Эрсдэлд бэлэн байхад хамтын хүч чухал

Sarangerel
2024-01-09 15:32:53
Ангилал:

Манай улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл, эрсдэлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнээс гадна хүний өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй, нийгэмд хохирол үзүүлж болзошгүй эрсдэлүүд өссөөр байгаа юм. Тухайлбал, 2023 оны эхний есөн сарын хугацаанд бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоог авч үзвэл, нийт 107 үерийн тохиолдлын улмаас 1117 гэр, байшин нурж, 3213 мал, амьтан хорогдож, 15 хүн нас барж, нийт 5.74 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн гал түймрийн 2188 тохиолдлын улмаас 681 гэр, байшин шатаж, 613 мал, амьтан хорогдож, 40 хүн нас барж, 32.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан статистик үзүүлэлт байна. Эрсдэлийн үндэсний форумын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр үндсэн илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ “Стандарт бол ганц агентлагийн, эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахчухал эд эс. Манай улс сүүлийн 30 гаруй жил стандарт гэдэг чухал зүйлийг орхигдуулсны тод жишээ нь өнөөгийн Улаанбаатар хот. Тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Олон улсын стандарттай харьцуулбал энэ нь даруй 3.57 дахин их үзүүлэлт юм. Стандарт бодитоор хэрэгжиж мөрдөгддөг газарт амар тайван амьдрал, хөгжил дэвшил цэцэглэнэ гэж үздэг. Мөн хүн амын амьдралын чанар сайжирдаг байна. Харин стандарт алдагдсан газарт аюулын харанга дэлдэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж, хөгжил боомилогдож байдаг гэдэг үүднээс авч үзвэл Улаанбаатар хот асар эрсдэлтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Товчхондоо, стандарт бол харилцан итгэлцэл, хариуцлагатай гүйцэтгэл, хяналт, үр дүнд суурилсан тогтвортой хөгжлийн үндэс” хэмээн Шадар сайд онцолсон юм.

Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд эрүүл сэтгэж байж эрсдэл, гамшгийг даван туулна

НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе КоуассиКомлан илтгэлдээ “Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдэлтэй зөрчилхямрал урьд өмнөхөөсөө нэмэгдэж байгаа учир үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж сануулсан. Ийм хувьсан өөрчлөгдөж байгаа орчинд гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд стандарт, шаардлагыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. “Ядуурлыг бууруулах, иргэдийн амьдарч байгаа орчныг өөрчлөх, аюулгүй байдлыг бэхжүүлэх, байгалийн нөөцийг хамгаалах тал дээр ахиц гаргах нь чухал. Монгол Улс олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Энэ чиглэлээр Монгол Улс их ахиц гаргаж байгаа. Тиймээс баяр хүргэе” гэж ноён Эваристе дурдав. Гэхдээ илүү их ахиц гаргахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй бөгөөд энэ нь оролцогч талуудад эерэг үр дүн авчрах юм. “Цаашид эрсдэлээс илүү тэсвэртэй байдал руу шилжих шаардлагатай. Монгол Улс дэлхийн эрсдэлээс тойрч гараагүй. Гамшгийн нөлөөлөл улам нэмэгдэж байна. Уг нөлөөллийг бууруулахын тулд салбар бүр хамтран ажиллах хэрэгтэй” гэдгийг тэрбээр илтгэлдээ сануулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан: Бидэнд нэг улс, нэг эрх ашиг, нэг хүсэл бий. Монгол иргэн эх орондоо эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэг. Бусдын эрхээр өөрийнх нь эрх хязгаарлагддаг. Төр бодлогоо гаргах ёстой. Тиймээс “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг салбар бүрийн уялдааг хангахаар боловсруулж байна. Нэг улс нэгдсэн стандарттай байх хамгийн чухал зүйлээ бид үнэгүйдүүлсэн. Гэтэл стандарт бол хөгжилд хүрэх гүүр шүү дээ. Төрийн албаны бүх шатанд стандартыг хэвшүүлж байж хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүдээ цэгцэнд нь оруулах учиртай. Стандартыг хамгийн сайн хэрэгжүүлдэг нь хувийн хэвшил. Төрд авлига, хүнд суртлын стандарт байдаг. Төрөөс бодит стандарт шаарддаг баймаар байна. Төрийн албаны бүх шатанд стандартыг хэвшүүлж байж хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүдээ цэгцэнд нь оруулах учиртай. Бүх талын оролцоог хангаж байж стандартад ач холбогдол өгье. Ажилдаа өөрийн гэсэн эзэн болоод явах нөөц бололцоо бий. Гол нь дэмий яриад өнгөрдөггүй байх хэрэгтэй.

МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга: Сүүлийн үед зуд, үерээс авахуулаад маш их эрсдэл тохиож байна. Хамгийн том нь ковид. Үүнээс бид ямар сургамж авсан бэ? Сургамж авсан бол ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байх ёстой. Эрсдэлийн тухай ярихаар тусдаа зүйл шиг яриад байдаг. Гэтэл эрсдэл өдөр тутам бидэнд тохиолдож, түүнийг даван туулдаг. Улсын хэмжээнд төлөвлөлт, үйл ажиллагааг зохион байгуулахдаа байнгын эрсдэлд тэсвэртэй ажрахгүй байх монгол стандартын барих нь чухал. Хүмүүс хотжоод дэндүү залхуу болж байна. Төрийн бодлого ч үүнд нь туслаад байна. 1000 хүнээс судалгаа авахад эрсдэлийн талаарх ойлголт бага байсан. Монголчууд эрсдэл ирсний дараа бодож эхэлдэг хүмүүс. Хэнэггүй зан, ухамсаргүй байдал үүнд нөлөөтэй. Хэн нэгэн улс бидэнд туслана гэж боддог. Олон улсын туршлага стандартыг тэр чигээр нь нутагшуулах нь өрөөсгөл бөгөөд Монголдоо тохирсон стандартыг баримтлах нь зөв.

“Мандал санхүүгийн нэгдэл”- ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг: “Эрсдэлийн форум”-ын уриа бол төр болон хувийн хэвшил хамтдаа эрсдэлийн менежментийг хийх. Эрсдэл хүн үүссэн цагаас эхлээд байсан. Эрсдэлийг удирдаж чадсан учраас хүн төрөлхтөн оршин тогтнож байна. Амьдрал тэр чигтээ эрсдэлээс бүрдэнэ. Монголын жирийн иргэдийн амьдрах орчин аюултай, эрсдэл нь бусад оронтой харьцуулахад өндөр байна. Бас гадаадын хөрөнгө оруулалт татахгүй бол улс хөгжихгүй байна гэж ярих мөртлөө гадаадын хөрөнгө оруулагчдын өнцгөөс өөрийгөө хэзээ ч хардаггүй. Сургуульдаа явж байгаа нэгдүгээр ангийн хүүхдийн нүдээр, машин барьж яваа жолоочийн нүдээр хармаар байгаа юм. Төгрөгийн ханшийг тогтворжуулахгүйгээр 100 сая ам.долларын маркетингийн аян зохиогоод нэмэргүй. Энгийн байдлаар эрсдэлийг тооцох боломжтой.