Боловсруулах төлөвлөгөө

T.Amarjargal T.Amarjargal
2021-09-23 15:09:20
Ангилал: Эдийн засаг

Өнгөрсөн 30 жилд уул уурхайн олборлох салбар түлхүү хөгжсөн бол ирэх 30 жилд олборлосноо боловсруулахад анхаарна гэж УУХҮЯ-аас мэдэгдлээ. Үүний тулд томоохон төслүүдийнхээ “шинэ хөдөлгүүр”-ийг асааж, ойрын гурван жилийн хугацаанд хэд хэдэн боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Ялангуяа алт, зэс, нүүрс, хар төмөрлөг, газрын тосоо боловсруулах нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлнө гэж албаныхан үзэж байна. 

“Mongolia Mining 2021” арга хэмжээний үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар Монголын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих шилжилтийн үеэ туулж явааг онцлоод 2024 онд салбарын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөхийг танилцуулав.

“Боловсруулах төлөвлөгөө”-ний хамгийн анхаарал татсан хэсэг нь газрын тосны үйлдвэр байлаа. Учир нь уржигдархан шатахуун импортлогчид төвийн бүсэд АИ-92 шатахууны дөрөв хоногийн нөөц үлдээд байгааг дуулгаж, шатахууны цуваа иртэл бүсээ чангалахыг сануулсан. Ийм ч учраас манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь олон талын ач холбогдолтой. 

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 2024 онд дотоодын үйлдвэрлэл 1.3 сая тоннд хүрч, газрын тосны бүтээгдэхүүний импорт 55 хувиар буурна гэж тооцжээ.

Мөн дотоодын бүтээгдэхүүнийг импортын шатахуунаас 30 хувиар бага үнээр зах зээлд нийлүүлэх боломжтой болно. 

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орохтой холбоотойгоор хайгуул, олборлолтыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Галба-XI, Матад-XX талбайн нөөцийг тогтоож, ашиглалтад шилжүүлэх аж. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг газрын тосны салбарт чиглүүлэхэд анхаарна гэдгээ салбарын яамнаас мэдэгдлээ. 

Газрын тосноос гадна экспортын гол бүтээгдэхүүний хайгуул, олборлолтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг байв.

Тухайлбал, нүүрсний салбар дахь бүтээн байгуулалтын үр дүнд баяжуулсан нүүрсний хэмжээг 2024 онд одоогийнхоос гурав дахин нэмэгдүүлэх аж.

Үүний тулд Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг сайжруулж, нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд өргөтгөл хийж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

Түүнчлэн “зэсийн эрин”-д илүү ашигтай тоглох зорилготой төлөвлөгөөг ч танилцуулав. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулснаар тус уурхайн үйлдвэрлэж буй зэсийн хэмжээ гурав дахин нэмэгдэнэ. Ингэснээр дэлхийн хамгийн том зэсийн таван уурхайн нэг болно. Оюутолгойгоос гадна Эрдэнэт үйлдвэрийг ч мөн өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.  Тус үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологи бүхий катодын зэсийн үйлдвэр байгуулах аж. Энэ бүтээн байгуулалтад нийтдээ 3.4 их наяд төгрөг зарцуулах бөгөөд 1200 гаруй ажлын байр бий болно гэж тооцсон байна. 

Түүнчлэн Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглалтад оруулах нь зэсийн салбар дахь томоохон эргэлтүүдийн нэг байх болно гэж салбарын яамаас мэдэгдлээ. Тус орд ашиглалтад орсноор 1300 шахам ажлын байр бий болж, зэсийн баяжмалын экспорт нэмэгдэнэ. Цагаан суваргын төсөлд нийтдээ 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 

Ирэх жилүүдэд орон сууцжуулах ажил эрчимжинэ. Барилгын салбарт өрнөх их бүтээн байгуулалтыг дэмжих хамгийн гол салбар бол төмөрлөгийн үйлдвэрлэл юм. Одоогоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт зөвхөн хаягдал төмөр хайлуулж, бүтээгдэхүүн гаргаж байна. Цаашдаа ган бүтээгдэхүүн, ширэм үйлдвэрлэхэд анхаарч, Дархан-Сэлэнгийн бүс болон  Орхон,  Дорноговь аймагт хар төмөрлөгийн цогцолбор байгуулах аж. Ингэснээр 2024 онд дотоодын үйлдвэрлэл 580 мянган тоннд хүрч, 52 хувиар өснө гэлээ.

Хар төмөрлөгийн салбарт хэрэгжүүлэх эдгээр төсөл хөтөлбөрт 3.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 3200 гаруй ажлын байр нэмэгдэнэ. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хумигдсан ч, үнэ өссөн. Ялангуяа эдийн засгийн хямрал, инфляцын өсөлттэй холбоотойгоор алтны үнэ цаашид ч өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, “шинэ супер цикл” алтны салбарт хамгийн удаан оршин тогтнох магадлалтай байгааг эдийн засагчид онцолж байгаа юм.  

Алт бол валютын нөөц бүрдүүлдэг чухал бүтээгдэхүүн учраас өнгөрсөн хугацаанд алтны салбарт хамгийн их тусгай зөвшөөрөл олгожээ. Ойрын гурван жилд ч хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, үндсэн ордуудыг ашиглахад анхаарах аж.

Энэ хүрээнд үнэт металл боловсруулах үйлдвэр байгуулснаар алтыг цэвэршүүлж, дагалдах элементийг нь ялгах боломж бүрдэнэ гэв.

Түүнчлэн алтны салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ УУХҮЯ болон Монголбанкны зүгээс мэдэгдлээ. Өнгөрсөн онд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгжид 124 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол энэ онд 14 аж ахуйн нэгжид 314 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт олгоод байна. 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal