Аврахаар мордсон нь
Европын эдийн засаг ганхсаар 2021 онтой золголоо. Цар тахлын хүнд цохилтод өмнө зүгийн орнуудын эдийн засаг хамгийн их өртөв. Итали, Испанид үйлдвэрлэлийн гарц 2020 онд 10 гаруй хувиар буурсан. Цалинтай чөлөө олгох нь буурсан учир Испанид ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрнэ. Харьцуулахад 2020 онд эдийн засаг нь таван хувь агшсан ХБНГУ хямралыг харин ч гайгүй давах шиг.
Умард, өмнөдийн эл ялгарал Европын холбоонд таагүй дохио болж, ханшид дарамт болохоор байлаа. Ялангуяа өмнө зүгийн орнуудын өрийн дарамт хэт ихэсч, умардтай харьцуулахад эдийн засгаа дэмжих боломж нь хумигдмал байна. Гэхдээ 2021 онд нөхцөл байдал өөрчлөгдөнө. Европын Холбоо Сэргэлтийн сангаараа дамжуулан анх удаа 750 тэрбум еврогийн санхүүжилт олгоно. Үүнийг гишүүн орнуудын дэмжлэгтэй гаргаж, Европын комиссын гаргасан бондоор санхүүжүүлнэ. Улмаар 2021 онд зээл, тусламж олгож эхэлнэ.
Энэ нь хүчтэй нөлөө үзүүлнэ. Итали, Испани зэрэг улс хамгийн ихээр хүртэнэ. Санхүүжилт авч буй улсуудыг байгальд ээлтэй цэвэр технологи, дижитал дэд бүтцэд хөрөнгө оруулахыг уриална. Энэ нь Европын өсөлтийн боломжийг тэтгэх юм. Мөн мөнгөний бодлогыг зөөлөн хэвээр хадгалахад дэм болно.
Европын төв банк инфляцыг зорилтот түвшинд ойр, гэхдээ хоёр хувиас доогуур барихын тулд бодлогын хүүг нам дор хэмжээнд удаан хугацаанд тогтоон барих амлалт өгсөн. 2021 оны дундуур стратегийн судалгааг эцэслэн гаргасны дараа эдийн засгийг сэргээх үүднээс үнийг төлөвлөснөөс илүүгээр өсөхийг зөвшөөрч магадгүй.
Сэргэлтийн сан Европын комиссын нөлөөг улам нэмнэ. Тус байгууллагын гол үүрэг нь улсуудын төсвийн зарцуулалтыг хянах, ЕХ-ны төсвийн дүрэм журмыг сахиулах байсан ч шийтгэл ногдуулах эрх мэдэл байгаагүй. Харин одоо олон зуун сая еврог захиран зарцуулж буй тул буруутнуудыг хазах соёотой болно. Санхүүжилт олгохоос өмнө комиссын мэргэжилтнүүд гишүүн орнуудын төсвийн төсөлд хяналт тавьна (гэхдээ Засгийн газрууд л төсөлд хориг тавих эрхтэй).
Европын комисс санхүүгийн зах зээлд ч их нөлөөтэй болох нь. Цар тахлаас өмнө тус байгууллага жилд бага хэмжээний бонд гаргаж байсан бол 2024 онд энэ үзүүлэлтээр Европт тэргүүлэгчдийн нэг болно. Супер-аюулгүй хөрөнгийн хэрэгслээр өлсөж буй хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээтэй бонд руу нь дайрна. Сэргэлтийн сангийн ихэнх хөрөнгийг ногоон бондоор санхүүжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, ирэх гурван жилд гаргах нийт бондын 25 орчим хувь тус комиссынх байх аж.
Засгийн газрууд өрөө хэрхэн дарах талаар хэлэлцэж эхэлнэ. Ийм яриа олон жил үргэлжилнэ. Европын холбоонд хувь нэмэр оруулахаас илүү татварын хөнгөлөлт эдлэх сонирхолтой улс байгаа тул комиссын оролцоо улам чухал болно. Сэргэлтийн сан цаашид илүү их бонд гаргах эхлэл болвол Европын холбооны төсвийн эрх мэдэл энэ хэвээрээ үлдэж магадгүй.
Мэдээж төвөгтэй зүйлс их бий. Зарим оронд хэрэгжиж буй төслүүдийг Европын холбооны зарим гишүүн, тэр дундаа Нидерланд үр ашиггүй зардал гэж үзнэ. Эдийн засгийг хурдтай сэргээхийн тулд санхүүжилтийг илүү хурдан олгох ёстой байв. Сангийн хөрөнгийн ердөө 20 орчим хувийг 2021 онд олгох төлөвтэй тул зарцуулалт нь үүнээс бага байх юм. Улс орнуудын эдийн засаг эмзэг хэвээр байгаа учир Засгийн газрууд зардлаа тэлэх нь тодорхой. Гэхдээ Сэргэлтийн сан байгаагүй бол Европын эдийн засаг хэд дахин дор байх байсан болов уу.
Рачана Шанбог: санхүүгийн салбар хариуцсан редактор, The Economist