А.Сүхдорж: Программ хангамжийн салбарт манай залуус их элдэвтэй
Монгол Улсад банк санхүү болон технологийн нэгдлийг бодитоор хэрэгжүүлж буй анхдагч бөгөөд манлайлагч ГрэйпСити Монгол ХХК, МОСТ Финтек ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Сүхдоржтой ярилцлаа.
-Та мэдээлэл технологийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулж, энэ салбарыг өнөөдрийн хөгжилд хүрэхэд томоохон хувь нэмэр оруулсан хүний нэг. Өнөөдөр манай мэдээлэл технологийн салбар аль шатанд явж байна гэж та хардаг вэ?
-Манай Монголын залуучууд их элдэвтэй. Мэдээллийн технологи, тэр тусмаа программ хангамжаар мэргэшсэн залуус АНУ, Солонгос, Япон, Баруун Европ руу явлаа гэхэд тэр дороо л ажлаа олдог. Төд удалгүй орсон газраа дээгүүр албан тушаалд дэвшдэг. Мөн үнэ цэнтэй ажилтан болдог. Манайх социализмын үед боловсролынхоо асуудлыг шийдчихсэн болохоороо тэгдэг юм уу, эсвэл монгол хүн тийм онцлогтой юм уу, ер нь программ хангамжийн салбарт монголчууд мундаг. Гэхдээ Монгол Улс тэднийгээ талын нэг тараагаад алдчихсан. Одоо жаахан тогтож эхэлж байгаа ч сайн тогтвор суурьшилтай болгохын тулд Монголд орчин нөхцөл бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авахгүй бол гадагшаа цувсаар л байх болно. Намайг 2000 онд “ГрэйфСити” компаниа япончуудтай хамтраад байгуулж байх үед тэд “Монголчууд оюуны чадамжаараа их өндөр” гэж хэлж байсан. Япончууд төслүүд дээрээ Хятад, Вьетнам, Энэтхэг, Монголын залуусыг ажиллуулахад манайхан тэднээс тасархай байна. Тэгэхээр программ хангамжийн салбарт Монголд ирээдүй байгаа гэж би боддог. Гэхдээ орчин нөхцөл нь өдий л дөө. Ямартаа ч байдал сайжраад, замдаа гарсан. Манай программ хангамжийн үйлдвэрлэл ДНБ-ий нэг хувьд ч хүрдэггүй. Мал аж ахуй, уул уурхайн салбартай энэ зэрэгцэж очих ёстой. Тийм болтол яагаа ч үгүй байна. Маш их зүйл хийх хэрэгтэй.
-Юу хийх хэрэгтэй вэ?
-Зөвхөн мэдээллийн технологи, программ хангамжтай ч холбоотой биш. Бид эдийн засгаа хөгжүүлэхэд улс төр, нийгэм гээд их олон зүйл төлөвших хэрэгтэй байна. Бид төлөвшиж чадахгүй л байна. Улстөрчид маань өөрсдөө бойжиж байгаа шүү дээ. Яваандаа төлөвших байх.
Блокчейн, крипто Монголын эдийн засагт огцом өөрчлөлт авчирна
-“ГрэйфСити Монгол” компани одоо ямар бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа вэ?
-Миний удирддаг мэдээллийн технологийн 10 аад компани бий. “ГрэйфСити Монгол”-ыг 2000 онд байгуулсан бөгөөд Монголын банк санхүүгийн салбарын программ хангамжийн 80-90 хувийг бүрдүүлдэг компани. Манайх хэдий монополь ч гэсэн өрсөлдөгч компаниуд гарч ирж байгаад олзуурхдаг. Бид сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой. Оператор компаниудаас гадна МОСТ, СКОПА байна. Мөн Крипто программ хангамжийн, хиймэл оюун ухаан, чат пот чиглэлээр компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд ТУЗ ийг даргалаад, харин залуучууд маань мундаг үйл ажиллагаа явуулж байгаа. Манай Монголын өөрийн фэйсбүүк гарсан. Нэр нь Mongol.Net. Үүн дээр хүмүүс чат ашиглаж, хоорондоо пэйж нээгээд ажиллаад эхэлсэн. Тэгэхээр дотоодынхоо фэйсбүүк шиг сошиал платформыг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд аваачиж чадна гээд итгэлтэй явж байна. Блокчейн, крипто санхүүгийн шийдлүүд дээр маш их анхаарал тавьж байна. Ойрын үед цахиур хагална.
-Монголынхоо технологи, инновацыг гадагшаа экспортлох боломжийн талаар та олон жил ярьсан. Боломж, нөхцөл нь бүрдсэн үү?
-Бид олон жил үзэж байна. Узбек, Киргиз, Казахстан, Филиппин, Сингапур руу бүтээгдэхүүнээ экспортлох талаар олон уулзалт хийсэн. Газар бүр өөр өөрийн лоббитой. Гадаадын зах зээл дээр бид тийм ч амар гарна гэж байхгүй. Хоёрдугаарт, манай “ГрэйфСити”, МОСТ Финтек бүхэл бүтэн улсын хэмжээнд дэд бүтэц байгуулчихсан. Гэхдээ энэхүү дэд бүтцээ экспортолно гэж байхгүй юм байна. Бүхэл бүтэн улсын дэд бүтцийг халж зах зээл дээр нь орж ирэхийг тэд бодлогын түвшинд хүлээж авахгүй юм. Биднийг тэд өрсөлдөгчийн нүдээр харж байна. Харин жижиг шийдэл хийгээд гадаад зах зээл рүү нь дайрвал монголчууд нүх сүвээ олчихно.
