А.Ундраа: BestGER үнэлгээний систем ногоон барилгад дэвшил авчирна
Эх дэлхийн ачаалал жилээс жилд нэмэгдэж, байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлсийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөх боллоо. Тиймээс улс орнууд аль болох байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хохирол багатай аж төрөх хэв шинжийг эрэлхийлж байна. Уур амьсгалын өөрчлөлт манай улсыг тойрч гараагүй, харин ч үр дагаврыг нь хамгийн их мэдрэх улс орнуудын нэг гэгдэх болжээ. Бид бүхэн ч дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж буй. Үүний нэг илэрхийлэл нь “Монголын ногоон барилгын хүрээлэн” төрийн бус байгууллага юм. Тус байгууллага сүүлийн хоёр жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж, томоохон ажлын ард гарсан байна. Тодруулбал, Монголын нөхцөлд тохирсон ногоон барилгын үнэлгээний BestGER системийг боловсруулж, барилга байгууламжийн зэрэглэл тогтоохоор зэхэж байгаа юм. Бид тус байгууллагын ерөнхийлөгч, доктор А.Ундраатай ярилцлаа.
-Ямар шалгуур үзүүлэлт хангасан барилгыг “Ногоон барилга” гэж нэрлэдэг вэ гэсэн тодорхойлтоос хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Ногоон барилга гэж зураг төслийн шатнаас эхлээд барих, ашиглах, шинэчлэх, ашиглаж дуусаад нураах хүртэл барилгын бүхий л үе шатанд байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, байгалийн нөөцийг хэмнэсэн байдлаар төлөвлөж барьсан барилга байгууламжийг хэлнэ. Ногоон барилгын стандарт болон үнэлгээний системийг бий болгож, тус үнэлгээний системд нийцсэн барилгыг ногоон барилга гэж үзэн гэрчилгээжүүлэх, санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламж өгөх чиглэлээр дэлхийн улсуудад янз бүрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хувьд ногоон барилга гэх тодорхой ойлголт, мэргэжлийн зэрэглэлгүй өнөөдрийг хүрсэн.
Монголд л шинэ болохоос энэ асуудал дэлхийн олон оронд албан ёсоор баталгаажсан байдаг. Засгийн газраас ногоон барилгын дулаан алдагдлыг 20 хувь, 2030 он гэхэд 40 хувиар бууруулах стратегийг тодорхойлсон. Ногоон барилга бол хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, эрчим хүч, дулааны зарцуулалт багатай, агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хий бага халаалтын шийдэлтэй, цэвэр усны хэмнэлттэй, хэрэглэсэн усаа цэвэрлэж, саарал ус хэрэглэдэг байхаас гадна оршин суугчдад тав тухтай орчныг бүрдүүлсэн, хүртээмжтэй, дотоод агаарын чанар сайн, газар хөдлөлт, галд тэсвэртэй бат бэх байх гэхчилэн олон асуудлыг багтаасан цогц ойлголт юм. Өнөөдөр манай улсад утаа, хөрс, орчны бохирдол ноцтой түвшинд хүрсний зэрэгцээ олон амины орон сууц, барилгад цууралт үүсэж, зогсонги хөрөнгө ихээхэн хэмжээгээр бий болсон нь ногоон барилгын хэрэгцээ шаардлага нэн өндөр байгааг илтгэж байна.
Монгол Улсад хэрэгжих ногоон барилгын зэрэглэлийг BestGER гэж нэрлэсэн
-“Ногоон барилгын хүрээлэн” төрийн бус байгууллага ямар зорилготой байгуулагдсан бэ? Хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар ярина уу?
