Баялгийг шударга хуваарилах хувьчлал

B Shurenchimeg
2022-07-01 12:17:18

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд  хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж,  хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан Тус уралдааны “Сонин, сэтгүүл, вэбсайт” төрөлд тэргүүн байр эзэлсэн “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Шүрэнчимэгийн “Баялгийг шударга хуваарилах хувьчлал” нийтлэлийг хүргэж байна.

Үе, үеийн Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд нээлттэй компани болгох тухай хэлэлцэж, жагсаалт гаргасаар ирсэн уламжлал хэдийнээ тогтжээ. Тэрхүү жагсаалтын эхний эгнээнд Монголын хөрөнгийн бирж бичигддэг ч байрнаасаа хөдлөлгүй өнөөдрийг хүртэл 100 хувь төрийн мэдэлд хэвээр байна. Олон улсад хөрөнгийн биржээ 100 хувь төр нь эзэмшдэг ардчилсан улсын жишиг манайхаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Хөрөнгийн зах зээл төдийлөн хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь ч энэ юм.

1991 онд өмч хувьчлалыг эхлүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг байгуулсан түүхтэй. 1990 оны өмч хувьчлалд хуудуу орсон, зарим үйлдвэр, компанийн хувьчлал шударга бус явагдсантай холбоотой мэдээлэл цөөнгүй. Өмч хувьчлалыг хэрэв зөв явуулсан бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс арай “тэнхлүүн” болох байсан гэх шинжээчид бий. Ийнхүү улсын өмч хувьчлалын эхний давлагааны дараа Монголын хөрөнгийн зах зээл хэсэгтээ л унтаа байдалд орсон.

2010-2012 онд Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газар төрийн өмчийг хувьчилж хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хөшүүрэг болгоё хэмээн зорьж байсан ч гацаанд орж, хөгжил нь хол яваагүй. Үүний дараа 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай тогтоолыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар баталж, нэр бүхий 15 ТӨХК-ийн жагсаалт гаргаж байсан. Эл жагсаалтад багтсан компаниудаас зөвхөн “Монгол шуудан” ХК-ийн төрийн мэдлийн 34 хувийг олон нийтэд нээлттэй байдлаар хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, 6.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Харин бусад төрийн өмчит компанийг хувьчлах ажил ашиг сонирхлын зөрчилдөөн зэрэг олон асуудлаас үүдэн гацсан түүхтэй.

Төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөө их гэж байнга ярьдаг. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Авлига, хээл хахууль гурван сувгаар явж байна. Үүний нэг нь төрийн өмчит компаниудын хулгай. Тиймээс эхний шатанд төрийн өмчит компаниудад иргэдийн оролцоог бий болгож, олон нийтийн хараа хяналтад оруулснаар авлига, хулгайг бууруулна” хэмээн ярьж байсан. Улсын хөрөнгөөс хумслах таатай газрын нэг нь төрийн өмчит компани болоод удаж байна.Үүнээс үзэхэд төрийн өмчийн хувьчлал бол улс төрчдийн тохирч чаддаггүй асуудлын нэг бололтой. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэрхэн, яаж хувьчилбал үйл ажиллагаа нь сайжрах вэ гэдэг дээр үе үеийн Засгийн газруудын үг, үйлдэл зөрсөөр ирсний тод жишээ 1990 оны хувьчлалаас хойших үйл явдлууд харуулж байна.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн оролцоо, хяналт бүхий нээлттэй хувьцаат компани болгосноор санхүүгийн голлох үзүүлэлтүүд нь эрс өсдөгийг олон улсын туршлага батлан харуулдаг. Тухайлбал, БНХАУ-ын “Chalco”, “Air China”, ОХУ-ын “Газпром”, Японы “Japan post” зэрэг компанийг дурдаж болно.

Ийнхүү төрийн өмчийн ихэнх компани ашиггүй, алдагдалтай үйл ажиллагаа явуулж, төрийн бүтэц улам данхайсаар 2022 онтой золгов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд мөн л төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгохоор зэхэж буй. 2022-2023 онд “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Үндэсний давхар даатгал” ХК, Автозам засвар арчлалтын компаниуд зэрэг 25 хуулийн этгээдийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар шийдвэрлээд байна.

Гэхдээ асуудалд судалгаатай, үе шаттай хандах ёстой. Төрийн өмчит компанийг ангилж, хэдэн хувь нь төрийн өмчид байх, ямар дарааллаар бирж дээр гаргахыг нарийн төлөвлөх учиртай. Тааруу үйл ажиллагаатай компаниудыг эхэлж хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилбал энэхүү реформын утга алдагдах, дахин гацаанд орох эрсдэлтэй. Цаашлаад хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч саад болно. Тиймээс нэн тэргүүнд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, нийгэмд танигдсан компаниудын хувьцааг олон нийтэд санал болгох нь зүйтэй гэж салбарынхан анхааруулсаар байгаа. Гэтэл жагсаалтад багтсан 25 компанийн ихэнх нь олон нийт, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахааргүй, ялангуяа “АЗЗА” компаниудын үйл ажиллагааг хэн ч мэдэхгүй байх талтай. Товчхондоо, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих “Төрийн бүтээмжийн сэргэлт” гараанаасаа л гацаанд орох өндөр эрсдэлтэй харагдаж байна.

