй жилүүд байв. Яг энэ үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ хямдарч, Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрэх нөхцөл байдал бий болсон юм.
Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах, санхүүгийн хямралаас нь урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ авч ажилласан. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрт тодорхой хугацаанд цахилгааныг тусгай хямдруулсан тарифаар өгөх шийдвэр гаргаж, зохицуулж байсан юм.
Хэдийгээр Засгийн газрын шийдвэр ч Эрдэнэт үйлдвэрт цахилгааныг тусгай хямдруулсан тарифаар олгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд тухайн үеийн хэрэглэгч бүр тодорхой ачааг үүрэлцсэн гэж ойлгож болно.Тийм учраас цар тахлын хөл хорионы энэ үед эдийн засгийн хямрал хамгийн хүндээр туссан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд, орлого нь багассан иргэдийн өмнөөс Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний төлбөрийг төлөх нь зүй ёсны хэрэг юм гэж үзэж байна.
Энэ бол өмнө нь хүнд үедээ дэмжлэг, тусламж авч байсны төлөөс, нөгөө талаас өнөөгийн байдлаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байгаа үед хэрэглэгчдийн өмнөөс эрчим хүчний төлбөрийг төлөх нь ёс суртахууны хувьд цагаа олсон зөв арга хэмжээ болсон. Үүнийг мэдэж ярих хүн тэр болгон байхгүй байх. Миний хувьд эрчим хүчний салбарт олон жил ажилласан хүний хувьд үүнийг хэлэх ёстой гэж үзэж байна.
Хоёрдугаарт, өмнө хэлсэнчлэн эрчим хүчний төлбөрийг хөнгөлсөн, хямдруулсан асуудал биш, Эрдэнэт үйлдвэр хэрэглэгч таны өмнөөс цахилгаан, дулааны төлбөрийг барагдуулж байна гэж ойлгох ёстой. Энэ нь хэрэглэгчдийн хувьд санхүүгийн дэмжлэг, хэмнэлт бий болох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд хэмнэсэн мөнгөө ажилчдадаа цалин болгож өгөх, эсвэл компанийнхаа үйл ажиллагаанд дэм болгох чиглэлд зарцуулах боломжтой.
Шийдвэр гарсны дараах 2-3 хоногт эрчим хүчийг хэчнээн ч хэрэглэсэн төлбөргүй юм байна гэсэн ойлголтыг хүмүүс авч, зарим газар эрчим хүчний хэрэглээ хоёр дахин, цаашаа ч хязгааргүй өсөх хандлага бий болсон. Эрчим хүчээр хангах чадал хязгаарлагдмал нөөцтэй, зарим газарт цахилгаан дамжуулах, түгээх чадал хүрэлцэхгүй учраас хэрэглээг хязгаарлах зайлшгүй шаардлага гарч хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээг өнгөрсөн оны мөн үеийн хэрэглээтэй харьцуулан төлбөрийг төлөх шийдвэрийг ЭХЯ-наас гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Цахилгаан, дулааны хэрэглээ хязгаартай, хяналттай байх ёстой.
Урьд нь хөнгөлөлтийг эрчим хүчний үйлдвэрүүдэд алдагдлыг хаахаар шууд өгдөг байсан бол энэ удаад хэрэглэгчдэд өгч, тэдний өмнөөс төлбөр хийж байгаа нь сайн хэрэг. Харин эрчим хүчний үйлдвэрүүд, түгээгч, хангах компаниуд хэрэглэгчидтэй байгуулсан гэрээнийхээ дагуу цахилгаан, дулаанаар хангасныг баталгаажуулан бичилт хийсний үндсэн дээр хэрэглэгчийн өмнөөс төлбөрийг төлөх зарчмаа барихгүй бол эрчим хүчээр хангах үүргээ бүрэн биелүүлэхгүйгээр хэрэглэгчдийн өмнөөс төлбөр авч болохгүй. Тиймээс одоогийн бичилт хийж хэрэглэгчдийн хэрэглээг баталгаажуулдаг системд үндэслэж, төлбөрийн хөнгөлөлтийг олгоход анхаарах хэрэгтэй.
Гуравдугаарт, эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж буй талаар байнга ярьдаг. Эдийн засгийн хямралын үед хэрэглэгчид цахилгаан, дулааны төлбөрөө төлөхгүй тохиолдолд алдагдал дээр өр, авлага нэмэгдэж эрчим хүчний салбарын хөрөнгө, санхүүгийн байдал доройтох, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох магадлал өндөр байна. Энэ шийдвэрийг гаргаснаар салбарын өр, авлагыг бууруулах, цаашид хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй хангах, үйл ажиллагаа хэвийн явуулах нэг гол нөхцөлийг бүрдүүлсэн.
-Тэгвэл одоо Эрдэнэт үйлдвэр цахилгаан, дулааны төлбөрийг төлж эхэлснээр эрчим хүчний салбар найдвартай ажиллагаагаа бүрэн хангаж чадаж байгаа юу?
–Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ урьд өмнө нь байгаагүйгээр өслөө. Сайхан мэдээ шүү дээ. Энэ нь тус үйлдвэрийн санхүүд мэдээж сайнаар нөлөөлөх тул төлбөрийг ямар ч асуудалгүй хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах олон нөхцөл бий. Хэрэглэгчийн төлбөрөөс гадна нөгөө нэг гол нөхцөл нь өвлийн их ачааллын үед цахилгаан, дулаанаар хангахад оролцож буй нүүрсний уурхайнууд, цахилгаан станц, шугам сүлжээний олон мянган ажилтан хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажиллаж байж эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж байдаг. Өнгөрсөн оноос манай улсад цар тахал дэгдэж, эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа талаар өдөр бүр ярьцгааж байна. Тэгвэл эрчим хүчний салбарынхан жил бүр өвлийн их ачааллыг давахын тулд өндөржүүлсэн бэлэн байдалд хагас цэргийн зохион байгуулалтаар ажилласаар ирсэн. Бид үүнийгээ улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг гэж ойлгон тэр болгон зарлаад, яриад явдаггүй, үүргээ л биелүүлдэг.
Цаашид эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх нь зайлшгүй. Хэдий хязгаарлалт тавьсан ч цахилгаан, дулааны ердийн хэрэглээ харьцангуй нэмэгдэж байна. Зарим шинээр барьж буй барилга, орон сууцыг дулаанаар хангаж чадахгүйд хүрч байна. Цахилгааны сүүлийн 10 жилийн дундаж хэрэглээний өсөлт жил бүр таван хувиас буурсангүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлч, энэ оны нэгдүгээр сарын эхний өдрүүдийн оргил ачааллын үед ОХУ-аас 200 МВт гаруй хүчин чадлыг импортоор авч давж байна. Энэ өсөн нэмэгдэх хэрэглээг хангах, ачааллын дутагдлыг хаахын тулд том хэмжээний шинэ үүсвэрийг цаг алдахгүй барьж эхлэх, ашиглалтад оруулах нь нэн чухал болж буйг харуулж байгаа юм.
Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны эхээр одоогийнхоос хэд дахин илүү хямралтай байсан. Эрчим хүчний салбар маш хүнд, хэрэглэгчдийн цахилгааныг өдөр бүр 2-3 цагаар хувиар гарган хязгаарлана. Өвлийн улирлыг давна гэдэг үнэхээрийн хүнд, эрсдэлтэй жилүүд байв. Яг энэ үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ хямдарч, Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрэх нөхцөл байдал бий болсон юм.
Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах, санхүүгийн хямралаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хугацаанд цахилгааныг тусгай хямдруулсан тарифаар өгөх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд тухайн үеийн хэрэглэгч бүр тодорхой ачааг үүрэлцсэн гэж ойлгож болно. Тийм учраас цар тахлын хөл хорионы энэ үед эдийн засгийн хямрал хамгийн хүндээр туссан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд, орлого нь багассан иргэдийн өмнөөс Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний төлбөрийг төлөх нь зүй ёсны хэрэг юм гэж үзэж байна.
–Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэнэ, нөгөө талдаа нийлүүлэлтийн хүчин чадал дутагдаж буй талаар байнга ярьсаар ирсэн. Том хэмжээний эх үүсвэрийн тухайд тавдугаар ДЦС зэрэг эх үүсвэрийг бас л ярьсаар ирсэн.