-“Ногоон барилгын хүрээлэн” төрийн бус байгууллага 2014 онд Монголын үндэсний ногоон барилгын зэрэглэл шалгуур үзүүлэлтүүд боловсруулах зорилготой байгуулагдаж байсан. Тухайн үед төсөл байдлаар боловсруулсан боловч албажиж баталгаажаагүй. Ямар нэгэн байдлаар энэ ажил саармагжсан юм билээ. Гэхдээ ногоон барилгын асуудал чухал гэдгийг олон хүн ойлгож байсан. Ногоон барилга гэж юу вэ гэдгийг тодорхойлсон хууль, эрх зүйн орчныг тодорхой болгохоос гадна ямар шалгуур үзүүлэлтээр зэрэглэлийг нь тогтоох уу, байгаль орчинд ээлтэй байна уу, тодорхой арга хэмжээнүүд авсан уу, уламжлалт хүрэн барилгатай харьцуулахад ямар ахиц гарсан бэ зэрэг олон асуудал бий. Эдгээр асуудлын хариултыг тодорхой болгох шаардлага хэвээр байсаар ирсэн.
2021 онд Барилга, хот байгуулалтын яаманд (БХБЯ) ногоон барилгын асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан юм. Тус ажлын хэсэгт Ногоон барилгын зөвлөл хэрхэн байгуулж ажиллавал зохистой талаар Германы GIZ-ийн дэмжлэгтэйгээр заавар зөвлөгөө өгсөн. Ийнхүү зөвлөсний дагуу БХБЯ хувийн сектор руу энэ ажлыг шилжүүлж, үйл ажиллагааг дахин зохион байгуулсан. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилснээр “Ногоон барилгын хүрээлэн” байгууллага дахин зохион байгуулалтад орсон юм. Тухайн үед дахин сонгогдсон Удирдах зөвлөлийн шийдвэрээр би энэ байгууллагыг тэргүүлж байна. Ногоон барилгын шалгуур үзүүлэлтийг боловсруулах, үндэсний зэрэглэлтэй болох анхны зорилго маань хэвээрээ. Эл зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Манай ТББ-ын Удирдах зөвлөл дөрвөн хороотой. Санхүүгийн хороог Тогтвортой санхүүжилтын корпорацийн оролцоотойгоор М.Болд захирал ахалж байгаа. Техник технологийн хороог БХБЯ-ны газрын захирал Д.Гантулга, Олон нийттэй харилцах, боловсролын хороог Б.Батжав, Хууль тогтоомжийн хороог БХБЯ-ны газрын захирал Э.Батболд ахалж байна.
-Ногоон барилгын шалгуур үзүүлэлтийг боловсруулах, үндэсний зэрэглэлтэй болох ажил ямар шатандаа явж байна вэ?
-Сүүлийн нэг жил хагасын хугацаанд бид БХБЯ-тай санамж бичиг байгуулж, Барилгын хөгжлийн төвийн гэрээгээр ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох судалгааг хийлээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний системүүдийг судалж харьцуулан, тусгах хэрэгтэй заалтуудыг сонгон авч үзсэн. Мөн манай орны байгаль цаг уурын онцлогт тохирсон, эдийн засаг, нийгмийн өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хэрэгцээ шаардлагыг ч тооцоолсон. Үүний зэрэгцээ гишүүд болон сонирхогчдод хандсан ногоон барилгын семинаруудыг цувралаар явуулж ирлээ. Гишүүн байгууллагуудтайгаа хамтран тодорхой чиглэлээр жишээ нь, сэргээгдэх эрчим хүч, цахилгааны хэмнэлт, ухаалаг хэрэглээ зэрэг сэдвээр арга хэмжээ зохион байгууллаа. Мөн банк, санхүүгийн салбарын ногоон зээл олгох шалгуурт барилгын салбарын шалгуурыг нийцүүлж, шинэчлэхээр мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байна.
-Ногоон барилгын зэрэглэлийн талаар та тодорхой ойлголт өгнө үү? Гадаадын улс орнуудад энэ зэрэглэлийг хэрхэн баталгаажуулж байна вэ?
-Их Британийн BREEАM зэрэглэлийг гучаад жилийн өмнө Англи улсад хэрэглэж эхэлснээс хойш олон оронд барилга байгууламжийн ногоон эсэхийг тодорхойлохдоо энэ зэрэглэлээр үнэлж байна. АНУ-ын “Ногоон барилгын хүрээлэн”-гээс олгодог LEED зэрэглэл бий. Хөгжиж буй орнуудад зориулж боловсруулсан Олон улсын санхүүгийн корпорацийн EDGE үнэлгээг манайхан сайн мэднэ. Дэлхийн 100 гаруй оронд хэрэглэдэг EDGE үнэлгээний долоон эксперт манайд ажиллаж байна. Олон улсад мөрдөгдөж байгаа зэрэглэлүүдийг манай улс шууд аваад хэрэглэж болохгүй байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт, өртөг зардал хэт өндөр байгаад оршиж байгаа юм. Эдгээр зэрэглэлийн төлөө тухайн ногоон барилгын талбайн хэмжээгээр, эсвэл хэдэн жил тутам өндөр төлбөр төлөх шаардлагатай байдаг.
Гэр хороололд 50 ам.метр талбайтай байшин барихын тулд олон мянган ам.доллар төлж гэрчилгээ авах нь эдийн засгийн хувьд бэрхшээлтэй. Банкууд зээл өгье ч гэсэн ногоон барилга гэдгийг нотлох гэрчилгээ асар өндөр өртөгтэй байгаагаас бид шууд нэвтрүүлж чадахгүй байна. Өөр нэг бэрхшээл нь эдгээр үнэлгээний систем ихэнхдээ халуун дулаан уур амьсгалтай улс орнуудад тохиромжтой гэдгийг сэрүүцүүлэх, хөргөхтэй уялдаатай шалгуур үзүүлэлтийн оноосон жингээс нь харж болно. Гэтэл манай улсад жилийн ихэнх үед дулааны эх үүсвэр шаардлагатай. Хэлний бэрхшээл бас бий. Эдгээрээс үүдээд Монгол орны цаг агаар, эдийн засаг нийгмийн онцлог нөхцөл байдлыг тусгасан, үндэсний зэрэглэлийг боловсруулж мөрдөх шаардлага үүссэн юм.
-Үндэсний хэмжээний онцлог нөхцөл байдлыг тусгасан Монгол Улсын ногоон барилгын зэрэглэлийг боловсруулж мөрдөх шаардлагатай гэж та хэллээ. “Ногоон барилгын хүрээлэн” ТББ ногоон барилгын зэрэглэлийг боловсруулж, хэрэгжүүлэхэд тун дөхсөн юм байна. Энэ зэрэглэл хэзээ баталгаажих вэ?
Монгол орны цаг агаар, эдийн засаг нийгмийн онцлог нөхцөл байдлыг тусгасан, үндэсний зэрэглэлийг боловсруулж мөрдөх шаардлага үүссэн
-Ойрын үеийн бидний хамгийн чухал зорилго бол ногоон барилгын үнэлгээний системээ баталгаажуулах юм. Үүний тулд эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санаа бодол, зөвлөмжийг тусгах, барилгын салбар болон бусад холбоодууд, гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал. Мөн зураг төслийн мэргэжлийн зөвлөл, архитектор, хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөл, инженер хангамжийн мэргэжлийн зөвлөл зэрэг нарийн мэргэжлийн туршлагатай хүмүүсээр хэлэлцүүлж, санал шүүмжийг авсан. Дараагийн ээлжинд олон нийтээс санал авах ажлыг нээлттэй хийж, барилгын салбараас гадна Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар зэрэг холбогдох байгууллагуудын саналыг аваад дуусаж байна. Эдгээр саналыг нэгтгэж, редакцын засвар хийх нүсэр ажлын гараан дээр байна. Энэ ажлыг хийж дууссаны дараа БХБЯ-ны шинжлэх ухааны зөвлөлөөр орно.
