Барааны савангаас дэлхийн тавцан руу

tselmeg tselmeg
2020-02-21 12:46:22
Ангилал: ЖДҮ

Гоо сайхны бүтээгдэхүүн хэмээх ойлголт дэлгүүрийн лангууны нэг хэсэг, эсвэл зөвхөн бүсгүйчүүдийн хэрэглээнээс хэдийнэ давж, эдийн засгийн бодит үр дүн бүхий аварга том салбар болтлоо хөгжжээ. Манай улсад ч зөвхөн импортын арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүн хэрэглэдэг цаг ард хоцорч, “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой брэндүүд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлж чадсан.

Made in Mongolia

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар дотоодын зах зээлд харьцангуй шинэ бизнес гэгддэг. Түүхийн хуудас сөхвөөс, 1990 оноос өмнө монголчууд дотооддоо зөвхөн саван үйлдвэрлэж байжээ.

Тодруулбал, 1955-1956 онд Мах комбинатын дэргэд савангийн үйлдвэрийг албан ёсоор байгуулж, анхны “барааны” нэртэй саванг үйлдвэрлэжээ. Чухамхүү энэ үеэс монголчууд эдийн саванг барааны хэмээн нэрлэж заншсан аж. Үүний дараа “Багачууд”, “Намуу цэцэг” саванг гарган авч, үүнийгээ “гар, нүүрний” гэж тодотгосон байна. Ийнхүү дотоодын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл савангаар “шаваа тавьж”, 1980-аад оны сүүлчээр “Анхилуун”, “Сарнай”, “Тансаг” гэхчилэн албан ёсны шошго, барааны тэмдэгт бүхий хэд хэдэн саван үйлдвэрлэж, ЗХУ, Украин, Югослав, Румын зэрэг орон руу экспортолж байжээ.

 

Харин зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш хувийн хэвшлийн анхны үйлдвэрүүд нүүр, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. 

2019 оны байдлаар Монгол Улсад косметик үйлдвэрлэх эрх, бүтээгдэхүүний патент бүхий 30 орчим компани үйл ажиллагаа явуулж, олон улсад Made in Mongolia гэсэн тодотголтой, органик шампунь, арьс арчилгаа, нүүр будах бүтээгдэхүүн нийлүүлж байна.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газраас өгсөн албан мэдээллээр, 2019 оны байдлаар дотоодын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 4.7 тэрбум төгрөгт хүрчээ. Сүүлийн таван жилийн дунджаар эл чиглэлийн үйлдвэрлэл жил бүр 21-24 хувиар өссөн байх юм. Жишээлбэл, 2019 онд 136.8 мянган ширхэг шампунь, 1.4 сая ширхэг нүүрний тос үйлдвэрлэжээ. Энэ нь хоёр жилийн дотор 40 шахам хувиар өссөн дүн.

Түүнчлэн бүтээгдэхүүний нэр төрөл олширч, одоогоор 30 гаруй компани давхардсан тоогоор 827 төрлийн бараа үйлдвэрлэж байна.

Тайлангаас харахад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дотоодын компаниуд нийт бүтээгдэхүүнийхээ 30 хувийг 16 улс руу нийлүүлжээ.  Экспортын гол зах зээл нь Азийн орнууд тэр дундаа Хятад болон Хонконг байна. 2017 оны экспортын 40.8 хувийг Хятад, 22 хувийг Хонконг, 19.8 хувийг Өмнөд Солонгос эзэлж байна.  

Гоо сайхан ертөнцийг аварна

АНУ-ын судалгааны Allied Market Research агентлагийн тайланг харахад, 2022 онд дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 430 тэрбум ам.долларт хүрэх боломжтой ажээ. Түүнчлэн энэ салбар улс орны эдийн засагт онцгой хувь нэмэр оруулж, зарим талаар хөгжлийн нэг хэмжүүр болж буйг судлаачид онцолсон байна.

Сүүлийн 10 жилд гоо сайхны салбар үсрэнгүй хөгжиж, бүтээгдэхүүний нэр төрөл олширсон. Дэлхийн эдийн засаг тэлж, хүмүүсийн орлого нэмэгдэх хэрээр гоо сайханд зарцуулах мөнгөний хэмжээ нь нэмэгдэж байгаа. Түүнчлэн олон нийтийн сүлжээний платформууд гоо сайхны салбарын хөгжлийн нэг шалтгаан болжээ.

Мөн цаг уурын өөрчлөлт, орчны бохирдлоос үүдэн органик бүтээгдэхүүний эрэлт өсч, үүнтэй холбоотойгоор косметик үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлт таван жилийн дотор өмнөх хагас зууны нийлүүлэлттэй тэнцсэн байх юм. Өөрөөр хэлбэл, энэ салбар эдийн засгийн томоохон хөдөлгүүр болсон байна.

Дан ганц АНУ-ын үйлдвэрлэгчид л гэхэд 2019 онд ДНБ-дээ 23.7 тэрбум ам.долларын орлого оруулж, 3.6 сая хүнийг ажлаар хангаж, 14.3 тэрбум ам.долларын цалин хөлс олгожээ.

Түүнчлэн монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өнгөрсөн онд дэлхийн зах зээлээс 12.5 тэрбумын ашиг олжээ. Тус улс косметик үйлдвэрлэлээр дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэх болсон ба ердөө 10 жилийн дотор ийм амжилтад хүрсэн юм. Эдүгээ Made in Korea хэмээх тодотголтой гоо сайхны бүтээгдэхүүн зөвхөн Ази төдийгүй Европ, Америкийн хэрэглэгчдэд хүрч чадсан. Тэр ч бүү хэл, K-Beauty гэдэг хэлц бий болов.

Харин энэ салбарт хэзээнээсээ шилдэг нь байсан Франц улс 2019 онд нийт 19.3 тэрбум ам.долларыг зөвхөн гоо сайхны үйлдвэрлэлээс олсон нь ДНБ-ий 0.9 хувьтай тэнцэж байгаа юм.

Судалгааны statista.com сайтын хамгийн сүүлд гаргасан тайлангаас косметик үйлдвэрлэл хөгшин Европоос шар тив рүү аажмаар шилжиж байгааг харж болно. Өнөөгийн байдлаар гоо сайхны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй топ-10 улсын тав нь Ази, дөрөв нь Европынх.

Тиймээс органик бүтээгдэхүүнээрээ олон улсад танигдах эхний алхмаа хийж чадсан Монгол Улс гоо сайхны үйлдвэрлэлээрээ өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бүрэн боломжтой ажээ.

Бэлтгэсэн Г.Амартүвшин

tselmeg tselmeg