2022-2023 онд олон нийтэд нээлттэй болох аж ахуйн нэгжүүдийн жагсаалтын эхэнд “уламжлал” ёсоор Монголын хөрөнгийн бирж бичигдэж байгаа. Энэ нь ч магадгүй зүй ёсных биз. Учир нь баялгийг тэгш хуваарилдаг нийгмээс шударга хуваарилдаг нийгэм рүү манай улс 1990 онд шилжсэн. Ардчилалын амин сүнс нь баялгийн шударга хуваарилалт юм. Эл хуваарилалтыг шударга хийдэг механизм бол хөрөнгийн зах зээл. Тиймээс хөрөнгийн биржийн үйл ажиллагааг нэн тэргүүнд олон нийтэд нээлттэй, ил тод болгох үйл явцыг түргэсгэж, бодит ажил хэрэг болгомоор байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.95 их наяд төгрөгт хүрч тэлсэн нь “унтаа” байсан үеэ бодвол таатай үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Монголын хөрөнгийн бирж “FTSE Frontier Watchlist”-д багтсан нь олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Цаашид “Watchlist”-ээс гарч, албан ёсоор “Frontier” ангилалд багтахад шаардлагатай бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа.

Хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй болсноор олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг хавсран эрхлэх боломж бүрдэхээс гадна, жижиг, дунд, старт-ап бизнесүүдийн үнэт цаас гаргах үйл явц илүү хялбар болно. Харин өнөөдөр хөрөнгийн биржийн арилжаанд оролцохын тулд өөр нэг төрийн өмчит компани клиринг хийж байгаа нь биржийн өрсөлдөх чадварыг шууд бууруулж байгаа хэрэг юм. Олон улсын жишгээс үзвэл хөрөнгийн бирж арилжааны шимтгэлээс гадна, клирингийн орлого гэх маш том орлогын эх үүсвэртэй. Үүгээр дамжуулан арилжааны шимтгэлийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоогийн орлогын гол эх үүсвэр болох арилжааны шимтгэл буурч, хөрвөх чадвар нэмэгдэнэ.

Биржийг нээлттэй болгож олон нийтэд хувьцааг нь санал болгосноор хөрөнгийн зах зээл өргөжин тэлж, тэр хэрээр компаниудын хөрөнгө оруулалт татах үйл явц хялбар болж, засаглал нь сайжирна гэдгийг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж буй. Төрөөс гэнэтийн шийдвэр гаргахгүй л бол 2023 оны зургадугаар сарын 30-нд багтаан тус биржийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгохоор хэлэлцэж байгаа аж. Харин Сангийн сайд Б.Жавхлан “2022 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, компанийн үнэлгээг хийснээр хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй компани болгох ажил эхэлнэ” гэж мэдэгдсэн.

Зарим улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн тулд өндөр хөгжилтэй улсуудын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, стратегийн гол хөрөнгө оруулагчаа болгон ажилладаг туршлага бий. Энэ зарчмаар явж болох ч төрийн эзэмшилд байх хувь болон стратегийн хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх хувийг оновчтой тогтоох нь зүйтэй. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Биржийг бүх иргэдэд хувьцааг нь өгөх байдлаар нээлттэй болгох бус, мэргэжлийн хөрөнгө оруулагчид даатгах нь зөв” гэсэн санал гаргаж байсан.

Хөрөнгийн биржийг хувьчлах нь Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд ихээхэн нөлөөлөхөөс гадна их хэмжээний хөрөнгийг арилжаалах тул өндөр босготой байх нь зүйтэй. Учир нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын засаглалын бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, ил тод байдал сул гэсэн шүүмжлэл байнга гардаг. Тиймээс хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудад тавих шаардлагаа өндөрсгөхөөс гадна хөрөнгийн зах зээлийг хэдий хугацаанд ямар хэмжээгээр өсгөж тэлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах зэргийг тодорхой зааж өгөх нь зүйтэй. Бага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрхэн хамгаалсан байдал, тухайн компанийн засаглал нь хэр сайн бэ гэдэг нь хөрөнгийн зах зээлд чухал үзүүлэлт гэдгийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Х.Такач Монголын эдийн засгийн чуулганы үеэр онцолж байсан.

Хөрөнгийн бирж бол үнэт цаас худалдан авагч, худалдан борлуулагч, брокер дилерийн компаниудыг холбодог хөрөнгийн зах зээлийн дэлгүүр юм. Мэдээж дэлгүүр стандарт хангасан, чанартай бүтээгдэхүүн зарах учиртай. Нөгөөтээгүүр, хувийн хэвшлийнхэнд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох сонирхол ихээхэн бий. Хэрэв энэ сонирхлоо ажил хэрэг болгохыг хүсэж байгаа бол засаглалаа сайжруулах нь зүй ёсны хэрэг юм.

Энэ мэт алдаа эндэгдлээс сэргийлж, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүйн тулд “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох, банкуудын IPO хийх үйл явцад анхааралтай хандах ёстой гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

 

 

 

 

 

B Shurenchimeg