Шилжилтийн хөшүүрэг-хөрөнгө оруулалт

Avatar B. Misheel
2020-01-17 11:30:24
Ангилал: Mongolian Economy

Дэлхийн эдийн засаг сүүлийн 25 жилийн хугацаанд дөрөв дахин өссөн ч байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт дэлхийн экосистемийн 60 хувь тогтворгүй болоход нөлөөлжээ. Тогтвортой хөгжил болон ядуурлыг бууруулахад ногоон эдийн засаг гол байр суурь эзлэнэ хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, манай улс ч энэ давалгаанд нэгдэж Ногоон хөгжлийн бодлогоо баталсан. Гэвч Монгол Улсын ногоон хөгжлийн нийт үзүүлэлтийн үнэлгээ доогуур байгааг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна. АНУ-ын “Дуал ситизен” ХХК улс орнуудын ногоон эдийн засгийн үзүүлэлтийг манлайлал ба уур амьсгалын өөрчлөлт, үр ашгийн салбарууд, зах зээл ба хөрөнгө оруулалт, байгаль орчин гэсэн дөрвөн асуудлын хүрээнд жил бүр гаргадаг бөгөөд Монгол Улс өнгөрсөн онд 130 орноос 120 дугаарт эрэмблэгдсэн байна. Харин Ногоон эдийн засгийн холбооноос манай улсын ногоон эдийн засаг руу шилжих үйл явцыг 10-аас 3 оноогоор үнэлжээ. Хэдий тийм ч ногоон эдийн засагт шилжихэд урт хугацаа шаардлагатай. Манай улс энэ чиглэлийн бодлогоо батлаад дөнгөж таван жилийн нүүриийг үзэх гэж байна. Энэ хугацаанд тус бодлогын зургаан стратегийн зорилтын хүрээнд БОАЖЯ-аас дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 

Бодит ажлууд: 

  • Байгаль орчинд ээлтэй, нөөцийг хэмнэлттэй ашигласан, орчны бохирдлыг багасгах, байгальд халгүй 41 төрлийн тоног төхөөрөмжийг орлогын албан татвараас чөлөөлж 2018 оны байдлаар нийт 16 ААНБ-ыг 33 тэрбум төгрөгт ногдох татвараас чөлөөлсөн 
  • Модны импортод татварын хөнгөлөлт эдлүүлснээр 1645 га ой модыг устгалаас урьдчилан сэргийлж хамгаалсан 
  • Гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад жилийн 8-9 хувийн хүүтэй ногоон зээлийг ХААН, Хас, Төрийн зэрэг гурван банкаар энэ оны наймдугаар сараас иргэдэд, аравдугаар сараас ААНБ-д эхлэн олгож эхэлсэн 
  • Монголын ногоон санхүүгийн корпораци (MНСК) байгуулах бэлтгэл ажлыг хангаж НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн  
  • “Байгаль орчинд ээлтэй технологи нэвртрүүлсэн иргэн, ААН, байгууллагыг урамшуулах журам”-ыг шинэчлэн боловруулж батлуулсан бөгөөд нөөцийг хэмжнэлттэй, зохистой ашигласан, агаар орчны бохирдлыг бууруулсан, хүлэмжийн хийг бууруулж, эрчим хүчний хэмнэлт хийсэн байгууллага, иргэнд “Ногоон гэрчилгээ”, бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгохоор заасан 
  • “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд 6000 орчим хүнийг мэргэшсэн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамруулж, ISO 14001 стандартыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж нийслэл болон долоон аймгийн 228 аж ахуйн нэгж байгууллагын 254 хүнийг сургахын зэрэгцээ нийт 292 ЕБС, цэцэрлэгийг эко сургууль хөтөлбөрт хамруулсан 

 

Ногоон эдийн засгийн үзүүлэлт

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлээс 2018 онд гаргасан бодлогын дүн шинжилгээний тайланд ногоон эдийн засагт шилжиж буй нь аюулгүй усны эх үүсвэрт холбогдсон хүн амын тоо буурч байсныг зогсоож, ариун цэврийн байгууламжид холбогдсон хүн амыг өсгөхийн зэрэгцээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж байгаа зэрэг эерэг өөрчлөлтүүдүүдийг үзүүлж буйг онцолсон. Мөн тус тайланд Монгол Улсын хөгжлийн загвар дээр тулгуурлан барилга, эрчим хүч, ус ба хог хаягдал гэсэн дөрвөн салбарт ДНБ-ий 2-4 хувийг зарцуулахад гарах үр дүнг таван хувилбараар гаргаж харьцуулсан нь ногоон хөрөнгө оруулалтын ач холбогдлыг тодорхой харуулжээ.  

НҮБ-ын Орчны хөтөлбөрийн судлагаагаар ХАА, эрчим хүч, ойн аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, усны менежмент зэрэг гол салбарт ДНБ-ий хоёр хувийг 2050 он хүртэл зарцуулж чадвал ногоон эдийн засагт шилжих мөрөөдөл биш болно гэжээ. Монгол Улсын байгалийн нөөцийг хамгаалах болон нөхөн сэргээхэд зарцуулсан хөрөнгө оруулалт 2012-2015 оны хооронд 26 хувиар өссөн ч 2016 онд 13 хувиар буурсныг “Монгол Улсын ногоон эдийн засгийн барометр” тайланд дурдсанГэвч мэдээлэл, судалгаа дутмагийн улмаас сүүлийн гурван жилд Монгол Улсын ногоон эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхойгүй байна. Энэ мэтчилэн ногоон эдийн засгийн гол шалгуур үзүүлэлтүүд болох Засгийн газрын ногоон худалдан авалтын хэмжээ, шинжлэх ухаан, технологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн ДНБ-д эзлэх хувь зэрэг мэдээлэл мөн тодорхойгүй байгаа нь ахиц дэвшлийг хэмжихэд бэрхшээл болж буй. Шинэ бодлого, хуулиуд болон олон улсын санаачлагуудад идэвхтэй оролцох нь шилжилтийн үед чухал байдаг ч дангаараа хангалтгүй тул хэрэгжилт, бодит үр дүнд анхаарах хэрэгцээ буйг дээрх тайлангууд харуулж байна. 

Тогтвортой болон ногоон хөгжлийн ойлголтоор иргэдийн дунд 2016 онд явуулсан судалгаанд хамрагдагсдын 56 хувь энэ талаар сонсож байсан буюу тодорхой хэмжээний мэдлэгтэй гэж хариулсан бол дадал зуршлын хувьд ус, цахилгаанаа хэмнэх, хогоо ил задгай хаяхгүй гэх зарчмыг хамгийн өргөн баримталдаг бөгөөд өөрсдийн оролцоо болон үйл ажиллагаагаараа тогтвортой хөгжлийг хангана гэдгийг ухамсарласан эерэг хандлагатай байжээ. Ногоон хөгжил нь зөвхөн байгаль орчны хамгаалал бус хүмүүсийн амьдралын чанар, нийгмийн тэгш байдал, үйлдвэрлэл, нөөцийн зохистой хэрэглээ зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан төр, хувийн хэвшил ба иргэдийн хамтын оролцоогоор биеллээ олох зорилго юм 

 

Avatar

B. Misheel