Эсрэг санал
Монголын улс төрийн тавцанд геополитикийн нөлөө хүчтэй мэдрэгдэнэ.
Монголын улс төрийн орчинд 2023 онд юу болох талаар дараах таамаглалыг дэвшүүлье. Нэгдүгээрт, манай сонгуулийн систем сайтар боловсруулсан сонгуулийн кампанит ажил хийхэд зориулагдаагүй учраас 2024 онд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан 2023 онд сонгуулийн бэлтгэл ажлууд эхэлнэ. Одоогоор Монголын улс төрийн хамгийн том хоёр нам сонгуулийн үр дүнд хамгийн их нөлөөлөх хүчин зүйлийг “эсэргүүцсэн санал” болгон хувиргаад байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн намууд, улстөрчдийн “төлөө” бус “эсрэг” санал өгнө.
Хоёрдугаарт, Монголын улс төрийн тавцанд геополитикийн нөлөө хүчтэй мэдрэгдэнэ. Монголын улс төр, эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлж буй хоёр хүчин зүйл бол дам нөлөө нь илт мэдрэгдэж буй Украины дайн болон бүс нутгийн давамгай байдалдаа онцгой анхаарах замаар олон туйлт бус хоёр туйлт дэлхий рүү хийж буй БНХАУ-ын шилжилт юм.
Гуравдугаарт, Европын зах зээл Орост нуруугаа харуулснаар Монголоор дамжих байгалийн хийн хоолой зэрэг удтал яригдсан төслүүд хэрэгжихэд түлхэц болно. Барууны хоригийн улмаас эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ БНХАУ-аас ОХУ, Монгол хоёр ихээхэн хамаарах болсныг 2022 онд хоёр хөршийн Гадаад хэргийн сайд нарын манай улсад хийсэн айлчлалаас харж болно.
Дөрөвдүгээрт, коронавирусийн цар тахлын үеэр Хятад хилээ хаасан нь манай бизнес, улс төрийн орчинд сөрөг нөлөө үзүүлэв. Гэвч МАН хувийн секторын хөгжил бус төрийн салбарын ард нийтийн дэмжлэгийг илүүд үзсэнээр ковидын үеийн хязгаарлалт, хоригт дургүйцсэн иргэдийн сэтгэл зүйг нийгмийн чиглэлийн төсвөө нэмэгдүүлэх замаар зохицуулсан. Үүний үр дүнд өрийн хэмжээ нэмэгдсэн нь эдийн засгийн төлөвийг тун таагүй болгон хувиргав.
Тавдугаарт, төрийн томоохон байгууллагуудад олон нийтийн итгэх итгэл сул байгаа нь удаан үргэлжилж болзошгүй улс төрийн хямрал айсуйг харууллаа. Өнгөрсөн оны сүүлчээр Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн цуглаан нь улс төрд хоёр ноцтой сорилтыг бий болгов. Нэгдүгээрт, улстөрийн томоохон хүчнүүдийн нэр хүндэд цохилт өгсөн бол эдийн засгийн өсөлтөд үлэмж нөлөөтэй нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлэв. 2019 онд ард иргэд “улс төрийн намууд”-ыг хамгийн их авлигажсан институцээр нэрлэж байв. Үндсэн хууль болон сонгуулийн системд өөрчлөлт оруулах замаар өсөн нэмэгдэж буй тогтолцооны хямралын асуудлыг шийдвэрлэхийг улс төрийн элитүүд хичээсэн. Парламентын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, Ерөнхий сайдад илүү их эрх мэдэл олгосон нь фракцуудын тэмцлийг үүсгэв.
Төрийн томоохон институцүүдэд олон нийтийн итгэх итгэл сул байгаа нь улс төрийн тогтолцооны хямрал айсуйг харууллаа
Орос, Казахстаны авторитар маягийн засаглалд урам нь хугарсан эрх баригч нам Японы Либерал ардчилсан намын (ЛАН) улс төрийн олон жилийн тэргүүллийг шинэ үлгэр дуурайллаа болгохыг хичээж байна. Гэхдээ ЛАНтай харьцуулахад МАН өрсөлдөгчөө хуваах, улс төрийн тавцангаас зайлуулахад анхаарлаа хандуулдаг болохоос бус нэр хүндээ бэхжүүлэхэд анхаардаггүй. Энэ арга барил нь амбицтай олон улстөрчийг улс төрийн тогтолцооны гадна үлдээж, хууль ёсны байдалд ноцтой сорилт дагуулав.
Дүгнэлт болгон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн үгийг эш татъя: “Монголын улс төрийн тогтвортой байдлыг дэмжихэд БНХАУ бэлэн байна”. Тогтвортой байдлын тухай Хятад ойлголт биднийхээс ялгаатай байж болох агаад тус улсын Европын холбоон дахь Төлөөлөгчийн газрын вэбсайтаас энэ талаар ойлголт авч болно: “Олон улсын болон бүс нутгийн өнөөгийн адармаатай, тогтворгүй нөхцөлд Хятад, Монгол улс нь нэгдмэл ирээдүйгээр нягт холбогдсон бөгөөд алтнаас үнэ цэнтэй сайн хөршүүд, зовлон жаргалаа хуваалцсан сайн ах дүүс, хамтын хөгжлийн төлөөх сайн хамтрагчид байх ёстой”.
Тэнцвэрийг хангахын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилж “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
Л.СУМАТИ Сант Марал сангийн захирал
Дэлхий 2023 дугаараас