Ш.Нэргүй: Аялал жуулчлалын салбарт тоглолтын дүрэм хэрэгтэй байна

Д.Бэхбаяр
2023-05-26 11:22:04
Ангилал: Эдийн засаг

“Нью жуулчин турс” компанийн Ерөнхийлөгч Ш.Нэргүйтэй ярилцав.

Ковид дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг хэрхэн өөрчилсөн талаарх асуултаар ярилцлагаа эхэлье.

-Ковид нь дэлхийн аялал жуулчлалын түүхэнд байгаагүй том гамшиг болсон. Хоёр жил хагас тэг зогсолт хийж, эдийн засгийн том цохилтод орж түүнээсээ бүрэн гараагүй байна. Энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын хүний нөөц өөр салбар луу шилжсэн. Мөн аялал жуулчлалын зах зээлд маш их өөрчлөлт орсон. Тухайлбал, бөөнөөрөө, олуулаа аялдаг байдал багасах хандлагатай болж байна.

Ковидын дараах аялал жуулчлалын чиг хандлага цахим руу эрчимтэй шилжиж байна. Энэ бол манай салбарт гарсан хувьсал, том өөрчлөлт юм.

Энэ нь өрсөлдөөнийг бий болгож, өртгийг хямдруулан аяллын захиалгыг хялбаршуулж байна. Ковидын үед том компаниуд эдийн засгийн хямралд орж, компаниа дахин босгож, эмхлэх шаардлагатай тулсан. Дампуурсан компани ч олон улсад олон бий. Тэгэхээр орон зай гарч, компаниуд, шинэ старт-апууд борооны дараах мөөг шиг олноор гарч ирж байна. Шинэ эрэл хайгуул, шинэ бүтээгдэхүүн гаргах нь бодит өөрчлөлт болоод байна.

-Дэлхийн аялал жуулчлалын салбарын энэ том хувьсал манайд хэр байна вэ?

-Энэ үзэгдэл манай улсад ч адилхан явагдаж байна. Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлнэ, бодлогын түвшинд өөрчлөлт хийнэ, нэг сая жуулчин авна, зарим орны визийг хөнгөлж, агаарын тээврийг либералчилна гэж том зорилтууд дэвшүүлсэн нь ойрын жилүүдэд аялал жуулчлал хүчтэй хөгжих эхлэл болж байна. Тиймээс аяллын шинэ компаниуд олноор байгуулагдсан. Тиймээс бид уламжлалт бүтээгдэхүүнээ өөрчлөх бодит нөхцөлтэй туллаа. Олон компани гарч ирснээр тогтсон хандлагыг өөрчилж, шинэ хандлага, чиглэл рүү явах нөхцөлийг бүрдүүлж байна.

Цахим аялал жуулчлал давлагаалж, интернэтээр захиалга хийдэг боллоо. Хуучин шиг хотын түгжрэлд аяллын компаниуд руу очих ямар ч шаардлагагүй болж байна шүү дээ. Нэг тогтсон загварт баригдаж, захиалга үүсгэдэг байсан бол одоо гэртээ, ажил дээрээсээ захиалгаа хийгээд баталгаажуулчихаж байна. Цаг хугацаа, орон зайг маш их хэмнэж байна.

-Тэгвэл ковидын дараа жуулчид юу үзэж, хаагуур аялах хандлагатай болсон байна вэ? Ер нь жуулчдын сэтгэхүйд ямар өөрчлөлт орсон бол?

-Нутгийн иргэдийг түшиглэсэн эко аялал жуулчлалыг түлхүү анхаарч эхэллээ.

Жуулчид төвлөрсөн суурин газрууд руу аялах бус, олонд төдийлэн танигдаагүй улс орнууд руу аялах сонирхол илүүтэй байна.

Ийм улс орнууд бол эко, нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалын загвартай байдаг. Тогтсон суурин амьдралаас залхаж, энгийн, байгаль зан заншлыг түшсэн амьдралыг илүүд үзэж байна гэсэн үг.

Монгол Улсын аялал жуулчлалын үнэ цэн дэлхийд улам өссөөр байна. Харин бид үүнийгээ хэрхэн яаж чанаржуулж, сайн сурталчлан таниулах вэ гэдэгт анхаарах нь манай салбарын хамгийн том зорилт.

-Монгол Улсын энэхүү үнэ цэнийг хэрхэн боломж болгож, дэлхийд гарах вэ?

-Цаг хугацаа шаардсан асуудал. Бид үндсэндээ 30 жил Монгол Улс гоё, сайхан байгальтай, түүхтэй гэж ярилаа. Одоо бид Монголын ялгарлыг жинхэнээсээ гаргаж ирэх цаг ирлээ. Ялгарлыг бий болгочихоод түүнийгээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох шаардлагатай. Монгол хоолоо сайтар сурталчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арвин баялаг түүхээ аяллын бүтээгдэхүүн болгомоор байна.

Ихэнх улс орны аялал жуулчлал нь домог, бүтээн байгуулалт, технологи гэсэн зарчим дээр тулгуурладаг.

Олон улс оронд түүх нь бага байдаг. Гэтэл бид түүх, хосгүй өв соёлоор баян улс. Нүүдлийн загвар, том түүхийн соёлтой. Нүүдлийн амьдралын хэв маягаа хадгалж үлдсэн улс. Энэ л ялгарал.

Манай залуус аяллын маршрут гэж их ярьдаг. Маршрут гэдэг нь нэг газраас нөгөө газар хүрэх замыг хэлнэ. Аяллын маршрут бий болголоо л гээд байдаг. Тэгвэл тэр маршрутаар зорин очсон газарт үзэх юм байна уу? Юу байна вэ? Бодох асуудал. Улсын их баяр наадмаар стадион дүүрдэг. Жуулчид нь багтахгүй. Бусад цагт хоосон. Өөр улсуудад ийм талбайгаа орон нутгийн иргэдийн оролцоотойгоор байнгын ажиллагаатай, жуулчдын хөлхсөн соёлын арга хэмжээ болгоод хийчихдэг. Өдөрт хоёр тоглолттой, хэн ч үзэж болно гэдэг ч юм уу. Монгол хүн ч өөрсдөө үздэг байдлаар зохион байгуулсан байдаг. Аяллын үзвэрүүдээ хөгжүүлэхдээ дарааллаа эрэмбэлэх, нэг жилд нэг бүтээгдэхүүн бий болгож хөгжүүлээд явах нь ач холбогдолтой.

Ер нь ямар ч үзвэр үйлчилгээг бий болгож болно. Хамгийн гол нь үүнийгээ хэрхэн яаж олон улсын зах зээлд хүргэх вэ гэдэг нь нарийн чимхлүүр ажил. Гадаад сурталчилгаа нэг л сувгаар явах хэрэгтэй. Өнгөрсөн жил Дэлхийн нүүдэлчдийн соёлын наадам гэдэг арга хэмжээг Тэрэлжид хийлээ. Ийм арга хэмжээг нэг удаа нүсэр хийхээс илүү байнгын, тогтмол болгомоор байна. 21 аймаг заавал орох албагүй, гол үндэстэнгүүдийн ёс заншлыг харуулсан бэсрэг наадам хэлбэртэйгээр тогтмол болговол жуулчид байнга очдог болно. Нэг удаагийн арга хэмжээнд өчнөөн мөнгө цацаад орхих нь үр дүн муутай.

Монгол хүнийг морьгүй төсөөлдөггүй. Миний сэтгэлдээ хамгийн гундуу явдаг зүйл бол бидэнд гадныханд үзүүлчих дорвитой морины шоу байдаггүй. Солонгосын Чэжү аралд хүртэл мориор аяллын бүтээгдэхүүн бий болгочихсон, морин үзүүлбэрээр жуулчдыг маш их татаж, тэнд нь монгол хүмүүс ажиллаж байхад манайд ийм төрлийн шоу одоог хүртэл байхгүй байна.

Аялал жуулчлал бол хэлэхэд амархан ч бүгдээрээ оролцож, нийтээрээ хөдөлж байж амжилтад хүрдэг бинес. Түүнээс ганц хоёр хүн яриад үр дүнд хүрэхгүй. Эдгээрийг хийхэд заавал их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахгүй. Бид л энгийн амьдарч буй орчноо аяллын бүтээгдэхүүн болгох нь чухал юм. Гол нь судлаач, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, маркетингийнхантай хамтраад баг болж ажиллах хэрэгтэй.

