Өрхийн орлого өссөн ч…

T.Amarjargal T.Amarjargal
2021-09-02 17:36:35
Ангилал: Нийгэм

Монголын банкны холбоо өнөөдөр “Банкны салбарын 2021 оны эхний хагас жилийн тайлан”, “Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын судалгаа”-г танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг танилцуулж, эл өсөлт нь уул уурхайн бүтээгдэхүүн болон экспортын түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой болохыг онцлов. Тодруулбал, эхний хагас жилд уул уурхайн салбар 24 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 23 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ. 

Эх сурвалж: Монголын банкны холбоо

Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөлтгүй байгаа бол дотоодын хөрөнгө оруулалт 12 хувиар өссөн байна. 

Харин өрхийн орлого хоёрдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгджээ. Гэвч инфляцын өсөлттэй харьцуулан тооцвол өрхийн орлого буурсан үзүүлэлттэй байна.

Инфляц энэ оны долдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсжээ. Инфляцын өсөлт манай улс төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод буй. 

Түүнчлэн макро орчны тогтворгүй байдал манай улсын банкны салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг Монголын банкны холбооны судалгаанд дурджээ. Тус холбоо өндөр орлоготой долоо, дунджаас дээгүүр орлоготой 14, дунджаас доогуур орлоготой 15, бага орлоготой гурван улсыг түүвэрлэн судалсан байна. 

Банкны салбарын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 39 улсаас 26-р байрт жагсаж байгаа бол макро хүчин зүйлийг хасаад тооцоход 11 байраар урагшилжээ. Мөн уул уурхайн хамааралтай орнууд болон орлогын түвшин ижил орнуудтай харьцуулахад макро орчин банкны салбарт сөргөөр нөлөөлж байгаа нь илэрхий болсон гэж Монголын банкны холбооны эдийн засагч, шинжээч Г.Батзориг хэлсэн юм. 

Эх сурвалж: Монголын банкны холбоо

Банкны салбарын өрсөлдөх чадварт макро орчны тогтворгүй байдал нөлөөлж байгаа ч эдийн засгийг дэмжиж буй гол хөрөнгө оруулалт нь банкны зээл байсныг эдийн засагчид онцолсон. Өмнөх оны турш царцанги байдалтай байсан банкны салбарын зээлийн үлдэгдэл энэ он гарсаар эрчимтэй өсжээ. Зээлийн үлдэгдэл өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн 20 орчим их наяд хүртэл нэмэгдэж, 10 гаруй хувиар өсөөд байна. Энэхүү өсөлт нь “10 их наядын хөтөлбөр”-ийн үр дүн бөгөөд эдийн засгийг дэмжиж буй гол хөшүүрэгт тооцогдож байна. 

Гэвч банкны салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ буурахгүй хэвээр. Ялангуяа цар тахал эхэлснээс хойш иргэдийн зээлийн нөхөн төлөлт мэдэгдэхүйц мууджээ. Энэ оны зургадугаар сарын байдлаар банкны нийт зээлийн багцын долоон хувь нь хугацаа хэтэрсэн, 11 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Тодруулбал, 10 зээл тутмын дөрөв нь ямар нэг асуудалтай байна.

Банкуудаас гадна төрийн санхүүжилтийн механизмд үүссэн чанаргүй зээлийн хэмжээ их байгаа нь цаашид шинээр зээл гаргах, эдийн засгийг дэмжих боломжийг хязгаарлах эрсдэлтэй байна. Иймд чанаргүй зээлийн асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах хэрэгтэй байгааг эдийн засагчид санууллаа.

Харин зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хувьд, 12 хувь буюу сарын хүү нэг хувьд хүрсэн амжилттай байна. Харилцах, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсний нөлөөгөөр 2020 оноос хойш хадгаламжийн хүү 4.5 нэгж хувиар буурчээ. Мөн банкны хадгаламжийн хүү буурсан ч иргэн, ААН-ийн банкинд итгэх итгэл хэвээр байгааг төгрөгийн хадгаламж 36 хувиар өссөнөөс харж болохоор байна. Үүний үр дүнд системийн нөлөө бүхий топ таван банкны эх үүсвэр энэ оны эхний хагас жилд өсөлттэй гарчээ. Мөн банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгааг Монголын банкны холбооноос мэдээллээ. 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal