Анхаарах ёстой галт бамбарууд

Mongolian Economy
2023-10-18 18:40:19
Ангилал: Дэлхий 2023 онд

Өндөр уулсаас гүн хөх тэнгис хүртэл хүйтэн дайн огт алга болсонгүй

Шинэ Хүйтэн дайн Азид гарах эсэх талаарх маргаан нь утгагүй юм. Нээлттэй, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам руу дэлхий алхаж байна гэсэн 1990-ээд оны Барууны үзэл суртал өөдрөг төсөөллийг төрүүлж байсан ч оригинал Хүйтэн дайн эл бүс нутагт дуусаагүйг 2023 оны зөрчлүүд харуулна. Либерализм болон автократын хоорондох агуу сөргөлдөөний шинэ үе шат Азид явагдана.

Энэ удаад өрсөлдөөн АНУ, БНХАУын хооронд өрнөнө. Эл өрсөлдөөний уг үндэс Дэлхийн II дайны эцсээр тавигдсан. Япон ялагдсанаар Америк нь Азийн супер гүрэн болов. Уг ялалт нь Америкийг тус бүс нутгийн үйл явдлыг хянах, тохинуулах боломж олгосон. Мөн Японыг Барууны ардчиллын зах хязгаар болгов. Хоёр дахь супер гүрэн болох коммунист Хятад Азид ноёрхохыг хичээж байгаа нь шинэлэг зүйл юм. Гэвч одоогийн хурцадмал байдал нь дайны дараах Зүүн Азийн нүргээнт үеэс эхлэлтэй.

Үүний тод жишээ бол Тайвань. Бээжингийн үзлээр бол 1940-өөд оны сүүлчээр Коммунист нам ялсан иргэний дайны сүүлчийн, дуусаагүй нэг хэсэг нь тус арал юм. Өдгөө тус улс ардчилсан чиг баримжаатай, хагас дамжуулагч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болжээ. Тайванийг авах нь Коммунист намын ариун зорилго юм. Зүүн Ази, Номхон далайн баруун хэсэгт сүр хүчээ харуулахад нь Хятадын хувьд Тайвань нэн чухал.

Хятадын хүч нэмэгдэх тусам Тайваньд улам түрэмгий хандах болов. Хэрэв Тайвань руу дайрвал Америк хамгаална гэж Жо Байден мэдэгдсэн. Хятадыг төөрөлдүүлэх олон жилийн тактикаа ийн өөрчилсөн нь Вашингтоны зарим хүний санааг зовоож, Хятадыг нэгэн цагт эрс үйлдэл хийхэд нь хөтөлж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэв.

2023 онд Тайвань орчимд халуурал үүсэх ч мөргөлдөөн болтлоо буцлахгүй. Путин шиг мөрийцөгч биш Ши Жиньпинд Оросыг сүйрүүлж буй эдийн засгийн саад, хоригийг давах чадал Хятадад байгаа гэсэн нотолгоо эхлээд хэрэгтэй. Тиймээс Өмнөд Хятадын тэнгис, Хятадыг шүүмжилж буй Японы хил орчимд Америк, түүний Ази дахь холбоотнуудын эр зоригийг шалгасан үйлдэл их хийнэ. Тайвань орчимд бус Японтой маргаантай Сэнкакү арал орчимд Хятад хямрал үүсгэж магадгүй.

Хүйтэн дайны өөр нэг үлдэгдэл бол Хойд Солонгос юм. Хэрэв улс руу дайрвал урьтаж цөмийн цохилт өгөх эрх мэдлийг Ким Жон Ун 2022 онд өөртөө өгсөн. 2023 онд тэрбээр цөмийн зэвсэг дэлбэлэх замаар олон улсын зэмлэл хүртэнэ. Энэ нь тус улсын долоо дахь, 2017 оноос хойших анхны ийм өдөөн хатгалга болно. Ард иргэдийнхээ амьжиргаа бус цөмийн хөтөлбөртөө мөнгө зарцуулдаг, Хятад, Оросоор дэмжүүлсэн харгис дарангуйлагчийн эсрэг авах арга хэмжээний сонголт дэлхийд бараг байхгүйг Ким дахин нэг удаа харуулна.

Ази дахь олон улсын сөргөлдөөний дараагийн үе нь 2023 он болно

Хималай дахь маргаантай хил эртний түүхтэй бөгөөд 2023 онд Азид дүрэлзэх өөр нэг галт бамбар болж магадгүй. Уг маргаан Энэтхэгийг Британи захирч байхад зурсан тодорхой бус хилийн шугамнаас үүдэлтэй юм. 1962 оны хилийн дайнд Энэтхэг ялагдсан. 2020 оны цуст мөргөлдөөний улмаас хоёр талаас 24 цэрэг амь үрэгдэв. Хэн нь ч байлдахыг хүсэхгүй. Ши Жиньпин Тайваньд анхаарахыг хүсэж, арми нь ууланд ялах боломж таарууг Нарендра Моди мэдэж байгаа. Гэвч хоёр талын барьж буй шинэ замууд нь хоёр армийг тусгаарлаж буй дундын бүсийг улам үгүй болгох эрсдэлтэй. Хоёр удирдагчийн хоорондох дотно харилцаа эрс хүйтэрчээ. Эдгээр нь хэзээ мөдгүй дүрсхийх Хималайн эрсдэлийг үүсгэж байна.

Энэ зуур Мьянмарт зөрчил үргэлжилнэ. Тусгаар тогтносноос хойш тус улс энх тайван цагийг үзсэнгүй. 2021 онд цуст төрийн эргэлт хийсэн армийн харгислал, чадамжгүй засаглал нь үндэстний цөөнхийн арми болон сөрөг хүчин нэгдэн тэдний эсрэг хийж буй тэмцлийг гүнзгийрүүлнэ. Гэвч генералуудад буу, Хятадын дэмжлэг бий. Хятад ч, Америк ч Мьянмарыг том гүрнүүдийн өрсөлдөөний талбар болгохыг хүсэхгүй.

ДОМИНИК ЗИГЛЕР Banyan тоймч, The Economist, СИНГАПУР

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy