Банкны салбарт хийсэн “хувьсгалууд”

Sarangerel
2024-09-11 13:25:36
Ангилал:

Монголбанк байгуулагдсанаас хойших 100 жилийн хугацаанд банкны салбарын хөгжлийн замналыг гурван үе шатад хуваан үзэж болох юм.

1921-1990: Үндэсний банк
байгуулагдаж, бэхэжсэн үе
1991-2020: Банкны хоёр
шатлалт тогтолцоонд
шилжиж, бэхэжсэн үе
2020: Банкны салбарын
зохистой засаглалын реформ
хэрэгжсэн үе

Банкны салбарын зохицуулалт нь банкны салбарын хөгжлөө дагаад тасралтгүй сайжрах, өөрчлөн шинэчлэгдэх шаардлагатай тул банкны үйл ажиллагаанд тавигдах хяналт шалгалт зохицуулалтууд олон улсын зарчим стандартыг шингээн, улам боловсронгуй болж, сайжирсаар байна. 1921-1990 оны хооронд банкны тухай тусгайлсан хууль, тогтоомж байгаагүй ч банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг дүрэм, журам болон Иргэний хуулиар зохицуулж байв. 1940 оноос банкны салбараар хийх төлбөр тооцоо нэмэгдэж, нарийвчилсан журам заавартай болж, Монголбанк нь төлбөр тооцоо, санхүүжилтийн төв болсон юм. Ингэснээр Монголбанк нь Монгол Улсын санхүүгийн бүх харилцааны төв болж,  банкны зээл, төлбөр тооцоо, касс зэрэг бүхий л үйлчилгээ хэт төвлөрсөн байдал нь нэмэгдэж, түргэн шуурхай хүртээмжтэй байдал нь алдагдаж эхэлсэн нь хоёр шатлалт банкны тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагыг бий болгосон юм. 1990 оноос Монгол Улс зах зээлийн зарчмын дагуу банкны хоёр шатлал бүхий тогтолцоонд шилжиж, анхны арилжааны банкнууд үүсгэн байгуулагдаж эхэлсэн. Монголбанкны зөвшөөрлөөр Монгол хоршоо, үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк, Монгол даатгал банк, Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банкнууд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Энэ үед арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулах хууль, дүрэм журмыг хараахан гаргаагүй байлаа. Эдгээр арилжааны банк үүсгэн байгуулагдсанаар банкны салбарт системийн шинжтэй томоохон өөрчлөлт бий болж, Төв банкны хувьд арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулах, хянан шалгах томоохон үүрэгтэй болсон юм. Мөн банкнуудын үйл ажиллагаа жигдрээгүй, хууль эрх зүйн зохицуулалт хангалттай бий болоогүй, банкны салбарын боловсон хүчний мэргэжлийн мэдлэг чадвар дутмаг, банкны салбарын үйл ажиллагааны талаарх ард иргэдийн ойлголт муу зэргээс үүдэн банкуудын үйл ажиллагаа тогтворгүй, банкууд олноороо төлбөрийн чадваргүй болж, дампуурч байсан юм.

Банкны салбарт учирсан хүндрэл бэрхшээл, хэд хэдэн банкны дампуурал нь Төв банкны зүгээс банкны салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, банкнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нь банкны салбарын тогтвортой байдал, банкнуудын хэвийн үйл ажиллагааг хангахад амин чухал болохыг ойлгуулсан. Ийнхүү банкны салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг шуурхайлж, 1991 оны дөрөвдүгээр сард Банкны хуулийг баталж, Төв банкийг Монгол Улсын мөнгө, зээлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий банкаар тогтоож, Төв банкны үйл ажиллагааг зохицуулсан Төв банкны тухай хуулийг 1996 онд баталсан. Мөн түүнчлэн банкны салбарын үйл ажиллагааны голлох хуулиуд болох Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Векселийн тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Аудитын тухай хууль зэргийг баталж, банкны салбарын хууль эрх зүйн орчин бий болох үндсэн суурь тавигдсан юм.

Хувьцаа эзэмшигчдийн тоо 150 орчим байснаас 70 гаруй мянга болж нэмэгдэн, нийт 473 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг дотоодын зах зээлээс татан төвлөрүүлжээ

2000-2009 оны хооронд банкны салбарт харьцангуй тогтворжилтийн үе эхэлж банкнуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн харьцаа, зээлийн чанар сайжирч, банкны салбар мэргэшсэн боловсон хүчинтэй болж, банкнуудын үйл ажиллагаа төлөвшиж ирсний зэрэгцээ банкны үйл ажиллагаанд тавигдах, шаардлага, хууль эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж байлаа. Тухайлбал, Монголбанкнаас 2002 онд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2005 онд Мөнгө угаах терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, 2008 онд Банк дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль, 2009 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг тус тус боловсруулан, батлуулж, банкны салбарын хууль эрх зүйн орчин, банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцооны үндэс суурийг улам бэхжүүлсэн билээ. Ингэснээр 2010 оноос банкны салбарын үйл ажиллагаа улам өргөжин дэвшиж, арилжааны банкнуудын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, банкнууд үйл ажиллагаандаа олон улсын шинэ технологийг нэвтрүүлж эхэлснээр Монгол Улсын банкны салбар дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэх, хөгжил дэвшлийн үе эхэлсэн юм. Банкуудын үйл ажиллагаа өргөжиж, банкууд олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхийн хэрээр банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжууд шинэчлэгдэн, сайжирч, банкны хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, банканд хяналт, шалгалт хийх эрх бүхий хянан шалгагчдад бүрэн эрх олгох зэрэг шаардлага үүсч, Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2010 онд батлуулснаар банкны хяналт, шалгалтын үйл ажиллагаа олон улсын хяналт шалгалтын Базелийн зарчим стандартад ойртсон, дэвшилтэт үйл явдал болсон юм. Мөн энэ үеэр банкны салбарын тогтвортой байдлын үндсэн тулгуурын нэг болох хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгон, банкан дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлж, 2012 онд Банкан дахь Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлуулсан нь банкны салбарын тогтвортой байдлыг улам бэхжүүлэв.

Үүний зэрэгцээ банкны үйл ажиллагаанд тавигдах зохистой харьцааны шаардлагыг бий болгож, банкны зохистой засаглал, эрсдэлийн удирдлагад тавигдах шаардлага, банканд хийх байнгын хяналт шалгалт, төлбөрийн чадваргүй болсон банканд хийх албадлагын арга хэмжээний зохицуулалтыг олон улсын сайн туршлага, өөрийн орны туршлагад үндэслэн бий болгож, банкны хяналт шалгалт дараагийн түвшинд хүрсэн юм. Энэ үеэс эхлэн банкны хяналт, шалгалтыг олон улсын Базелийн стандартад нийцүүлэх ажил эрчимжиж, Монголбанкнаас 2014 онд Банкны хяналт, шалгалтын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг баталж, банкуудад хийх хяналт шалгалтыг хөгжүүлэх нэгдсэн бодлогын баримт бичгийг бий болгосон юм. Энэхүү баримт бичгийн үндсэн зорилго нь үр нөлөөтэй, оновчтой хяналт, шалгалтын үйл ажиллагааг хөгжүүлэх, олон улсад түгээмэл нэвтрүүлэх болсон мөчлөг сөрсөн, эрсдэлд суурилсан зохицуулалтыг банкны хяналт, шалгалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, системийн шинжтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх макро зохистой бодлогын арга хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг байсан бөгөөд уг стратегийн дагуу банкны хяналт, шалгалт зохицуулалт улам боловсронгуй болж, хяналт шалгалтын үр нөлөө сайжирсан билээ. Банкны салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, банканд тавих хяналт, шалгалтын үйл ажиллагаа олон улсын жишиг стандартад нийцтэй байсан хэдий ч зарим банк төлбөрийн чадваргүй болж, татан буугдаж байсан нь ихэнх тохиолдолд банканд зохистой засаглал алдагдаж байсантай холбоотой байсан. Энэ үйл явдал, сургамж нь банкны салбарт дараагийн реформыг эхлүүлэх, банкуудын зохистой
засаглалыг сайжруулах шийдвэртэй алхмыг хийх шаардлагыг Төв банканд бий болгосон юм.

1990 онд Төв банкны хувьд арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулах, хянан шалгах томоохон үүрэгтэй болов

Ийнхүү банкны зохистой засаглалыг сайжруулах зорилгоор Монголбанкнаас банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үндсэн зорилго бүхий Банкны салбарын дунд хугацааны шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 онд УИХ-аар батлуулж, банкуудыг хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөгдөн байгуулах, 1990 онд Төв банкны хувьд арилжааны банкны үйл ажиллагааг
зохицуулах, хянан шалгах томоохон үүрэгтэй болов.  Энэхүү хууль, эрх зүйн өөрчлөлтийг банкны салбарт хийсэн хоёр дахь “хувьсгал” гэж нэрлэж болох бөгөөд банкны салбар дахь засаглалын асуудлыг шийдвэрлэх томоохон системийн шинжтэй өөрчлөлт юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бүх арилжааны банк хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн бөгөөд системд нөлөө бүхий банкууд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк нь 2023 онд анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож, компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болж үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ. Системийн нөлөө бүхий банкуудын хөрөнгийн зах зээл дээрх анхдагч зах зээлийн арилжааны үр дүнд банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн тоо 150 орчим байснаас 70 гаруй мянга болж нэмэгдэн, нийт 473 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг дотоодын зах зээлээс татан төвлөрүүлж, банканд тавигдах олон нийтийн хяналт сайжирсан юм. Энэхүү реформ нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болох томоохон үйл явдал боллоо. Банкны салбар нь Монгол Улсын санхүүгийн салбарын 95 орчим хувийг дангаараа бүрдүүлж, санхүүгийн салбарын үндсэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг манай улсын хувьд банкны салбарын тогтвортой байдал нь манай эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд амин чухал юм. Энэ утгаараа Төв банкны зүгээс банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэтгэл, банкны салбарт тавигдах хяналт, шалгалтын үр нөлөөтэй байдлыг тогтмол ханган ажиллаж, тасралтгүй хөгжиж буй банкны салбартай мөр зэрэгцэн хяналт, шалгалт, зохицуулалтаа сайжруулсаар байна.

Монгол Улсад орчин цагийн банк үүсэн бэхжсэний 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2024.07 сар