–Манай өнөөгийн станцуудын суурилагдсан хүчин чадлаар ОХУ-аас цахилгаан импортоор авахгүйгээр Төвийн эрчим хүчний систем оргил ачааллыг хаах боломжгүй. Сүүлийн 30 гаруй жил ДЦС-4-ийг ашиглалтад орсноос хойш Монгол Улсын хэмжээнд томоохон эх үүсвэр бариагүй, ихэвчлэн цахилгаан станцуудаа шинэчлэх, өргөтгөх замаар явж ирсэн. Энэ шинэчлэл, өргөтгөл нь тухайн үеийн өсөх ердийн хэрэглээг л хангах боловч томоохон хэмжээний шинэ хэрэглэгч, цаашдын хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй, чадлын дутагдалд орно гэсэн үг. Тиймээс томоохон хэмжээний шинэ эх үүсвэрийг нэн даруй, зайлшгүй барьж байгуулах шаардлагатай юм.
Одоогийн байдлаар Оюутолгойн уурхай БНХАУ-аас импортоор цахилгаан авч хэрэглээгээ хангаж байна. Энэ нь жил бүр их хэмжээний мөнгө гадагш урсаж буйн тод жишээ. Тэгэхээр эхний ээлжинд Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэсэн эх үүсвэр барих нь маш чухал. Саяхан Сонгины 220 кВ-ын дэд станцыг барьсан. Энэхүү станцыг барьснаар Дундговиос Өмнөговь руу их хэмжээний цахилгаан дамжуулах боломжтой болж байна. Цаашдаа Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барьчихвал Оюутолгойн уурхайг цахилгаанаар хангах, шаардлагатай тохиолдолд цахилгааныг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд Сонгины 220 кВ-ын дэд станцаар дамжуулан авах техникийн боломж нөхцөл бүрдэх юм.
Төвийн бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэглээг хаахад Багануур, Цайдам нуурын нүүрсний ордыг түшиглэсэн станц, Төгрөг нуурын орчимд станц барих зэрэг олон төслийг ярьж байгаа. Эдгээрээс Багануурын станцыг барьж ашиглалтад оруулах нь хамгаас чухал. Уг станцын зураг төслийг хийсэн гэж ойлгосон. Энэ станц нь нүүрсний уурхайн дэргэд, 220 кВ дэд станцаас холгүй, усны хангамж сайтай, нийслэл хоттой ойрхон гэсэн олон давуу талтай. Мөн ойрын хугацаанд төвийн системд ачааллын тохируулга хийх, усан цахилгаан станц юм уу эсвэл усан цэнэгт цахилгаан станц барьж эхлэх хэрэгтэй. Улмаар Монгол Улсыг хөндлөн тэнхлэгээр холбосон том чадлын цахилгаан дамжуулах шугамыг барьснаар баруун, зүүн бүсийг холбосон улсын хэмжээний нэгдсэн систем бий болж, эрчим хүчний хангамж найдваржиж, тогтворжино.
Манайх 1990 оноос өмнө социалист интеграцын гишүүн орон байсан бөгөөд социалист интеграцыг ЗХУ тэргүүлж, гишүүн орнуудынхаа улс ардын аж ахуйг хөгжүүлэх бодлогыг нэгтгэн зангидаж байлаа. Тухайн үед зарим социалист орны Эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөг “Электро сеть проект” институт” хийдэг байсан. Тэр зарчмаар энэ институтын баруун хойд салбарт (тухайн үеийн Ленинград хотод байсан) “БНМАУ-ыг цахилгаанжуулах схем” нэртэй Монголын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх таван жилийн нарийвчилсан төлөвлөгөөг 15 жилийн дунд хугацааны төсөөлөл дээр тулгуурлан хийсэн.
Энэ төлөвлөгөөний дагуу 2005 оны түвшинд ЗХУ-ын Хар нуурын ГРЭС-ээс (Государтсвенная районная электростанция – Улсын бүс хоорондын цахилгаан станц) 500 кВ-ын шугамыг Монгол руу оруулж, Мардай, Дархан, Хөвсгөл, Завханы Тэлмэнд дэд станц байгуулах, Тэлмэнээс Увсын Баруунтурууныг дайруулан баруун тийш 220 кВ шугамаар баруун бүсийн эрчим хүчний системийг төвийн системтэй холбох төлөвлөгөө гарган ажиллаж байсан. Энэ нь социализмын үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүүлэх хамгийн сүүлчийн, бидний ярьдгаар шинжлэх ухааны үндэслэлтэй чанарын өндөр түвшинд хийсэн төлөвлөгөө байв. Монгол Улсын хөндлөн тэнхлэгийн дагуу дээрх цахилгаан дамжуулах том шугамыг 2005 он гэхэд барихаар төсөөлж байсан.
