Шийдэл хайх цаг

tselmeg tselmeg
2019-11-13 09:20:12
Ангилал:

Санхүүгийн салбарын шийдвэр гаргагчдын албан тушаалд хариуцлага тооцох ажил намрын чуулганы үйл ажиллагаанд ирэх оны төсөв, мөнгөний бодлого, Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийн дайтай байр суурь эзэлж хэлэлцэгдлээ.

Оны эхний 10 сарын байдлаар Төв банк валютын захад 2.2 тэрбум ам.доллар нийлүүлсэн нь 2018 оны мөн үеэтэй харьцуулахад 2.4 дахин өссөн үзүүлэлт. Үүнээс зөвхөн аравдугаар сард 423 сая ам.долларын интервенц хийсэн бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2702.3, хар зах дээрх ханш 2710 төгрөгөөс буухгүй байгаа нь аравдугаар сарын дундаас эхэлсэн үзэгдэл. Цаг хугацааны хувьд FATF (Financial Action Task Force) манай улсыг мөнгө угааж, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орнуудын жагсаалтад оруулсан талаарх мэдээлэл ил болсон үетэй давхцаж буй. Мөн бусад голлох валютын төгрөгтэй харьцах ханш ам.доллартай зэрэгцэн өссөн ч тэгсгээд тогтворжсон. Монголбанкны удирдлага ханшийн огцом савлагааг түр зуурынх бөгөөд эдийн засагт валютын ханшийг өсгөх суурь шалтгаан байхгүй гэж аравдугаар сарын 13-18-нд Францын нийслэл Парис хотноо болсон FATF-ын уулзалтын дараа мэдэгдэв. Аравдугаар сарын 21-нд олон нийтэд зориулж Монголбанкнаас зохион байгуулсан “2020 оны Мөнгөний бодлогын хэлэлцүүлэг”-ийн үеэр Төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төлбөрийн тэнцлийн төлөв эерэг, гадаадын шууд хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж, гадаад валютын албан нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа ашигтай явж байна. Төсөв ч гэсэн энэ онд ашигтай гарна гэж Сангийн сайд мэдэгдсэн. Тиймээс эдийн засгийн суурь орчинд валютын ханш савлах хүчин зүйл байхгүй” гэсэн юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр есдүгээр сарын байдлаар төсөв 484.6 тэрбум төгрөг, гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Гэсэн ч энэ удаад “саарал жагсаалт”-ын сургаар валютын ханш савлаж, улс төрд л бужигнаан үүссэнээс бус гадаад орчны нөлөө бодит амьдралд төдий л анзаарагдсангүй. Fitch ratings, Moody’s өнгөрсөн сарын сүүлээр манай улсын эдийн засгийн төлвийг танилцуулахдаа зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн бөгөөд “саарал жагсаалт”-тай холбоотойгоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй.  Банк санхүүгийн салбарынхны хэлж буйгаар хөгжингүй орнуудын банкууд манай улстай аль эрт буюу 2014 онд, тодруулбал хоёр дахь удаа энэхүү жагсаалтад ороход л харилцаагаа тасалсан бөгөөд эргэж сэргээгүй байна. “Улаанбаатар анализ” тинк танкын эдийн засагч Б.Дөлгөөн “Төв банкны удирдлагуудын хэлснээр саарал жагсаалтаас болж гадаад орчны үзүүлэх нөлөөний бараг 70 хувь нь гарчихсан гэж ойлгосон” гэлээ. Харин олон улс судлаач, улс төрийн ухааны доктор Д.Уламбаяр “FATF зөвлөмж л өгөхөөс биш хориг тавидаг байгууллага биш. Гэтэл шийдвэрийг нь яг л хоригт орсон мэтээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд дэвэргэсэн. Энэ бол зөвхөн ажил хэргийн хүрээнд л хөндөх асуудал” гээд, манай гадаад харилцааны аппарат муу ажилласныг онцолсон юм.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар саарал жагсаалт дангаараа эдийн засагт учруулах эрсдэл бага. Харин төсвийн болоод төлбөрийн тэнцлийн алдагдалтай хосолбол Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт багасах, улмаар төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалт нь эдийн засагт биш харин манай улсын засаглалд өгч буй олон улсын үнэлгээ гэдгийг эдийн засагч С.Дэмбэрэл тайлбарласан юм. Монгол Улс FATF-ын техникийн 20 зөвлөмжийг биелүүлсэн атлаа үр дүнгийн дөрвөн зөвлөмжийг хангаж чадаагүй. Эдгээрт эдийн засаг, санхүүгийн гэмт хэргүүд шүүхээр шийдэгддэггүй, үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуун эдлэл болон санхүүгээс бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг салбаруудад ихээхэн хэмжээний хяналтгүй мөнгө эргэлддэг зэрэг үндэслэл орсон. АТГ-ын мэдээлснээр энэ оны хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргийн эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ 11.9 их наяд төгрөг. Энэ бол далд эдийн засгаас илэрсэн мөнгө. Бараг бүтэн жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг далд эдийн засагт алдахаас Монгол Улс сэргийлж чадахгүй байгаа учраас FATF-ын саарал жагсаалтад орсон.

