Английн Засгийн газрын цар тахлын үеийн бизнесийг дэмжсэн бодлогууд

Mongolian Economy
2021-02-18 16:07:01
Ангилал: Судлаач

Л.Дулмаазул нь Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг Санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргээд үргэлжлүүлэн Оксфордын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалжээ. Монголд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацид зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байв. Түүний хэрэгжүүлсэн төслүүдийг Euromoney, Project Finance сэтгүүлээс шилдгээр шалгаруулж байжээ. 

Тэрбээр 2021 он гараад Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт дэд бүтэц, санхүүгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь маш хариуцлагатай, монгол хүний нэр хүндийг дэлхийд таниулж буй үйл хэрэг билээ. Тиймээс Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж буй туршлага дээрээ тулгуурлан, тус улсын Засгийн газар нь улс орноо хэрхэн хөгжүүлж, иргэдээ сайхан амьдруулж, хувийн хэвшлийг дэмжиж хамтран ажиллаж байгаа талаар өөрийн мэдлэгийг монголчуудтайгаа хуваалцах зорилгоор “Mongolian Economy” сэтгүүлд цувралаар нийтлэл бичихээр боллоо. Ийнхүү эхний нийтлэлээрээ Английн Засгийн газраас цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого, арга хэмжээнээс тоймлон хүргэж байна.

Английн Засгийн газар цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих зорилгоор 280 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлээд байна. Энэ нь дэлхийн II дайнаас хойших хамгийн их хэмжээний тусламж гэж судлаачид үзэж байна. Нэн тэргүүнд ард иргэдийнхээ aмьдрал ахуй, амьжиргааг хамгаалахын тулд ажлын байрыг хадгалах, дэмжихэд Засгийн газар анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Үүнд:

Нэгдүгээрт, ажлын байрны орон тоог хамгаалах. Үүний нэг томоохон хэсэг нь 10 сая гаруй ажлын байр хамгаалах төлөвлөгөө байсан бөгөөд хугацааг нь 2021 оны дөрөвдүгээр сар дуустал сунгасан. Коронавирусийн халдварын үед ажил олгогч, нэн ялангуяа үйлчилгээний салбарынхaн ажилтнаа түр зуур ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон юм. Харин Засгийн газраас нь ажил олгогчид болон ажилтнуудыг санхүүгийн хохиролд учруулахгүйн тулд түр амрааж, амарч буй ажилтнуудын цалингийн 80 хүртэл хувийг (сарын £2500 хүртэл) олгох шийдвэр гаргасан. Уг шийдвэр амжилттай хэрэгжсэн бөгөөд зөвхөн байнгын биш цагийн ажилтан, оюутнуудад ч хүртээлтэй байсан нь Англи улсад ажиллаж, амьдарч, сурч буй олон зуун монголчуудад ээлтэй шийдвэр болсон юм. Тухайлбал, хоолны газар нь хаагдсан жижиг бизнесийн ажилтнууд цалингийнхаа 80 хувийг улсаас аваад 2021 оны дөрөвдүгээр сар дуустал гэртээ суух боломжтой болж буй нь давуу тал байлаа.

Хоёрдугаарт, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ЖДҮ, зээл дэмжлэгүүд. Цахал тахалд өртсөн хувиараа бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 9000 фунт стерлингийн эргэн төлөгдөхгүй/буцалтгүй мөнгөн тэтгэлэг олгосон. Мөн бизнес нь тасалдсан тохиолдолд зээл, зээлийн цуврал төлбөр тооцоог нь буцааж өгөх, бизнес эрхлэгчдийнхээ ажлын байрыг хангах, санхүүгийн хуримтлалыг нь дэмжих зорилгоор улсаас таван сая фунт хүртэлх хэмжээний зээл авахыг хүссэн 1.4 сая бизнест 68 тэрбум фунт стерлингийн зээл олгожээ. Эдгээр арга хэмжээ нь аль болох олон ажлын байрыг хадгалах, татварын хөнгөлөлт, бизнесийн хувь хэмжээ, НӨАТ-ын төлбөрийг хойшлуулах зэргээр бизнэс эрхлэгчдийн ачааллыг бууруулах зорилготой юм.

Гуравдугаарт, залуучуудад зориулсан ажлын байр бий болгоход чиглэж байна. Залуучуудын хувьд хүнд хэцүү цаг үе гэдгийг ойлгож, тэдэнд ажил олоход нь туслахаас гадна ажлын байраар хангахад шаардлагатай сургалтад хамрагдах боломж олгосон. Ер нь шинээр ажил хайж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх үүднээс ажил олгогчдын санхүүжилтийг нэмэгдүүлж, 25-аас дээш насны оюутнyyд болон ажиллаж буй оюутан дагалдагч бүрт 1500 фунт стерлинг олгож, ажлын байрны орон тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Мөн улс даяар залуучуудaд зориулсан хэдэн зуун мянган шинэ ажлын байр бий болгох хөтөлбөр боловсруулсан.

Хувиараа бизнес эрхлэх, эсвэл шинээр ажил хайж буй болон ажлаа сайжруулах, гурван сар ба түүнээс дээш хугацаагаар ажилгүй байгаа хүмүүсийг шинээр ажлын байр олоход нь дэмжлэг үзүүлэх, залуучуудын ур чадварыг дээшлүүлэх, залуусын нуруун дээрх ачаанаас үүрэлцэж, туслах зорилготой өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлэх зааварчилгаа гаргасан.

Их Британийн Засгийн газар дээрх бодлогын дэмжлэг, туслалцаанаас гадна хувийн хэвшлийг, бизнесийг дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Тухайлбал, цар тахлын үеэр аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал хүндэрсэн учраас бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор дooрх зээл болон буцалтгүй тусламжуудын схемийг хэрэгжүүлсэн.

Бизнесийн буцалтгүй тусламжийн сан; 2020-2021 онд жижиглэн худалдаа эрхлэгчдийг бизнесийн албан татвараас 100 хувь чөлөөлөх. Зочлох үйлчилгээ, зугаа цэнгэлийн салбар бүрийн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор албан татвараас чөлөөлсөн нь маш том, бодитой дэмжлэг болж чадсан.

ЖДҮ-т зориулсан коронавирусийн бизнес зээлийн схем/Coronavirus business interruption loan scheme for SME/ Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд таван сая фунт стерлингийн зээл олгох, эхний зургаан сард нь хүү тооцохгүй гэх мэт дэмжлэгийг ЖДҮ эрхлэгчид талархалтай хүлээн авсан.

ЖДҮ баталгаат зээл; Энэ нь зургаа хүртэлх жилийн хугацаатай, нэг компанид 20-50 мянга хүртэлх фунт стерлинг ногдох зээл бөгөөд Их Британийн Засгийн газар зээлийн хэмжээнд бүрэн баталгаа гаргаж, эхний 12 сард зээлийн хүү, төлбөрийг хөнгөлсөн. Арванхоёр сарын дараах зээлийн хүү жилийн 2.5 хувь байхаар тогтоосон.

Инновацын зээл; Энэ нь Их Британид төвтэй инновацын компаниудыг дэмжих зорилгоор 1.25-5 сая фунт стерлингийн зээл. Шинээр байгуулагдаж буй инновацын бизнес бол эхний хөрөнгөө доод тал нь 125 мянган фунт стерлингийг гуравдагч этгээдээс урьдчилан босгосон байх нөхцөлөөр олгох схем.

Жижиглэн худалдаа, үйлчилгээний бизнесийн тэтгэлэг; Жижиг бизнес эрхлэгчдийн бизнесийг тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардагдах зардлыг нөхөхийн тулд нэг удаа 10 мянган фунт стерлингийн тэтгэмж олгосон. Жижиглэн худалдааны цэгүүдэд буцалтгүй тусламжийн сангаас 2020 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар 25 мянган паундын мөнгөн тэтгэмж олгожээ. Бизнес эрхлэгчдэд мөнгөн гүйлгээгээ удирдахад нь туслах зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 30-ны хооронд төлөх НӨАТ-ын төлбөрийг хойшлуулсан.