-Технологийн компаниуд гадагшаа гарахаас илүүтэй дотооддоо баялаг бүтээж, ашиг орлого олох нь чухал. Төр, засгаас дэмжих тал дээр ямар байдаг вэ?
-Технологийн шийдлээ хийх талд манай монгол инженерүүд мундаг шүү дээ. Үүн дээр хоцроогүй. Харин бодлогын шинж чанартай асуудлаар бид хэл амаа ололцох хэрэгтэй. УИХ, Засгийн газрын түвшинд ойлгох хэрэгтэй. Уг нь олж хараад л байх шиг байна. Гэхдээ олж харах нэг өөр, тэрийг хэрэгжүүлэхэд эр зориг хэрэгтэй болно. Манай программ хангамжийн салбар үйлдвэрлэл явуулаад ДНБ-ий тодорхой хувь эзэлдэг хэмжээнд очихын тулд гадаадаас импорт хийхээ болих хэрэгтэй. Монголд 10 сая ам.доллараар хэрэгжүүлж болох төслийг гаднаас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар арав дахин үнэтэй оруулж ирж байна. Тиймээс бид гадагшаа валют урсгасан, өр зээлэнд орсон, тэгсэн хэрнээ дотоодын үйлдвэрлэл нь хөгжихгүй, тэрийгээ импортын шийдлээр шахсан хэвээр байгаад байна. Хаа байсан Солонгосын хуучирсан шийдлийг оруулж ирээд нийтийн тээвэртээ хийчихэж байна. Тэр нь 16 орчим сая ам.доллар болсон юм гэсэн. Гэтэл Монголын компаниуд 1.5 сая ам.долларт хийчихнэ шүү дээ. Хамаагүй илүү шийдэл хийнэ. Нэг ёсондоо дотоодын мэдээллийн технологийн салбартай гадаадын бүтээгдэхүүн оруулж ирчихээд төр нь өрсөлдөөд байна. Үүнийг шийдэх хүртэл яагаа ч үгүй л дээ. Цаг хугацаа шаардагдах бололтой.
Боломжийг олж харах нэг өөр, тэрийг хэрэгжүүлэхэд эр зориг хэрэгтэй болно
-Дэлхий блокчейн, крипто эдийн засаг руу аль хэдийн эргэчихлээ. Улс орнууд өөрсдийн үндэсний валютаа блокчейн дээр гаргачихлаа. Блокчейн, крипто эдийн засаг руу манай улс шилжих цаг нь ирсэн үү?
-Цахим ертөнц крипто ертөнц рүү шилжих гээд байна шүү дээ. Энэ юу вэ гэхээр бүх зүйлийг блокчейн дээр бүртгэх гээд байна. Бүх юм гэдэг нь аливаа үнэ цэнэ. Виртуал хөрөнгө төдийгүй аливаа үнэ цэнийг бүртгэлжүүлээд, эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж байна. Жишээлбэл, Blue sky барилгын 9, 11 дүгээр давхарыг квадрат метрээр нь токинжуулаад бирж дээр зарсан. Blue sky барилгыг бүхлээр нь худалдаж авна гэвэл маш өндөр үнэтэй. Гэтэл квадрат метрээр нь токинжуулаад зарчихаар халаасандаа нэг сая, арван сая төгрөгтэй хүн Blue sky барилгын квадрат метрийн токиныг худалдаж авч байна гэсэн үг. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт хийж чадна. Хөрөнгийг бутархайгаар задлаад блокчейны журнал дээр бүртгэж, крипто бирж дээр тавьчихаар хэн ч хөрөнгө оруулалт хийх боломжтой болоод хөрвөх чадвар нь сайжирна.
Дэлхий нийтийн журнал учраас хаанаас ч хөрөнгө оруулах боломж нь нээгдэнэ. Тэгээд эдийн засгийн эргэлтийг маш ихээр түргэсгэнэ. Бид Блокчейн крипто эдийн засаг руу шилжих асуудлыг хэр хурдан хийж чадна, тэр хирээр Монголын эдийн засагт огцом өөрчлөлт авчирна. Дэлхийн улсууд өөрийнхөө үндэсний валютыг блокчейн дээр гаргаж байна. Крипто эдийн засаг руу өндөр хурдтай нүүж байна. Үүнийг хурдан мэдэрч шийдэхгүй бол угаасаа болохгүй болчихлоо. Манайх төрөө хүлээвэл хугацаа алдах учраас эрсдэл гаргаад арилжааны банкан дээр эх үүсвэрийг нь байрлуулаад блокчейн дансан дээр крипто төгрөгөө гаргачихсан. Нэр нь МОНТ. Давын өмнө хийх ёстой ажил бол эх үүсвэрийг нь Монголбанкан дээр байршуулах хэрэгтэй. Бид 2010 онд Мост Мони гээд Монголын анхны хэтэвчийг гаргахад намайг хууль бус зүйл хийлээ хэмээн зарлаж, хамтран ажилласан банкуудыг торгоод их юм болж байсан. Одоо бол бид Монголбанкнаас лицензтэй албан ёсны үйл ажиллагаа явуулж байна. Зөвшөөрөхийг нь хүлээгээд инновацаа гацааж болохгүй. Инновацаа хийгээд араас нь хүчээр албан ёсны болгох ажлаа хийх гэж байна шүү дээ. Би энэ дарааллаар яваад сурчихсан “болдоггүй бор өвгөн”.
/Монголын эдийн засгийн форумд зориулсан тусгай дугаар 2024.07 сар/