Айхтар жил айсуй
Цар тахлаас ч өмнө чипний бизнес ээдрээтэй байв. Стратегийн нэн чухал эл технологийн төлөө Хятад, Америк геополитикийн маргаан үүсгэж, ихэнхийг нь Америкт үйлдвэрлэсэн чип үйлдвэрлэлийн адармаатай багажнуудыг Хятадын компаниудын гарт оруулахгүйн тулд Америк улс чадах бүхнээ хийж байлаа. Мөн Америкийн газар шороон дээр чип үйлдвэрлэвэл татаас өгөх талаар АНУ авч үзэж, Хятад улс компаниуддаа хэдэн зуун тэрбум доллар цутгаж буйг сөргүүлэн эл салбарт татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн арван тэрбум доллар оруулав.
Тэгтэл Ковид-19 асуудлыг бүр хүндрүүлсэн агаад 2022 онд энэ асуудал намжихгүй. Дэлхий даяараа гэрээсээ ажиллаж, үүнд хэрэг болох асар олон цахилгаан бараа худалдаж авсан 2021 оны дунд үеэр цар тахал чипний нийлүүлэлтэд нөлөөлөв. Машин үйлдвэрлэгчид хамгийн их хохиров. Тэд цар тахлын эхэнд чипний захиалгаа цуцалж, улмаар машины захиалга эрс нэмэгдэхэд захиалгын дарааллын адагт орсон байлаа. Үүний улмаас 2022 онд чип үйлдвэрлэгчид эрэлтийг хангахын тулд илүү цагаар ажилласаар байх нь.
Энэ зуур дэлхийн улсууд өөрсдийн газар нутаг дээр чипний үйлдвэр бариулахын тулд чадах бүхнээ хийнэ.
2021 оны төсөвлөсөн 52 тэрбум ам доллароо үндэсний чип үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хэрхэн зарцуулахаа Америк шийдэх ёстой. Хэрэв дээд зэрэглэлийн чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайваний TSMC компанийн төлөвлөсний дагуу болвол тэд анх удаа Америкт үйлдвэрээ бариад дундаа орсон байна. Европ харин энэ тал дээр төсөв гаргахаар ярилцана, эсвэл батлаад зарцуулж эхэлсэн байх болов уу.
Гэвч татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар үр ашигтай зарцуулахад тун хэцүү байдлаар эл салбар өөрчлөгдөж байна. Дээд зэрэглэлийн чип үйлдвэрлэх зардал өссөнөөр, үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ сайжруулах шинэ аргуудыг эрэлхийлж эхлэв. Чипний үйлдвэрлэлд зориулан татвар төлөгчдийн мөнгийг хувин хувингаар цутгаж буй Засгийн газрууд эл салбарын газрын зургийг эрс өөрчилж эхлэх шинэ технологиудыг анзааралгүй өнгөрч мэднэ.
Нэг чухал тактик нь улам цөөн үйлдэлтэй (гэхдээ хурдан) бие даасан чип үйлдвэрлэхээр зорихын оронд харин нэгэнт үйлдвэрлэсэн чипүүдийг хослуулах, холбох илүү дэвшилтэт аргыг бий болгоход оршиж байна.
Багцлах нэртэй эл технологийг уйтгартай, эцсийн шатных гэж ад үзэж ирсэн ч 2022 онд улам чухал болно. TSMC, Intel зэрэг компани Хятад эсвэл Азийн өөр улсын компанийг хөлслөхийн оронд багцлах технологийг өөрсдөө хөгжүүлж байна.
Чипний загварыг нээлттэй эх үүсвэр бүхий лицензээр танилцуулж эхэлснээр чипний загварыг шинээр гаргах шинэ бизнес модель гүнзгийрнэ. Нээлттэй эхийн чип загварчлал буюу RISC-V тус салбарыг доороос нь идэж эхэлнэ. Учир нь хамгийн хямд схемүүд аль хэдийн эл аргыг хэрэглээд эхэлсэн. Х86 архитектур бүхий чипний загварыг эзэмшдэг Intel зэрэг компани аюулыг зайлуулахын тулд нээлттэй байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр хичээнэ.
Нэг үгээр хэлбэл 2022 он айхтар байна. Улам бүр жижгэрэх схемийн зардал дийлдэшүй болж байгаа учраас чипний үйлдвэрлэл шинэчлэлийн өмнө ирээд байв. Цар тахлын үеийн тусламжийн мөнгийг чипний нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөхөд зарцуулах гэж буй Засгийн газрууд өөрчлөгдөх үедээ яваа араатныг гараараа барихыг хичээж байна.
Хал Хадсон технологийн сэтгүүлч, The Economist
Экономистийн “Дэлхий 2022 онд” тусгай дугаарын “Бизнес” бүлгээс
Монгол дахь онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл