ЭТТ даалгавраа биелүүлж чадах уу

Сарангуа Төмөр
2019-09-05 12:13:11
Ангилал:

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа энэ онд хөрөнгийн биржид гарч, эдийн засгийн эргэлтэд орно. Энэ утгаараа 2019оны хамгийн чухал үйл явдлуудын нэг ч болох талтай.

Төрийн хэрэгжүүлж буй уул уурхайн хамгийн том төслийг удирдаж яваа тус компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн жилээс компанийн хувьцааг гаргана, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоно гэж зарлах болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК хоёр жилийн өмнө анх удаа 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар дотоод болон гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих нөхцөл бүрдсэн. Тэрбээр он гарсны дараа компанийнхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхдөө “2019 онд бид 1072 хувьцааг “Амьлуулах” гэж ярихгүй. Монгол Улсын иргэн бүрт ногдол ашиг хуваарилна. Үр дүнгийн тооцоогоор 700 хүртэлх орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж төсөөлж байна” гэсэн.

2018 оны тавдугаар сараас хойш “1072 мэдээллийн төв”-д 500 мянга гаруй иргэн нэрийн данс нээлгэснээр нийт 1.4 сая иргэн хувьцааны дансаа нээлгээд байна. Тэд хөрөнгийн биржид хувьцаа гараагүй байсан ч шууд ногдол ашиг хүртэх боломжтой. Данс нээлгэхийн тулд аль ч брокер, дилерийн компанид хандан 10 хүртэлх мянган төгрөгийн хураамж төлж буй. Дансны хураамжийн зардлын 2000 төгрөг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд очдог бөгөөд данс нээх системийн ашиглалт, бичиг цаас, ажилтны хөлс гэх мэт үйл ажиллагааны зардал ордог. Гэхдээ онлайн арилжаанд оруулах зэргээр нэмэлт үйлчилгээ үзүүлэх, орон нутагт данс нээх, гадны хөрөнгө оруулалттай брокер, дилерийн компани байх зэргээсээ шалтгаалан шимтгэлийн хэмжээ ялгаатай байна.

Өнгөрсөн долоон жил

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгжүүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөж байв. Хэдий хэрэгжээгүй ч өнгөрсөн хугацаанд таван ч удаа иргэдийн гар дээр бэлэн мөнгө хэлбэрээр очсон юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны14.5 хувь нь Монгол Улсын 2.5 сая иргэнд, 0.05 хувь нь 64 аж ахуйн нэгжид бий.

2017 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахад (тухайн үеийн тооцоогоор нийт хувьцааны 14.5 хувийг иргэдэд хуваарилна гэж үзвэл) 30 орчим мянган төгрөг ногдох байсан. Тэгвэл өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын байдлаар өр ширгүй, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Одоо 2018 оны аудитлагдсан тайланг гаргаж, нэгж хувьцааны үнийг тодорхой болгосноор саналаа Засгийн газарт хүргүүлж, ирэх дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өөрсдийн саналаа оруулснаар иргэдэд амалсан ногдол ашгаа тараах нь.

Хонконг хүрэх зам

ЭТТ-н удирдлагууд компанийн хувьцаа, ногдол ашгийн үнэ цэнээ өсгөхийн тулд IPO хийж, Тавантолгойд хэрэгжих дагалдах төслүүдээ хөдөлгөх шаардлагатай. Олон улсын зах зээл дээр IPO гаргах төлөвлөгөөгөөр 2019 оны эхний хагас жилд багтаан компанийн хувьцааны 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй явуулахаар зорьж байна. Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Монголын компаниуд Хонконгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгож туршлагажсан. Харин Нью-Йоркийн хөрөнгийн бирж шалгуур өндөртэй, засаглалын хувьд хамтран ажиллахад олон хүндрэл бэрхшээл үүсэж болзошгүй” гэсэн юм. IPO гаргах ажилтай холбоотойгоор 2018 оны наймдугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокын аргачлалаар 5.1 тэрбум тонн байсан нөөцийг 6.3 тэрбум тоннд хүргэн тооцуулснаар олон улсад уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахдаа шаарддаг Жорк стандартад шилжсэн дүнгээр найман тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлээд байна. Мөн Тавантолгойн ордын Цанхийн хэсэгт сүүлийн хоёр жил ашиглалтын хайгуул хийж байгаа бөгөөд энэ онд 40 мянган тууш метр өрөмдөхөөр төлөвлөжээ. Энэ хэсгийн нөөцөд тулгуурласан нарийвчилсан тайланг олон улсын хөрөнгийн биржийн шаардлагад нийцүүлэн гаргахын тулд олон улсын мэргэжлийн зөвлөх компаниар шинэчлэн гаргуулахаар ажиллаж байгаа аж.


2018 оны зургаадугаар сарын 29-нд УИХ “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгойн IPO-г арилжаалах бэлтгэлажлыг зохион байгуулж 2018 онд багтаан УИХ-д танилцуулна гэж заасан.

Тавантолгойн ордод хэрэгжих 20 гаруй төслөөс одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зэрэгцээ авто зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Цанхийн баруун, зүүн уурхайг цогцоор нь ашиглах, Загийн усны хоолойгоос ус татах зэрэг төслүүдийн ТЭЗҮ-г бэлэн болгожээ. Оны өмнө олон улсын зөвлөх шалгаруулах тендер зарлаж, одоо гадаадын зөвлөхүүдээр ТЭЗҮ-ээ хянуулж, үр ашгийн нарийвчилсан тооцоолол хийх, өгөөжийг нь нэмэгдүүлэх тал дээр ажиллан, УИХ-д танилцуулахаар зэхэж байна. Компани ирэх гурван жилд өөрөөсөө 240 орчим сая ам.долларын хөрөнгө гаргахаар тооцсон. Үүнээс гадна нийт гурав орчим тэрбум ам.долларын санхүүжилтийг гадны хөрөнгө оруулагчдаас татахаар төлөвлөжээ. Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.6 их наяд төгрөгийн орлого олж, 780 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан тооцоог гаргасан. Ингэхдээ 18 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 15 сая тонныг нь зах зээлийн зарчмаар борлуулах бол гурван саяыг нь (нүүрс урьдчилсан борлуулах гэрээний дагуу) өсөлттэй үнээр буюу 63.3 ам.доллараар гаргахаар болсон нь 2019 оны борлуулалт, цэвэр ашигт нөлөөлнө гэсэн төсөөлөлтэй байна.

ЭТТ-н олон улсын зах зээл дээр гаргах IPO амжилттай байх эсэх нь цаг хугацаа болоод коксжих нүүрсний зах зээлийн ханшийн хэлбэлзлээс хамааралтай. Цаг хугацааны тухайд товлосон хугацаандаа буюу эхний хагас жил, тэр дундаа эхний улиралд багтаж гаргахгүй бол сонгуулийн өмнөх жил улс төрийн эрсдэлтэй тулгарах магадлалтай. Нөгөөтэйгүүр 2019 оны хоёр, гуравдугаар улирлаас нүүрсний үнэ буурах хандлагатай байгааг таваарын зах зээлийн мэргэжилтнүүд хэлэх болсон.

Яаравчлахгүй бол цаг хугацааны хайчинд орж төлөвлөгөө, зорилгодоо хүрч чадахгүй аваас эдийн засагт тун хэрэгтэй байгаа уул уухайн орлогыг тасалдуулсан “ялд” унавал яах вэ?

Mongolian Economy сэтгүүлийн 2019 оны нэгдүгээр сарын (№148) дугаараас

Сарангуа Төмөр