Энэ оны долоо, наймдугаар сард Авсралийн Канберра, Тайландын Бангкокт болсон Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллага болох APG-ийн хурал дээр манай төлөөлөгчид техникийн болон үр дүнгийн үзүүлэлтүүдээ танилцуулаад эерэг үнэлгээ авсан. Бас өөрсдөө ч хийсэн ажилтайгаа харьцуулахад арай ч саарал жагсаалтад орчихгүй байх гэж найдаж байв. Гэвч FATF-ын гишүүд Монголыг хангалтгүй ажилласан гэж дүгнэжээ. Уг нь 37 улс л Монголын төлөө санал нэгдсэн бол уг жагсаалтад орохгүй байх байлаа. Энэ бүхний ялыг үүрч буй Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монголыг саарал жагсаалтаас авч гарч чадаагүй нь гадаад харилцаа болон хөрөнгө оруулагч компаниудад хандаж буй хандлагатай холбоотой. Исландыг Европын холбооны бүх улс өмөөрсөн бол Монголын талаар ямар ч улс дугараагүй” гэдгийг мэдэгдээд буй. Гэвч нууц санал хураалтаар шийддэг тул чухам ямар орнууд Монголын эсрэг санал өгснийг мэдэх боломжгүй. Баттай эх сурвалжийн мэдээж буйгаар манай парламентын төлөөлөгчид өнгөрсөн хавар Швейцарт айлчах үеэр тус улсын албаныхан Монголыг саарал жагсаалтад орох эрсдэлтэйг анхааруулж, FATF-ын гишүүн орнууд руу манай нэрийн өмнөөс захидал хүртэл илгээсэн аж. Гэсэн ч эдийн засаг өсөж, уруудах нь гадаад орчноос ихээхэн хамааралтай байдаг манай улс гадаад харилцаагаа эдийн засагтаа эерэгээр ашиглаж чадсангүй.

Энэ бүхний хариуцлагыг одоогоор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад үүрүүлэх нь нэгэнт тодорхой. Харин хэрэгжээгүй дөрвөн зөвлөмжид гол үүрэгтэй оролцох ёстой байсан ХЗДХЯ, СЯ, ГХЯ таг дуугүй байна. Хариуцлага тооцох нь чухал ч гэлээ одоо саарал жагсаалтаас хэрхэн гарахаа эрэлхийлэх цаг үе. Дутуу хэрэгжүүлсэн дөрвөн зөвлөмжөө шалгуулах хугацаа 2021 оны тавдугаар сар бөгөөд наана нь ирэх оны нэг ба тавдугаар сард хэрэгжилтээ тайлагнах даалгавар авсан гэдгийг СЗХ-ны Хяналт шалгалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэллээ. Монголбанкны удирдлагууд 2020 онд багтаж саарал жагсаалтаас гарах зорилттой ажиллаж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ олон салбарын нягт хамтын ажиллагааг хангаж байж урагшлах учиртай энэ ажлыг гацаах гол эрсдэл нь ирэх оны сонгууль байх магадлал хамгийн өндөр.

Ирэх онд манай эдийн засагт тулгарах гадаад сорилт их бий. Хоёр гүрний худалдааны дайн, нүүрс болоод ашигт малтмалын голлох түүхий эдүүдийн үнэ уруудна гэж шинжээчид таамаглаж, ОУВС, Дэлхийн банкууд манай эдийн засгийн төлвийг бууруулаад буй. Энэ бүхэн 2020 оны дэндүү өөдрөг төсөөлсөн төсвийн орлого болоод сонгуулийн синдром нүүрлэсэн төсвийн зарлага хоёрын зөрүү улам тэлж болзошгүй гэсэн үг. Хэрэв төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал зэрэгцвэл тэр цагт саарал жагсаалтаас гарч чадаагүйн балаг илүү томоор тусаж мэдэхийг эдийн засагчид анхааруулсан. Тиймээс намнах ажиллагаа явуулахаас илүүтэй богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, улс орныхоо нэрийг цэвэрлэж авахад шийдвэр гаргагчид үйл хэргээ чиглүүлж, улс төржилтөөс ангид байлгамаарсан.

Байр суурь:

З.Нарантуяа (УИХ-ын гишүүн):FATF-ын зөвлөмж бол далд эдийн засгийг илрүүлээд гаргаад ирсэн ч бүртгэх, хянах тогтолцоо байхгүйг хэлээд байгаа юм. Далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө нэг бол улсын төсвөөс хулгайлсан эсвэл байгалийн баялагийг хууль бусаар олборлож, оффшорт хадгалсан мөнгө байгаа. Хэдхэн хүний гар дамжин эргэлдэж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн ил болгох ажил огт хийгдэхгүй байна. Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй 18 төрлийн гэмт хэрэг байдаг ч Эрүүгийн хуульд эдийн засаг, санхүүгийн гэмт хэргийн тодорхойлолт хангалтгүй, зүйлчлэх зүйл анги цөөхөн учраас хууль бус мөнгөний гүйлгээнд хариуцлага тооцож чадахгүй байна. Тиймээс эдийн засгийн, санхүүгийн гэмт хэргийн тодорхойлолтыг сайжруулах хэрэгтэй байна.

Д.Уламбаяр (ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор):2001.09.11-ний үйл явдлын дараа FATF-ын байр суурь нэмэгдсэн. Үүнд АНУ-ын нөлөө маш их орсон бөгөөд оффшор бүс гэгддээг Швейцарын банкууд ч гэсэн санхүүгийн маш олон зүйлийг ил тод болгосон. Нөгөөтэйгүүр 2016 онд Панамын баримт бичгүүд дэлгэгдсэн нь мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх асуудал бүр ч эрчтэй яригдаж байна. Энэ удаад Монголтой хамт Исланд, Зимбабве улс “саарал жагсаалт”-д орсон. Зимбабве бол ойлгомжтой. Харин Исландыг Европын холбоо тэр чигээрээ өмөөрсөн. Исланд нь Европын холбооны гишүүн биш боловч Норвеги, Швейцар, Лихтенштейнтэй адил Европын чөлөөт худалдааны гишүүн. Тиймээс ч нэр хүндтэй байдаг.

Нөгөөтэйгүүр, FATF-ын шийдвэр манайд хэр зэрэг нөлөөлөх эсэх нь идэвхтэй яригдаж байна. FATF-ын ажиглагч гишүүнээр Дэлхийн банк, ОУВС, АХБ зэрэг манай донор байгууллагууд бий. Тиймээс FATF-ын үнэлгээг хэрхэн харах нь эдрээг байгууллагын үзэмжийн асуудал. Манай улс энэ далимыг ашиглан санхүүгийн салбараа цэвэрлэж, ажлаа сайжруулбал донорууд таатай хүлээж авна. Олон улсын ийм том байгууллага манай улсын нэр хүнд, гадаад харилцаатай холбоотой асуудал хэлэлцэж, шийдвэр гаргаж байхад Парист Монголын бүхэл бүтэн ЭСЯ юу ч хийсэнгүй. Зүй нь Элчин сайд ярилцлага өгч, лобби үүсгэх, гишүүн орны хувьд хуралд ажиглагчаар сууж, манай асуудлыг хэрхэн хэлэлцэж байгааг харах ёстой байсан.

Б.Дөлгөөн (“Улаанбаатар анализ” тинк танкын эдийн засагч):Энэ үйл явдлаас хоёр сургамж авч байна. Юуны өмнө гадаад харилцаагаа ашиглан гишүүн улс орнуудтай харилцан дэмжлэг үзүүлэх замаар яриа хэлэлцээ хийсэн бол “саарал жагсаалт”-д орохгүй байх боломж байсан байх. Удаах нь, энэ үйл явдлаас болж нэлээд өргөн хүрээтэй үйл ажиллагаа өрнөж, энэ завсар улс төрөө ч хийх байх. Гэхдээ олон нийтийн анхаарал төвлөрсөн байгаа энэ үед үр дүнд хүрээгүй шалгуурууд дээр ажиллах ёстой байсан байгууллага, институтуудын үйл ажиллагааг сайжруулж, санхүүгийн салбарын идээ бээрийг шахаж, цэвэрших нь чухал. Тэгэхгүй бол хийсэн нь ял үүрч, юу ч хийгээгүй нь хариуцлагаас мултарвал харамсалтай. Бид 1-2 жилийн дараа энэ чигээрээ байхгүйн тулд холбогдох байгууллагуудыг шахаж, хариуцлагажуулах хэрэгтэй.

tselmeg tselmeg