Шинэ Ховд-Шилдэг аймаг

Mongolian Economy
2021-07-02 15:32:33
Ангилал:

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 2020 оны “Шилдэг аймаг” шагналыг гардан авах үеэрээ тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт 

Ховд аймаг 2020 оны “Монгол улсын шилдэг аймаг”-аар тодорлоо. Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жил бүр нийслэл, салбарын яамд болон 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг. Ховд аймаг 2019-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 290 гаруй бүтээн байгуулалтын ажил хийж тэргүүн байранд шалгарчээ.

Тус аймаг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар баруун бүсийн нийслэл болох зорилт тавьж, “Шинэ Ховд-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд буй. Хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийн 29, ХАА-н үйлдвэрлэлийн 13, дэд бүтцийн ес, үйлчилгээ аяллын найм, нийгэм, хот хөгжлийн найм зэрэг нийт 67 төсөл хэрэгжих юм.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВТ усан цахилгаан станцын мега төсөл, Ховд-Эко цементийн үйлдвэр, Шинэ-Ховд олон улсын нисэх онгоцны буудал, Газрын тос боловсруулах үйлдвэр, Олон улсын тээвэр-ложистикийн төв гэх мэт томоохон бүтээн байгуулалт хийгдэх төлөвлөгөөтэй.

Аймгийн Засаг Дарга Б.Дүгэржав “2021 оны тавдугаар сард Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” хэмээснээс гадна өнгөрсөн онд эхлүүлсэн Ховд-Эко цементийн үйлдвэр ашиглалтад орох талаар дурдсан. Түүнчлэн баруун бүсийн аймгуудын малын гаралтай түүхий эдийг боловсруулах цэвэрлэх байгууламжийн  ажил дуусч, тоног төхөөрөмжийн угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байгааг мэдээлсэн юм.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Энэ төсөл бол баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой. Үнэ тарифыг тав дахин бууруулж, эрчим хүчний тусгаар тогтнох төсөл” гэж онцолсон.

Харин Ховд-Эко цементийн үйлдвэрийн тухайд барилгын суурь босгох ажилд 40 гаруй бүрэлдэхүүн, 300 орчим хүн ажиллаж байна. Ажилчдын 80 орчим хувь нь орон нутгийн иргэд аж. Уг үйлдвэр байгуулагдсанаар 300-аад хүн ажлын байраар хангагдаж, баруун бүсийн цементийн хэрэглээг бүрэн хангах  бололцоо бүрдэнэ.

Шинэ-Ховд хөтөлбөрийн төслүүд хэрэгжсэнээр ажилгүйдэл буурч, 2500 хүн байнгын, 1400 хүн түр ажлын байртай болно. Мөн аймгийн эдийн засаг чадавхжиж, ДНБ-ий хэмжээ өсөх, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Цаашлаад Ховд аймаг олон тулгуурт, бие даасан эдийн засгийн ногоон хөгжлийн загвар аймаг болох алсын харааг дэвшүүлээд буй.

 

 

 

Mongolian Economy