“Үндэсний бахархалт амьтан” мазаалай баавгай /Gobi bear/

Sarangerel
2025-03-12 09:37:29
Ангилал: Эдийн засаг

Мазаалай баавгай нь говийн баянбүрдийг ойжуулагч амьтан гэж үздэг

Мазаалай баавгай нь дэлхий дээр зөвхөн Монголын баруун өмнөд говь цөл болох Говийн Их Дархан цаазат газрын А хэсэгт цөөн тоогоор үлдэж хоцорсон нэн ховор амьтан. Мазаалай нь зундаа +46 хэм халж, өвөлдөө -34 хэм хүртэл хүйтэрдэг байгаль цаг агаарын эрс уур амьсгал бүхий, говь цөлийн экологийн хүнд нөхцөлд амьдардаг цорын ганц хүрэн баавгай гэдгээрээ онцлог. Асар өргөн уудам орон зайг туулан амьдралын хатуу ширүүн тэмцлийн дунд оршин амьдардгаараа бусад баавгайн зүйлээс эрс ялгарна. Хэдийгээр мазаалай нь махан идэштний багт хамаарах Алтайн өвөр говийн хамгийн том араатан боловч түүний идэш тэжээлийн дийлэнх хэсгийг ургамлын гаралтай зүйл тэр дундаа бажууна болон Мазаалай баавгай нь говийн баянбүрдийг ойжуулагч амьтан гэж үздэг хармаг зэрэг ургамал эзэлдэг.

Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад 50 орчим мазаалай баавгай үлдсэн гэж үздэг

Сэрүүн бүсийн баавгайнуудын адилаар арваннэгдүгээр сарын дунд үеэс гуравдугаар сарын эхэн хүртэл ичээнд орно. Жил өнжиж төллөх бөгөөд хээлээ найман сар гаруй хугацаанд тээж, ихэвчлэн 1-2 бамбарууш гаргадаг. Монгол Улс мазаалай баавгайг хамгаалах талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, 1953 онд АИХын тэргүүлэгчдийн зарлигаар агнахыг хориглон дархалж, 1975 онд тархац нутгийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад багтаан, Амьтны тухай хуульд нэн ховор зэрэглэлээр бүртгэн Монгол Улсын “улаан ном”-д оруулсан. Мөн Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах олон улсын конвенцын I хавсралтад бүртгэгдсэнээр олон улсын өмнө Мазаалай баавгайг хамгаалах үүрэг хүлээсэн.

Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлаж, 2024 оныг “Мазаалай баавгайг хамгаалах” жил болгон зарласан билээ. Мазаалай баавгайн тархац нутгийг тэлэх, тархац нутгийн усан хангамж, идэш тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, биологи, экологийн судалгаа, Мазаалай баавгай хамгаалах бодлогыг олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд сурталчлан таниулах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Мазаалай баавгайн тоо толгой харьцангуй тогтвортой байгаа ч тархац нутаг нь 1940-өөд оныхоос 10, 1960-аад оныхоос 5 дахин хумигдсан

Мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх, газар зүйн мэдээллийн систем байгуулах, амьдрах орчны ургамлын зүйлийн бүрдлийг тогтоох, биологийн төрөл зүйлийн мониторинг судалгааны ажил хийхээр БНХАУ-ын Засгийн газартай 2018 оноос хойш “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд “Монгол улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд компьютер, мотоцикль, автомат камер, GPS, спектрорадиометр, автомат цаг уурын станц гэх мэт техник хэрэгслээр хангасан нь мазаалай баавгайн амьдрах орчны судалгаа хийх, өргөн уудам орон зайд ажилладаг Говийн их дархан цаазат газрын албан хаагчид, байгаль орчны чиглэлээр ажилладаг судлаачид эрдэмтдийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд ихээхэн эерэг нөлөө үзүүлснээс гадна хоёр орны судлаачид харилцан туршлага солилцох, хамтран ажиллах судалгааны ажилд ихээхэн дэмжлэг болжээ.

Амьтан бүр байгальд тодорхой үүрэгтэй байдаг, энэ нь экологийн зохистой харьцааг хадгалж байдаг бөгөөд экосистемийн тэнцвэрт байдал нь хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэгч суурь хүчин зүйл болдог. Мазаалай баавгай нь говийн баянбүрдийг ойжуулагч амьтан гэж үздэг. Мазаалайн амтархан иддэг хармаг жимсний хатуу ясан бүрхүүлтэй үр ходоодонд бүрэн боловсролгүй ялгадсаар гадагшлах нь түгээмэл. Ийм үр байгаль дээр зөнгөөрөө газарт унасан үрийг бодвол илүү ургалт сайтай байдаг тухай судалгааны сонирхолтой үр дүн бий. Өөрөөр хэлбэл, мазаалайн ходоод хармагийн үрийн ургалтыг дэмжих байгалийн амьд лаборатори болж өгдөг гэлтэй.

/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хийсэн тусгай дугаараас 2025.01 сар/