Агаарын бохирдол гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болдог уу

B. Misheel
2019-10-18 15:14:49
Ангилал:

Бохир агаар бидний бодсоноос ч илүү хор хөнөөлтэй байж магадгүй

Агаарын бохирдлын хор уршгийн талаар бид хангалттай сонсож буй. Цус харвах, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчнөөр нас барагсдын гуравны нэг нь хортой, агаарын бохирдолтой орчинд ажиллаж, амьдардаг байсныг судалгаа харуулдаг. Дэлхийн зарим хотын иргэд өдөрт 25 ширхэг янжуур татсантай ижил хэмжээний хортой агаараар амьсгалж байна. Чимээгүй алуурчин гэгддэг агаарын бохирдол хүний эрүүл мэндэд чухам ямар аюул занал авчирч буйг олж тогтоож, судлахад маш их хугацаа шаардлагатай болдог нь эрдэмтэн, судлаачдын хувьд гол бэрхшээл болж буй. Гэвч хүний эрүүл мэндэд агшин зуурт, тун аюултайгаар нөлөөлдөг агаарын бохирдлын нэгэн аюулыг эрдэмтэд саяхан судалжээ.

Агаарын бохирдол нь хүний түрэмгий авирыг өдөөдөг болохыг АНУ-ын эрдэмтэн Жесси Бөркхардт болон түүнтэй хамтран ажилласан Колорадо Стэйт их сургууль, Миннесотагийн их сургуулийн багийн судалгаа харуулжээ. Тэд Холбооны Мөрдөх Товчооноос гаргадаг гэмт хэргийн мэдээлэл, Байгаль орчныг хамгаалах агентлагийн агаарын бохирдлын датаг (2006-2013 оны хооронд) ашиглаж, АНУ-ын 397 каунти дахь агаарын бохирдол болон гэмт хэргийн хоорондох холбоог олж мэдэхийг хичээсэн аж.

Тэдний судалгаанаас үзвэл агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ (PM2.5) тухайн өдөрт 10 хувиар нэмэгдэхэд мөн өдөртөө зэвсэглэсэн дайралт зэрэг онц хүнд гэмт хэрэг 0.14 хувиар өссөн байв. Агаар бохирдуулагч өөр нэг бодис болох озоны хэмжээ мөн адил хэмжээгээр нэмэгдэх нь онц хүнд гэмт хэргийн тоо 0.3 хувиар өсөхөд нөлөөлж байлаа.
Эрдэмтэд бохирдол болон гэмт хэргийн гаралтын харилцан хамаарлыг анх удаа судалж байгаа нь энэ биш юм. 1970-аад онд АНУ хар тугалган суурьтай будаг хэрэглэхийг хориглож, хар тугалгатай түлшний хэрэглээг үе шаттай бууруулж эхэлсэн. Хорь гаруй жилийн дараа тус улсад гэмт хэргийн гаралт мэдэгдэхүйц буурсан агаад судлаачид эдүгээ хар тугалга болон гэмт хэргийн хооронд тодорхой хэмжээний хамаарал байсан гэж дүгнэж байна. 1970, 1980-аад онд хар тугалганы нөлөөнд өртсөн америк хүүхдийн тоо илт буурсан нь 1990-ээд онд онц хүнд гэмт хэргийн тоо бараг 50 хувиар буурсан тухай Амхерст коллежийн эдийн засагч Жессика Волпав Рейес 2007 онд хэвлүүлсэн судалгаандаа дурдсан байдаг.

Онц хүнд гэмт хэргийн тоо ихэсхэд бохир агаар нөлөөлдөг болохыг Ж.Бөркхардт болон түүний багийнхны судалгаа харуулж буй. Хүмүүсийн эрүүл мэндэд төдийгүй эдийн засагт үзүүлэх агаарын бохирдлын хор нөлөөг ч тэд мөн авч үзжээ. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор болон озоны хэмжээ өдөрт 10 хувиар буурсан тохиолдолд гэмт хэргийн гаралт багасч, энэ нь АНУ-д жилд 1.4 тэрбум доллар хэмнэх боломж олгох аж. Үүнд цагдаагийн шуурхай ажиллагааны зардал, хохирогч гэмтэж бэртсэний улмаас ажлын бүтээмжээ алдах гэх мэт орж байгаа юм.

Дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад дээгүүр байрт ордог Улаанбаатар хотын хувьд ийм чиглэлийн даацтай судалгаа хараахан хийгдээгүй байна. Гэвч Үндэсний Статистикийн хорооны мэдээллийн нэгдсэн сангаас үзвэл Монгол Улсын хэмжээнд 2017 оны нэг, арваннэг, арванхоёрдугаар сар, 2018 оны нэг, хоёр, арваннэг, арванхоёрдугаар сар, 2019 оны нэг, хоёр, гуравдугаар сар нь тухайн жилийнхээ хамгийн олон гэмт хэрэг гарсан сарууд болжээ. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 2017 онд хамгийн олон гэмт хэрэг (21947) бүртгэгдсэн сар нь арванхоёрдугаар сар бол 2018 оны хувьд нэг (21947), арваннэг (22422), арванхоёрдугаар (23855) сарууд энэ үзүүлэлтээр тэргүүлж байна. 2019 оны эхний есөн сарын дараах байдлаар нэг, хоёрдугаар сард хамгийн олон (25652) гэмт хэрэг бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол ихтэй өвлийн саруудад гэмт хэргийн гаралт хамгийн их байгаа аж.

B. Misheel