–Одоо тэр схемээр явж байгаа юу?
–500 кВ-ийн шугамаас бусад нь зарчмын хувьд тэр схемээр явж байгаа. Энэ хооронд Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг АХБ, Дэлхийн банкны техникийн тусламжаар гурван удаа хийсэн. “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийг 2001, 2007 онд УИХ-аар батлуулсан. Өмнө нь УИХ-аар батлуулсан хөтөлбөрүүдийг нэгтгэн тодотгож, 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг УИХ баталсан. Эдгээр бичиг баримтад тусгасан үндсэн зарчмаар эрчим хүчний салбар өнөөдөр хөгжиж байна.
Одоо хэрэгжиж буй “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” нь 1990 оны БНМАУ-ыг цахилгаанжуулах оны схемтэй харьцуулахад 500 кВ-ийн шугамаас бусад нь адил зарчимтай. Тухайн үед цахилгаанжуулах төлөвлөгөөг Мардайн уран, Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглах хэтийн төлөвлөгөөтэй уялдуулж том шугам барихаар төсөөлж байсан хэрэг.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд Улаанбаатараас Улиастайн зүгт 400 кВ-ын шугам барина, Улиастайгаас баруун бүсийн эрчим хүчний системийг цааш 220 кВ-ын шугамаар холбох, зүүн тийшээ Өндөрхаанаар дамжуулан 220 кВ-ын шугамаар Зүүн бүсийн эрчим хүчний системийг холбосноор Монгол Улсын баруун, зүүн, төвийн аль ч эх үүсвэрээс их хэмжээний эрчим хүчийг хөндлөн тэнхлэгийн дагуу дамжуулах боломж бий болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэтийн төлөвлөгөө хэрэгжсэнээр манай эрчим хүчний нэгдсэн систем найдвартай ажиллах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар өмнө зүг рүү Тавантолгой хүртэл 220 кВ-ын шугам барьсан, энэ нь 1990 оны БНМАУ-ыг цахилгаанжуулах схемийн дагуу явж байгаа.
Цаашдаа Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулан, Оюутолгойд 220 кВ-ийн хувиргагч дэд станц барьчихвал Хятадын эрчим хүчтэй холбоотой ажиллах боломжийг бүрдүүлнэ. Мөн Төвийн эрчим хүчний систем рүү аль ч хөршөөсөө цахилгаан авах боломжтой болж, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал сайжрах юм. Том хэмжээний эрчим хүчний системтэй холбогдож ажиллах цахилгааныг импортоор авахаас гадна эрчим хүчний системийн горимын ажиллагааг тогтворжуулж,тасралтгүй найдвартай байдлыг хангадаг. Энэ зарчмаар ОХУ-ын эрчим хүчний системтэй холбоотой ажилладаг, цаашид Хятадын эрчим хүчтэй холбогдвол найдвартай байдал хоёр дахин нэмэгдэнэ гэж ойлгож болно.
–Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр ярьсан олон төсөл цаасан дээр, яриа хэмжээнд явсаар өнөөг хүрлээ. Тухайлбал, тавдугаар ДЦС-ыг цаашид ярихаа бүр зогсоосон уу?
–ДЦС-5 төслийг 1989 оны үед мөн л БНМАУ-ыг цахилгаанжуулах схемээр ярьж байгаад эцэст нь Багануурт ГРЭС барихаар төлөвлөгөөнд тусгасан байдаг. Тус станцыг барих шаардлага нь Улаанбаатар хотын хүн ам өссөнөөр дулааны хэрэглээ нэмэгдэнэ гэж үзсэнтэй холбоотой. Харин өнөөдөр оронд нь Амгалангийн ДЦС-ыг барилаа. Нийслэлийн зүүн хэсгийн дулааны хэрэглээг хангах станц.
Тавдугаар станцыг барихад хоёр үндсэн хүндрэл гарсан. Нэгдүгээрт, газрын асуудал гарч, ДЦС-3-ын хажууд эсвэл Хөлийн голд барина гэж ярьсаар цаг их алдсан. Хоёрдугаарт, дэлхийн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын бодлогын чиглэл өөрчлөгдсөн. Олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжилтэй орнууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй, нүүрснээс татгалзах бодлого хүчтэй явсан нь нөлөөлсөн. Тиймээс консорциумд оролцсон Франц, Япон, Солонгосын тал хөрөнгө оруулах боломжгүй болсон.
Нийслэлд том хэмжээний ДЦС барих нь хүн амын нягтрал нэмэгдэж газар чөлөөлөх асуудал хүндэрч байгаатай холбоотойгоор улам түвэгтэй болж байна. Мөн их хэмжээний нүүрсийг Улаанбаатар руу тээвэрлэх, гарах утаа, үнсийг хэрхэн зайлуулах гэх мэт асуудал бас гарч ирнэ. Өөр нэг хүндрэл нь ус. Өнөөдөр нийслэлд цахилгаан станцыг усаар хангах нь бүү хэл өсөн нэмэгдэх хүн амынхаа ундны усны хэрэглээг хангах нөөц хомсдож байгаа шүү дээ. Төвийн эрчим хүчний системд холбогдсон таван цахилгаан станц жилдээ 21 сая тонн ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Тиймээс нүүрсний уурхайг түшиглэн станц баръя, тэндээсээ цахилгаан эрчим хүчийг дамжуулан хэрэглэгчдийг хангах зарчмыг баримталж байна. Энэ нь ч зөв юм.
Цаашдаа дулаанаар хангах шинэ технологуудыг нэвтрүүлэх, ашиглахыг төрөөс дэмжих хэрэгтэй. Жишээ нь, том хэмжээний нарны дулаан хуримтлуурыг Финланд ашиглалтад оруулаад хэрэглэж байна. Мөн дулааны насосны хөрөнгө технологи сайжирч, хөрөнгө оруулалтын хэмжээ нь ч багасаж байна. Эдгээр нь ямар ч утаа гаргахгүйгээр дулааны энергийг гаргадаг технологиуд. Дулааны хэрэглээнд шингэрүүлсэн шатдаг хийг ашиглаж болно. Улам боловсронгуй болоод буй сүүлийн үеийн технологуудыг ашигласнаар заавал дулааны шугам татахгүйгээр газар дээр нь хэрэглээг шийдэх боломжууд байна.
–Дэлхий дахин нүүрснээс татгалзах бодлого явуулаад эхэлсэн. Хятад улс ч нүүрсээр ажиллуулж буй эрчим хүчний эх үүсвэрүүдээ хааж байгаа. Харин бид нүүрсээр ажилладаг станцыг Тавантолгойд барихаар шийдвэрлэсэн?
–Хүн юутай байна түүгээрээ баян гэдэг. Монгол Улсад хамгийн их хэмжээгээр байгаа эрчим хүчний нөөц нь нүүрс. Манайд аль ч төрлийн нүүрсний нөөц хангалттай бий. Эрчим хүчний хангамжийг ойрын хугацаанд шийдэх, эдийн засгийн оновчтой шийдвэр бол ДЦС барих. Уламжлалт цахилгаан станц нь утаа гаргадаг, хор нөлөө ихтэй нь үнэн. Гэхдээ орчин үеийн технологиор нүүрсний станцыг утаа багатай барих шийдлүүд бий болсон.
-Бас нэг ярьсаар ирсэн төсөл бол Эгийн голын УЦС.
–Эрчим хүчний салбарыг тогтвортой хөгжүүлэхэд урт хугацааны бодлого, төлөвлөгөө шаардлагатай байна. Дэлхийн аль ч улс оронд цахилгаан, дулааныг байгалийн хуулиар үйлдвэрлэдэг тул техник, технологи адил төстэй, өртөг зардал нь ч ойролцоо байдаг. Харин манайд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт сонгуулийн циклд орсон, бодлогын залгамж чанар алдагдсанаас шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй байна. Эрчим хүчний салбарыг хэт улстөржүүлж мэргэжлийн бус, эрчим хүчний салбарын туршлагагүй улстөрчдөөр нэг хэсэг удирдууллаа. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд эрчим хүчний салбарыг мэргэжлийн чиг баримжаатай сайд нараар удирдуулах зарчмаар ажиллаж байгаа нь дэмжүүштэй.
Эрчим хүчний салбарыг түрүүлэн хөгжүүлэх салбар гэж онцгойлон анхаардаг байсан үе бий. Өнөөдөр түрүүлүүлэн хөгжүүлэхгүй юмаа гэхэд хоцроохгүй байх хэрэгтэй байна. Манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд эрчим хүчний хангамж найдвартай байх нь хамгийн чухал юм. Одоогийн байдлаар цахилгаан, дулаанаар хангах чадал нөөцдөө тулсан, улмаар дутагдаж байгаа учир шинэ эх үүсвэрийг яаралтай барьж эхлэх нь улс орны нэн тулгамдсан асуудал болж байна.
–Ер нь манай улсын эрчим хүчний салбарын хөгжил өнөөдөр яг ямар байдалтай байна вэ?
-2001 онд УИХ-аар баталсан Эрчим хүчний тухай хуулийн гол зорилгын нэг нь эрчим хүчний салбарын бүтцийг өөрчлөх, уурхай, цахилгаан, дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээх байгууллагуудын заагийг тогтоож, харилцан хариуцлага хүлээдэг зарчим бий болгохыг зорьсон. Энэ зорилгыг богино хугацаанд хийж чадсан.
Харин салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх гэсэн том зорилгыг өнөө хүртэл бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжихгүй, хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа нэг шалтгаан нь эрчим хүчний үнийг өртгөөс нь хэтэрхий доогуур барьснаас үүдэлтэй.
Мөн одоо ажиллаж буй станцууд, шугам сүлжээг босгоход зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлыг өртгийн тооцоонд оруулдаггүй, тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд цахилгаан станц, шугам сүлжээнд олгосон гадаадын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг цахилгаан, дулааны үнийг хямд байлгах зорилгоор өртгийн тооцоонд бүрэн тусгахгүй байгаагаас эрчим хүчний үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй болж, их хэмжээний зээл авах шаардлага гарч байна.
Эрчим хүчний үнийн нийтийг хамарсан хөндлөн татаастай холбогдож нүүрсний уурхай, эрчим хүчний зарим урт хугацааны өрийг хөнгөлөх, төлөх, сэргээн босгоход зориулж улсын төсөв, зээл тусламжаас хөрөнгө гаргах зэргээр төр, засаг маш их ачаа үүрч байна. Нөгөө талдаа энэ салбарын ихэнх хувийг эзэмшигч төр үнийг хүчээр доогуур барьж буй нөхцөлд хувийн хөрөнгө оруулалт, өрсөлдөөнт зах зээл бий болох боломжгүй. Энэ чиглэлд эрчим хүчний салбарт дорвитой өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Эрчим хүчний үнийг хүчээр барьж байгаа нь хэнд ашигтай вэ. Цахилгаан, дулааны үнийг хямд байлгасны ач тусыг их хэрэглээтэй уул уурхай, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, хаус, том хэмжээтэй орон сууцанд амьдардаг төлбөрийн чадвартай ахуйн хэрэглэгчид хүртэж байна. Тиймээс цаашдаа хэрэглэгч бүр эрчим хүчний өртөг зардлыг хаасан үнэ тарифаар төлдөг зарчмыг мөрдүүлэх шаардлагатай байна.
Төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буй бол хэрэглээ, орлого багатай, төлбөрийн чадвар муутай хэрэглэгчид рүү хандсан бодлого явуулах нь зөв. Хэрэглэгчдийн энэ хэсэг рүү хандсан дэмжлэг хөнгөлөлтийг шууд эсвэл өмнөөс нь төлбөрийн тодорхой хэсгийг төлдөг зарчмыг бий болгомоор байна. Энэ зарчмыг хэрэгжүүлснээр эрчим хүчийг хямдхан байлгаж хөндлөн татаас өгдөг төрийн нуруун дээрх ачаа багасах, эрчим хүчний салбар санхүүгийн хувьд биеэ дааж ажиллах, хөрөнгө оруулалтууд орж ирэх боломж бүрдэнэ.
–Эрчим хүчний үнийг өөрчлөхөд улс төрийн зоригтой шийдвэр хэрэгтэй. Ийм Засгийн газар гарч ирэх болов уу? Учир нь иргэдээс сонголт авахын тулд эрчим хүчний үнийг хүчээр бариад байгаа?
–Эрчим хүчний хүчний үйлдвэрлэл байгалийн хуулиар явдаг тул нийгмийн хуулиар удаан хугацаагаар, хэтэрсэн хэмжээгээр зохицуулах боломжгүй. Цаашид үнийг нийтээр нь хямд байлгаж, хөндлөн дотац өгдөг зарчмаасаа татгалзах хэрэгтэй. Эрчим хүчний хямд үнээр нийгмийн халамж үзүүлдэг зарчмаасаа эрчим хүчнийхэн өөрсдөө татгалзах учиртай. Эрчим хүчний тухай хуульд зааснаар өртөг, зардлаа хаасан тариф мөрдөж алдагдалгүй ажиллаж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах үүрэгтэй гэж тусгасан. Төлбөрын чадваргүй хэрэглэгчдэд хямд цахилгаан нийлүүлэх талаар энэ хуульд ямар ч заалт байхгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол эрчим хүчний салбарын хөгжил удааширч хүндэрнэ.
-Манай сэргээгдэх эрчим хүчний хөгжил ямар байна вэ. Нэг хэсэг сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын бүүм болж байснаа одоо зогсчихсон. СЭХ-ний ирээдүй манай улсад хэрхэн харагдаж байгаа бол?
–Одоогоос 30 жилийн өмнө 2050-иад оны эрчим хүчний эх үүсвэрийг цөмийн эрчим хүч гэж ихэнх эрдэмтэн тооцоолж, энэ технологийг ашиглах бодлого барьж байсан. Чернобылийн аваар, саяхан Японд цөмийн станц цунамид өртөж аюул болсноос хойш хүн төрөлхтөн хэвийн горимд атомын ЦС-ыг ашигтай ажиллуулж чадаж байгаа эсэх,, осол аваар, хэвийн бус болсон нөхцөлд удирдах боломжгүй аюултай талтай гэж үзэх болсон. Энэ хугацаанд СЭХ-ний технологи сайжирч, үйлдвэрлэлийн зардал эрчимтэй буурсан. Германы эрдэмтдийн 2008 онд хийсэн судалгаагаар 2020-2022 оны хэмжээнд салхины эрчим хүч, 2025-2030 онд нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэ уламжлалт дулаан эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэтэй адил болно гэж тооцоолж байв.
Гэтэл энэ хооронд нарны зай үйлдвэрлэх технологи 4-5 дахин хямдарч, үр ашиг нь дээшилснээр өнөөгийн байдлаар нарны станцаас цахилгаан үйлдвэрлэх зардал, дулааны станцаас үйлдвэрлэх цахилгааны өртгөөс хямд болж, салхины станцын цахилгаан үйлдвэрлэлийн өртөг уламжлалт эрчим хүчнийхтэй адил болсон.
Үүнтэй холбоотойгоор 2050 оны эрчим хүчний эх үүсвэр нь цөмийн эрчим хүч биш, СЭХ юм байна гэдэгтэй улс орнууд санал нэгдэж, энэ чиглэлд жил бүр их хэмжээний хөрөнгө оруулж байна. Манайд ч мөн СЭХ-ний хэд хэдэн эх үүсвэр барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний тариф өндөр мэт харагддаг. Тэгвэл нүүрсээр үйлдвэрлэдэг эрчим хүчний үнэ өөрийнх нь жинхэнэ өртөг мөн үү гэдэг талаар дээр дурьдсан. Мөн СЭХ-ийг бүрэн ашиглахад зарим технологийн хүндрэл учирч байна. Жишээ нь хэрэглээ өндөр үед наргүй, салхигүй байж болно, хэрэглээ бага үед нар, салхитай байх жишээтэй. Үүнийг зохицуулж тохируулах том хэмжээний усан цахилгаан станц, усан цэнэгт тохируулгын станц хэрэгтэй болж байгаа юм. Багануурт ус хуримтлууртай том цахилгаан станц барих төлөвлөгөө 1990 оны схемд тусгагдсан байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
–Эгийн голын станц төслийг уг нь том хэмжээний тохируулгын станц гэж барихаар олон жил ярьсан шүү дээ?
–Эгийн голын усан цахилгаан станцыг барих сонирхолтой Оросын талын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж чадвал боломжтой гэж үзэж байна. Оросууд Сибирт хүйтэн уур амьсгалтай орчинд олон том УЦС барьж ашиглаж байгаа арвин туршлагатай.
Миний хувьд Байгаль нуурт үзүүлэх байгаль орчны нарийвчилсан судалгаа хийж байгаа, Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон судалгааны үр дүн нааштай байгаа, үүний үр дүнг харгалзан барина гэсэн ойлголттой байна.
-Эгийн голын УЦС Монгол Улсад яагаад хэрэгтэй вэ?
