Өндөр өртөг үр дүнд хүргэх үү?
2019 оны арванхоёрдугаар сар 2018 оны арванхоёрдугаар сар
Хэт төвлөрөл, төлөвлөлтгүй тэлэлтээс үүдэлтэй нийслэлийн агаарын бохирдлын асуудал ярианы сэдэв болоод хэдэн арван жилийг үдлээ. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад 2008-2016 онд улсын төсвөөс 147 тэрбум төгрөг, гадаадын хандивлагчдын зээл, буцалтгүй тусламжаар 153.3 сая ам.доллар зарцуулсан боловч нааштай үр дүнд хүрээгүй. Энэ хугацаанд зөвхөн нийслэл төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол нэмэгдэн Монгол Улсын агаарын чанарын стандартаас давж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх зорилгоор Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан бөгөөд 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьсан.
Нөхцөл байдал
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувь гэр хорооллын айлууд болон аж ахуйн нэгжүүдийн усан халаалтын зуухнаас, хөрсний бохирдол стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламжаас гадна ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал, агаарын бохирдлоос үүдэлтэй байдаг бол үйл ажиллагааны доголдолтой цэвэрлэх байгууламжуудын цэвэрлээгүй эсвэл дутуу цэвэрлэсэн бохир ус усны бохирдлын гол эх үүсвэр болж байна.
Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, мөөгөнцөр илэрсэн бол зарим аймагт хүнд металлын (кадмий, хар тугалга, цайр болон стронций) дундаж агууламж стандартаас хэтэрсэн байжээ. Гадаргын усны чанарын хяналт, шинжилгээний үнэлгээгээр бага бохирдолтой ангилалд багтаж байсан цэгийн тоо өмнөх оныхоос нэмэгдэж, бохир ба маш бохир гэж үнэлэгдсэн цэгийн тоо багасжээ. Улсын хэмжээнд Туул голын Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэг, Хангал голын Эрдэнэт доод цэг, Хиагт гол, Дуут болон Ганга нуур хамгийн их бохирдолтой байв. Харин агаарын бохирдлыг үүсгэж буй гол бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, тоос тоосонцор, азотын давхар ислийн хэмжээ сүүлийн жилүүдийн дунджаар хүлцэх агууламжаас давсан үзүүлэлттэй гарсаар байна.
Агаар, орчны бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг болох хог хаягдлыг манай улс шатаах эсвэл байгальд булж зайлуулдаг. 2016 онд төвлөрсөн цэгт зайлуулсан хог хаягдлын хэмжээ 2.3 сая тонн байсан бол 2018 онд 3.4 сая болж нэмэгджээ. Ялгарч буй нийт хог хаягдлын тал хувийг дахин боловсруулах боломжтой байдаг бол одоогийн байдлаар 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж буй. Орон сууцанд оршин суугчдын хог хаягдлын дийлэнх буюу 36-41 хувийг, гэр хорооллын оршин суугчдын хаягдлын 30 орчим хувийг дахин боловсруулах боломжтой бүх төрлийн цаас, хуванцар, шил болон металл зэрэг хоол, хүнсний хаягдал эзэлдэг. Гэвч манайд хог хаягдал дахин боловсруулах цөөн тооны хувийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хаягдлыг ангилан ялгадаггүйн улмаас боловсруулах түүхий эдгүй тус үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй.
Шийдэл
Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд энэ жил улсын төсвөөс нийт 75.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүний дийлэнхийг сайжруулсан түлшний үйлдвэрлэл болон шөнийн цахилгааны тариффын хөнгөлөлтийг нэмэгдүүлэхэд зориулсан. Энэ хүрээнд 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хязгаарлаж шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэх, хяналтын явуулын дөрвөн станц, 4000 гаруй орон тооны бус ажилтан ажиллуулах, шөнийн цахилгааын тариффын хөнгөлөлтийг хоёр дахин нэмэгдүүлэх, халаалтын зуухны системийг шинэ дэвшилтэт технологиор солих, 290 нам даралтын зууханд агаар шүүгч тавих, түүхий нүүрс хэрэглэдэг байсан өртгөөр нь 22 сургууль, цэцэрлэгийн халаалтыг хий, цахилгаан болон газрын гүний технологиор солих зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж буй. Эдгээр ажлын үр дүнд сүүлийн хэдэн сарын агаарын чанарын үзүүлэлтүүд хүлцэх хэмжээнд эсвэл бага зэрэг давсан эерэг үзүүлэлттэй байгааг онцлууштай. Гэвч үр дүнг жилийн, цаашлаад таван жилийн дунджаар харьцуулах нь зөв болохыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын хэсгийн дарга Ч.Гантулга онцоллоо. Үүнээс гадна АНУ-ын дата шинжээч Роберт Ритз Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжих стандартад өөрчлөлт оруулсныг нийтлэлдээ дурджээ. Тухайлбал, АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн стандарттай харьцуулахад Монголын шинэ стандартын агаар дахь бохирдуулагч бодисын хязгаар 2-3 дахин их байна. Иймд агаарын чанарыг өмнөх жилүүдийн үзүүлэлттэй харьцуулахдаа хуучин эсвэл шинэ стандартын аль нэгт шилжүүлснээр бодит дүгнэлт гарахыг тэмдэглэжээ.
Ус болон хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хэнтий, Төв, Булган болон Орхон аймагт нийт есөн хөв, цөөрөм байгуулах, БЗД болон СХД-ийн 177 айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах зэрэг ажлыг хийгээд байна. Мөн гэр хорооллын хөрсний бохирдлыг хэмжих ажлыг анх удаа цогцоор нь хийж, холбогдох стандартыг нэвтрүүлж байгаагаас гадна лаг боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь бохирдож доройтсон хөрсний хэмжээг 30 хувиар бууруулах, хөрсний бохирдлоос шалтгаантай өвчлөлтийг 20 хувь бууруулах, хөрс ашиглагч иргэд, аж ахуй эрхлэгчид хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх, газрын доройтлыг бууруулах ач холбогдлыг мэдэн гадаадын туршлага судалснаар хөрс хамгаалагдах боломж дээшилж түүнийг нөхөн сэргээхэд гарах зардал буурах нөхцөл бүрдэх аж.
Өнгөрсөн онд зориулалтын бус цэгт хаясан 151,256 тонн хог хаягдлыг зөөн цэвэрлэхэд улсын төсвөөс гадна нэмэлт хөрөнгө зарцуулжээ. БОАЖЯ-аас Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай Засгийн газрын 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаатай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжин энэ оны долдугаар сараас эхлэн төслүүд хэрэгжүүлж буй. Тухайлбал, 400 сая төгрөгийн төслийг хаягдал дугуй дахин боловсруулж резин хавтан зэрэг 11 төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Инахис” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд таван сарын дотор 96 мянган хаягдал дугуйг байгальд ээлтэй аргаар дахин боловсруулж 6000 квадрат метр хавтан үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан бол одоогийн байдлаар 156 мянган дугуй дахин боловсруулж 15 цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулаад байна. Тус компани нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 8 сая гаруй дугуйг байгаль орчинд ээлтэй бутлах аргаар дахин боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн импотыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн агаар орчны бохирдлыг бууруулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус компанийн хүний нөөц дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд төрөөс анх удаа бодитоор дэмжсэн явдал болсныг захирал Н.Мөнхбаяр онцолсон.
Харин хаягдал хуванцар дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг “Могпластик” ХХК-тай хамтран хоёр төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Эхний төсөлд 200 сая төгрөг төсөвлөж Сүхбаатар дүүрэгт хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хогийн сав байршуулах, ачиж тээвэрлэх болон нөлөөллийн ажлыг хийж буй. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 12-р хорооны нэг гудамжны 40 өрхийн гадаа болон 20 орон сууц, хороололд ялган ангилах хогийн сав байршуулжээ. Төслийн хүрээнд сард 50 тонн дахивар хог хаягдлыг нийлүүлэхээр тогтсон бол одоогоор нийт 200 тонныг нийлүүлэн төлөвлөгөөгөө давж биелүүлжээ. Хоёр дахь төслийн хүрээнд орон нутгаас дахивар хаягдлыг тээвэрлэхэд амар болгох үүднээс бэлтгэх пресслэгч, бутлагчийг гардуулж, нийслэл дэх үйлдвэрүүд рүү нийлүүлэх мөн дахивар хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж буй. Төсөлд 150 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийт найман аймагт тоног төхөөрөмж хүргүүлжээ.
Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээс харахад 2025 онд хүрэхээр тавьсан зорилтдоо хүрэхгүй гэх үндэслэлгүй. Гэвч манай улс олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагуудын шүүмжлэлд өртөх гол шалтгаан нь аливаа хөтөлбөр, бодлогын бичигт баримт баталчихаад бодитоор хэрэгжүүлдэггүй явдал. Иймд цаашид төлөвлөгөөнд заасны дагуу цаг тухайд нь ажлуудаа хэрэгжүүлж, хэрэгжилтийн явцад хатуу хяналт тавих нь өмнөх алдаагаа давталгүй бодит үр дүнд хүрэхэд чухал юм.