Нил мөрний эрэгт тариа тариалж эхэлсэн цагаасаа чийглэг, үржил шимтэй газар нутгийн төлөө тэмцэлдсээр ирсэн хүн төрөлхтөн өнөөдөр хуурай, хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай газар нутгийн төлөө ухаанаа уралдуулж, мөнгө хаяж эхлэв.

Испанийн хойд хэсгийн Кантабрийкийн нурууны нэгэн агуйн гүнд гараг хоорондын туршилт судалгаа, технологи хөгжүүлэгч Astroland агентлаг адал явдал эрэлхийлэгчдэд зориулсан шинэ үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тус агентлаг агуйн гүнд байрлах Ares станцад Ангараг гарагийн хуурай, хатуу ширүүн уур амьсгалыг санагдуулам орчныг аялагчдад борлуулж буй. Аялагчид дэлхийн татах хүчнээс гараад биеэ хэрхэн удирдах, алхаж гишгэх болон сэтгэл зүй, бие бялдарын тусгай сургалтад гурван шөнө, гурван өдрийн турш хамрагдсаны дараа агуйн гүн дэх “Ангараг” гарагт зочилдог аж. Astroland агентлагийн гүйцэтгэх захирал Дэвид Себаллос “Ангараг гараг хүйтэн, хүчтэй салхитай, хурц нартай гээд эрс тэс уур амьсгалтай. Кантабрийкийн агуй бол тэрхүү орчныг төгс мэдрүүлдэг” хэмээн бизнесээ сурталчлав.

Сансарт гарах нь орчин цагийн хур баячуудын хүсэн хүлээсэн зугааны нэг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Сансрын технологи хөгжүүлэгч компаниуд энэ онд ямар ч байсан төлбөрөө урьдчилан төлж, хэдийнэ урт дараалал үүсгэсэн үйлчлүүлэгчдийнхээ мөрөөдлийг биелүүлнэ гэдгээ зарлаад байна. Тухайлбал, тэрбумтан Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Galactic компани энэ оны сүүлээр анхны аялагчдаа сансарт хөөргөхөөр төлөвлөжээ. Гүйцэтгэх захирал Жорж Уайтсайдын мэдэгдсэнээр жуулчдыг сансарт илгээхэд Холбооны нисэхийн захиргаанаас 29 тусгай зөвшөөрөл авах ёстойгоос 20-ыг нь аваад байгаа бөгөөд 2020 он аялал жуулчлалын салбарт онцгой жил болно гэж үзэж буй аж. Үүнээс гадна сансрын арилжааны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт тус компанийн гол өрсөлдөгч, Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын Blue Origin энэ онд New Shepherd хэмээх зургаан хүний суудалтай пуужин хөөргөхөөр төлөвлөжээ. Ричард Брэнсоныг анх сансарт жуулчилж байхад үйлчилгээний хөлс 20 орчим сая ам.доллар байсан бол өдгөө 250 мянга болж буурсан нь өрсөлдөөн, технологийн хөгжлийн үр дүн юм. Гэхдээ л Ангараг гарагт хүрэх зардлыг хамгийн хямд байлгахаар Илон Маск Space X-д бүхнээ зориулж буй. Сансрын аялал жуулчлалын салбарт технологийн шийдлээс гадна сансарт нисэхээр зориг шулуудсан хүмүүсийг тухайн аялалд бие физиологи, сэтгэл зүйн хувьд бэлтгэх орон зай, орчинг бүрдүүлэх нь бас нэг чухал асуудал болжээ.

Хүн төрөлхтний ойрын зорилт болсон Ангараг гарагийг эзэмших, тэнд дасан зохицох, аж төрөх, улмаар сорилт бэрхшээлийг даван туулж сурах нь чухал учраас манай дэлхий дээрх Ангарагийн гадаргатай ойролцоо орчин нөхцөлтэй газрууд үнэд орж, түүнийг олж нээн, судалгаа шинжилгээ явуулахад хөгжингүй орнууд, амбицтай компаниуд ихээхэн мөнгө хаяж, хэд хэдэн ийм төслийг улс орнууд хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Исландад NASA-ийн эрдэм шинжилгээ, туршилтын лаборатори, Йорданд кино зураг авалт, аялал жуулчлалын бааз, Чилид Ангараг гараг дээр явагч машин механизмын туршилт ид өрнөж байна. Харин АНЭУ-д бэлтгэлийн иж бүрэн орчин, Оман улсад хөдөлгөөнт жуулчны бааз хүртэл бий. Манай өмнөд хөрш гэхэд өсвөр үеийнхэнд зориулсан танин мэдэхүйн лаборатори байгуулжээ. Дээрх төслүүд цөлийн бүсэд байршсанаараа онцлогтой. Тухайлбал, Чилийн Атакама цөл дэлхийн хамгийн хуурай гадарга бөгөөд хэдэн жилээр ч хур тунадас ордоггүй нь Ангараг гарагийн гадаргуутай хамгийн төстэй манай дэлхийн нэгэн хэсэг болохыг эрдэмтэд тогтоосон юм.

Танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл хүргэхэд, Ангараг гарагийн гадаргуутай ижил төстэй байж болох цөл манай гараг дээр 24 байдаг бөгөөд халуун цөл 13, хүйтэн нь долоо, туйлын болон эргийн цөл тус бүр хоёр бий. Хүйтэн долоон цөлөөс хамгийн эрс тэс, хатуу ширүүн нөхцөлтэй нь Монголын говь бөгөөд физик газар зүйн нөхцөл нь Ангараг гарагийн гадаргуутай хамгийн дөхүү байгааг олон үзүүлэлтээр харж болдог. Говьд хамгийн хүйтэн нь цельсийн 42.2 хэм, халуун нь 45 хэм хүрдэг нь дэлхийд халуун хүйтний хэлбэлзэл хамгийн өндөртэйд тооцогддог. Харин Ангараг гараг цельсийн 140 хэмийн хүйтнээс 30 хэмийн дулаанд агаарын температур нь хэлбэлздэг байна. Нартай өдрийн тоо дунджаар жилд 355-360 хоног, хур тунадас жилд 39-65 мм ордог бөгөөд салхины хурд хаврын цагт секундэд 40 метр хүртэл ширүүсдэг нь дэлхийд хамгийн эрс тэс нөхцөлтэй цөлд тооцогддог аж.

Өдгөө сансарт жуулчин илгээхээс урьтаж судлаачид Ангарагийг зорих урт удаан аяллын явцад хүний биед ямар өөрчлөлт орох, түүнийг хэрхэн хэмжих болон бусад шаардлагатай зүйлс юу байж болох талаар асар их хэмжээний мэдээллийг нэн яаралтай цуглуулж, мэдлэг, хэрэглээ болгох шаардлагатай байна. Олон улсын сансрын станцын судлаачдын баг гараг эрхэс хоорондын аялалд хүний биед үзүүлэх жингүйдлийн нөлөөг хамгийн бага байлгах судалгаа эхлүүлээд олон жил болж байна. Дэлхийн тойрог замд татах хүч үйлчилдэггүй учраас хүн бие организмаа удирдаж чадахаа больдог. Газардсаны дараа тэнцвэрээ алдаж, унахгүй байх магадлал бага. Энэ мэт Ангарагийн гадарга дээр шалгаж, баталгаажуулах ёстой туршилт судалгааны, нөгөө талаар Ангараг гарагийн гадаргууг санагдуулам орчин хэрэгтэй учраас энэ төрлийн үйлчилгээ, байгууламжууд олон улсын аялал жуулчлалын зах зээлд хэдийнэ эрэлт үүсгээд байна. TripAdvisor цахим хуудаст “Ангараг” дээр очих аяллын үнэ дунджаар 6800 ам.доллар байгаа нь өндөр өртөгтэйд тооцогдоно. Гэсэн ч ийм төрлийн аяллын борлуулалт цаашид улам нэмэгдэх таамаг бий.

Market Analysis & Insights-ийн тооцоогоор сансрын аялал жуулчлалын зах зээлийн багтаамж 2019 оны байдлаар 752.8 сая ам.доллар байсан бөгөөд цаашид жилд 16.3 хувиар өссөөр 2026 он гэхэд 2.19 тэрбум ам.долларт хүрэх ажээ. Сонирхолтой нь энэ тоо сансрын эдийн засгийн нийт багтаамжтай харьцуулахад өчүүхэн бага үзүүлэлт. Моrgan Stanley, Goldman Sachs-ийн шинжээчид ирэх жилүүдэд сансрын эдийн засгийн хэмжээ хэдэн их наяд ам.доллараар хэмжигдэнэ хэмээн тооцоолж буй. Ашгийн бус өмгөөллийн байгууллага болох Space Foundation-ы тооцоогоор сансрын эдийн засгийн хэмжээ 414.8 тэрбум ам.доллар бөгөөд 79 орчим хувийг ашиг олох зорилготой бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдүүлж байна. 2014 онд OECD-ийн тооцоолсноор сансрын эдийн засгийн 58 хувийг хэрэглэгчид зориулсан үйлчилгээ, 33 хувийг аж үйлдвэрлэл, хиймэл дагуул хөөргөх үйлчилгээ, есөн хувийг хиймэл дагуулын үйлчилгээ эзэлж байжээ.

Ойрын 10 жилд сансрын эдийн засгийн нийт багтаамж нэг их наяд ам.доллар давна гэх таамгийг Харвард зэрэг томоохон их сургуулийн судлаачид бодитой хэмээдэг.

tselmeg tselmeg