Томоохон байгууллагуудад зориулсан зээл /Support for larger firms Covid financing facility/; Том бизнесүүдэд урт болон богино хугацааны хөнгөлөлттэй зээл, бондын батлан даалт зэрэг бодитой олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Олон мянган ажилтантай томоохон компаниудын хөрвөх чадвар, ажлын байрыг хадгалах зорилгоор урт болон богино хугацааны хөнгөлөлттэй зээлийн схем гаргасан. Энэхүү зээлээс 2020 оны гуравдугаар сараас 200 гаруй том компани урт болон богино хугацааны зээл авч, 2.5 сая гаруй ажлын байрыг авч үлдсэн байна. Энэ нь томоохон компаниудын эдийн засагт оруулах өгөөжийг чухалчилсан тусламж юм.

Том аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих зээл; Жилд 45 сая фунт стерлингээс дээш борлуулалттай бүх дунд, том компанид 25 сая паундын зээл олгох боломжийг бүрдүүлсэн. Жилд 250 сая фунт стерлингээс дээш борлуулалттай компаниуд 50 сая фунт стерлингийн хөнгөлөлттэй зээл авах боломжтой болсон юм.

Орон нутгийн захиргаанаас байгууллагуудад олгох буцалтгүй тусламжийн сан; Энэ бол тогтмол зардалтай, бусад ЖДҮ-г орон нутгаас нь дэмждэг систем юм. Tүр хугацаагаар 10-25 мянган паунд хүртэлх тэтгэлэг авах боломжтой. Цар тахал нь дэлхийн бүх улс, тэр дундаа том эдийн засагтай орнуудад асар том сорилт болсоор байна. 2020 oнд Их Британи даяар халдвар нэмэгдэж, хөл хорио, хязгаарлалт улам чангарсан нь эдийн засгийг уналтад оруулсан юм. Өнгөрсөн онд тус улсын жилийн эдийн засгийн уналт 9.9 хувь болсон бөгөөд энэ нь G7 орнууд дундаа хамгийн муу үзүүлэлт байсан. ДНБ АНУ-д 3.5, Германд 5, Францад 8.3, Италид 8.9 хувиар буурсан. Гэвч Их Британи Eвропын холбооны орнуудаас түрүүлэн ард иргэдээ нэн даруй ваккцинжуулах шийдвэр гаргаж, 2021 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар 15 сая хүнийг вакцинжуулжээ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд өндөр настан болон эмзэг бүлгийнхнийг вакцинаар хангаж, энэ оны намраас ард иргэд, бизнесүүдийг хэвийн амьдрал, хэмнэлд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний үр дүнд 2022-2023 онд ДНБ 4.5 хувиар өсөх магадлалтай хэмээн үзэж буйгаа холбогдох байгууллагуудын удирдлага хэлж байна.

Цар тахлын үед хамгийн ихээр нэрвэгдсэн нь худалдаа, үйлчилгээний салбар. Тиймээс энэ салбарынханд хэцүү үеийг даван туулахад нь туслах “Ажлын байрыг авч үлдэх цалингийн дэмжлэг” нь олон сая хүний ар гэрийг тэтгэсэн чухал ач холбогдолтой бодлого болсон.

Өнөөдөр дэлхийн улс орнууд ард иргэдээ вакцинжуулахаас гадна эдийн засгаа сэргээх бодлогууд хэрэгжүүлэхээ зарлаж эхлээд буй. Их Британийн хувьд улс орноо коронавирусийн хямралаас гаргах иж бүрэн “Нөхөн сэргээх төлөвлөгөө”-г боловсруулж байна. Энэ нь Англи улсыг Ковид-19-ийн хямралаас гаргах “замын зураглал” буюу эдийн засгаа сэргээх томоохон төлөвлөгөө юм. Энэхүү төлөвлөгөөгөө хоёрдугаар сарын 22-ноос эхлэн танилцуулахаар бэлтгэж байна.

Дараагийнхаа нийтлэлээр Их Британийн эдийн засгийн нөхөн сэргээх төлөвлөгөөний тухай бичих болно.

 

Mongolian Economy