Өргөн хүрээний хэлэлцүүлэг, олон нийтийн шүүмжийг тусгана. Ингээд “бүгдээрээ ярилцвал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг шиг Монгол Улс маань өөрийн гэсэн, дотоод орчны агаарын хувьд чанартай, цэвэрхэн, эрчим хүч, ус болон бусад байгалийн баялагт хэмнэлттэй ногоон барилгын үндсэн үзүүлэлттэй болно. Ингэснээр гарах нөлөө нь тодорхой. Хүрээлэн буй орчин илүү цэвэрхэн болно. Бохирдол багасна. Ногоон барилгын үзүүлэлтийг хангаж баригдсан барилга байшинд амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцөл сайжирна. Наад зах нь хүүхэд бага өвдөнө. Улс орны хувьд бүтээмж өндөрсөнө. Нэг жишээ дурдахад, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгад амьдарч байгаа хүн хөлсгүй хөдөлмөрт зориулдаг цагаа 90 хувь хэмнэдэг гэсэн тоо байдаг. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монголд эмэгтэйчүүд дунджаар дөрвөн цаг, 50 минутыг хөлсгүй хөдөлмөрт зориулдаг. Өөрөөр хэлбэл, гал түлэхийн тулд нүүрс, түлээ, үнстэй зууралддаг цаг байхгүй болж, тэр хугацааг өөртөө зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, мөн баялаг бүтээх, орлого олох, эсвэл амрах боломж нээгдэнэ гэсэн үг.
-Сайхан сонсогдож байна. Бид үүнд хүрэхэд хэр зэрэг хугацаа шаардагдах вэ?
-Би ойрхон гэж бодож байгаа. Яагаад гэвэл маш олон байгууллага “ногоон барилгын зарчмаар барилгаа баръя” гэдэг сонирхлоо илэрхийлдэг. Энэ дунд барилгын компаниудыг онцолмоор байна. Тэд санаачилгатай байна. Тэгэхээр ногоон барилгыг хэрхэн үнэлэх нь тодорхой болсон үед эдгээр компани олноороо ногоон барилга, байшин барих нь ойлгомжтой. Хэрэглэгчийн зүгээс ч гэсэн юу шаардах вэ, хэрхэн баталгаажуулж хэмжих вэ гэдэг нь тодорхой бол нэг долгионоор ойлголцох боломж бүрдэнэ гэж найдаж байна.
-Ногоон барилга барих өртөг ямар байдаг вэ?
-Өртгийн хувьд, зарим шалгуур үзүүлэлтийг хангахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай боловч урт хугацаандаа харвал илүү бат бэх гэдгээрээ хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөр. Хоёрдугаарт, ногоон зээлийн болзлыг хангавал зээлийн хүү тал дээр олон хувийн хэмнэлт эдэлнэ. Энэ утгаараа санхүүгийн өртөг буурна. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэнэ. Яагаад гэвэл ашиглалтын зардал бага. Тиймээс түрээсийн, худалдааны, үйлчилгээний, олон нийтийн хэрэглээний зорилгоор баригдаж байгаа төслүүдийн ашиглалтын зардал багасна. Тэгэхээр шууд хөрөнгө оруулалт нь харьцангуй өндөр мэт боловч нийт хугацаагаар нь дүгнэж үзвэл зардал нь бага юм.
Олон улсын санхүүгийн байгууллагууд тогтвортой, ногоон зэрэг үзүүлэлтийг чухалчилж байна
-Сүүлийн үед олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ногоон зээлд түлхүү хөрөнгө оруулж байна. Монголд энэ төрлийн хөрөнгө оруулалт хийх сонирхол их байх шиг байна?
-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ногоон, хэмнэлттэй, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан төсөлд хөрөнгө оруулах сонирхол өндөртэй байна. Монголд хөрөнгө оруулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагууд тогтвортой, ногоон гэдэг үзүүлэлтийг маш ихээр чухалчилж байгаа. Нийгмийн нөлөөллийг ч бас чухалчилж авч үзэж байна. Эрчим хүчний хэмнэлтийг үндэслэн ногоон зээл олгож эхлээд хэдэн жил болж байгаа боловч банкуудын цаад эх үүсвэрүүдийн зүгээс ногоон барилга бол зөвхөн эрчим хүчнээс гадна өргөн хүрээтэй ойлголт гэдгийг сануулдаг. Үүний зэрэгцээ “ногоон мөнгө угаалт”-аас сэргийлж, зохих шалгуур үзүүлэлтийг бий болгох нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
-Та бүхний боловсруулсан монгол зэрэглэл ямар шалгуур үзүүлэлттэй вэ?
-Монгол Улсад хэрэгжих ногоон барилын зэрэглэлийг бид BestGER гэж нэрлэсэн. Энэ нэршил бол товчилсон үгс юм. BestGER гэдэг нь Монгол Улсын үндэсний ногоон барилгын зэрэглэл бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд дөхөм болгох зорилгоор Best Governance in Efficiency and Resilience гэсэн үгсийг, мөн Монголынхоо уламжлалт сууц, монгол гэрийн нэршлийг шингээж BestGER гэсэн товчлолыг сонгосон. Барилгын технологийн болон ногоон санхүүгийн хамгийн зөв шийдлийг шингээсэн барилга байгууламж байх үүднээс Best, ногоон барилгын олон талт асуудлыг цогцоор нь зохицуулах, үнэлэх зэрэглэл тул Governance, эрчим хүч, ус хэмнэж, хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулан байгалийн нөөцийг үр өгөөжтэй, хэмнэлттэй ашиглах тул Efficiency, газар хөдлөлт, гал, үер усны аюулд тэсвэртэй, мөн манай улсын эрс тэс уур амьсгал, цаг уурт тэсвэртэй байна гэсэн агуулгаар Resilience гэсэн үгсийг тусгасан юм.
BestGER ногоон барилгын зэрэглэлийг хоёр шатлалтай байхаар бид боловсруулсан. Эхний BestGER Хялбаршуулсан буюу BestGER Simple зэрэглэл нь Барилгын тухай хуулийн 10.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл шаардлагагүй, амины орон сууц, барилгуудад зориулсан хувилбар буюу хоёр бүлэг, 12 шалгуур үзүүлэлттэй. Удаах шатлал болох BestGER Дэлгэрэнгүй буюу BestGER Comprehensive нь илүү өргөн хүрээтэй, зургаан бүлэг, 39 шалгуур үзүүлэлттэй. Энэ бол Барилгын тухай хуулийн 10.1.2.3.4.5-д заасан бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй, 5-9 давхар, 9-16 давхар, 16-аас дээш орон сууц, хороолол, үйлдвэрлэлийн барилга, худалдаа үйлчилгээний олон төрлийн зориулалтын барилга байгууламжийн ногоон эсэхийг үнэлэхэд зориулсан дэлгэрэнгүй шатлал юм. BestGER Simple нь 12 шалгуур үзүүлэлттэй, хэрэглэхэд хялбар учраас амины орон сууцанд хэрэглэх бололцоотой. Манай хамт олон одоогоор BestGER Simple шалгуур үзүүлэлтүүдийг баталгаажуулах хяналтын хуудсууд мөн симуляцын программыг хөгжүүлж байна.
-BestGER Ногоон барилгын үнэлгээний систем хэрэгжээд эхэлбэл тун чухал стандарттай болох юм байна. Тийм үү?
-Тийм. Ногоон барилгыг үнэлэхдээ 100 хүртэлх оноо өгнө. А+, А, В+, В болон суурь гэрчилгээ гэсэн ангилалуудтай. BestGER Simple нь А, В, суурь гэрчилгээ гэсэн ангилалтай. Энэ гэрчилгээг авахын тулд заавал биелүүлэх ёстой шалгуур үзүүлэлтүүд бий. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, хүртээмжтэй байдлыг заавал биелүүлэх ёстой. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, настай хүмүүс орж гарахад төвөггүй байх ёстой. Үүний дараа сайн дураараа, сонгож биелүүлэх үзүүлэлтүүд бий. Жишээ нь, хөрөнгө оруулалтаа хэрхэн зохистой зарцуулахаа шийдэхийн тулд гэрэлтүүлэг дээр анхаарлаа хандуулъя, барилгын материалаа бат бөхийг нь сонгоё гэх мэтээр сонголтоор биелүүлж болно. Гэхдээ бүх сонголтоо сонговол хамгийн дээд оноо авах бололцоотой. Ингэсэн тохиолдолд зээлийн хүүгийн хэмнэлт хамгийн их байна.
Манай улс ногоон барилга гэх тодорхой ойлголт, мэргэжлийн зэрэглэлгүй явж ирсэн
-BestGER үнэлгээний систем хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-2024 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх болов уу гэж бодож байна.
-Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа олон улсын зэрэглэлийг манай барилгын компаниуд хэр авч хэрэгжүүлдэг вэ?
-Тийм тохиолдол байна. Дээр дурдсан EDGE зэрэглэлийг авсан долоон эксперт бий. Харьцангуй өндөр үнэтэй, мөн барилгын материалд шингэсэн энерги гэх шалгуур үзүүлэлтийг нь манайх хангахад хэцүү гэх мэт бэрхшээл байдаг. АНУ-ын LEED Platinum гэрчилгээ авсан нэг барилга байна. Хаан банкны төв оффис LEED-ийн гэрчилгээ авахаар ажиллаж байгаа, удахгүй авах байх. Хэрвээ хэрэглэгч хүсээд зардлыг нь төлбөл олон улсын зэрэглэлүүд авах нь мэдээж нээлттэй.
-Ногоон барилгыг илэрхийлэх зургаан бүлэг үзүүлэлтийг та бүхэн тодорхойлсон. Үүнд ямар бүлгүүд багтах вэ?
-Ногоон барилгыг илэрхийлэх зургаан үзүүлэлтээ бид олон улсын зэрэглэлүүдийг харьцуулж судалсны үндсэн дээр тооцсон. Үүнд, эрчим хүч ба дулаан, барилгын материалын шингэсэн эрчим хүч ба ашиглалт, усны хэмнэлт ба ухаалаг хэрэглээ, гал, үер, газар хөдлөлтийн тэсвэржилт, дотоод орчны чанарын асуудал ба хүрээлэн буй орчин багтана.
-Цаашид хийхээр төлөвлөж буй судалгааны ажлуудаас юуг онцлох вэ?
-Цаашид үйл ажиллагааг тогтвортой явуулах хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаас гадаад, дотоодын ногоон барилга, хот байгуулалтын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачид, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж, сургалт, судалгаа, мэдээллээр хангахаар зорьж байна. Манай улсын эрчим хүчний систем алдагдлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэгжүүлбэл эрчим хүчний хараат бус, найдвартай нөхцөл байдал бий болно. Бид гэр байшингаа дулаалж, засварлаж, дотоод агаарын солилцоог сайжруулах нь ногоон барилгын хэрэглээ болохын зэрэгцээ өөрсдийн амьдрах орчны чанарт үзүүлж буй хувь нэмэр болох юм. Уур амьсгалын өөрчлөлтөд ногоон барилга асар их эерэг нөлөөлөл үзүүлдэг учраас ногоон барилгын үнэлгээний системийг бий болгох, ногоон барилга байгууламж барих нь бүгдийн эрх ашигт нийцнэ.
“Ногоон хөгжил” сэтгүүлийн тусгай дугаараас 2024.04 сар