Энх тайвны өртөг

Mongolian Economy
2023-10-11 13:23:43
Ангилал: Дэлхий 2023 онд

Украины дайны сөрөг нөлөө Европын дипломат бодлогыг зовооно.

Европын улсууд Путины түрэмгийллийн эсрэг нэгдсэн жил нь 2022 он болсон бол 2023 он тэрхүү нэгдэл хэр бат бөх болохыг сорино. Тэр сорилт ямар байх нь дайн хэрхэн өрнөхөөс шалтгаална.

Муу хувилбараар бол дайн 2023 оныг дуустал үргэлжилж, Оросууд ухрах ч Украин алдсан нутгаа бүгдийг эргүүлж авч чадахгүй. Энэ тохиолдолд Европ Украиныг хэлэлцээрийн замаар энх тайван тогтоох алхам руу шахаж эхэлнэ.

Хийн худалдаа сэргэж, эрчим хүчний татааст зарцуулж байгаа мөнгө буурна гэсэн санаа заримынх нь хорхойг хүргэнэ. Зарим нь 2024 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, түүнээс болоод Украинд үзүүлэх цэрэг, эдийн засгийн дэмжлэг багасвал Европ хамаг ачааг үүрэх вий гэсэн айдаст автана. Зарим нь, тухайлбал Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Орос үргэлж хөрш байх учраас харилцааны сувгуудыг дахин нээх хэрэгтэй гэнэ. Европ хаяандаа байнгын дайнтай байхыг хүсэхгүй гэж тэд хэлнэ. Ийм дуу хоолой давамгайлах магадлал бага ч Польш, Литва зэрэг орны удирдагч Францын Макрон, Германы Олаф Шольц нар Путиныг бүрэн ялах ёстой гэсэн үзэлдээ тууштай байхгүй байх вий хэмээн болгоомжилж эхэлбэл Европт тогтворгүй байдал үүсэж магадгүй.

Итали байр сууриа өөрчилж, тохиролцооны сайн талыг магтаж магадгүй.

Хэлэлцүүлэгт гол үүрэг гүйцэтгэх улс нь Итали болно. Ерөнхий сайд Жиоржиа Мелони NATO, Украиныг тууштай дэмжиж буй. Гэхдээ Итали эдийн засгийн хүнд байдалд орсон, өр нь 2,5 их наяд евро (2,4 их наяд доллар) хүрсэн нь ДНБ-ий 150 орчим хувь юм. Үйлдвэрийн салбар нь эрчим хүчний өндөр үнийн дарамтад орсон. Хямралыг давахад нь компаниуддаа туслахын тулд бэлэн мөнгө гаргаж чадах Германаас ялгаатай нь Италид тэгэх чадамж маш бага. Итали байр сууриа өөрчилж, тохиролцооны сайн талыг магтаж эхэлж магадгүй. Мелонигийн эвслийн түнш Маттео Сальвини хэдийн тэгж эхэлсэн.

Ийм зүйл болохгүй байсан ч олон улсын эдийн засаг улам удааширч, зөвхөн баячууд нь татаас өгөх чадамжтай учир эрчим хүчний хямрал нь Европ дотор хэрүүлийн гол алим болно. Цар тахлын эсрэг 2020 онд байгуулсан 750 тэрбумын сан шиг Пан-Европын эрчим хүчний сан байгуулах уриалга гарна. Эл уриалга амжилтад хүрэхгүй ч ийм санаа гарч буй нь өөрөө байдал хүндэрснийг харуулна.

Хэрэв Украины дайн дуусвал яах вэ? Байлдааны талбарт бус Кремлийн удирдагч солигдох, “салхи эргэснээр” дуусаж магадгүй юм. Учир нь Путины эхлүүлсэн дайны цус, мөнгөндбудагдсан өртөг нь хэрэв ашиг тус гэж байгаа бол түүнээс нь нэгэнт давж гарчээ. Энэ нь Европт өөр нэг түгшүүрт байдлыг үүсгэнэ: Украиныг сэргээн босгох мөнгийг хэн төлөх вэ, хэдийг зарцуулах ёстой вэ?

Украиныг зэвсгээр хангахад асар их мөнгө зориулсан гэдгээ Америк шулуухан хэлнэ. Харин одоо Европын, мөн Дэлхийн Банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын ээлж иржээ. Энэ нь олон улсын хэмжээнд маргаан үүсгэнэ. Украиныг сэргээн босгох төсөв нь ядуу улсуудад шаардлагатай хөрөнгийг ховх сорно. Олон улсын байгууллагуудад маргаан дэгдэж, хөгжингүй орнуудыг буруутгах явдал гаарна. Юу ч боллоо гэсэн Европ дайнаас үүссэн үр дагавартай олон жил зууралдана.

КРИСТОФЕР ЛОКВҮҮД Европ хариуцсан редактор, The Economist

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy