А.Уртнасан: Орон нутгийн бизнес жижиг учраас хуримтлалтай болж чаддаггүй

Mongolian Economy
2021-05-19 14:26:44
Ангилал:

“Морс трейд энд сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Уртнасантай ярилцлаа. Тэрбээр Замын-Үүдэд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулж, бялуу, нарийн боов, хоолны үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жил бизнес эрхэлж буй.

-Эмэгтэй бизнес эрхлэгч байх нь ямар онцлогтой, бас ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?
-Эмэгтэй хүмүүс үйлчилгээний, нарийн ширийн ажилд сайн байдаг. Ажилдаа тууштай байж чаддаг. Харин манайд шийдвэр гаргах түвшинд Монголын уламжлал, заншлаар эмэгтэй хүмүүс төдийлэн дэмжигддэггүй. Хөдөө, орон нутгийн бизнес жижиг учраас эмэгтэй хүн гэдэг талаасаа ямар нэгэн нөлөө багатай. Жижиг газар учраас нэг нэгнийгээ сайн мэддэг. Хэн юу хийж буйг мэддэг, хийсэн зүйл нь хүний нүдэн дээр ил байдаг, мөн зөв зүйл хийж байгаа учраас эмэгтэй гэсэн талаасаа бэрхшээл гайгүй. Харин шийдвэр гаргах түвшинд эмэгтэй хүн очихоор янз бүрийн бэрхшээл байдаг. Би сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшин, өрсөлдөж байхдаа үүнийг анзаарсан. Бизнесийн хувьд харьцангуй гайгүй.

-Та өөрийн бизнесийн тухай ярьж өгнө үү?
-Замын-Үүд их онцлог. Манай харилцагчид дандаа хил, гаалиар орж, гардаг хүмүүс байдаг. Манай бизнес төмөр замын буудлын ойролцоо тул хүмүүс  галт тэрэгнээс буугаад, эсвэл галт тэргээ хүлээх зуураа манайхаар үйлчлүүлж цай, хоол иддэг. Бид гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг багахан хэмжээгээр төвлөрүүлж сум, орон нутагтаа авч үлддэг онцлогтой. Харин сая Ковидтой холбоотой хил, гааль хаагдахад хэрэглэгч, үйлчлүүлэгчгүй болсон. Орон нутгийн хэрэглэгчид бага байдаг нь Ковидын үеэр маш тодорхой харагдсан. Тиймээс бусад орон нутаг, Улаанбаатарт байгаа бизнестэй харьцуулахад хил, гаалийн үйлчилгээнээс ихээхэн хамааралтай байдгаараа онцлог.

Хөдөө, орон нутгийн бизнес жижигхэн учраас хуримтлалтай болж чаддаггүй. Арилжааны банкны зээлээс зээлийн хооронд явдаг даа.

-Замын-Үүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ямар байдаг, ямар ажил түлхүү эрхэлж байна вэ?
-Манай суманд 21 аймгийн 365 сумаас хүмүүс ирж амьдардаг. Бүгдээрээ л их, бага хэмжээгээр хөдөлмөр эрхэлж байгаа. Эмэгтэйчүүд голдуу зорчигч  тээвэр, нийтийн хоолны газар, дэлгүүр, үйлчилгээний газруудад, эрчүүд нь ачаа, зорчигч тээвэр хийхээс гадна төрийн алба, бусад байгууллагад ажилладаг. Ажилгүй хүн цөөн. Манай нөхөр ачаа тээвэр хийгээд мөнгө олж байгаа, би хүүхдээ хараад гэртээ сууж байя гэдэг хандлага ховор. Ямар нэгэн байдлаар эхнэр нь ажил хийдэг.

-Орон нутагт бизнес эрхлэхэд ямар дэмжлэг үгүйлэгдэж байна, ямар асуудлууд тулгарч байна вэ?
-Бидэнд ээж ааваас өвлөж ирсэн хөрөнгө байхгүй. Сургууль төгсөөд ирэхэд бүх юм хувьчлагдаад, ажил төрөлгүй болоод өөрсдийн бор зүрхээр бизнесээ эхэлж байсан. Арилжааны банкны зээлээр л үйл ажиллагаа явуулж байна. Арилжааны банкийг муу хэлэх өрөөсгөл юм.

Гэхдээ хүү нь өндөр тул нэг үл хөдлөх хөрөнгө босгочихно, тэгээд хүүнээсээ илүү гарахгүй, банкны зээлтэйгээ зууралдсаар байгаад л хорь, гучин жил өнгөрсөн байна.

-Төрийн бодлого, шийдвэр, бизнесүүдээ дэмжсэн арга хэмжээнүүд орон нутагт хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Мэдээлийн систем сайн хөгжсөн болохоор хэрэгтэй мэдээллээ авдаг. Гэхдээ бүх хүн Улаанбаатарт төвлөрсөн тул хөдөө ажиллах хүн байхгүй байна. Бригадын төв, суманд залуучууд байхгүй, эзэнгүйдэж байна. Энэ нь улс бодлогоор хумиад байгаатай холбоотой гэж харагддаг. Жишээ нь, Жижиг, дунд үйлдвэрийн зээл гэхэд л хотод бизнес хийж байгаа хүн хэдэн тэрбумаар авах боломжтой.

Харин суманд бизнес хийдэг хүн 150 сая төгрөгөөс дээш, аймагт 200 саяас дээш авч болохгүй, бүр 300 сая хүртэлх зээлийн асуудлыг аймаг шийднэ, Сум хөгжлийн сангийн зээл нь 20 сая гэх мэтээр хөдөө, орон нутагт боломжуудаа хаагаад байна. Зээл, тусламж нь орон нутагт руу чиглээд ирэхээрээ эхлээд аймгаараа, дараа нь сумаараа дамжина гээд үйл явц, шийдвэр нь маш удаан. Бид Сум хөгжлийн сан, аймгийнхаа ЖДҮ-ийн зээлийн мэргэжилтэнд материалаа өгөхөд, нөгөө мэргэжилтэн аваад хаана, юу болж байгаа нь мэдэгддэггүй. Хөдөө, орон нутагт өгөх хөнгөлттэй зээл их хойрго.

Хөдөө аж ахуй руу чиглэсэн их олон сан байдаг. Тэрийг нь хөдөө, орон нутгийнхан мэддэггүй зэрэг асуудал бий. Тиймээс төрөөс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

 

 

Mongolian Economy