Аялал жуулчлалын орлого 11.8 хувиар буурчээ

B. Misheel
2020-02-20 17:34:57
Ангилал: Коронавирус

Худалдан авах чадвар өндөртэй БНХАУ-ын жуулчид коронавирусийн халдварын улмаас гэртээ суух болсноор дэлхийн аялал жуулчлалын салбар зогсонги байдалд ороод буй. Уг вирустэй холбоотой хөл хорио, хязгаарлалтууд БНХАУ-тай хиллэдэг манай улсын бүхий л салбарт нөлөөлж, тэр дундаа аялал жуулчлалын салбарт ч сөрөг үр дагавар үзүүлж эхлэв. 

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор БНХАУ, Азийн зарим орныг чиглэсэн нислэг болон Зүүн Өмнөд Азийн аяллууд цуцлагдаад байна. Дотоодын жуулчид захиалгаа цуцалснаар гадагш чиглэх аялагчдын тоо 80 орчим хувиар буурсныг “Нью Жуулчин Турс” компани мэдээлсэн. Тус компанийн тав, зургаадугаар сарын захиалгын 40-50 хувь цуцлагдсан аж. “Жуулчин” компани Зүүн Өмнөд Азийн аяллуудаа цуцалсан бөгөөд Европ, АНУ болон Туркийн аяллууд ч багассан болохыг хэлж байв. “Ориг трэйвэл” компани энэ жил Хятад, Өвөрмонголоос аялагч авахгүй байж магадгүй гэсэн бол “U travel” компани Хятадаас ирэх жуулчдын аяллыг цуцлах саналыг харилцагч байгууллагадаа тавьсан байна. “U travel” компани нэгдүгээр сарын 25-аас гуравдугаар сарын 2 хүртэлх бүх аяллаа цуцалснаар сард дунджаар 200 хүн жуулчнаа алдахаад хүрээд байгааг мэдэгдлээ. Жуулчны компаниудын зуны аяллууд одоогоор цуцлагдаагүй боловч нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. 

Манай улсын хувьд оны эхний улирал аялал жуулчлалын идэвхтэй үе биш ч гуравдугаар сард зохион байгуулагддаг хэд хэдэн арга хэмжээ дотоод, гадаадын цөөнгүй жуулчдыг татдаг. Гэвч коронавирусийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын зарим томоохон арга хэмжээг цуцлах сайдын тушаал гараад байна. Ингэснээр “Хөх сувд” мөсний баяр, Бүргэдийн баяр болон Түмэн тэмээний баяр цуцлагдав. Өнгөрсөн жил “Хөх сувд” мөсний баярт оролцохоор дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин Хөвсгөл аймгийг зорьсон бол Түмэн тэмээний баярт 1000 орчим аялагч, Бүргэдийн баярт 3000 орчим жуулчин тус тус оролцсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх баяруудад оролцох байсан өдий тооны дотоод, гадаадын жуулчдыг манай улс алдаж байгаа хэрэг юм. Эдгээр арга хэмжээ өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлж, гадаадын жуулчдыг татах зорилгоор сүүлийн 20 орчим жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд зорин ирэх гадаад жуулчдын тоо жил бүр нэмэгдэж буй билээ. 

БОАЖЯ-аас гаргадаг сар тутмын статистикаас харвал энэ оны нэгдүгээр сард ирсэн гадаад жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар, БНХАУ-аас манай улсыг зорих жуулчдын тоо 30 хувиар буурчээ. Монгол Улсад ирж буй нийт жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын жуулчид эзэлдэг. Харин аялал жуулчлалын салбарын орлого өнгөрсөн оны нэгдүгээр сард 23.7 сая ам.доллар байсан бол энэ жил 11.8 хувиар буурч 20.9 сая ам.доллар болсон байна. 

Монгол Улсад ирсэн нийт гадаадын иргэн
2019 оны 1 сар
2020 оны 1 сар
Өмнөх оны мөн үе ялгаа (хувь)
Нийт зорчигч
28,026
25,882
-7.7
Жуулчин
23,952
22,467
-6.2
Ази Номхон далай
12,090
10,478
-13.3
Европ
1,062
11,164
0.9
Америк
710
757
6.6
Африк
52
52
0
Ойрх Дорнод
38
16
-57.9

2020 оны нэгдүгээр сарын жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан нь

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Дэлхийн аялал жуулчлалын холбооноос Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын салбарын 40 гаруй хувьд хүндрэл учирна гэдэг судалгаа гаргаснаа бидэнд танилцуулсан. Тиймээс бид цаашид энэ өвчлөлийг газар авхуулахгүй байх шаардлагатай байна. Монгол Улс халдвар тархаагүй орон хэвээр үлдэж чадах юм бол цаашид жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн. Бидний хэрэглэж буй хоол хүнс, агаар эрүүл бөгөөд дархлаа дэмждэг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж чадвал маркетингаар дамжуулан гадаадын жуулчдыг татах боломжтойг Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлсэн юм. 

Өмнө нь тархаж байсан вирусийн халдваруудын сөрөг нөлөөлөлд дүн шинжилгээ хийсэн Дэлхийн Аялал жуулчлалын зөвлөлийн шинжээчдийн хэлж буйгаар, гахайн ханиад, SARS, H1N1, эбола гэх мэт вирусийн халдварын нөлөөнд өртөж байсан улс орнуудын аялал жуулчлалын салбар дунджаар 19 сарын дараа эргэн сэргэж байжээ.

B. Misheel