Монголын уул, ус, ургамал, амьтан жуулчдыг татах нэг нөхцөл мөн. Гэхдээ жуулчдыг ирсэн хойно нь тэдэнд ямар дурсамж үлдээх вэ гэдэг нь асуудал болчихоод байна. Монголд аялснаар би ямар дурсамжтай үлдэв гэж жуулчид өөрөөсөө асууна. Тиймээс жуулчдын сонирхол татсан үзвэр үйлчилгээг бий болгох л хэрэгтэй байгаа юм. Харин Чингис хааны музейг байгуулснаар бид жуулчдад хэлэх, үзүүлэх юмтай боллоо. Чингисийн музей шиг үзвэр бий болгосон байгууллагуудыг системтэйгээр дэмжих хэрэгтэй.

-Танай салбар Аялал жуулчлалын тухай хуулиа батлуулаад удаагүй байна. Хуультай болсноор салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

-Хууль маань олон жил дуншиж байж батлагдлаа. Анхны өргөн барьсан хуулийн төсөл нэлээд шүүмжлэл дагуулсан. Сүүлд нь хувийн хэвшлийн төлөөлөл нийлээд төсөл дээр ажилласан. Монголын аялал жуулчлалыг урагш нь явуулах хэмжээний хууль батлагдсан эсэхийг би одоогоор сайн мэдээгүй байна. Хууль гарснаар бүх зүйл сайхан болчихгүй. Хуулийг дагасан журам зааврыг оновчтой сайн хийж мөрдүүлэх ёстой. Аялал жуулчлалын амин чухал зүйл нь хамтын ажиллагаа байдаг.

Бид бүгдээрээ хамтарья, нэгдье гэж 30 жил ярилаа. Алунгоо эхийн эв нэгдлийн таван сумны сургаал бол аялал жуулчлалын салбарын философи лоозон байх ёстой.

Эвт шаазгай буга барина гэх мэт Монголын зүйр үгс манай салбарын алсын хараа, бодлого байх ёстой.

Бид хоорондоо нэгдэж хамтарч ажиллаж чадахгүй байна. Энэ нь монгол хүний ясны зан байх. Нэг сайд, дарга хэлээд нэгдчихгүй. Төрийн бодлогоор ажлын уялдаа холбоог уях замаар нэгдэх нийлэх, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

Зөвлөмж заавруудыг нэг зүгт хандуулах нь зүйтэй. Аялал жуулчлал бол багийн тоглолт. Хөлбөмбөгөөр жишээ татахад багийн гишүүд нь бөмбөгөө өөр өөр зүг рүү өшиглөөд явбал юу болох вэ? Манай аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр хүн бүр өөр өөрийнхөө дүрмээр явж байна. Өртгийн сүлжээ, хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг бий болгох нь хамгаас чухал байна. Би хувьдаа энэ асуудлыг бий болгоход хугацаа хэрэгтэй гэж боддог. Энэ ойлголтыг бий болгож чадаагүй үед аялал жуулчлалын хөгжил ярихад хэцүү. Хамт сууж ойлголцох асуудал. Жуулчны бааз, зочид буудал, малчид, соёл урлагийн газар нь ямар үүрэгтэй юм гэх мэтчилэн бүгд нэг дүрэмтэй болж, нэг ойлголтоор явмаар байна.

-Аялал жуулчлалын үнэ инфляц, зах зээлийн өсөлтийг дагаад бас өссөн үү, хэр өссөн бол?

-Манай салбарын бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Зарим нь бодит эдийн засгийн нөхцөл байдлаас болж, нөгөө хэсэг нь зохиомлоор өсгөж байна. Зохиомлоор өсөж буй үнэ нь Монгол Улсын аяллын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх үнийг хязгаарлаад байна. Хэдийгээр хувийн компани ч олон улсын зах зээлд оруулж буй хувь нэмэр нь байгууллагын өөрийнх нь үйлчилгээ, үнээс их хамаардаг. Европын орнуудын аялал жуулчлалын компаниудын хоорондоо тохиролцсон нэг тохиролцоо байдаг. Яаж ч үнэ нэмэгдсэн тухайн жилдээ таван хувиас илүү нэмэхгүй гэсэн тохиролцоотой. Гэтэл манай зарим үйлчилгээний салбар үнээ 60 хувиар нэмэхээр зарласан. Ингэж үнэ огцом өсөхөөр бид олон жуулчин авч чадах уу? Үйлчилгээгээ сайжруулж чадаагүй байж үнээ ингэж огцом нэмэхээр Монголд аялал жуулчлал хөгжих үндэс байхгүй. Аялал жуулчлалын өртөг сүлжээний нарийн ойлголтуудыг ойлгох хэрэгтэй. Аялал жуулчлал бол худалдааны том систем. Үүнийг ойлгохгүйгээр зөвхөн өөрийн үйлчилгээгээр хараад төсөөлөөд явах боломжгүй.

Би өнөөдөр аяллын компанитай байя гэж бодъё. Зочид буудал үнээ 60 хувиар нэмчихлээ. Жуулчны бааз 60 хувиар, үзвэр үйлчилгээний газрууд ч үнээ өсгөлөө. Одоо бид олон улсын зах зээл дээр өрсөлдөнө. Бусад орны аяллын үнэ 3000, Монголынх 4000 ам.доллар бол жуулчид аль орныг сонгох вэ? Мэдээж 3000 ам.доллар нь сонгогдоно. Харин 4000 ам.доллараар үнэлж буй тохиолдолд бусдаас илүү чанартай үйлчилгээтэй, жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүнтэй байх ёстой. Олон улсын зах зээлийн үнээс өндөр үнэ сонгоод Монгол Улсад ирсэн жуулчдад бид өнөөдөр чанартай сайн үйлчилгээ, дурсамж дүүрэн аяллын бүтээгдэхүүн санал болгоод явуулж чадаж байгаа бил үү? Монголын системийн хувьд оролцогчдын дүрэм журам тодорхой болоогүй, чиг чигээ харсан, өөрөөр хэлбэл, нэг зохицуулалтад ороогүй байна. Эдгээрийг бодлого, эрх зүйн үндэслэлээр л зохицуулагдах шаардлагатай.

-Манайд аялал жуулчлалыг бүгд хийж чадах мэргэжил, бизнес гэж хардаг. Тэрэлжийн аль нэгтээ хэдэн гэр бариад л жуулчин авчихна гэж ойлгодог. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Аялал жуулчлал нь өөрөө сонирхолтой мэргэжил. Барилгын инженер хүн бэлэн норм стандартаа л барих ёстой. Үйлдвэрийн хүн технологио л мөрдөнө. Аялал жуучлал бол онолоос илүүтэй практикт түшиглэж явдаг ажил. Онолоос бий болдоггүй, амьдрал дундаас зохицуулалт хийх шаардлагатай болдог. Аялал жуулчлалын салбарын ажилтнуудын гол хэмжүүр туршлага, дадал л байдаг.

Манай их дээд сургуулиудын сургалт ихэнхдээ онолын талдаа. Ялангуяа аялал жуулчлалын сургуулиудын гол зүйл практик, дадал байх ёстой. Буудлын үйлчлэгчид ажлыг нь зааж өгөхийн тулд би өөрөө мэддэг,  сурсан байх ёстой. Хоосон мэдэмхийрвэл хүнийг яаж сургах юм. Үйлчилгээний салбарын талаар мэдлэг туршлага хуримтлуулж байж бусдыг удирдана. Жуулчдаа Өмнөговь аймгийн малчин Доржийнд очиж морь унуулахын тулд Доржийгоо сайн судална. Ямар хүн юм, морь нь догшин юм уу, ямар зантай морь юм гэх мэтийг судалж мэдэж байж жуулчнаа явуулна. Мэдлэг мэдээлэл авах, туршлага, дадалтай болохын тулд тодорхой хугацаа шаарддаг мэргэжил. Гэтэл зарим хүмүүс амархан бизнес мэтээр ойлгож, үүнээс үүдээд ерөнхий системүүдийг хялбар шийдэх гээд яваа нь анзаарагддаг.

-Сүүлийн үед аялал жуулчлалын салбарт хөгшин, залуус гэсэн хандлага гарч ирээд байгаа гэж компаниудын мэргэжилтнүүд ярьж байна. Та ч бас эв нэгдэл чухал байна, Алунгоо эхийн сургаал аялал жуулчлалын салбарын лоозон байх ёстой гээд цухалзуулаад байх шиг байна. Ер нь зөвхөн аялал жуулчлалын ч бус бүх л салбарт хөгшин, залуусын асуудлыг ярьж байна.

-Хамтдаа урагш алхаж байж хөгжинө гэж боддог. Туршлага дадлага, түүх, ноу-хауг үүрсэн хууччуулынхаа санал бодлыг сонсох, нөгөөтээгүүр инновац, дэвшилтэт технологийг залуусаасаа сонсож мэдэх ёстой. Харилцан бие биенээ нөхөж хамтдаа урагшлан зөв хөгжих учиртай. Хамтын ажиллагаа гэдэг нь талцахдаа гол нь биш. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үг бий. Ур чадварыг практикаар олж авдаг.

Миний хувьд аялал жуулчлалд жаахан шүүмжлэлтэй ханддаг зүйл нь 4М-ийг засах ёстой гэж үздэг. Нэг, мэдлэггүй байна. Хоёр, мэдээлэлгүй байна. Гурав, мэдрэмжгүй байна. Дөрөв, мэдэмхий байна. Энэ дөрвөн зүйл манай салбарт бий. Ямар ч ойлголт, мэдээлэлгүй хүнтэй юм ярихад хэцүү. Жуулчны бааз дээр очиж үзээгүй, жуулчны баазын зовлон жаргалыг мэдэхгүй, ойлгохгүй хүнтэй асуудал ярихад хүнд. Ингэх, тэгэх ёстой гээд өөрийнхөөрөө зүтгээд байвал хэцүү биз дээ. Мэддэг хүнтэй ярихаар өөр шүү дээ.

Аялал жуулчлал гэхээр хурал хийж, үзэсгэлэнд орчихоор болчихдог эд гэж ойлгоод байдаг. Аялал жуулчлал бол миний дээр хэлсэнчлэн худалдаа. Худалдаа нь өөрийн дүрэмтэй. Аялал жуулчлалын нарийн мэргэжлийн хүн манайд дутагдалтай байгаа. Дотоодын хэдэн сургууль төгссөн хүмүүс аяллын менежер хийгээд явж байна. Гэвч дотоодын сургуулиуд аялал жуулчлалын тухайлбал, өртгийн сүлжээний нарийн ширийнийг заадаггүй.

Жишээ нь, дэлхий нийтэд 15 хүн нэг баг болоод явахад нэг хүн үнэгүй байдаг. Буудал, онгоц ч адил. Гэтэл Монгол Улс ганцаараа ийм зүйл мэдэхгүй.

Аяллын компаниуд нэг хүнийхээ зардлыг нэмж суутгадаг. Тэр нэг хүн нь хөтөч орчуулагч юм. Аялал жуулчлалын ийм нарийн зүйлсийг мэддэг нь манайд цөөн. Мэргэжлийн хүмүүс байхгүй учраас ийм асуудал гардаг. Өөр нэг жишээ хэлье. Нэг хүнийг манай зочид буудал, жуулчны баазуудад буулгахад 100 ам.доллар, 100 хүн буулгасан ч 100 ам.доллар, 1000 хүн буулгасан ч 100 ам.доллар л байдаг. Аж ахуйн наад захын мэдлэгтэй хүн бол 1000 хүн авахад нэг хүний үнээ 80 ам.доллар руу буулгана шүү дээ. Аялал жуулчлалын боловсрол үнэхээр дутагдалтай. Аялал жуулчлалын бизнесийн нууц бол уян хатан урамшууллын систем юм.

-Засгийн газраас энэ онд нэг сая жуулчин авах зорилт тавиад ажиллаж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ зорилт биелэх боломжтой юу?

-Энэ жилийн дэвшилттэй зүйл нь агаарын тээврийн асуудлыг шийдсэн. Бид 30-аад жил агаарын тээврийн асуудлыг ярьсан. Онгоц нь байхгүй юм чинь жуулчин яаж авах вэ гээд л. Агаарын тээврийн олон компанитай болсон нь том үсрэлт. Гэхдээ энэ онгоцуудын дүүргэлт хэр байх бол, тэдгээр онгоцонд хэн явах вэ гэдэг бас чухал.