–Өвлийн их ачааллын үед ОХУ-ын Буриад улстай холбогдсон шугамаар оргил ачааллаа хаахын тулд 200 МВт гаруй цахилгааныг авч байна. Импортын эрчим хүчний үнэ хямд биш. Эгийн голын станцыг барьснаар импортын хамаарал багасна, эрчим хүчний найдвартай, тогтвортой ажиллагаа сайжирна. Мөн Төвийн эрчим хүчний системд доголдол үүсч зогссон, ОХУ-аас тасарсан үед цахилгаан станцуудыг буцаан сэргээх нөөц хүчин чадал төвийн системд хэрэгтэй. Өнөөдрийн реле хамгаалалт сайжирч байгаа ч үүнийг 100 хувь гэж ойлгож болохгүй. Төвийн систем аваараар тэг зогсох тохиолдолд Эгийн голын усан цахилгаан станц цахилгааны нөөц эх үүсвэр болох маш их ач холбогдолтой.
–Таны хувьд эрчим хүчийг хэрхэн яаж хэмнэдэг вэ? Цахилгаан, дулааныг хэмнэх, гамнах сэтгэлгээ иргэдийн дунд маш бага байна.
–Маш чухал асуулт. Эрчим хүчний үнийг хямдхан байлгаж буй нөхцөлд хэрэглэгчдийн цахилгааныг хэмнэх сэтгэлгээ бага байна. Үүнийг саяын цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлөх шийдвэрийн дараах өсөн нэмэгдсэн хэрэглээнээс харж болно. Ихэнх хэрэглэгч эрчим хүчийг ямар их хөлс хүч, өндөр үнэ цэнээр бүтээдэг тухайд ойлголтгүй байна. Энэ талаар, мөн цахилгаан, дулааныг хэмнэх нь ямар ач тустай талаар хүмүүст зөв ойлгуулах, сурталчлах ажлыг байнга хийх хэрэгтэй.
Миний бие гуравдугаар цахилгаан станцад 1980-аад оны эхээр долоон жил ажиллахдаа цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг тасралтгүй хангах нь маш хүнд бөгөөд хариуцлагатай ажил гэдгийг биеэрээ мэдэрсэн тул хэмнэж, гамнахаас өөр аргагүй байдаг. Тэр үед дөрөвдүгээр цахилгаан станц баригдаагүй, манайх хамгийн том станц, хотын хэрэглэгчдийн ихэнхийг цахилгаан, дулаанаар хангадаг байсан.
Цаашид хэрэглэгч бүхэн, хүн бүр эрчим хүч гэдэг нь олон хүний их хөлс, хүч, сэтгэлийг шингээсэн, өндөр өртөгтэй бүтээгдэхүүн гэдгийг ухамсарлаж, хэмнэх, үүний төлөө бага ч гэсэн үйлдэл хийх хэрэгтэй. Гэрлээ унтраах, шаардлагагүй цахилгаан хэрэгслийг салгаж байх, байшин, гэрээ сайн дулаалах гэх мэт. Мөн эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гарсан, үүнтэй холбоотой хэрэглэгчид зөвлөгөө өгдөг аж ахуйн нэгжүүд бий болсон, хэмнэлттэй технологиуд олноор нэвтэрч байна. Орчин үеийн цахилгааны хэрэглээ багатай техник, технологиудыг ашигладаг байх хэрэгтэй. Хүн болгоны сэтгэл, бага ч гэсэн хэмнэх үйлдэл нь нийлээд “далайд дусал нэмэр” гэдгээр их хэмнэлт болдог. Хэн хэндээ ач тустай үйл юм шүү.
Эцэст нь улсынхаа гал голомтыг сахиж цахилгаан, дулаанаар хэрэглэгчдээ хангах үйлсэд өдөр шөнөгүй зүтгэж буй эрчим хүчний салбарын хамт олон, хамтран ажиллаж байсан эрчим хүчний салбарын үе үеийн удирдлагууд, Монголын эрчим хүчний ассоциацийн гишүүн байгууллагуудын хамт олонд өвлийг өнтэй давах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлье.
Эрчим хүчний найдвартай ажиллагаа нь хэрэглэгч та бүхнээс хамаарч байдаг. Цахилгаан, дулаан маш их хөдөлмөр, хөлс хүч, өндөр үнээр бүтээгддэг үнэт зүйл гэдгийг эрхэмлэж эрчим хүчээ хэмнэлттэй, ариг гамтай хэрэглэж байхыг хэрэглэгч та бүхэндээ уриалж байна.