Эрчим хүчний реформ хийх нь энэ Засгийн газрын түүхэн үүрэг гэв

Sarangerel
2024-10-30 15:02:27
Ангилал: Эрчим хүч

Түнэр харанхуй, тэсгим хүйтэн, тэг зогсолт болвол яах вэ? гэж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн илтгэлийнхээ эхэнд онцлов. Үнэхээр олон өвлийг арай хийж давсан, туйлдаж ядарсан дулааны цахилгаан станцууд  хэзээ мөдгүй нам зогсоход бэлэн байгаа нь туйлын үнэн. Үүнийг олон нийт иргэд, тэр тусмаа улстөрчид, бодлого тодорхойлогчид ойлгож, ямар нэгэн алхам хийхээр ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг. Өнгөсөн ням гараг буюу аравдугаар сарын 27-ны орой Туушин зочид буудалд эрчим хүчний асуудлыг хэлэлцэхээр УИХ дахь Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд, Эрчим хүчний сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд, эрчим хүчний салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн нэг дор цугларлаа. Ням гарагийн орой байсан ч танхим дүүрэн хүнтэй халуухан хэлэлцүүлэг өрнөсөн юм.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд  “Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаад анхны хурал болж байна. Хамгийн их суудал авсан гурван нам хамтраад Засгийн газар байгуулсан. Эдгээр намын төлөөллөөс хамтраад 34 жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа эрчим хүчний асуудлуудыг “гацаанаас гаргая, эр зориг гаргацгаая, реформуудаа зоригтой хийцгээе, томоохон төслийг хэрэгжүүлэх суурийг нь босгоё” гэж шийдээд ажлаа эхлүүлж байна. Энэ Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө тусгаж, баталсан. Эдгээр төсөлд эрчим хүчтэй холбоотой Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц төсөл, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц төсөл, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц төсөл, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн төсөл багтсан.

Тиймээс зүгээр яриад мөрөөдөөд суух биш, яг одоо энэ реформыг эхлэе гээд үе шаттайгаар ажилдаа орж байна. Үүнийг дэмжиж, 126 гишүүнээс 100 гаруй гишүүн гарын үсгээ зураад байна” хэмээн ярилаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Доголдоод байгаа эрчим хүчний салбарыг эргэж сэргээе. Зах зээлийн либералчлал хийе гээд том зорилго тавиад явж байна. Энэ салбар сүүлийн жилүүдэд маш их алдагдалтай явж ирсэн. Өнгөрсөн оны 12 сарын 31-ны байдлаар эрчим хүчний салбарын  хуримтлагдсан богино хугацаатай өр төлбөр 349,6 тэрбум төгрөг, урт хугацаатай өр төлбөр 1,8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнд байна. Тиймээс зайлшгүй эхний ээлжинд эрчим хүчний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь чухал байна. Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь хүргэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргана” гэв.

Зориг гаргах, шийдвэр гарах, шийдвэртээ тууштай байх. Ингэвэл бид ард нь гарна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн С.Цэнгүүн илтгэлдээ “Куба улсад сүүлийн хэд хоног тог тасарсан. Энэ улсад эрчим хүчний чөлөөт зах зээл байхгүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй, хэрэглээ нь жил болгон нэмэгддэг. Эрчим хүчний хэрэглээгээ дийлэхгүй байсаар энэ улс нийтээрээ цахилгаангүй боллоо. Манай улсад яг л ийм нөхцлүүд бүрдсэн. Тэг зогсолт хийхэд бүр ойртоод ирсэн” гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн “Одоо бидэнд ямар ч сонголт байхгүй. Тал талаас нь олон байр сууринаас яриад байхаар энэ асуудал шийдэгддэггүй, бие биенээ үгүйсгэсээр байгаа хэрүүлийн алимаасаа салж чадахгүй байна. 88 оронд эрчим хүчний реформ хийгдэж иржээ. 3-5 жилийн хугацаанд амжилттай хийсэн орон байхад бүр дордуулсан түүхүүд ч байна.

Улс төрийн зориг үүнд хамгийн их шаардагддаг. Төрийн монополыг задлах хүмүүс улстөрчид.  Тиймээс хамгийн түрүүнд улс төрийн зориг хэрэгтэй. Өртөгт нийцсэн, хууль эрх зүйн орчин бэлэн байх ёстой. Бизнесийнхэн шударга өрсөлдөх хэрэгтэй.  Хамгийн сайн жишээ гэвэл, Гүрж улс эрчим хүчнийхээ реформыг хийж чадсан байна. Усан цахилгаан станцаа хөгжүүлээд 10 жилийн хугацаанд экспортлогч орон болжээ. Манайх реформ хийж чадна. Боломж, мөрөөдөл нь байна. Эрчим хүчний реформ хийх нь энэ удаагийн Засгийн газрын түүхэн үүрэг байх. Зориг гаргах, шийдвэр гарах, шийдвэртээ тууштай байх. Ингэвэл бид ард нь гарна” хэмээн ярихад танхимд суусан оролцогчид маш сайхнаар хүлээж авав. Залуу хүний зоримог үг олон хүний сэтгэл, зүрхэнд хүрэх шиг болов.

Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох нь чухал 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн М.Энхцэцэг реформын хүрээнд хийгдэх хууль зүйн шинэчлэлийн талаар ярилаа. Тэрбээр эрчим хүчний салбараас УИХ-д сууж байгаа цөөхөн гишүүний нэг. Тиймээс Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

Тэрбээр “2001 онд гарсан Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон. Дэлхийн 150 гаруй улсад хэрэгжсэн реформыг Монгол Улсад хэрэгжүүлсэн. Энэ реформ нь босоо бүтэцтэй байсан эрчим хүчний салбарыг задлаад хэвтээ хэлбэрт оруулж, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн олон компани болгож бүтцийг өөрчлөх, үнэ тарифыг тодорхойлох зохицуулах хороог байгуулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар өрсөлдөөнийг бий болгох талаар зохицуулалт гэсэн дөрвөн том зорилготой байсан. Монгол Улсын хувьд реформ-1 буюу эхний хоёрыг амжилттай хэрэгжүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлж амжаагүй байна. Тиймээс эрчим хүчний хуулийг шинэчлэн боловсруулж, реформ-2 буюу хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгохоос гадна ногоон хөгжлийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэх нь чухал” хэмээн онцоллоо.

Улс төрийн энэ зоримог шийдвэр дутуудахгүй гүйцэт хэрэгжээсэй гэж хүсэж байна

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр болон М.Энхсайхан нар хүрэлцэн ирж үнэтэй, санал зөвлөгөөг хэлсэн юм.

Ерөнхий сайд асан М. Энхсайхан “Залуучуудаа хараад сэтгэл хөдөлж байна. Реформ хийсний эцсийн үр дүнд цахилгаан үйлдвэрлэлд технологийн дэвшил гарсан байх ёстой. Өнгөрсөн 30 эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй. Хөрөнгө оруулагчид Засгийн газрын бодлогыг хардаг, чухалчилдаг. Тэр утгаараа Эрчим хүчний үндэсний хорооны хийж байгаа ажил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах асар том эхлэлийг тавьж байна гэж би харж байна. Өнөөдрийн улс төрийн зоримог шийдвэр дутуудуулахгүй, гүйцэт хийж өгөөсэй гэж хүсэж байна.

АНУ болон Европын орнууд, Япон улс туслахаар сэтгэл гаргаж байгаа. Харин үүнийг ашиглах хэрэгтэй. Ашиглахдаа нэг анхаарах зүйл нь тархмал эх үүсвэрийн цахилгаан станцад анхаарвал зүгээр байх. Энэ нь үндэсний аюулгүй байдалд тустай гэж харагдаж байгаа юм. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний технологи маш чухал. Залуучуудынхаа хийж байгаа ажлыг хараад маш их урам, зориг орж байна. Туслах юм сан гэсэн бодол байна” хэмээв. 

Ерөнхий сайд асан С.Баяр “Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад БНХАУ-тай Шивээ-Овоо уурхай дээр маш том станц барихаар төсөл яригдаж байсан. Үүний дагуу БНХАУ-ын Ерөнхий сайдтай дөрвөн удаа уулзсан байдаг юм. Нэлээн явсан. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл манайх дотоодын хэрэгцээгээ хангаад экспортлогч орон болчих гээд байна шүү дээ. Би 2009 онд Оюутолгойн гэрээг зураад хоёр долоо хоногийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн. Хоёр жил улс орондоо байгаагүй, тэгээд ирэхэд энэ төсөл маань унасан байсан. Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах мега төсөл шүү дээ. Хэрэгжсэн бол эрчим хүчний асуудал ийм байдалд орохгүй байх л даа. Энэ мэт олон ч төсөл яригдаж байсан. Гэхдээ хэрэгжиж чадаагүй. Харин энэ удаа реформ хийхээр зориглож байгаа залуучууддаа чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна” гэж хэлсэн юм.

Зүүн хойд Азийн зах зээл рүү эрчим хүчэээ экспортлох 5-10 тэрбум ам.долларын боломж байна

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд “Энэ реформын талаар Засгийн газрын хуралдаан дээр олон цагийн хэлэлцүүлэг болсон. Төлөвлөж байгаа олон ажил байна. Мөнгө байна, санхүүжилт байна хөрөнгө босгож болж байна. Хэрэв бодлогоо тодорхой болговол эх үүсвэр бий болгоход бэлэн байна. Зүүн хойд Азийн зах зээл рүү эрчим хүчэээ экспортлох 5-10 тэрбум ам.долларын боломж бий. Гол нь бодлогоо тодорхой болгох нь чухал байна. Энэ бүх хөрөнгө оруулалт ногоон эрчим хүч дээр байна.

Нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт орохгүй. Гол нь нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх гэдэг маш олон технологийг ашиглаж болох юм байна. Энийгээ иргэддээ ойлгуулахын тулд санхүүжилт, хөтөлбөр, арга хэрэгслүүдээ тодорхой болгохоор ажиллаж байна. Ямар нэгэн үлс төрийн сонирхол битгий байгаасай. Салбарынханд хүсэхэд үүнийгээ ил гаргаж яриагүй олон жил болжээ. Асуудлуудаа ярихгүй, ямар ч байсан өвөлдөө хөлдөөчихгүй явсаар өнөөдрийн байдалд хүрсэн байна. Одоо бүгдээрээ асуудлуудаа ярьдаг байя. Богино хугацаанд амжилттай хийе. Энд боломж байна. Хангалттай бичиг баримт байна. Үйлдлийг нь улстөрчид эхлүүлье. Монгол Улсын эрх ашгийн асуудал шүү дээ” хэмээн онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон эрчим хүчний салбарынхан “Эрчим хүчний салбарт реформ хийвэл аль ч салбараас хурдан хийж чадна. Хамгийн гол нь үе шат нь цэгцтэй зохион байгуулалт сайтай, хууль нь тодорхой байвал маш хурдан явна. Эрчим хүчний салбарынхан манлайлалтай оролцох хэрэгтэй.  Бүх талын хамтын ажиллагаа чухал. Эрчим хүчний манлайллыг улстөрчид хийж байгаа нь сайн хэрэг. Улстөржилт энэ салбарт огт хэрэггүй. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зөв замдаа орох сайхан нөхцөл боломж бий болох нь. Хэлэлцүүлэг маш ажил хэрэгч, үр дүнтэй болсонд баяртай байна” зэргээр бодол санаагаа илэрхийлж байсан юм.