Ковидын өмнө нийт аялагчдын 30 орчим хувь нь жуулчин байсан. Одоо бол агаарын тээврийн багтаамжийг тооцож үзэхэд сая жуулчин хүлээн авах боломжтой. Сурталчилгаа яаж хийхээс бүх зүйл шалтгаална. Миний ойлгож буйгаар манай Засгийн газар БНСУ руу бүх анхаарлаа хандуулж байх шиг байна. Солонгос жуулчдыг визгүй болгож, нислэгийн тоог нэмлээ. Нэг зах зээлийг онилсон бодлого явж байна. Энэ онилгоо хэр үр дүнд хүрэхийг мэдэхгүй. Европын зах зээл сэргэж амжаагүй байгаа учраас тоо  нь 2019 оны түвшинд хүрч чадахгүй болов уу. Харин Азийн жуулчдын тоо 2019 оны түвшиндээ хүрэх байх гэсэн таамаглал бий. Тиймээс нэг сая жуулчин авах тооцоо нэлээд эргэлзээтэй.

Миний хувьд нэг сая жуулчин авах дэд бүтцийн боломжгүй л харагдаад байдаг юм. Гэтэл судлаачид боломжтой гэдэг юм билээ. Судлаачдын тооцоолсноор бол Монгол Улсын одоо үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны баазуудын орны нийт хүчин чадлыг механикаар тооцоход нэг сая жуулчин хүрэх байх. Гэхдээ аль чиглэл рүү аялж буйгаас энэ тоо хамаарна. Өнөөдөр ихэнх аялал Төвийн бүс рүү чиглэж байна. Тэгвэл Төвийн бүсийн жуулчны бааз, зочид буудлуудын хүчин чадал хүрэх үү, үгүй юу? Аялал жуулчлал сул хөгжсөн Зүүн бүсийн зочид буудал, жуулчны баазуудын орны тоог нэг саядаа оруулаад тооцсон болов уу гэж харагддаг. Эдгээр дунд жуулчны үйлчилгээний шаардлагыг хангасан нь хэд байгаа билээ гээд асуудлууд их бий.

-Боловсон хүчний асуудал хүнд байгаа талаар салбарынхан ярьж байна. Ялангуяа хөтөч оруулагч олдохгүй байна гэдэг. Та ямар бодолтой байна вэ?

-Манай салбарын олон бэрхшээлээс хамгийн том нь хүний нөөц. Төр бодлогоор мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна.

Нэн тэргүүнд олон улсын түвшний мэргэшсэн мэргэжилтнүүдийг яаралтай бэлдэхэд тодорхой бодлого явуулах ёстой. Хувийн хэвшил, их дээд сургуулиуд хамтраад 400 сая төгрөгийн тэтгэлэг босгоод оюутнуудыг сургаж, зочид буудал, аялал жуулчлалын компаниудад ажиллуулья гэсэн санал санаачилга гаргаж байна. Энэ бол бага ч гэсэн эхлэл юм.

Манай салбарт хөтөч-тайлбарлагч, үйлчилгээний ажилтнууд дутагдалтай байгаа нь үнэн. Ялангуяа үйлчилгээний ажилтнууд зочид буудал, жуулчны баазуудад маш их  хэрэгтэй байна. Хүний нөөц дутагдалтай учир мэргэшээгүй хүмүүс авч ажиллуулж, уг мэргэжлийг үнэгүйдүүлж байна. Ихэнхдээ оюутнууд ажилладаг. Боловсон хүчний асуудал үнэхээр хүндрэлтэй болж ирлээ.

-Тэрэлжийг аялал жуулчлалын бус гэр хороолол шиг боллоо гэх болсон. Мөн жуулчны баазууд нь бүгд адилхан, нэгнээсээ ялгарах зүйлгүй гэж шүүмжилдэг.

-Миний түрүүний ярьсан аялал жуулчлалын мэдлэггүй, туршлагагүйтэй энэ нь холбоотой. Үнэ өртгийн талаар ямар ч ойлголт байхгүй. Мөнгөтэй хүн бүр тооцоо судалгаагүйгээр жуулчны бааз олноор барьж, бие биенээ үнэгүйдүүлж байна.

Хэрвээ үйлчилгээний сайн стандарттай бол үнэ өндөр, стандартад хүрч чадахгүй бол үнэ хямд байдаг систем байхгүй. Монголд өнөөдөр бүгд адилхан үнэтэй. Салбарынхаа гайгүй том байгууллагын үнийг дагаад л өсгөөд явдаг. Тэр жуулчны бааз тийм үнэтэй, манайх ойролцоо байх ёстой гээд л үнээ тогтоочихдог. Энэ нь мэргэжлийн хүн байхгүйг харуулна. Би чадна л гэдэг. Би Солонгос улс руу яваад нэг зүйл ойлгосон. Бид бүгдээрээ би чадначууд юм байна. Бид юмыг өөрийн болгож хоногшуулдаггүй юм байна. Нэг юм мэдэж аваад л хаячихдаг улс юм байна. Үйлчилгээ тийм л түвшинд байна.

Би чадначуудаар, мэдэмхий хүмүүсээр дүүрэн. Мэддэг, чаддаг нь цөөн. Нуух зүйлгүй.

Тэрэлж, Хөвсгөл, Хархорин зэрэг нь аялал жуулчлалын бүс биш суурьшлын бүс болсон шүү дээ.

-Гадны жуулчид 1-2 жилийн өмнөөс аяллаа төлөвлөж, нэг жилийн өмнө аяллаа баталгаажуулдаг системийг бид сайн ойлгохгүй 30 жил болж байх шиг байна. 2024 оны Монголын аялал өнөөдөр олон улсын зах зээл дээр зарлагдчихсан уу?

-Монгол өөрөө жижиг зах зээл. Монголын аяллын бүтээгдэхүүнийг зардаг аяллын том компани цөөхөн. Манай аяллыг олон жижиг тур оператор компаниуд зардаг. Тэдгээр нь зах зээлийн өрсөлдөөнд тогтвортой ажиллаж чадахгүй дампуурах, жуулчдын тоог нэмэгдүүлэх хүн, хүч, хөрөнгө, нөөц багатай. Гадны аяллын компаниудад тухайн улсын аяллын бүтээгдэхүүнийг зарж борлуулахад 1-2 жил шаарддаг.

Монголын аялал Европ, Америкийн зах зээлд хэдийн зарлагдаад эхэлсэн. Гэтэл манайхан 2024 он болоогүй гээд сууж байна. Цаг хугацааны үнэ цэн манай салбарт асар ач холбогдолтой. Бид өнөөдөр зарлаад маргааш хүн авна гэсэн ойлголттой хүмүүс.

-Жуулчдад дурсамж үлдээж, мэдрэмж төрүүлэх нь чухал байна гэсэн. Манай жуулчны компаниуд энэ талд хэрхэн анхаарч байгаа бол?

-Зочид буудал, жуулчны бааз, тээврийн захиалга хийж, орчуулагч олж томилж хэн ч чадна. Хэлтэй хүн болгон аялал жуулчлалын бизнесийг хийж болно гэж ойлгодог. Энэ бизнесийг хийхэд мэдлэг, мэдээлэл, туршлага, ур чадвар хэрэгтэй. Гол нь ялгарал чухал. Үйлчилгээ гэдэг бол мэдрэмж. Түүх соёлоо хэрхэн яаж таниулахаас эхлээд, үйлчилгээний байгууллагуудтай хэрхэн нягт хамтран ажиллахаас үйлчилгээний чанар хамаарна. Тиймээс аялал жуулчлалыг багийн тоглолт гээд байгаа юм. Хүн сэтгэлээсээ үйлчилгээнд хандаж чадвал тэр нь жуулчдад дурсамжийг үлдээж байна гэсэн үг.

-“Нью жуулчин турс” компани энэ жил хэдэн жуулчин авахаар төлөвлөж байна вэ?

-Манайх  жилдээ 10 мянган жуулчин авдаг. Тэр зорилгодоо, 2019 оны түвшиндээ хүрнэ гэсэн том амбицтай байна. Манай гол зах зээл Япон, Хятад, Тайван, Европ. Азийн зах зээлийн хувьд 2019 оны түвшиндээ хүрнэ. Харин Европын  жуулчид 2019 онтой харьцуулахад 70-80 хувьтай байх болов уу.

 

 

 

 

Д.Бэхбаяр