Өмнийн говийн дундаршгүй үүц
Хөгжил дэвшилд хүрэх нэгэн жор нь төрөлхийн өгөгдөл юм. Өмнөговь бол уул уурхайгаас гадна аялал жуулчлалынарвин их өгөгдөлтэй аймаг. Монголд ирж байгаа жуулчдын 70-80 хувь нь Өмнөговь аймагт ирдэг гэсэн судалгаа бий. Тус аймаг үлэг гүрвэлийн мөрт Шар цав, Нэмэгт, эртний Цайны зам, Хүрдэт агуй, үлэг гүрвэлийн өндгийг анх олсон Баянзаг, үзэсгэлэнт Ёлын ам, Хонгорын элс, Говь Гурвансайхан, Галбын говь зэрэг дотоод гадаадын жуулчдыг соронздон татах олон “баялаг”-тай. Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат “Уул уурхай хөгждөгөөрөө хөгжиж, зам тээвэр, дэд бүтцээ сайжруулна. Гэхдээ манай аймгийг цаашид авч явах гол салбар бол аялал жуулчлал” гэж манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Өмнөговь аймгийн удирдлага, салбар хариуцсан төрийн болон төрийн бус байгууллага, үндсэн гурван бүсэд хуваадаг. Эдгээрт хүрэх зам, цахилгаан, харилцаа холбооны сүлжээ зэрэг дэд бүтцэд сүүлийн жилүүдэд илүү анхаарч, хөрөнгө оруулж буй. Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг баруун бүс нутгийн алслагдсан Хэрмэн цав, Нэмэгтийн хонгилыг “ойртуулахаар” Гурвантэс сум хүрэх хатуу хучилттай замыг барьж байна. Зүүн бүсэд Таван толгойгоос Ханги Мандалыг чиглэсэн хатуу хучилттай замыг барьж буй. Энэ зам зүүн бүсийн аялал жуулчлалын хамгийн том кластер болох Шар цавын үлэг гүрвэлийн мөрт газраас гурван км-ын зайтай өнгөрнө. Эдгээр зам нь төвийн бүсээс баруун, зүүн бүсүүдэд аялал жуулчлалын хөгжлийг түгээх томоохон дэд бүтэц болох юм.
Монголд ирж байгаа жуулчдын 70-80 хувь нь Өмнөговь аймгаар аялдаг
Аялал жуулчлалын нэг чухал бүтээгдэхүүн болох говийн ховор чухал биологийн төрөл зүйл, говийн булаг шандыг хамгаалах, нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан экологийн коридор нутгийг бий болгох зорилгоор Сэврэй, Баяндалай, Булган, Ханхонгор зэрэг сумдын булаг шандыг хамгаалах, орхигдсон худаг цооногуудад нарны өргүүр бүхий автомат төхөөрөмж суурилуулан усан сан үүсгэж байна. Булган сумын нутаг дахь Нүцгэний булгийн хамгаалалт нь Улаан номдбүртгэгдсэн борцгор хотонгийн нүүдлийн замыг тоссон томоохон бүтээн байгуулалт болжээ.
Түүнчлэн, улсын тусгай хамгаалалттай газрууд болон аялал жуулчлалын зорих газруудад отоглох цэг, аялал жуулчлалын мэдээллийн төв, нийтийн бие засах газар, хоол унд, кофешоп бүхий үйлчилгээний төвүүд байгуулж байна. Эдгээрээс Булган сумын иргэдийн байгуулсан “Баянзаг- Улалзах цонж” ТББ-ын мэдээллийн төвийн хамгаалалт, ашиглалт нь улсдаа үлгэр жишээ болохоор юм. Мөн Ази, Европыг холбосон алдарт Цайны замын ул мөр, бодит түүхэнд тулгуурлан олон улсын худалдаа арилжаа, соёлын харилцааг илэрхийлсэн тэмээн жингийн дурсгалын хөшөөг Баянзагт байгуулж байгаа нь аялал жуулчлалын нэгэн чухал үзмэр болно.
Японы Мичино-эки загварын халаалт, цахилгаан, цэвэр бохир усны сүлжээнд холбогдсон, нийтийн бие засах газар, хөнгөн хоол үйлдвэрлэл, “Булганд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний дэлгүүр, Булган сумын аялал жуулчлал, байгаль орчны мэдээллийн төв бүхий нэгдсэн цогцолборыг байгуулахаар 600 сая төгрөгийн төсвийг батлаад байна. Ирэх жил ашиглалтад орох тус цогцолборын загвар зургаар бусад сумдад ийм цогцолбор барьж, орон нутгийн ард иргэд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарч, орон нутгийн төсвийн хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийж байна. Тус аймаг 2023 оныг “Өмнөговьд зочлох жил” болгон зарлаж, “Нээлттэй Өмнөговь”, “Эх орон-миний говь” уриан дор 930 сая гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.
Дэд бүтцэд илүү анхаарч, хөрөнгө оруулж байна
Өмнөговь аялал жуулчлалын салбараа нутгийн иргэдийн ТББ-д менежментийг нь бүрэн хариуцуулах аж.
Аялал жуулчлал, байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх “Бид орон нутгийн иргэдийн орлогыг бодитоор дэмжихийн тулд иргэдийн оролцоонд тулгуурласан, говийн өвөрмөц онцлогийг харуулсан эвентүүд тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд “Түмэн тэмээний баяр”, “Алтан элс-Элсэн манхны баяр”, “Сайханы сарлагийн наадаан” зэрэг эвентүүдээ “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж байна. Цаашид төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагаанд түшиглэх нь илүү оновчтой” гэв. Харин тус холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Зорих газрууд, түүх соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газруудаа орон нутгийн ТББ-ын оролцоотойгоор хамгаалах, эзэнжүүлэх, дэд бүтцийг нь хөгжүүлэхэд аймгаас их хөрөнгө оруулалт хийж байна” хэмээсэн.
Түүний онцолсноор уул уурхайн үйл ажиллагаа ихсэхийн хэрээр иргэдийн хандлага өөрчлөгдөж, байгаль орчиндоо ээлтэй үйлчилгээг сонирхох болжээ. Тиймээс иргэд аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг илүүтэй сонирхон аялал жуулчлалын зам дагуу кофешоп, хоолны газар, зочид буудал байгуулж байна. Гэвч үүнтэй холбоотойгоор иргэдийн байгаль орчин, аялал жуулчлалын боловсролыг хөгжүүлэх асуудал гарч ирж байгаа аж. “Аялал жуулчлал бол мэргэжлийн бизнес. Мэргэжлийн түвшинд төлөвлөж, удирдаж, зохион байгуулж байж амжилтад хүрдэг” хэмээн Х.Түмэндэлгэр онцлов.
Тиймээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас жуулчны бааз, гэр буудал, зам дагуух сумдын нийтийн бие засах газар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн сургалт, ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, жуулчны баазуудын удирдах ажилтнууд, төрийн албан хаагчдаас бүрдсэн баг аравдугаар сард Японы Осака хотод болох олон улсын аялал жуулчлалын JATA үзэсгэлэнд оролцож, Японы аялал жуулчлалын хөгжилтэй танилцан, хамтын ажиллагаа үүсгэж, туршлага судлах аж.
Аялал жуулчлал бол мэргэжлийн бизнес. Мэргэжлийн түвшинд төлөвлөж, удирдаж, зохион байгуулж байж амжилтад хүрдэг
Шөнийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймгаас дэд бүтцийг нь шийдэх замаар таван одтой зочид буудал барих боломжийг хувийн хэвшилд олгох, аймаг дотроо нислэгтэй болох, олон улсын нисэх буудал барих зэрэг олон амбицтай төсөл, санаачилгыг тус аймаг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уул уурхайгаас олсон орлогоо Өмнөговь аймаг ирээдүйн хөгжлийг нь тодорхойлох аялал жуулчлалын салбартаа тууштай зориулж буйг онцлон тэмдэглье. Энэ бол Өмнөговь аймгийн хөгжлийн ирээдүйгээ харсан зөв алхам. Хэрэв хөрөнгө оруулалт нь, зөв бодлого менежмент нь байвал Монгол орны бүхий л аймаг аялал жуулчлалын хөгжлөөр цойлох бүрэн боломжтой. Тэрхүү боломжийг хамгийн тэргүүнд олж харж, хэрэгжүүлж буй нь Өмнөговь аймаг болж байна.
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ Тусгай дугаараас