Буруу эрхэлсэн хүү

Mongolian Economy
2020-05-01 17:06:17
Ангилал: Нийтлэгчид

Хэн гуайн буруу эрхэлсэн хүү арай л дэндүү даварчээ! Харсан бүхнээ минийх гэж зүтгэнэ. Гартаа орсон бүгдээ эвдэж байж л сая зоргын сэтгэл, шуналын хүсэл нь ханана. Буруу эрхэлсэн хүү бухын хүзүүнээс хатуу гэдэг бол энэ хүү хүзүү бүү хэл ган болд, очир бадмааргаас ч хатуурчихаад байна. Тэр хэний ч өмнө бөхийдөггүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэнбугай ч түүний өмнө хүчин мөхөс.

Хүү төрснийхөө дараахнаас эхлээд эцгийн буянт сүргийн эх болсон Үндэсний үйлдвэр нэртэй алагч үнээг талхиж эхэлсэн билээ. Сүү элбэгтэй сайхан дэлэнг нь хайр гамгүй гувшиж шудран, хомхойлон сорсон нь аймшигтай. Он жил улируулан дэндүү шуналтай залгилж байснаас сүү ширгэж дэлэн татрахад эрх хүү учиргүй бугшиж чарласан. Хөөрхий алагч үнээний нэгэнт ширгэсэн дэлэнг угзарч нударч, хазаж зулгааж, үгтэрч үлгэсээр дэлэн биш яр шархны буглаас болгон тамласан. Ингэлээ гээд ч түүний ёрын шунал ханаагүй. “Алагч үнээг алж иднэ!” гэж зунжин намаржин цамнаж тийчилсэн. Хэн гуай алагч үнээгээрээ тогоо тосолж, буруу эрхэлсэн хүүгээ түр ч гэсэн аргацаасан даа, хөөрхий.

Дараа нь гай болж Өрх хэмээгч өөвөн борогч гүү эрх хүүгийн нүдэнд туссан. Хүү “Борогч гүүг заавал унана!” хэмээн гэдийж унаад, тийчилж чарласан. Тэгсээр санасандаа хүрч, өөвөн борогч гүүг өвөл зун өглөө үдэшгүй ноолж билээ. Хэрэглээний зээл гэдэг тушаагаар урд хоёр сагагийг нь улаан нялга болтол холгосон. Цалингийн зээл гэгч ташуураар буруу зөвгүй ороолгосоор хондлой гуяыг нь цэлдэн ногоон гүвдрүү болгон хувиргасан, бүү үзэгд. Борогч гүүний тамир тасарч нам зогсоход буруу эрхэлсэн хүү бугшаад, орон сууцны найман хувь гэх даашгүй хүнд муныг гаргаж ирээд хөөрхий гүүний хаа хэнхдэг, толгой шанаа хаа таарсан газраа нүдсэн. Өрх нэртэй өөвөн борогч гүү эрүүл саруул байхдаа хоол хүнс хувцас хунар худалдан авч, жүжиг ший үзэж, аялал зугаалга хийж, эдийн засагт цусны эргэлт нэмдэг байсан бол одоо хэвтэрт орж, нэгдүгээр эмнэлгийн сэхээнд өдөр хоногоо хүлээж байгаа.

Удалгүй Уул уурхай гэгч уухир хар буур буруу эрхэлсэн хүүгийн бультай гарт өртөв. Эрхбиш сүргийн манлай байна эрх хүүгийн гарын аяыг даах биз гэж хэн хүнгүй горьдсон юм. Гэвч энэ нь эндүүрэл байсан нь харамсалтай. Эрх хүү уухир хар буурыг яхийтал нь сойж, тахийтал нь тавчаалуулж, хэдхэн сарын дотор тас цохичих нь тэр. Сүргийн манлай хар буурын сүр сүлд нь тэнээд, үдээр болтлоо турсан үзээрийн хөөрхий амьтан тормон бор нүднээсээ том нулимс унаган таг зогссон юм. Хөөрхий уухир хар буур зургаан настай хүүд талхиулж эхэлсний зургаан сарын ой дээрээ Жаран наймтайн даваан дээр ясаа тавьсан даа.

Жижиг дунд үйлдвэр гэх жирэвгэр цагаан ямаа хүүгийн гараар орж “ум ма ни бад ми хум” болсон. Үйлчилгээ хэмээх нэртэй үхэр шиг том ирэг буруу эрхэлсэн хүүгийн бахим саварт хавчуулж өнөө маргаашгүй нүд анихаар үрчийж тийчлэн амь тэмцэж байгаа. Төмөр зам, агаарын тээвэр, аялал жуулчлал гээд удамт хурдан хүлгүүд эрх хүүгийн чөдөр тушаанд орж гурайтаж гаринхлан хадан гэртээ очсон. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, ганзгын наймаа гэхчлэн гав гувхийсэн сайхан тайлаг, дэнхэлзсэн сайхан гуна, гэдэлзсэн сайхан үрээнүүд бүгд турж эцэж, сапирч сэнсрээд дуусахад тулжээ.

Хэн гуайн хүүг хэн ингэтлээ буруу эрхлүүлнэ вэ? Чухам ямар учраас энэ хүүг тэгтлээ давраана вэ? Энэ асуултын хариулт дэндүү эмгэнэлтэй. Бухын хүзүү шиг хатуу хүүгийн далд эзэд нь Монголын банк санхүүгийн томчууд гэх. Тэдэнтэй хүзүү сээрээрээ холбоотой хүүгийн нагац авгууд гэх далан зургаан можгор сүүтэлзэн суудаг гэдэг. Бас нэг шалтгаан байдаг нь буруу эрхэлсэн хүү хадгаламж хэмээх гүзээг тэтгэж байдаг. Хадгаламж гэх тэр гүзээг Монголд зөвхөн өнөөх л далан зургаан нагац авга л эзэмшдэг. Жирийн эмч, багш, ажилчинд балдуушных нь хадгаламж байх вэ. Зөвхөн өөрсдийнхөө гүзээг дүүрэн байлгах л гэж тэдгээр далан зургаан хүн саалийн ганц үнээгээ, таргийн таван ямаагаа төхөөрдөг нь дэндүү мулгуу, хэтэрхий мунхаг. Сүүлчийн ганц хайдаг ямаагаа алж идсэнийхээ дараа тэд яах юм бол? Хүүгийнхээ үсийг нь зулгааж, ясыг нь мэрж идэх үү?

Хэн гуайн буруу эрхэлсэн хүү арай л дэндүү давруу. Харсан бүхнээ “авна” гэж зүтгэнэ. Гартаа орсон бүхнээ эвдэж сөнөөж байж л сая зоргын сэтгэл, шуналын хүсэл нь ханана. Бүр өширхмөөр!


Зохиолч, шог зураач А.Амарсайхан

Mongolian Economy