Үүлэрхэг, даарах магадлалтай

Mongolian Economy
2023-03-22 10:33:45
Ангилал: Эдийн засаг

Оргил амжилтын үед нь ч Хятадыг хар үүл нөмөрч байсныг Ши Жиньпин хүлээн зөвшөөрсөн. Коммунист Намын их хурлаар Ши намын даргаар гурав дахиа сонгогдож өмнө байгаагүй түүхийг бүтээв. “Удирдагч” хэмээгдэх болсон Ши намын 2300 гаруй төлөөлөгчийн өмнө тавьсан илтгэлдээ өөрийнх нь удирдлага дор улс нь тайван урагшилсан тухай өгүүлсэн. Түүний хэлснээр нэн ядуурал устаж, тэг-ковид бодлого олон хүний амийг аварчээ. Нам нь “угсаатны салан тусгаарлагчид, шашны хэт үзэлтнүүд, харгис алан хядагчдыг маш сайн хянаж чадсан” хэмээн тэрбээр магтахдаа хэт ерөнхий тодорхойлолтууд ашиглав. Гэхдээ “хүчтэй салхи, эрчилсэн давлагаа, аюултай шуургыг тэсэх бэлтгэлтэй байхыг” тэрбээр анхааруулсан.

Гадаадын гүрнүүд нийлж Хятадын хөлийг тушихыг хүсдэг гэж Ши боддог. Тэр нь үнэний ортой юм. Барууны ихэнх улс Хятадын хөгжлийг түгшүүрийн дохио гэж хардаг. Жо Байдены засаг захиргаа хориг, экспортын хяналтаар дамжуулан Хятадын технологийн салбарыг хүнд байдалд оруулахыг хичээсээр. Автократуудад ээлтэй байхаар дэлхийн дэг журмыг өөрчлөхийг Ши Жиньпин хүсдэг. Тэр бол Баруунд ч тохирох Хятадын авторитар загварын төлөөлөл мөн. Түүний мэдэлд түүхэн дэх ямар ч дарангуйлагчаас илүү их хөрөнгө мөнгө байна.

Гэхдээ Ши Жиньпиний сонголтын улмаас Хятад байж болох түвшнээсээ сул дорой болсон.

Дотоодын асуудлууд нэмэгдсээр. 2023 онд энэ бүхнийг зохицуулахад түүнд хүнд байна. Хамгийн хүнд дарамт нь Ковид-19. Ши даргын тэг-ковид бодлого Хятадыг буланд шахсан. Үүний ачаар олон хүний амийг аварсан нь үнэн боловч эдийн засгаа боомилж, хөл хорионы айдаст иргэд нь туйлдав. Хятад хоригоо сулруулах шинж харагдахгүй байна. Хүндээр өвдөх, нас барах эрсдэлийг дорвитой бууруулах хэмжээний вакцинжуулалтад хүн амын ихэнх хамрагдаагүй. Учир нь хөл хориог илүүд үзэж, вакцинжуулалтад анхаараагүй. Барууны mRNA вакциныг улс төрийн шалтгаанаар импортлохгүй байна. Эрүүл мэндийн тогтолцоо нь сул тул вирустай зэрэгцэн амьдрахад Хятад муу бэлтгэгдсэн. Тэг-ковид бодлогоос татгалзвал эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, олон мянган хүн нас барна.

Үүнээс үүдэх таагүй байдал намын санааг зовоож буй. Мөн эдийн засаг нь. 2022 онд эдийн засгийн өсөлт төсөөлснөөс сул байсан бөгөөд өнөөгийн замаа үргэлжлүүлвэл 2023 онд ч мөн ижил байна. Залууст ажил олдохгүй байна. ДНБ-ий үлэмж хувийг эзэлдэг үл хөдлөхийн зах зээл хямарчээ. Нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, хэрэглэгчийн итгэлийг бууруулсан хорио, аяллын хориг нь асуудлын нэг л хэсэг юм. Ши илүү социалист, улсын хяналттай эдийн засгийг зуржээ. Бизнесийн орчинд нам илүү их эрхтэй байх ёстой гэж тэр үзэж байна. Технологийн компаниудад дарамт үзүүлж, Хятадыг дэлхийгээс таслах замаар тэрбээр инновацын хурдыг сааруулж, хувийн секторын эрч хүчийг бууруулсан.

Хүн ам зүйн нөхцөл нь Хятадын эсрэг байна. Хятад 1980-аад оноос нэг-хүүхэд бодлого хэрэгжүүлсэн бол одоо үүний эсрэг зүйлээс эмээж байна. Хятадын хүн ам 2023 оноос буурснаар Энэтхэг дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно. Хятадын хүн амд эзлэх өндөр настнуудын хувь жил бүр өсөж, ажиллах хүчний тоо буурч байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, залууст ачаалал нэмлээ. Хятад 2015 онд хоёр хүүхэд бодлогод шилжсэн бол 2021 онд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн. Гэвч залуус олон хүүхэдтэй байх сонирхолгүй байна.

Зарим шинжээч эдгээр асуудал болон хэт их гадаад өрийг нь тооцсоны үндсэн дээр Хятадыг хүч чадлынхаа дээд цэгт тулсан гэж үзэж байна.

2023 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалаа баталгаажуулах Ши Жиньпин чиглэлээ өөрчлөх сонирхолгүй. Энэ юуг илэрхийлж болох вэ? Өсөлт нь саарсан Хятад Баруунтай эн тэнцүү өрсөлдөх хэмжээний хөрөнгө мөнгө, нөөц боломжоор хомс болно. Гэхдээ Америкийн эдийн засгийн боомилолтоос эмээсэн дорой Хятад илүү аюултай байж магадгүй. Хэрвээ ийм уналтыг урьдчилан харж байгаа бол дэлхийг өөрчлөх, Тайванийг эзлэх хүслээ орхиогүй байгаа Хятад боломж байгаа дээр шуурхай хөдөлж магадгүй хэмээн зарим ажиглагч болгоомжилж байна.

Коммунист нам өөрсдийнх нь хүссэнээр нурна гэдэгт Барууны улсууд найдах хэрэггүй. Хятадын эдийн засаг сульдсан ч дэлхийн том эдийн засгийн нэг хэвээр байна. Хагас дамжуулагч, зэвсгийн үйлдвэрлэл гэх мэт салбарууддаа маш их хөрөнгө зарцуулж чадна. Америк тэргүүтэй улсууд ирэх жилүүдэд ч өөрсдийн гэсэн хүн амзүйн сорилттой тулгарна. Хятадын сэргэн мандалт үргэлжлэх нь зайлшгүй, уналтад орох нь ч гарцаагүй.

РОЖЕР МАКШЭЙН, Хятадыг хариуцсан эрхлэгч, The Economist

Эх сурвалж: Дэлхий 2023 онд дугаар, Удирдагчид булан

The Economist сэтгүүлийн онцгой зөвшөөрлийн хүрээнд Mongolian Economy хүргэж байна

 

 

 

Mongolian Economy