Яагаад Fortnite олимпын хөтөлбөрт багтах ёстой вэ

Mongolian Economy
2020-06-30 18:30:27
Ангилал: Олон улс

Ирэх сард болох байсан Токиогийн зуны олимпын наадам Ковид-19-ийн улмаас 2021 он хүртэл хойшлогдсон билээ. Ийнхүү бидэнд олимпын спортын төрлүүдийг дахин нэг эргэцүүлэн бодох цаг гарав. 

Олон улсын олимпын хорооны нэг зорилго бол спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх явдал юм. Тус хороо хүүхэд, залуучуудын дунд өргөн дэлгэрсэн серфинг, хаданд авиралт, скэйтбордыг олимпын наадмын хөтөлбөрт нэмсэн юм. Тэгвэл яагаад орон орны тамирчид видео тоглоомоор хоорондоо өрсөлдөж болохгүй гэж? Олимпын спортын төрөлд багтдаг морин спорт, керлинг зэргээс илүү Fortnite-ийг тоглодог хүн олон бий. Жишээ нь, Их Британид 16-19 насны хөвгүүдийн 28 хувь телевизээр спортын тэмцээн, уралдаан үздэг бол 57 хувь видео тоглоом тоглодог байна. 

E-спортыг спортын нэг төрөл гэж хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн эгнээнд өсвөр насны хүүгээ буйдан дээрээ видео тоглоом тоглон “Над руу буугаа дамжуул. Хурдал, хурдал!” гэж хашхирч байгааг харсан эцэг эхчүүд нэгдэх биз. Эрт дээр үеэс л шинэ спорт эсэргүүцэлтэй тулгардаг байв. Тухайлбал, Английн Эдвард II хаан 1314 онд хөлбөмбөгийг хорихоор оролдож байжээ. Учир нь тэрбээр эрчүүд хөлбөмбөг бус сум харваж сурах хэрэгтэй гэж үздэг байв. АНУ-д 19-р зуунд бэйсболыг хэтэрхий зугаатай тоглоом гэж сүсэгтэн олон үзээд эсэргүүцэж байсан гэдэг. 

Гэвч бусад спортын адилаар e-спортын мэргэжлийн тоглогч болоход эв дүй, ур чадвар шаарддаг. Жишээ нь, дүүрэн үзэгчтэй цэнгэлдэх хүрээлэнд мэргэжлийн лигүүн багууд хоорондоо ширүүхэн өрсөлдөнө. Теннис тоглож амьдралаа залгуулдаг од тамирчдын тоо дэлхий дээр 200 орчим байхад уран зөгнөлт “League of Legends”-ийг тоглож хангалттай цалин авдаг 1000 гаруй тоглогч бий. Өнгөрсөн жил League of Legends-ийн дэлхийн аваргын тэмцээнийг 44 сая хүн үзсэн нь гайхалтай амжилт юм. Мөн далбаат завь, морин спорт зэрэгтэй харьцуулахад видео тоглоом хямд бөгөөд хүртээмжтэй билээ.. 

Зарим хүмүүс видео тоглоомыг хүүхдүүдийн ёс суртахуун, хүмүүжилд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Нэгдүгээрт, эцэг эхчүүд видео тоглоомыг донтуулах сул талтай гэж боддог. Ийм л шалтгаанаар Fortnite тоглоомд хориг тавихыг ханхүү Харри уриалж байв. Хоёрдугаарт, харгис хэрцгий гэх тодорхойлолт. Олимпын наадам бол хүн төрөлхтөний энх тайван, эв нэгдлийн их баяр учраас аллага, хүчирхийлэл сурталчилсан видео тоглоомыг спортын нэг төрөл болгох нь буруу гэх биз. Түүнчлэн хэн ч сагсан бөмбөгийн спортыг эзэмшдэггүй атал “League of Legends”-ыг Хятадын Tencent компани эзэмшдэг болохоор видео тоглоомыг ашиг орлого олох хэрэгсэл хэмээн хүмүүс харддаг. 

Дээр дурдсанчлан видео тоглоом нь донтуулдаг, хүчирхийлэл үйлдэх сэдэл болдог гэдэг нь эргэлзээтэй. Дайн байлдааны шинжтэй тоглоом олимпын спортын төрөл байх ёсгүй гэдэг нь түүхтэй зөрчилдөж байна. МЭӨ 708 онд үүссэн жад шидэлт, бөхийн барилдаан олимпын наадмын нэг төрөл байгаа хэвээр. Түүнчлэн буудлага, туялзуур жадыг дурдаж болно. Боксын тулаантай харьцуулахад Fortnite дээрх харгис тулаан бол төсөөллийнх. Хөлбөмбөг, хоккейн үзэгчидтэй харьцуулбал e-спортын хөгжөөн дэмжигчид түрэмгий зан авир, үйлдэл гаргадаггүй. Мөн видео тоглоомын адилаар олимпын наадмыг ашиглан зар сурталчилгаа цацан ашиг олдог нь үнэн. 

Хэрэв видео тоглоомыг зуны олимпын наадмын нэг төрөл болговол тоглоход төдийгүй үзэхэд сэтгэл догдлом тоглоом бүтээхийн төлөө компаниуд өрсөлдөх нь тодорхой. Магадгүй Fortnite-ийг олимпын спортын төрөл болговол спорт үздэггүй байсан олон сая хүн олимпийг сонирхож мэдэх юм. Харин энэхүү туршилт бүтэлгүйтвэл Олон улсын олимпын хороо видео тоглоомыг крокет, олс татах тэмцээн, ганцаарчилсан синхрон сэлэлт шиг 2024 оны олимпын наадмын төрлөөс хасахад л хангалттай.

 

Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. 

 

 

Mongolian Economy